Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/402

 

 

              

 

Ж.Бид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Хулан,   

шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ц.Туяа,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболдын даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/121 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Бийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2111008330942 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

тоотод оршин суух хаягтай, ,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1995 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 57 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан,

 Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 386 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 478 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 5 жилийн хугацаагаар хорих ял,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2008 оны 2 дугаар  сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, уг зүйл, хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний урьд эдэлсэн 3 жил 10 сар 12 хоногийн хорих ялыг биечлэн эдэлсэнд тооцсоноор суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 290 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял тус тус оногдуулсныг 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.4 дэх хэсэгт зааснаар уг ялуудаас өршөөн хэлтрүүлсэн,

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн;

Шүүгдэгч Ж.Б нь 2021 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө ... зусланд байрлах иргэн Я.Б-гийн эзэмшлийн байшингийн онгорхой хаалгаар орж, 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А8” загварын, 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий “Оппо” загварын тус тус гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 380.000 /гурван зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ....тоотод байрлалтай 33 м.кв талбайтай хувийн орон сууцыг түрээслэн амьдарч байсан Б.Штай эхнэр Б.Зыг хардсаны улмаас иргэн С.Тийн эзэмшлийн орон сууцны байшинг санаатайгаар шатааж, бусдад 17.314.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас:

Ж.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Ж.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Бийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 97 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Боос нийт 17.314.000 төгрөг гаргаж, хохирогч Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 5-159 тоотод оршин суух, Боржигон овгийн Содномдоржийн Тогосгэрэл /ХЛ63013109/-Д 12.000.000 төгрөг, Иргэний нэхэмжпэгч А-д 5.314.000 төгрөг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Самсунг А8” загварын гар утас 1 ширхэг, “Оппо” загварын гар утас 1 ширхэгийг хохирогч Я.Б-д буцаан олгож, нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэх зүйл ангийн хүлээн зөвшөөрөхгүй байна. Үйлдээгүй хэрэгт ял шийтгүүлж байгаад харамсалтай байна. Миний бие мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж, уг зүйл ангийг хүлээн зөвшөөрөөгүй.

