Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 107

 

 

Д.М, Ч.Д нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, хохирогч С.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, Ц.Бат-Эрдэнэ, П.Сарантуяа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр магадлалтай, Д.М, Ч.Д нарт холбогдох 201503000455 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Г.Энхбаяр, шүүгдэгч Ч.Д, түүний өмгөөлөгч П.Сарантуяа, Ц.Бат-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,

1990 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 100 төгрөгөөр торгох,

1991 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял,

 Архангай аймгийн шүүхийн 1991 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, уг хуулийн  3 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр 1991 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 7 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялын заримыг нь нэмж нэгтгэн нийт 4 жил хорих ял,

1995 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 10 сар хорих ял,

1998 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт зааснаар 18 жил хорих ялаар тус тус шийтгэгдэж, Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 1 хоногийн хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-ын М,

2. Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Ч-ын Д нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дахь хэсэгт заасан “Бүлэглэж хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.М, Ч.Д нарыг бүлэглэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт 16 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.М, Ч.Д, тэдний өмгөөлөгч Г.Энхбаяр, Ц.Бат-Эрдэнэ нарын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.М гаргасан гомдолдоо “Миний цохиж, түлхэн унагаасан, өшиглөсөн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсонд маргадаггүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Харин Д-д тусалсан, ямар нэгэн байдлаар хамжсан, гэнэтийн болсон явдлыг зохион байгуулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад үүнийг анхаарч үзэлгүйгээр хохирогчийн таамаг дэвшүүлэн ярьсан зүйлд хэт автаж, болсон явдалд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Д талийгаачийг зодож цохиж байхыг хараагүй гэдгээ анхнаасаа тууштай мэдүүлсээр ирсэн болно. Хохирогч шүүх хуралдаан дээр миний санаснаар шүүх шийдвэрлэхгүй бол өөрийн зүгээс арга хэмжээ авна гэж ярьсан үг нь шүүгч нарт шийдвэр гаргахад нөлөөлсөн. Хохирогч намайг хэл амаар доромжилж, улмаар машинаас чирээд буулгасны дараа өшиглөсөн тул уурандаа түүнийг цохиод, түлхэн унагааж өшиглөснөөс болж амь нас нь хохирсонд үнэхээр гэмшиж байна. Энэ үед Даваажанцан машинаас буугаагүй, хохирогчийг цохиогүй байхад бүлэглэж хүнийг амь насыг хохироосон гэж дүгнэсэн тул хэргийн зүйлчлэлийг зөвтгөж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Ч.Д- гаргасан гомдолдоо “Миний бие Д.М-тай бүлэглэн хохирогч С.Г-ыг алаагүй, өөрийнхөө машинаасаа буугаагүй юм. Машинаар Хайрхан сум ороод явж байхад хохирогч С.Г нь машиныг зогсоогоод, Д.М-ыг чирч буулгасны дараа өшиглөөд газар унагаасан. Д.М нь босч ирээд хохирогчийг өшиглөж түлхээд газар унагаасны дараа толгой, гэдэс руу 3-4 удаа бакал гутлаар өшиглөсөн. Миний хувьд Д.М-тай бүлэглэн хохирогчийг хашааны банзаар цохисон асуудал байхгүй байхад намайг хилс хэрэгт гүтгэж, ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймээс хэргийг дахин нягталж үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх Д.М-ыг бусадтай бүлэглэж, хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар 16 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул бүхэлд нь хянуулахаар  гомдол гаргаж байна. Учир нь Д.М нь өөрийн үйлдлийн улмаас хохирогч нас барсантай маргадаггүй. Харин Ч.Д-тай бүлэглэж хүнийг алсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Д.М нь бусадтай бүлэглэсэн гэх нотлох баримт байхгүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.6, 3.7, 3.8 дугаар зүйлийн шинж агуулагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж, таамгаар дүгнэлт хийсэн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн шалгаж, эргэлзээгүй байдлаар тогтоох ёстой атал бодит үйл явдалд үнэлэлт дүгнэлтийг буруу хийж, Д.М-ыг Ч.Д-тай бүлэглэн хүнийг алсан гэж үзэж хууль буруу хэрэглэж шийдвэрлэлээ. Ч.Д-тай бүлэглэж хүний амь нас хохироосон гэж үзэх эргэлзээгүй нотлох баримт байхгүй байхад түүнийг Ч.Д-тай бүлэглэсэн гэж үзэн ял оногдуулсан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Д.М-ад холбогдох  хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, ялыг багасгаж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх Д.М, Ч.Д нарыг бүлэглэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар тус бүрт 16 жил хорих ял шийтгэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасныг зөрчиж, хэргийн бодит байдлыг мөрдөгч болон прокурор тал бүрээс нь шалгаж хянаж чадаагүй байхад шүүгдэгч Ч.Д-г хүн алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь үндэслэлгүй болжээ. Тодруулбал яллах ёсгүй, буруугүй хүнд ял өглөө гэж үзэж гомдол гаргаж байна. Ч.Д-г хохирогч С.Г-тай зодолдож байхыг харсан хүн байхгүй. Хамт явсан Д.М нь Ч.Д-г машинаасаа буугаагүй гэж мэдүүлсэн нь түүнийг буруугүй болохыг нотолж байна. Энэ нь мөн “бүлэглэсэн” гэх байдлыг үгүйсгэж байна. Яллах дүгнэлт, шийтгэх тогтоол болон магадлалд Ч.Д-г буруутгахдаа дам яриа сонссон гэрчүүдийн мэдүүлгүүдийг үндэслэсэн нь хууль бус болсон. Эдгээр дам мэдүүлгүүд нь бодит байдлыг тогтоохгүй билээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж Ч.Д-г цагаатгаж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх Д.М, Ч.Д нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн төдийгүй шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Ч.Д нь 2015 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө амь хохирогч Г-ын амь насыг М-тай бүлэглэн хохироосон буюу бүлэглэж хүнийг алсан гэмт хэрэгт холбогдсон юм. Ч.Д нь амь хохирогч Г-ын амь насыг бусадтай бүлэглэн хохироосон гэх үндэслэл хангалттай, бүрэн дүүрэн, эргэлзээгүйгээр тогтоогдоогүй, харин хэргийн болсон үйл явдлыг хараагүй, хэрэг болсон газар орон байранд болон цаг хугацаанд байгаагүй мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэрч нарын хоорондоо эрс зөрүүтэй мэдүүлгүүдээр Ч.Д-г буруутгаж гэм буруутайд тооцсон нь буруу болсон.

