Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 00011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Ардчилсан нам

Хариуцагч: Орхон аймгийн Сонгуулийн хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд Орхон аймгийн Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн 15 нэр дэвшигчийг бүртгээгүй орхигдуулсан Орхон аймгийн Сонгуулийн хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Орхон аймгийн Ардчилсан намаас нэр бүхий 12 нэр дэвшигчийг 2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Доржпүрэв, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, Д.Тогтохбаяр, хариуцагч Г.Батдэлгэр, нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Орхон аймгийн Ардчилсан намын дэд дарга С.Сувдаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Орхон аймгийн Ардчилсан нам нь Сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлийн 153.3 дахь хэсэгт заасны дагуу намынхаа дотоод дүрэм журмын хүрээнд 2016 оны аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших 33 дэвшигчийг сонгуулийн 22 тойрогт нэр дэвшүүлэн, намын хорооны 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 08 тоот тогтоолоор баталгаажуулж, Иргэний хуулийн 29.2, 29.5 дахь хэсэг, Улс төрийн намын тухай хуулийн  13.6 дахь хэсэг, Ардчилсан намын үндсэн дүрмийн 4.1.5 дахь хэсэгт заасны дагуу Ардчилсан намын дарга З.Энхболдоос албан ёсны итгэмжлэл авсан,  тухайн  орон нутагтаа намын сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж ажиллах хууль ёсны эрхтэй Орхон аймгийн Ардчилсан намын дэд дарга С.Сувдаад нэр дэвшигчдийг хуульд заасан журмын дагуу аймгийн Сонгуулийн хороонд бүртгүүлэхийг үүрэг болгосон. Гэтэл Орхон аймгийн Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй Батмөнх нарын хүмүүс Орхон аймгийн Ардчилсан намын хорооны хурлыг олонхийн ирцгүй хуралдуулж намын дотоод дүрэм журмыг нэр дэвшүүлэх ажиллагаа зохион байгуулж,  хүчин төгөлдөр бус тогтоол шийдвэрийг гарган, хууль ёсоор нэр дэвшсэн 15 нэр дэвшигчийн материалыг тусад нь Сонгуулийн хороонд хууль бусаар нэр дэвшсэн 18 хүний материалын хамт 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Ардчилсан намын нэр дэвшигчдийг бүртгүүлэх хууль ёсны баримт бичиг очихоос өмнө Сонгуулийн хороонд өгсөн байсан. Тиймээс Ардчилсан намын дэд дарга С.Сувдаа нь намын даргаас олгосон итгэмжлэл, намын хорооноос өгсөн үүрэг болон хууль ёсны эрхийнхээ хүрээнд Сонгуулийн хороонд хүргүүлсэн баримт бичгээс хууль  ёсоор нэр дэвшсэн 15 нэр дэвшигчийн материалыг салган авч хууль ёсны баримт бичигтээ хавсарган сонгуулийн хороонд албан ёсоор хүлээлгэн өгөхөөр бидний хэсэг төлөөлөгчдийн хамт мөн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр очсон.

Сонгуулийн хороонд Батмөнх нарын хууль бус материал хүргүүлсэн, бидний хууль ёсны материал өгөхөөр очсон 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нь нэр дэвшигчдийн материалыг сонгуулийн хороонд хүргүүлэн бүртгүүлэх эцсийн өдөр байсан юм. Биднийг сонгуулийн хорооны байранд ирэхэд үүдэнд бөөн хүмүүс цугласан байсан бөгөөд тэдгээр хүмүүс сонгуулийн хорооны хаалга, үүдийг таглан зогсож, хүч хэрэглэн биднийг дотогш нэврүүлээгүй юм. Бид Сонгуулийн хорооны байранд нэвтрэн орж Батмөнх нарын хууль бусаар хүргүүлсэн материалаас хууль ёсоор нэр дэвшсэн 15 нэр дэвшигчийн сонгуулийн хороонд хүлээлгэн өгөхөөр 16 цаг 58 минут хүртэл хүлээсэн боловч сонгуулийн хорооны байранд нэвтрэх боломж олдоогүй. Тиймээс бид арга ядаад сонгуулийн хорооны цонхоор материалаа өгсөн юм. Улс орныг удирдаж байгаа улс төрийн намын хууль ёсны төлөөлөгчийг хэсэг бүлэг этгээд сонгуулийн хорооны байранд хүч хэрэглэх замаар нэвтрүүлэхгүй Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан  иргэний сонгогдох эрхийг зөрчин, сонгуулийн хорооны хуулийн дагуу явуулж байгаа үйл ажиллагаанд санаатай саад хийж, Эрүүгийн хуулийн 130 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэж байхад сонгуулийн хороо нь өөрөө ямар нэгэн арга хэмжээ аваагүй бөгөөд манай намын хууль ёсны төлөөлөгчид Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт заасан нэр дэвшигчдийн материалыг “БИЕЧЛЭН”  ирүүлэх буюу хүлээлгэж өгөх хуулийн боломжийг олгоогүй, энэхүү хууль ёсны  шаардлагыг биелүүлэх тал дээр мөн ямар ч арга хэмжээ аваагүй нь “сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, сахин биелүүлэх явдлыг хангах” тухай Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй сонгуулийн хорооны буруутай, хууль зөрчсөн үйл ажиллагаа юм. Орхон аймгийн Ардчилсан намаас 2 баримт, бичиг сонгуулийн хороонд очсон нь Сонгуулийн тухай хуулийн  ямар ч зүйл, заалтыг зөрчөөгүй бөгөөд  тухайн 2 баримт бичиг нь Ардчилсан намын нэрээр сонгуулийн хороонд очсон Ардчилсан намын өмч юм. Тиймээс Орхон аймгийн Ардчилсан намын сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж ажиллах хууль ёсны эрхтэй аймгийн Ардчилсан намын  дэд дарга С.Сувдаа нь аймгийн намын хорооноос гаргасан шийдвэрийн хүрээнд өөрийн намын өмч болох тухайн баримт бичгүүдийг хуулийн хугацаа дуусахаас өмнө нэгтгэн хууль ёсны баримт бичгээ бүрдүүлэн сонгуулийн хороонд “БИЕЧЛЭН” хүлээлгэж өгөх эрхтэй.

Гэтэл сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, сахин биелүүлэх явдлыг хангах эрх, үүргийг хэрэгжүүлэх ёстой Орхон аймгийн Сонгуулийн хороо нь манай намын хууль ёсны итгэмжлэлтэй, эрх бүхий аймгийн Ардчилсан намын дэд дарга С.Сувдаад Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт заасан нэр дэвшигчдийн материалыг “БИЕЧЛЭН” ирүүлэх хуулийн боломжийг олгоогүй бөгөөд хуульд заасан хугацаанд нэр дэвшигчдийнхээ материалыг хянан шалгаж “БИЕЧЛЭН” ирүүлэх хуулийн боломжийг олгоогүй бөгөөд хуульд заасан хугацаанд нэр дэвшигчдийнхээ материалыг хянан шалгаж “БИЕЧЛЭН” хүлээлгэж өгөх энэхүү боломжийг олгоогүй байж манай намаас хууль ёсоор нэр дэвшсэн нэр бүхий 15 нэр дэвшигчийг бүртгэх эсэх талаар ямар нэгэн шийдвэр гаргалгүйгээр орхиж, “15 нэр дэвшигчийн материалыг сонгох, сонгогдох эрхийг хөндөх эрх зүйн үндэслэл аймгийн сонгуулийн хороонд байхгүй гэж үзэн хүлээн авах боломжгүйг мэдэгдье” гэсэн хууль зүйн үндэслэлгүй, ойлгомжгүй 23 тоот албан бичгийг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр манай намд ирүүлж, намын болон нэр дэвшигчдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн юм.

Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл:

1.Сонгуулийн тухай хуулийн 157, 158 дугаар зүйлд аймгийн сонгуулийн хороо нь Намаас нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаар “Нэр дэвшигчээр бүртгэх” буюу эсхүл “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах” тухай шийдвэр гаргахаар байгаа юм. Гэтэл аймгийн Сонгуулийн хороо Орхон аймгийн Ардчилсан намаас нэр дэвшсэн нэр бүхий 15 нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9-д заасан “нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авсанаас хойш 5 хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана” гэсэн заалтыг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй  юм.

2.Орхон аймгийн Сонгуулийн хороо нь  хууль ёсны эрх бүхий аймгийн Ардчилсан намын дэд дарга С.Сувдааг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар  зүйлийн 157.2 дахь хэсэгт заасан нэр дэвшигчдийн баримт бичгийг  “БИЕЧЛЭН” хүлээлгэж өгөх боломжоор хангаагүй бөгөөд үүгээрээ “сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, сахин биелүүлэх явдлыг хангах” тухай Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлэлгүй зөрчсөн.

3.Орхон аймгийн Сонгуулийн хороо нь Батмөнх нарын хууль бусаар хүргүүлсэн материал болон Орхон аймгийн Ардчилсан намын дэд дарга С.Сувдаагийн хууль ёсоор  хүргүүлсэн баримт бичгүүдийг хүлээн авч хянан Орхон аймгийн Ардчилсан намын дэд дара С.Сувдаагийн хүргүүлсэн баримт бичгийг хууль ёсных гэж үзсэн байдаг. Тэгсэн  атлаа Батмөнх нарын хууль бусаар хүргүүлсэн Ардчилсан намын өмч болох баримт бичгээс хууль ёсны нэр дэвшин, хуульд заасны дагуу баримт бичгээ бүрдүүлсэн нэр бүхий 15 нэр дэвшигчийн баримт бичгийг салган авч хууль ёсны баримт бичигтээ  хавсаргах боломжийг Орхон аймгийн Ардчилсан намын дэд дарга С.Сувдаад олгоогүй. Үүгээрээ Орхон аймгийн Сонгуулийн хороо нь Ардчилсан намын нэр бүхий 15 нэр дэвшигчийн Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан “сонгогдох” эрхийг зөрчсөн. Иймд 2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Орхон аймгийн Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн нэр бүхий 15 дэвшигчийг бүртгээгүй орхигдуулсан Орхон аймгийн Сонгуулийн хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Орхон аймгийн Ардчилсан намаас нэр бүхий 15 нэр дэвшигчийг 2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Орхон аймгийн сонгуулийн хороонд даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нам нь Орхон аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан 15 нэр дэвшигчийг хууль бусаар бүртгээгүй нь хууль бус болохыг тогтоож 15 нэр дэвшигч болох Б.Мягмарсүрэн, Д.Доржпүрэв, Д.Баярмагнай, Р.Рагчаа, Д.Эрдэнэцогт, О.Балжинням, Ж.Ганчимэг, Х.Жаргаланбаатар, Т.Бямбажаргал, Д.Мөнх-Очир, Р.Цэрэндорж, Р.Улаанхүү, М.Болдбаатар, Г.Лхагвадорж, Х.Манлайбаатар нарыг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс дараахи байдлаар татгалзаж байна. Үүнд 15 нэр дэвшигчийг 12 нэр дэвшигч болгож, Б.Мягмарсүрэн, Р.Цэрэндорж, О.Балжинням нарыг  нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Учир нь эдгээр нэр дэвшигчдийн материал болон зөвшөөрөл нь Сонгуулийн тухай хуульд заасан журмын дагуу хийгдээгүй хууль зөрчиж нэр дэвшүүлсэн байна. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж байгаа тул хариуцагч үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө гэж найдаж байна. 12 нэр дэвшигчээс зарим нь надад олгосон итгэмжлэлээсээ татгалзаж, цуцласан байгаа хэдий ч намын шийдвэр тул би нэхэмжлэлийн тус шаардлагаа дэмжиж, 2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд Орхон аймгийн Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн нэр бүхий 12 дэвшигчийг бүртгээгүй орхигдуулсан Орхон аймгийн Сонгуулийн хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Орхон аймгийн Ардчилсан намаас нэр бүхий 12 нэр дэвшигчийг 2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү гэв.

Орхон аймгийн Сонгуулийн хорооны дарга Г.Батдэлгэр шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Сонгуулийн хороонд Ардчилсан намаас н.Батмөнх тэргүүтэй 33 нэр дэвшигчийн баримт бичиг, н.Сувдаагийн гарын үсэг бүхий 18 нэр дэвшигчийн баримт бичиг буюу нийт 66 нэр дэвшигчийн жагсаалт, 51 нэр дэвшигчийн баримт бичиг ирсэн нь Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-д заасан шаардлага хангахгүй байсан учир төв Ардчилсан намаас тодруулга авах зорилгоор албан бичиг явуулсан. Мөн н.Батмөнх, н.Сувдаа нарт хуульд заасан шаардлагын дагуу баримт бичиг ирүүлэхийг мэдэгдэн албан бичиг өгч, удаа дараа утсаар холбогдон аймгийн Сонгуулийн хороонд уулзуулж Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийг тайлбарлаж өгсөн. Аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга С.Жанболат 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 18:30 цагт үүссэн нөхцөл байдлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнтэй холбогдоход Ардчилсан намын дарга З.Энхболд Сонгуулийн ерөнхий хороонд итгэмжлэлтэй хүн манай намыг төлөөлнө гэж хэлсэн байсан. Утсаар өгсөн зөвлөмжийг цаасаар ирүүлэхийг хүсэхэд ажлын цаг дууссан, ямар ч хүмүүс байхгүй, өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Дахин 20:08 цагт Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнтэй холбогдоход итгэмжлэлээ барь гэсэн хариу өгсөн. 20 цаг 40 минутад Сонгуулийн ерөнхий хорооны Энхбаатартай холбогдоход Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, 29.6-д заасны дагуу итгэмжлэлтэй хүчин төгөлдөр байна гэсэн зөвлөгөө өгсөн.

2016 оны 05 дугаар сарын 17-ны орой 21:48 цагт Орхон аймгийн Ардчилсан намын дэд дарга С.Сувдаа нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 тоот “Тамга хүчингүй болгох тухай” албан бичиг, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 20 тоот албан бичгийг ирүүлсэн. 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 тоот албан бичгийн агуулга манай дунд шатны байгууллага болох Орхон аймгийн Ардчилсан намын УЗИ03892 регистрийн дугаартай тамгыг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хүчингүй болгосугай гэсэн Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын гарын үсэг бүхий тушаал, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 20 тоот албан бичигт Ардчилсан намын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 18 тоот албан бичгээр хүргүүлсэн тодруулгын 1 хавсралтад байгаа 33 нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас 18 нэр дэвшигчийн бичиг баримтыг бүртгэж өгөхийг хүссэн байсан.

Аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн чиглэл болон 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1/37 тоот Ардчилсан намын дарга З.Энхболдын С.Сувдаад өгсөн итгэмжлэл, уг итгэмжлэлээр 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1/13 дугаартай Орхон аймгийн Ардчилсан намын дарга М.Батчимэгт олгосон итгэмжлэлийг цуцласан талаарх уг албан бичгийн 2 дугаар заалт, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 19 тоот тамга хүчингүй болгох тухай Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын тушаал, 2016 оны 5 дугаар сарын 17-ны 20 тоот Орхон аймгийн Ардчилсан намын дэд дарга С.Сувдаагийн 33 нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас 18 нэр дэвшигчийн бичиг баримтыг бүртгэж өгөхийг хүссэн албан бичгийг үндэслэн Ардчилсан намын дэд дарга С.Сувдаагийн гарын үсэг бүхий бичгээр ирсэн нэр дэвшигч 18 хүний баримт бичгийг бүртгэж Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9-д заасны дагуу аймгийн Сонгуулийн хороо хуралдаж тогтоол гаргасан болно.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “сонгуулийн  хороонд н.Батмөнх нарын хууль бус материал хүргүүлсэн” гэж дурьдсан байх ба хууль бус гэж үзэж буй материалаасаа 15 нэр дэвшигчийн материалыг салган авч бүртгэж өгнө үү гэсэн нь ойлгомжгүй, хуулийн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан гэв.

 Нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 4-22-23 тоотод оршин суух Боржигон овогт Давгадоржийн Доржпүрэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Өчигдрийн шүүх хуралдаанд намайг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгасан шийдвэр гаргасан гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар №1873/  М.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Орхон аймгийн Сонгуулийн хорооны Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн 15 иргэнийг нэр дэвшигчээр бүртгээгүй орхигдуулсан эс үйлдэхүйн талаар тайлбарлахад:

Орхон аймгийн Ардчилсан намаас Улс төрийн намын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1- д заасан эрхийнхээ үндсэн дээр Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшигчдээ нэр дэвшүүлэн холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн хүргүүлсэн. Сонгуулийн тухай хуулийн 157, 158-р зүйлд зааснаар аймгийн сонгуулийн хороо нь Намаас нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаар “Нэр дэвшигчээр бүртгэх” эсвэл “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” шийдвэр гаргахаар хуульчилсан. Гэтэл аймгийн Сонгуулийн хороо Орхон аймгийн Ардчилсан намаас нэр дэвшсэн нэр бүхий 15 нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Сонгуулийн тухай хуулийн 157-р зүйлийн 157.9-д заасныг  зөрчсөн хууль бус эс үйлдэхүй юм.

Иймд Орхон аймгийн Сонгуулийн хорооны Ардчилсан намаас нэр дэвшсэн нэр бүхий 15 нэр дэвшигчийг бүртгээгүй орхигдуулсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,

2-рт:Ардчилсан намаас нэр дэвшсэн нэр бүхий 15 нэр дэвшигчийг 2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйл “Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад баримтлах зарчим”, 5.1.1. “хууль дээдлэх”, 5.1.7. “энгийн ойлгомжтой байх зэрэг зарчмуудыг заасан.  Энэ зарчмыг сонгууль зохион байгуулж явуулах эрх бүхий байгууллага болох Орхон аймгийн Сонгуулийн хороо баримтлах ёстой. Гэтэл Сонгуулийн хороо нь Ардчилсан намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлсэн нэр бүхий 15 иргэнийг бүртгэхгүй орхигдуулсан нь Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчиж ойлгомжгүй байдал үүсгэсэн. Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйл, 32.1.8 дахь хэсэгт зааснаар “Аймаг, нийслэлийн  хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх, үнэмлэх олгох  нь аймгийн Сонгуулийн хорооны үүрэг” гэж хуульчилсан байна.  Гэтэл Орхон аймгийн Сонгуулийн хороо нь дээрх үүргээ биелүүлэхгүй Ардчилсан намаас Орхон аймгийн орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлсэн нэр бүхий 15 иргэнийг бүртгэхгүй байгаа нь хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байж эс үйлдэхүйгээр хууль зөрчсөн үйлдэл болж байна.

Нөгөө талаас Ардчилсан намын дарга З.Энхболдоос 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр олгосон 1/37 дугаартай итгэмжлэлийн үндсэн дээр тус намыг төлөөлөх, мөн С.Сувдаад Орхон аймгийн Ардчилсан намыг Орхон аймгийн ИТХ-ийн 2016 оны ээлжит сонгуульд оролцоход нь төлөөлөх бүхий л бүрэн эрхийг олгосон байна. Өөрөөр хэлбэл Ардчилсан намын бодлого, мөрийн хөтөлбөрийг Орхон аймагт хэрэгжүүлэх Сонгуулийн тухай хуульд заасан намыг төлөөлөх бүрэн эрхтэй. Үүний үндсэн дээр Орхон аймгийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дугаартай Сонгуулийн тойрог, дугаар төлөөлөгчдийн болон мандатын тоо тогтоох тухай тогтоолын хавсралтад заасны дагуу 22 тойрогт, 33 нэр дэвшигчийн нэрийн хамт Сонгуулийн хороонд хүлээлгэн өгсөн байдаг. Үүнийг Орхон аймгийн Сонгуулийн хороо хүлээн аваад 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаартай тогтоолын 6 дугаар хавсралтаар 33 нэр дэвшигчээс 18 нэр дэвшигчийг бүртгэсэн нь хуульд нийцсэн, Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Нам тухайн орон нутгийн хурлын төлөөлөгчдийн тооноос илүүгүй хүнийг орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлнэ”, 155.2-т “Нам нэр дэвшүүлэхдээ тухайн орон нутгийн хурлын сонгуулийн тойрог тус бүрт ногдсон мандатын тоотой адил тооны хүнийг нэр зааж нэр дэвшүүлэн, нийт нэр дэвшигчдийг тойргийн дугаарын дагуу дугаарласан байна” 155.3-т “Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага дотоод дүрэм, журамд заасан хуралдаанаараа хэлэлцэж ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж заасан шаардлагыг хангасан байгаа. 

Гэвч Сонгуулийн хороо 15 нэр дэвшигчийг бүртгээгүй, бүртгэхээс татгалзах тухай шийдвэр гаргалгүй орхисон нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2, 157.2.1, 157.2.2,  157.2.3, 157.2.4, 157.2.5, 157.2.6, 157.2.7-д тус тус заасны дагуу Ардчилсан намын нэрээр материалыг Сонгуулийн хороонд биечлэн хүргүүлсэн байхад Сонгуулийн хороо нэрсийн жагсаалтын дагуу бүртгэлгүй, “өөр хавтсанд байгаа” гэсэн шалтгаанаар бүртгээгүй,  Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.8 дахь заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9-д заасан үүргээ биелүүлээгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу 2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд Орхон аймгийн Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн нэр бүхий 15 нэр дэвшигчийг бүртгээгүй орхигдуулсан Орхон аймгийн Сонгуулийн хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Орхон аймгийн Ардчилсан намаас нэр бүхий 12 нэр дэвшигчийг 2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Орхон аймгийн сонгуулийн хороонд даалгаж өгнө үү. Нэр бүхий 12 иргэнээс Д.Доржпүрэв сая хурал дээр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь харамсалтай, учир холбогдлоо сайн ойлгоогүй татгалзчих шиг боллоо гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 1244/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болсон хурлаас гарсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй юу, үгүй юу гэдгийг анхааран үзэх ёстой байх. Улс төрийн намын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар намын дотоод зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог намын дүрмээр зохицуулна гэсэн байгаа... гэв.

                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

            Орхон аймгийн Ардчилсан намаас “2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Орхон аймгийн Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн нэр бүхий 15 нэр дэвшигчийг бүртгээгүй орхигдуулсан Орхон аймгийн Сонгуулийн хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Орхон аймгийн Ардчилсан намаас Д.Баярмагнай, Д.Доржпүрэв, Р.Рагчаа, Д.Эрдэнэцогт, Ж.Ганчимэг, Х.Жаргаланбаатар, Т.Бямбажаргал, Д.Мөнх-Очир, Р.Улаанхүү, Т.Болдбаатар, Г.Лхагвадорж, Х.Манлайбаатар нарын 12 нэр дэвшигчийг 2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

1. “Орхон аймгийн Ардчилсан намаас Д.Баярмагнай, Д.Доржпүрэв, Р.Рагчаа, Д.Эрдэнэцогт, Ж.Ганчимэг, Х.Жаргаланбаатар, Т.Бямбажаргал, Д.Мөнх-Очир, Р.Улаанхүү, Т.Болдбаатар, Г.Лхагвадорж, Х.Манлайбаатар нарын 12 нэр дэвшигчийг 2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Орхон аймгийн Сонгуулийн хороонд тус аймгийн Ардчилсан намын дарга Г.Батмөнх нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “Нэр дэвшигчдийг бүртгүүлэх тухай” №51, Ардчилсан намын дэд дарга С.Сувдаа нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Нэр дэвшигчдийн материал, намын хорооны хурлын тогтоол шийдвэр хүргүүлэх тухай ” №16 тоот албан бичгүүдийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд тус тус хүргүүлсэн байна.

Дээрх албан бичгүүдийг судлан үзэхэд 2 талаас тус тус 33 буюу 66 нэр дэвшигчийн жагсаалт, 51 нэр дэвшигчийн баримт бичгийг хүргүүлсэн бөгөөд 14   /Д.Баярмагнай, Б.Мягмарсүрэн, Р.Цэрэндорж, Д.Доржпүрэв, Р.Рагчаа, Д.Эрдэнэцогт, Ж.Ганчимэг, Х.Жаргаланбаатар, Т.Бямбажаргал, Д.Мөнх-Очир, Р.Улаанхүү, Т.Болдбаатар, Г.Лхагвадорж, Х.Манлайбаатар зэрэг/ нэр дэвшигчийн нэр давхцсан ба, үүнтэй талууд маргаагүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэг /Хүний эрх, эрх чөлөө/ Арван зургаадугаар зүйлийн 9-д “...Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...”, Арван есдүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д “шударга ёсыг сахих”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “...Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй”  гэж  тус тус зааснаас дүгнэхэд иргэний сонгогдох эрхийг хязгаарлах үндэслэлгүй юм.

Түүнчлэн Орхон аймгийн Ардчилсан намаас тус тусдаа 33 нэр дэвшигчдийг бүртгүүлэхээр шийдвэрлэсэн тогтоолд1 дээрх нэр бүхий 14 иргэний нэр давхцаж байгаагаас дүгнэн үзэхэд тус намын бодлого, үзэл баримтлал нь дээрх 14 иргэнийг нэр дэвшүүлэх хүсэл, сонирхол нэгдмэл, нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан нэр бүхий  12 нэр дэвшигчийг Орхон аймгийн

1Хавтаст хэргийн 8,9 дүгээр тал, мөн Орхон аймгийн Сонгуулийн хорооноос ирүүлсэн аймгийн  Ардчилсан намын дарга Г.Батмөнхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “Нэр дэвшигчдийг бүртгүүлэх тухай” №51 албан тоот, нэр дэвшигчдийн материал

Сонгуулийн хороонд бүртгэхээр даалгахад бусад иргэний сонгогдох эрх  хөндөхөөргүй, хуульд харшлах зүйлгүй байна.

Иймд Орхон аймгийн Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн Д.Баярмагнай, Д.Доржпүрэв, Р.Рагчаа, Д.Эрдэнэцогт, Ж.Ганчимэг, Х.Жаргаланбаатар, Т.Бямбажаргал, Д.Мөнх-Очир, Р.Улаанхүү, Т.Болдбаатар, Г.Лхагвадорж, Х.Манлайбаатар нарыг 2016 оны Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн дээрх 12 нэр дэвшигчдийг  бүртгэхээс татгалзах хууль зүйн үндэслэлгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Орхон аймгийн Сонгуулийн хорооноос ирүүлсэн нэр дэвшигчийн материалаар тогтоогдож байна.

2.2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Орхон аймгийн Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн нэр бүхий 15 дэвшигчийг бүртгээгүй орхигдуулсан Орхон аймгийн Сонгуулийн хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Орхон аймгийн Сонгуулийн хороонд тус аймгийн Ардчилсан намын дарга Г.Батмөнх нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “Нэр дэвшигчдийг бүртгүүлэх тухай” №51, Ардчилсан намын дэд дарга С.Сувдаа нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Нэр дэвшигчдийн материал, намын хорооны хурлын тогтоол шийдвэр хүргүүлэх тухай ” №16 тоот албан бичгүүдийг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус тус хүргүүлж Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн  155.1, 155.2, 155.3 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн тул 2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд Орхон аймгийн Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн  15 нэр дэвшигчийг Орхон аймгийн Сонгуулийн хороо бүртгээгүй орхисон эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн “2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд Орхон аймгийн Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн нэр бүхий 15 нэр дэвшигчийг бүртгээгүй орхигдуулсан Орхон аймгийн Сонгуулийн хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдаа нь нэхэмжлэлийн  шаардлагын зарим хэсэг болох “Б.Мягмарсүрэн, Р.Цэрэндорж, О.Балжинням нарыг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах”  шаардлагаасаа татгалзсаныг батлах нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгч Д.Доржпүрэв нь С.Сувдаад олгосон шүүхэд төлөөлүүлэх итгэмжлэлээс 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр татгалзаж хүчингүй болгон, нэхэмжлэлээсээ шүүх хуралдаан дээр татгалзсан тул түүний нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1,   70.2.8, Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасныг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ нь:

            1. Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 9, Сонгуулийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 124. 2 дахь  хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Орхон аймгийн Ардчилсан намаас Д.Баярмагнай, Р.Рагчаа, Д.Эрдэнэцогт, Ж.Ганчимэг, Х.Жаргаланбаатар, Т.Бямбажаргал, Д.Мөнх-Очир, Р.Улаанхүү, Т.Болдбаатар, Г.Лхагвадорж, Х.Манлайбаатар нарыг 2016 оны Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдаа нь нэхэмжлэлийн  шаардлагын зарим хэсэг болох “Б.Мягмарсүрэн, Р.Цэрэндорж, О.Балжинням нарыг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах”  шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

            3. Нэхэмжлэгч Д.Доржпүрэвийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1, Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.5-д тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба  шийдвэрийг хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах, гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.САРАНГЭРЭЛ