Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/21

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 18-ны өдөр                        2022/ДШМ/21                        Хэрлэн сум

 

Л.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0021/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч Л.Ц-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,  

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Ц-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2139000000354 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Л.Ц- нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Х” дэлгүүрийн гадна талаас 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 17 цагийн үед С.М-ын 910.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 910.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Ц-г бусдыг эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц-гоос 543.500 төгрөгийг гаргуулж хохирогч С.М-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.Ц- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Миний бие С.М-тай “Х” дэлгүүрийн гадна танилцаж нэг шил архи авч өгөхөөр нь хамт уусан. С.М-ыг дахин архинд явсан хойгуур нь цүнхийг нь уудалж үзэхэд хөвөнтэй өмдөн доор мөнгө байхаар нь авсан. Миний авсан мөнгө 910.000 төгрөг байгаагүй, 336.500 төгрөг байсныг нь би буцааж өгсөн. Надаас нэхээд байгаа 543.500 төгрөгийг би аваагүй. Согтуу байсан болохоор авсан гэж хэлсэн. Чих сонсохоор муу учир байцаагчийн хэлсэн зарим үг сонсогдохгүй байсан. Гэтэл намайг 910.000 төгрөгийг авсан гэж хүлээн зөвшөөрч мэдүүлснээр бичсэн байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв. 

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч Л.Ц- нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр С.М-ын 910.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотолж тогтоогдсон, анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу ял оногдуулсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц-гийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Ц- нь Хэнтий аймгийн Хэрлэн сум 1 дүгээр баг “Х” дэлгүүрийн гадна талаас 2021 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн 17 цагийн үед С.М-ын 910.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 хуудас/,

 

- Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-7 хуудас/,

 

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 8 хуудас/,

 

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 9 хуудас/,

 

- Хохирогч С.М-ын: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн суманд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр... ирээд Бэрх явах унаа хайгаад “Х” дэлгүүрийн хажууд сууж байхад миний үеийн хөгшин ирээд “хаашаа явах юм бэ” гэж асуусан. Би “Бэрх явах гээд унаа хайж байна” гэхэд “ах нь Бэрхийн машин олж өгнө” гээд миний хажууд суусан. Бид 2 нэлээд ярьж суусан, надад өөрийгөө Л.Ц- гэж танилцуулж байсан. 17 цагийн үед би дэлгүүр рүү орох гээд сууж байсан газраа цүнхээ үлдээгээд явсан... Би цүнхээ нээгээд үзэхэд миний 910.000 төгрөг алга байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 хуудас/,

 

- Яллагдагч Л.Ц-гийн: “...би яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 хуудас/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Ц-гийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч Л.Ц-гийн бусдын 910.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шийдвэрлэснийг  Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.

Шүүгдэгч Л.Ц- “миний авсан мөнгө 910.000 төгрөг байгаагүй, 336.500 төгрөг байсныг би өгсөн, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн “цүнхэндээ байсан 910.000 төгрөгөө хулгайд алдсан” гэж мэдүүлсэн хохирогч С.М-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 хуудас/,  2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “910.000 төгрөг алдсан” талаараа С.М- Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт гомдол, мэдээлэл өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 1 хуудас/ , 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Л.Ц-гоос 366.500 төгрөгийг прокурорын зөвшөөрлөөр хураан авсан тэмдэглэл, № 56 дугаартай прокурорын зөвшөөрөл / хавтаст хэргийн 4,5 хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрсөн Л.Ц-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 хуудас/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг анхан шатны шүүх тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Л.Ц- мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд  өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд маргаагүй байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай нотлогдсон байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх шаардлагад нийцсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Ц-гийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдалд тохирсон байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Ц-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1,  2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Ц-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц-гийн цагдан хоригдсон 80 /ная/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Я.АЛТАННАВЧ

 

                           ШҮҮГЧИД                                                  Б.ДЭНСМАА

                                                               

                                                                                              Г.БОЛОРМАА