Учир нь: Хохирогч гэх Б.Ш, гэрч Б.Нямсүрэн, Б.З, Г.Дэлгэрцэцэг нар нь 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр зочид буудалд хамт байсан нь тус тусын өгсөн мэдүүлгээс харагдаж байдаг. Мөн гэрч Б.Нямсүрэнгийн мэдүүлэгт “2020 оны 3 дугаар сарын 16-ны өглөө зочид буудлаас гарахад миний эхнэр болох Б.З “яанаа манай нөхөр Шгийн байшинг шатаачихсан юм биш биздээ” гэж хэлсэн байдаг. Энэ үг нь намайг хардаж, сэрдэх шалтгаан болсон гэж бодож байна. Магадгүй өөрсдийн буруугаас болж гал алдсанаа намайг гэж төөрөгдүүлж, өөрсдийн бурууг хаацайлсан гэж бодож байна. Мөн гэрч Б.Ш мэдүүлэхдээ 2020 оны 3 дугаар сарын 16-ны өглөө зочид буудлаас гарч 11 цагийн үед найз Нямсүрэнгийн хамт явсан байдаг. Тэр өдөр ажил дээрээ байж байгаад орой 22 цагийн гэрт очихдоо байшингаа шатсанг мэдсэн гэж мэдүүлэг өгсөн нь гэрч Б.Нямсүрэнгийн мэдүүлэгтэй зөрүүтэй байдаг. Б.Нямсүрэн нь 16-ны өглөө Б.З “яанаа манай нөхөр шатаачихсан юм биш биздээ гэж хэлсэн” гэдгээс харвал 16-ны орой биш өглөө мэдэж байсан нь харагддаг. Өглөө гэр нь шатчихаад байхад гэртээ очихгүй байх хүн нэгээхэн ч үгүй билээ. Тэр үед нь очиж цагдаад дуудлага өгч иргэний үүргээ биелүүлээгүй нь: Өөрсдийн уусан архиа гаргах, архидан согтуурсаны улмаас гал алдаж хүний байшин шатааснаа нууж, үгсэн тохиролцох хугацаа гаргаж, надад нялзаах гэсэн нь мэдүүлгийн зөрүүнээс харагдаж байгааг дахин шалгаж, миний буруугүй гэдгийг тогтоож, үнэн зөвийг олж өгөхийг хүсэж байна. ...” гэв.   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Б.З, Б.Ш нар нь эр, эмийн харилцаатай, хоорондоо хамтарч амьдардаг хүмүүс. Б.Ш болон хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Нямсүрэн нарын хүмүүс нь С.Тийн шатсан гэх байшинг харж амьдардаг байсан бөгөөд 3-4 хоног байшинд очихгүйгээр гадуур архи ууж явсан. Гэрчүүд хоорондоо утсаар ярихдаа өөрсдийн эзэмшдэг гар утсаар ярьсан эсэхийг үүрэн телефоноос албан ёсны лавлагааг аваагүй сиди дээр буулгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоогоогүй, нотлох баримтын шаардлага хангаагүй. Шүүх сиди, утсаар ярьсан яриаг үнэлээгүй гэж хэлсэн ч яагаад үнэлээгүй талаараа шийтгэх тогтоолдоо дурдаагүй байсан. Иймээс өмгөөлөгчийн хувьд шүүх уг баримтыг үнэлсэн гэж үзэж байна. Хоорондоо ярьсан гэх хүмүүс өөрсдөө байшинг шатаачихаад Ж.Б руу гүтгэсэн байх магадлалтай бөгөөд үүнийг шалган тогтоогоогүй. Шинжээчийн дүгнэлтээр байшингийн үүдний дотор хэсэгт гал гарсан гэж дүгнэсэн. Шөнийн 3 цагт гал гарсан талаар хажуугийн айл гэрчээр мэдүүлэг өгсөн. Гэтэл шүүгдэгч шөнө айлын үүдний хэсэгт галт тавих боломжгүй тул Ж.Бийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдээгүй гэж байгаа нь үндэслэлтэй. Мөн шүүгдэгч нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс цагдан хоригдож, 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр шийтгэх тогтоол гарах хүртэл нийт 113 хоног цагдан хоригдсон байхад шийтгэх тогтоолын 5 дахь заалтад 97 хоног цагдан хоригдсон гээд 16 хоногийг дутуу тоолсон. Үүнтэй холбогдуулж өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залруулга хийлгэх хүсэлт гаргахад давж заалдах гомдол гаргасан учир давж заалдах шатны шүүхэд ханд гэсэн. 2 дугаар хавтаст хэргийн 82 дахь талд цагдан хоригдсон тогтоол авагдсан байгаа тул дутуу тоолсон 16 хоногийг нэмж тооцож өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ж.Б нь давж заалдах гомдолдоо Б.Ш, Б.З, Б.Нямсүрэн нар нь архидан согтуурч байгаад байшин шатаасан байх магадлалтай талаар дурдсан байна. Хэрэгт авагдсан гэрч, С.Тийн байшингийн хажууд амьдрах хөрш Б.Бямбабаярын мэдүүлгээр “01 цагийн үед би унтаж амарсан, тухайн байшинд хүн байгаагүй, эзэнгүй, гэрэл нь харанхуй байсан. Гал 03 цагийн үед асаж байсан тул би дуудлага өгсөн” гэж нотолдог. /1хх 224-225/ Хэрэгт авагдсан Б.З, Б.Нямсүрэн, Г.Дэлгэрцэцэг нарын мэдүүлгээр Ж.Б байшинг шатаачихаад Б.Зыг дагуулж очоод “чи Штай яваад байвал ийм зүйл болно” гэж хэлсэн гэдэг. Б.Зд хууль сануулж, Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, мэдүүлэг авсан. Б.Зын мэдүүлгийг гэрч Г.Дэлгэрцэцэг, Б.Нямсүрэн нар давхар нотолдог. Г.Дэлгэрцэцэг “би Шгаас энэ талаар сонсоод Зултай утсаар ярьсан. Энэ ярианы бичлэгийг гаргаж өгье” гээд мөрдөгчид өгч, мөрдөгчөөс тэмдэглэл үйлдэж авсан байдаг. Мөн эдгээр гэрчийн мэдүүлгийг Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээч Батсайханы 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 455 дугаартай дүгнэлт давхар нотолдог. Хэргийн газрын үзлэг, материал зэргээс үзэхэд гал гарсан шалтгаан нь ил галын нөлөөгөөр үүссэн. Ил гал гэдэгт лаа, асаасан тамхи, шүдэнз, галын цог, ил задгай үнс нурам болон бусад задгай галыг тооцдог. Тэгэхээр хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хоорондоо хамааралтай, логик дараалалтай, Ж.Бийн гэм буруутайг хангалттай нотолж тогтоосон гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Харин цагдан хорих хоног дээр техникийн шинжтэй алдаа гаргаж 97 хоног гэж бичигдсэн байна. Үүнийг 113 хоног болгон өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Ж.Бид холбогдох эрүүгийн 2111008330942 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ж.Б нь 2021 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө ......зусланд байрлах иргэн Я.Б-гийн эзэмшлийн байшингийн онгорхой хаалгаар орж, 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А8” загварын, 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий “Оппо” загварын тус тус гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 380.000 /гурван зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ......... тоотод байрлалтай 33 м.кв талбайтай хувийн орон сууцыг түрээслэн амьдарч байсан Б.Штай эхнэр Б.Зыг хардсаны улмаас иргэн С.Тийн эзэмшлийн орон сууцны байшинг санаатайгаар шатааж, бусдад 17.314.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Я.Б-гийн: “...2021 оны 7 дугаар сарын 10-наас 11-ний шилжих шөнө буюу 00:00-07:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зуслангийн байшинд унтаж байх хугацаанд хулгайч орж гэрт байсан миний болон эхнэрийн эзэмшлийн 2 ширхэг гар утас хулгайлаад явсан байна. ... зуслангийн байшингийн хаалгыг унтах үедээ өөрөө хаасан боловч манай эхнэр өглөө эрт босч бие засах гээд нээсэн байсан. Тэгээд эргээд унтаад өгсөн. ... сүүлд нөгөө залуугийн өгсөн 99192512 дугаар руу залгахад холбогдохгүй, ямар ч холбоо барих боломжгүй байсан болохоор би урд талд амьдардаг айлын залууг сэжиглэж байна. Тухайн залуугийн нэрийг нь асуухад Балдорж гэж байсан. ...” /1хх 23-24/,