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 82 дугаартай дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдийг Ч.Д учруулаагүй, тухайн хэрэг болсон цаг хугацаанд өөрийн эзэмшлийн 76-06 УБГ улсын дугаартай “Микро Грейс” загварын автомашинаасаа буугаагүй байдаг юм. Түүнийг машинаасаа буугаагүй гэдгийг хамт явсан Д.М нь гэрчилдэг. Мөн Ч.Д нь анх 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө “Мөнхөө буюу М ах Г гэж танилцаж байсан ахыг алсан, машинаас түлхэж унагаад тэгээд цохиод байх шиг байсан. Би юугаар цохиж зодсоныг хараагүй, өшиглөж байх шиг байсан” гэсэн мэдүүлэг, анхан шатны шүүх хуралдаан дээр Д.М нь шүүгдэгчийн эцсийн үг хэлэхдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ хохирогч Г-ыг унагаагаад толгой, хэвлий тус газар өшиглөж байснаа хүлээн зөвшөөрөөд барахгүй энэ хэрэгт Ч.Д хамааралгүй Г-ыг цохиж зодоогүй талаар мэдүүлсэн. Иймд Ч.Д нь бусадтай бүлэглэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдээгүй, шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулж, Ч.Д-г цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Бие махбодын шаналал зовиур үүсгэж, онц харгис аргаар үйлдсэн”, 1.2-т “санаатай гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэсэн ял оногдуулахдаа харгалзвал зохих хүндрүүлэх нөхцөл байдлууд нотлогдсон байхад 16 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэмт үйлдлийн шинжид тохироогүй ба энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт огт хийгээгүй байгааг анхаарна уу. Энэ нь гэмт хэргийг хүндрүүлж зүйлчлэх асуудал биш бөгөөд харин ял оногдуулахдаа харгалзах хүндрүүлэх нөхцөл байдал юм. Ялын хувьд тусгайлан гаргах саналгүй. Харин оногдуулсан ялын хэмжээ, эдлэх дэглэмийн хувьд хүндрүүлэх эрх нь хяналтын шатны шүүхэд байгаа гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Г.Энхбаяр, шүүгдэгч Ч.Д, түүний өмгөөлөгч П.Сарантуяа, Ц.Бат-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг үндэслэн Д.М, Ч.Д нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.М, Ч.Д нар нь 2015 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө сумын цагдаагийн хэсэг рүү очих эсэх асуудлын улмаас С.Г-тай маргаж таарамжгүй харьцаа үүсгэн бүлэглэн зодож, Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг “Дэнж” хорооллын 02 дугаар гудамжны 01 тоот хашааны үүдэнд биед нь гавал тархины хавсарсан, хүнд гэмтлүүдийг учруулан алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.М, Ч.Д нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн тэднийг бүлэглэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Г.Энхбаяр, шүүгдэгч Ч.Д, түүний өмгөөлөгч П.Сарантуяа, Ц.Бат-Эрдэнэ нар “шүүгдэгч нар бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг үйлдээгүй, энэ хэрэгт Ч.Д ямар байдлаар оролцсон болох нь тогтоогдоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн агуулгатай гомдол гаргажээ.