“...тухайн үед унтаж амрахдаа бид хоёр 2 давхрын өрөөндөө амарсан ба өөрсдийн ашигладаг гар утаснууд болох “Самсунг А8” загварын гар утас 1 ширхэг, “Оппо” загварын гар утас 1 ширхэг зэргийг орны хажууд тавиад унтсан юм. Тухайн үед хоёулаа байсан тул байшингийн хаалгыг цоожлоод унтсан. Тэгээд өглөө 07 цагийн үед босоход миний болон эхнэрийн гар утас алдагдсан байсан. ...” /1 хх 26-27/,

гэрч Б.Зын: “...манай салсан нөхөрийн эгч болох П.Дашиймаагийн эзэмшлийн дугаар, би анх энэ дугаарыг ашиглаж байгаад эгч Дашиймаад буцаан өгсөн. ... хааяа надруу миний салсан нөхөр болох Балдорж тус 95485076 дугаараас залгаж хүүхдүүдээ асуудаг. ...” /1хх 35-36/,

гэрч Н.Дэлгэрцэцэгийн: “...2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр .......... зусланд байх зуслангийн байшиндаа нөхөр Батхүүгийн хамтаар очсон юм. Тэгээд нөхөр, бид хоёр шөнө 00 цагийн үед гэртээ унтаж амарсан юм. Тухайн үед унтаж амрахдаа бид хоёр 2 давхрын өрөөндөө амарсан ба өөрсдийн ашигладаг гар утаснууд болох “Самсунг А8” загварын гар утас 1 ширхэг, “Оппо” загварын гар утас 1 ширхэг зэргийг орны хажууд тавиад унтсан юм. ... би шөнө 02 цагийн үед гэрээсээ гарч бие засаад буцаад унтахдаа гэрийнхээ хаалгыг цоожлоогүй унтсан байсан. ...” /1хх 42-43/,

Ж.Боос мөрдөн шалгах ажиллагааны үед үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Би Самсунг А-8 загварын гар утас 1 ширхэг, Оппо загварын гар утас 1 ширхэг зэргийг хулгайлж авсан...” /1 хх 118-119/ гэх мэдүүлгүүд,  

“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн ЧД2-21-439 дугаартай дүгнэлт /1 хх 47-48/,

хохирогч С.Тийн: “...Би 2010 онд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 5 дугаар гудамжны 159 тоотод байрлах хашаа байшинг анх 6.000.000 төгрөгөөр худалдан авч, хүүхдүүдтэйгээ хамт 2018 оны 4 дүгээр cap хүртэл амьдарч байгаад манай охин Ундрам ................... тоотод нүүж очихоор нь хүүхдийг нь харах гээд хамт гэрт нь амьдрах болсон юм. Тэгээд 2018 оны 4 дүгээр сараас хойш манай хашаа байшин ямар ч эзэнгүй, хүн амьдрахгүй байж байгаад 2019 оны 4 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна. Хашаа байшингаа эзэнгүй байлгаж байхаар үнэ төлбөргүй хүн амьдруулахаар болж фэйсбүүк хаягаар зар тавьсан чинь удалгүй нэг танихгүй дугаараас залгаж “хашаа байшинг маань үзье” гэж нэг эмэгтэй ирэхээр нь “хэдүүлээ амьдрах юм” гэж асуухад “би ахтайгаа хоёулаа амьдрах юм аа” гэж хэлэхээр нь хаягаа зааж өгөөд явуулсан юм. Удалгүй над руу утсаар ярьж “хашаа байшинг чинь үзчихлээ, цонхнууд нь хагарсан юм байна, эгчээ хашаа байшинд чинь цэвэрлэгээ хийгээд оръё” гэж хэлэхээр нь “тэг тэг” гэж хэлээд, тэр өдрөөс 2-3 хоногийн дараа Ш гэх залуутай уулзаж хашаа байшингаа хүлээлгэж өгсөн юм. Тэгээд тэр өдрөөс хойш Ш гэх залуу дүүтэйгээ хамт хашаа байшинд амьдарч байгаад 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр над руу хорооноос ярьж “танай хашаа байшин шатчихсан байна” гэж хэлэхээр нь би ............... тоотод байрлах хашаа байшиндаа ирсэн чинь манай байшин юу ч үгүй шатаад дуусчихсан байхаар нь цагдаагийн газар ирж уулзахад, шалгаж байгаа гэж хэлсэн. Тэгээд Шгийн дүү охин болох Дашзэвэгтэй утсаар ярьж болсон зүйлийн талаар хэлж уулзахад “манай ахын таньдаг эмэгтэйн нөхөр нь танай байшинг шатаачихсан юм шиг байна” гэж надад хэлсэн. Мөн эхнэрийнх нь ярьсан бичлэг байгаа гэж хэлсэн. ... би тухайн байшинг аваад 2014 онд гадна талыг нь бүрэн тоосгоор бүрж, 3 ширхэг вакум цонх, төмөр бүргэд хаалга авч, гипсэн тааз хийсэн. ...” /1 хх 179/,

Б.Дашзэвэгийн хохирогчоор мэдүүлсэн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зар үзэж байгаад ........ Баянхошуунд хашаа байшиндаа айл үнэгүй суулгана гэсэн зар байхаар нь чатаар холбогдож байшинг нь очиж үзээд орохоор болж, засвар хийж байгаад 2-3 хоногийн дараа эхэлж цонхны шилийг нь шилэлж, хаалганд нь цоож хийж, цэвэрлэгээ хийгээд 2019 оны 4 дүгээр сарын эхээр ах Б.Шгийн хамт амьдрахаар нүүж очсон юм. Тэгээд тэндээ амьдарч байгаад 2019 оны 12 дугаар сарын сүүлээс эхэлж ажилтайгаа ойртохоор ганцаараа байр түрээслэж амьдарсан. Харин ах Б.Ш ганцаараа хашаа байшинд үлдсэн. 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн орой 12 цаг өнгөрч байхад манай ах Б.Ш над руу залгаж “байшин шатчихсан байна, одоо яах вэ” гэж хэлэхээр нь “та хаана байсан юм бэ” гэж асуухад “ажил дээрээ хоноод, 2 хоног гэртээ очоогүй байж байгаад ирсэн чинь шатсан байна” гэж хэлсэн. ... Ахтайгаа уулзахад “надад сэжиглэж байгаа хүн байгаа, намайг ална тална гээд байсан, мөн орон гэрийг чинь шатаана гээд байсан” гэж хэлээд “би хальт танина, намайг эхнэртэйгээ хардаад байгаа юм. Би эхнэртэй нь ярихад манай нөхөр чи бид хоёрыг хардаад танай байшинг шатаасан байна лээ” гэж хэлсэн. Мөн эхнэр нь “намайг дагуулж танай байшин дээр очиж үзүүлсэн, би танай байшинг шатсан байхыг харсан. Одоо яах вэ, цагдаа шүүхээр явмааргүй байна. Шар хаданд хоосон газар байгаа, тэрийг оролцуулаад байшинг чинь барьж өгөөд хохирлыг чинь барагдуулж өгье” гэж хэлсэн байсан. ... тухайн байшин дотор миний өөрийн эзэмшлийн эд зүйлс байсан. ...” /1хх 187-188/,

 гэрч Б.Шгийн: “...Би 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр .............. тоотод байрлах хашаа байшингаа цоожлоод 15 цагийн үед гарч явсан. Тэгээд найз Нямсүрэнгийн гэрт буюу Бэлхэд очиж байгаад гэртээ харилгүй тэндээ 2 хоносон юм. Тэгээд 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр найзынхаа гэрээс 10 цаг өнгөрч байхад гарч Баянгол дүүргийн 25 дугаар эмийн сангийн дээд талд байрлах журмын хашаанд ажил дээрээ очиж ажлаа хийж, тэндээ хоночихоод 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн үед ажлаасаа гарч 3, 4 дүгээр хороололд найз Нямсүрэнтэй уулзаж, Бичилийн 28 дугаар сургуулийн хажуугийн Төрийн банктай зочид буудалд 2 ортой өрөө авч, тэндээ байж байгаад Нямсүрэнгийн найз охин Дэлгэрцэцэгийг дуудаж бид гурав 1 шил 0.75 литрийн “Хараа” нэртэй архи хувааж ууж амарчихаад 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн өглөө 11 цагийн үед зочид буудлаас гарч найз Нямсүрэнгийн хамт явсан. Дэлгэрцэцэг өөр тийшээ явсан юм. Тэгээд тэр өдөр ажил дээрээ байж байгаад орой 21 цагийн үед ажлаасаа гарч Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 5 дугаар гудамжны 159а тоот гэртээ ганцаараа такси бариад 22 цагийн үед ирээд хашаандаа ортол байшин маань шатчихсан байхаар нь найз Зулаа руу ярьж, болсон зүйлийнхээ талаар хэлтэл “харин тиймээ” гэж хэлэхээр нь би сэжиг аваад Зулаагийн нөхөр шатаасан байна гэж бодчихоод ажил дээрээ очиж Нямсүрэнд болсон зүйлийн талаар хэлчихээд Зулаа руу залгаж “танай гэрт яваад очъё, хаана байдаг юм, заагаад өг” гэж хэлэхэд “манай нөхөр Балдорж согтуу унтаж байна. Маргааш өглөө чам руу яръя” гэж хэлэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ” гэж хэлтэл утсаа салгачихсан, дахиад залгатал утсаа аваагүй. Маргааш өдөр нь буюу 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Зулаатай ярьж “танай нөхөр манай байшинг шатаачихсан юм биш үү” гэж хэлсэн чинь “харин тиймээ” гэж хэлээд “манай нөхөр чамтай намайг хардаж зодсон. Мөн танай байшинг шатаасан гэж надад хэлээд, намайг танай гэрийн гадна намайг дагуулж ирээд шатаасан байшинг чинь харуулсан” гэж хэлэхээр нь “чи тэгвэл өчигдөр яагаад надад хэлээгүй юм” гэж хэлсэн чинь Зулаа “би тухайн үед чамд юу гэж хэлэхээ мэдэхгүй, айгаад балмагдаад хэлж чадаагүй” гээд утсаа салгасан. ... Зулаагийн нөхөр гаднаас орж ирээд эхнэрээ надтай хардаж “би чамайг ална” гэж хэлж байсан. ...” /1хх 197-198/,

гэрч Б.Зын: “...2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр би зочид буудлаас гарч Дэнжийн 1000-д байдаг эгч Батцэцэгийн гэрт очоод байж байтал манай нөхөр Балдорж хүрч ирээд намайг гэрлүүгээ авч явсан юм. Тэгээд Балдорж замдаа явж байхдаа “чамд би юм үзүүлнэ” гэж хэлээд Б.Шгийн гэрийн гадаа очоод “энийг хар чи” гэж хэлээд Б.Шгийн байшинг харуулсан. Тэгтэл байшин нь юу ч үгүй шатчихсан байхаар нь би уйлсан чинь манай нөхөр “чи  ингээд тэр Б.Штайгаа уулзаарай” гэж хэлээд намайг гэрлүү дагуулж явсан юм. Тэгээд би гэртээ байж байсан чинь орой Б.Ш надруу залгаад “танай нөхөр манай байшинг шатаачихсан байна” гэж хэлэхээр нь “харин тиймээ, надад харуулсан, чамаас санаа зовж айгаад хэлж чадаагүй юм” гэж хэлсэн чинь Б.Ш “би танай нөхрийг цагдаад өгнө. Энэ байшин миний байшин биш” гэж хэлээд утсаа салгасан. Манай нөхөр Балдорж 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр надад “чи энэ Штай дахиж уулзах юм бол би байшинг нь шатаана шүү” гэж хэлж байсан. ...” /1хх 200-207/,

 гэрч Б.Нямсүрэнгийн: “...2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Ш миний хажууд Зулаатай утсаар ярьж “танай нөхөр манай байшинг шатаачихсан юм биш үү” гэж хэлээд байх шиг байсан. Тэгсэн чинь Зулаа өөдөөс нь “харин тиймээ, манай нөхөр чамтай намайг хардаж зодсон, танай байшинг шатаасан гэж надад хэлээд намайг танай гэрийн гадаа дагуулж ирээд шатаасан байшинг чинь харуулсан, би яахаа мэдэхгүй байна” гэж хэлээд утсаа салгасан. ... Зулаа 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн өглөө зочид буудлаас гарч байхдаа “яанаа манай нөхөр Б.Шгийн байшинг шатаачихсан юм биш биз дээ” гэж хэлэхээр нь “чи юу хуцаад байгаан” гэж хэлсэн чинь юу ч хэлэхгүй дуугүй болчихсон. ...” /1хх 220/,

 гэрч Г.Дэлгэрцэцэгийн: “...Ажил дээрээ байсан чинь Нямсүрэн над руу залгаж “Б.Шгийн байшин шатсан байна” гэж хэлэхээр нь “худлаа яриад байгаач” гэж хэлсэн чинь “нээрээ, үнэн” гэж хэлэхээр нь Зулаа руу залгаж, дууг нь бичиж байгаад “Б.Шгийн байшин шатсан юм уу” гэж асуусан чинь “манай нөхөр Б.Штай намайг хардаад байшинг нь шатаачихсан байна, намайг дагуулаад Шгийн гэрт очиж шатаасан байшингаа харуулсан” гэж хэлэхээр нь “чи гайгүй юу” гэж хэлсэн чинь “би яах вэ, хүний байшин хэцүүдлээ, ингээд өрөнд орчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь “одоо яах гэж байна” гэж асуухад “одоо тэгээд яахав дээ, шалгах журмаар нь шалгуулна биз” гэж хэлээд утсаа салгасан. ...” /1хх 222/,

гэрч Б.Бямбабаярын: “...Тухайн үед намайг харахад байшингийн дээврийн 4 тал хэсгээс гал гарч байгаа харагдсан. ...01 цаг өнгөрч байхад унтаж амарсан. Тэгэхэд зүгээр байсан, эзэнгүй харанхуй харагдсан. Байшинг шатаж байхыг харахад шөнийн 03 цаг өнгөрч байсан санагдаж байна. ...” /1хх 224-225/ гэх мэдүүлгүүд,

“Мастер үнэлгээ” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 20/017, 20/018 дугаартай дүгнэлтүүд /1хх 231, 240-242/,

Онцгой байдлын Ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 12/58 дугаартай дүгнэлт “...Шинжилгээнд ирүүлсэн цахилгаан дамжуулагч утсанд цахилгааны богино холболт, хэт ачаалал, богино холболт, шилжилтийн эсэргүүцэл, масс гэх мэт үүсээгүй байна. Үүссэн тохиолдолд цахилгаан дамжуулагч утсанд бөмбөлөг үүснэ. ...” /1 хх 249-250/,

Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээч М.Батсайханы 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 151/455 дугаартай дүгнэлт “...Хэргийн газрын үзлэг, хэргийн газрын материал зэргээс үзэхэд гал гарсан шалтгаан нь ил галын нөлөөгөөр үүсвэрлэн гарсан байх үндэслэлтэй байна. /ил гал гэдэгт асаасан лаа, асаасан тамхи, асаасан шүдэнз, галын цог, ил задгай үнс, нурам болон бусад задгай галыг тооцно/ Гал түймрийн голомт нь шатсан байшингийн дотор талд үүдний хэсэгт байна. ...” /2 хх 11-12/,

 Шинжээч М.Батсайханы: “...би 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ........ тоотод байшин шатсан хэргийн газрын үзлэгт өөрийн биеэр оролцсон. ...Лабораторын дүгнэлтэд цахилгаан дамжуулах утсанд богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл масс гэх мэт зүйл үүсээгүй байсан. Мөн хөрсний дээжинд шатах, тослох материал илрээгүй байсан. Байгалийн болон цахилгаан хүчин зүйлээс уг байшин шатаагүй, ил галын нөлөөнөөс гал түймэр гарсан байх үндэслэлтэй байсан. ...” /2 хх 19-20/,

Мобиком корпораци ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 4/4187 дугаартай албан бичиг /1 хх 52-53/,

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 56/,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 хх 170/,

Дууны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 174/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 159-163/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч Ж.Бийн хохирогч Я.Б-гийн эзэмшлийн байшинд нэвтэрч, Самсунг болон Оппо загварын хоёр ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 380.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг ...тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн...” гэх шинжийг,

мөн хохирогч С.Тийн эзэмшлийн орон сууцны байшинг санаатайгаар шатааж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устган бусдад 17.314.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэх  шинжийг тус тус бүрэн агуулжээ. 

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Ж.Бийн үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил байхгүй байна.

Ж.Бийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан ба шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж болох заалтыг хэрэглэж, тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 01 жилийн хугацаагаар хорих ял,  

мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж зааснаас 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 01 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 02 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгч Ж.Бийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй болсон, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хувийн байдалд тохирсон байна.

Мөн шүүгдэгч Ж.Бийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх хүрээнд хамаарах хэдий ч тэрээр 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдэж байсан тул түүнд дахин Өршөөлийн хуулийг хэрэглэх боломжгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Ж.Боос “...Миний бие бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэх зүйл ангийн хүлээн зөвшөөрөхгүй байна. ... мэдүүлгийн зөрүүтэй байгааг дахин шалгаж, миний буруугүй гэдгийг тогтоож, үнэн зөвийг олж өгөхийг хүсэж байна. ...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, үнэн зөв мэдүүлэхээ илэрхийлсэн гэрч Б.Зын “...Б.Шгийн гэрийн гадаа очоод “энийг хар чи” гэж хэлээд Б.Шгийн байшинг харуулсан. Тэгтэл байшин нь юу ч үгүй шатчихсан байхаар нь би уйлсан чинь манай нөхөр “чи  ингээд тэр Штайгаа уулзаарай” гэж хэлээд намайг гэрлүү дагуулж явсан юм. ... Манай нөхөр Балдорж 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр надад “чи энэ Штай дахиж уулзах юм бол би байшинг нь шатаана шүү” гэж хэлж байсан...” /1хх 200-207/,

гэрч Б.Ш-гийн “...Зулаатай ярьж “танай нөхөр манай байшинг шатаачихсан юм биш үү” гэж хэлсэн чинь “харин тиймээ” гэж хэлээд “манай нөхөр чамтай намайг хардаж зодсон, мөн танай байшинг шатаасан гэж надад хэлээд, намайг танай гэрийн гадна намайг дагуулж ирээд шатаасан байшинг чинь харуулсан...” /1хх 197-198/,

гэрч Г.Дэлгэрцэцэгийн “...Зулаа руу залгаж дууг нь бичиж байгаад “Б.Шгийн байшин шатсан юм уу” гэж асуусан чинь “манай нөхөр Б.Штай намайг хардаад байшинг нь шатаачихсан байна, намайг дагуулаад Шгийн гэрт очиж шатаасан байшингаа харуулсан” гэж хэлэхээр нь “чи гайгүй юу” гэж хэлсэн чинь “би яах вэ, хүний байшин хэцүүдлээ, ингээд өрөнд орчихлоо” гэж хэлсэн. ...” /1хх 222/,

гэрч Б.Нямсүрэнгийн “...Тэгсэн чинь Зулаа өөдөөс нь “харин тиймээ, манай нөхөр чамтай намайг хардаж зодсон, танай байшинг шатаасан гэж надад хэлээд намайг танай гэрийн гадаа дагуулж ирээд шатаасан байшинг чинь харуулсан, би яахаа мэдэхгүй байна” гэж хэлээд утсаа салгасан. ...” /1хх 220/,

гэрч Б.Дашзэвэгийн “...намайг дагуулж танай байшин дээр очиж үзүүлсэн, би танай байшинг шатсан байхыг харсан. Одоо яах вэ, цагдаа шүүхээр явмааргүй байна. Шар хаданд хоосон газар байгаа, тэрийг оролцуулаад байшинг чинь барьж өгөөд хохирлыг чинь барагдуулж өгье” гэж хэлсэн байсан. ...” /1хх 187-188/ гэж мэдүүлснээс үзэхэд хохирогч С.Тийн эзэмшлийн байшинг шатаасан талаар утга, агуулгын хувьд ямар нэгэн зөрүүгүй, эдгээр мэдүүлгүүд нь ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн байна.

Түүнчлэн, тусгай мэдлэг бүхий Онцгой байдлын Ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 12/58 дугаартай дүгнэлт /1хх 249-250/, Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээч М.Батсайханы 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 151/455 дугаартай дүгнэлт /2 хх 11-12/, шинжээч М.Батсайханыг байцаасан тэмдэглэлд “...байгалийн болон цахилгааны хүчин зүйлээс уг байшин шатаагүй, ил галын нөлөөнөөс гал түймэр гарсан байх үндэслэлтэй байсан...” /2 хх 19-20/ зэрэг нотлох баримтуудаар бусдын эд хөрөнгийг санаатай устгасан нь давхар нотлогдон тогтоогдсон бөгөөд энэ нөхцөл байдлыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Ж.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэх хүртэл шүүгдэгч Ж.Б нь нийт 113 хоног цагдан хоригдсоныг дутуу тооцож, техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулав.

Мөн шүүгдэгч Ж.Б нь шийтгэх тогтоол гарсан 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс давж заалдах шатын шүүхийн магадлал гарсан 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 67 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцов.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/121 дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь заалтын  “...97 хоног...” гэснийг “...113 хоног...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.ӨСӨХБАЯР

              ШҮҮГЧ                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

              ШҮҮГЧ                                                       М.АЛДАР