Гомдолд Ч.Д нь амь хохирогч Г-ын амь насыг бусадтай бүлэглэн хохироосон гэх үндэслэл хангалттай, бүрэн дүүрэн, эргэлзээгүйгээр тогтоогдоогүй, харин хэргийн болсон үйл явдлыг хараагүй, хэрэг болсон газар орон байранд болон цаг хугацаанд байгаагүй мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэрч нарын хоорондоо эрс зөрүүтэй мэдүүлгүүдээр Ч.Д-г буруутгаж гэм буруутайд тооцсон нь буруу болсон гэсэн байна.

Г.Э, Н.Б, Б.Х нар нь хэдийгээр хэргийн газарт байгаагүй боловч Д.М, Ч.Д нар хохирогчийг бүлэглэж зодож алсан талаар өөрсдөө ярьсныг биечлэн сонссон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүн буюу гэрч гэж үзэхээр байна. Тэдгээрийн мэдүүлгийн эх сурвалж нь шүүгдэгч нарын өөрсдийн ярьсан яриа юм. Яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, түүнээс эх сурвалжтай бусад оролцогч нарын өгсөн мэдүүлгүүд нь нотлох баримтад хамаарах бөгөөд харин дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэдэг нь зөвхөн нэг эх сурвалжтай, өөрөөр хэлбэл аль нэг шүүгдэгч зөвхөн өөрийн гэм бурууг хүлээхэд хамааралтай зарчим тул шүүгдэгч нар өөрсдийн хэргээ хүлээхээс гадна харилцан нэгийгээ илчилж тухайн шүүгдэгчийн гэм буруу түүний өөрийн мэдүүлгээс гадна бусад шүүгдэгч нарын мэдүүлгээр батлагдаж байгаа тохиолдолд тэдгээрийг үнэлэх нь дээрх зарчмыг хөндөхгүй.  

Шүүгдэгч Ч.Д нь гэрч Г.Э-тад хэлэхдээ “Д.М амь хохирогч С.Г-ыг гараараа хоёр удаа цохих үед өөрөө хашааны банз хуу татаж хугалж аваад хохирогчийг толгой руу хоёр удаа банзаар нэмж цохисноос хамар, амнаас нь цус гарч газар унасан, Д.М хоёр удаа цохисон учир хэргийг даана” гэж хэлсэн болохыг гэрчилсэн, энэхүү мэдүүлгийг шүүгдэгч Д.М гэрч Б.Х, Н.Б нарт “хамт явсан бацаан /Ч.Д/ Архангай аймгийн Хайрхан суманд хүн цохиод унагаачихсан, хамт явсан залуугаа яаж шоронд явуулахав дээ” гэсэн мэдүүлгээр давхар нотолсон нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч нарын хамтын гэм буруутай үйлдлийн улмаас амь хохирогч С.Г-ын биед гавал яс, суурь ясны хугарал, тархины хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа, их тархины зөөлөн бүрхүүл, доорх цус харвалт, их бага тархины эдийн няцрал бүхий гавал тархины амьдрах боломжгүй, хавсарсан, хүнд гэмтлүүд учирснаар нас барсан нь нотлогджээ.

Дээрх гэрчүүдийн мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд гэрч нарт хуульд заасан үндэслэл журмын дагуу хууль сануулан мэдүүлэг авсан тул гэмт хэрэг үйлдэхэд оролцсон шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт гэж үзэж, шүүгдэгч Д.М, Ч.Д нарыг бүлэглэн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзлээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Г.Энхбаяр, шүүгдэгч Ч.Д, түүний өмгөөлөгч П.Сарантуяа, Ц.Бат-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Г.Энхбаяр, шүүгдэгч Ч.Д, түүний өмгөөлөгч П.Сарантуяа, Ц.Бат-Эрдэнэ нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН