Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/413

 

                                                           Б.А холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Тэгшбаяр,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч О.А,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Ахолбогдох эрүүгийн 2105 00000 1377 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.А

Шүүгдэгч Б.А нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза цогцолбор”-ийн 1 тоотод байрлах “Э” ХХК-ийн нягтлангаар ажиллаж байхдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж компанийн албан бичгийн бланк дээр захирал Д.С гарын үсгийг дуурайлган зурж, тус компанид 6.500.000 төгрөгийн зээлийн барьцаанд байсан тус компанийн эзэмшлийн 29-41 УНБ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгслийг албан тушаалын байдлаа ашиглан өөрийн нэр дээр шилжүүлэн авч залилсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза цогцолбор”-ын 1006 тоотод байрлах “Э” ХХК-ийн нягтлангаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан “Э” ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр барьцааны гэрээ байгуулан, зээл авсан О.Бийн зээлийн төлбөрийг өөрийн Хаан банкны 5011431086 дугаартай данс руу шилжүүлэн авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан,

2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза цогцолбор”-ын 901 тоотод байрлах “М” ХХК-ийн нягтлангаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан тус байгууллагын Хаан банкны 5037704952 дугаартай данснаас 20.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5300509747 дугаарын дансанд шилжүүлэн завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.    

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б.Аг албан тушаалын байдлаа ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилсан, албан тушаалын байдлаа ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.АЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Аын эдлэх 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Аурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Б.Ааас 6.696.243 төгрөг гаргуулан хохирогч “Э” ХХК-д, 19.000.000 төгрөг гаргуулан хохирогч “М” ХХК-д тус тус олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.А цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч О.Анхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:: “...Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч О.Анхбаяр би, эрүүгийн 2105000001377 дугаартай хэрэгт шүүгдэгч Б.Ат хууль зүйн туслалцаа үзүүлж, түүний өмгөөлөгчөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 126 дугаартай шийтгэх тогтоолыг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гардуулсан байх тул шийдвэрийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэгдэх үйлдлийн талаар:

Шүүгдэгч Б.Аыг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Гранд плаза” төвийн 1006 тоотод байрлах “Э” ХХК-ийн нягтлангаар ажиллаж байхдаа компанийн албан бичгийн маягтыг ашиглаж, захирал Д.С гарын үсгийг дуурайлган зурж, компанид 6.500.000 төгрөгийн барьцаанд байсан 29-41 УНБ улсын дугаартай, “Тоёото королла” загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан гэх үйлдлийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ. Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг өмгөөлөгчийн зүгээс үндэслэлгүй хэмээн дүгнэж байгаа бөгөөд эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ. Хууль зүйн үндэслэлийг тайлбарлавал;

Нэгдүгээрт: Залилах гэмт хэргийн үндсэн гол шинж бол хохирогч өөрийнхөө эд хөрөнгийг эсхүл эд хөрөнгийн эрхийг гэмт этгээдэд өөрийн сайн дураар шилжүүлэн өгсөн байдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс ялгагддаг. Гэтэл энэ хэргийн тухайд захирал Д.С нь тээврийн хэрэгслийг өөрийн сайн дураар шүүгдэгч Б.Ашилжүүлэн өгөөгүй байна. Харин эсрэгээрээ Д.С нь хэрэг гарах үед барьцаа хөрөнгө нь буцаад эзэндээ шилжиж байгааг огт мэдээгүй.

Хоёрдугаарт: Залилах гэмт хэргийн дараагийн шинж бол гэмт этгээд нь хохирогчийн эд хөрөнгө эсвэл эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшил, эрхшээлд шилжүүлэн авсан байдаг. Гэтэл энэ хэргийн тухайд 29-41 УНБ улсын дугаартай, “Тоёото королла” загварын тээврийн хэрэгсэл анхнаасаа Б.Аын өмч байсан бөгөөд тэрээр автомашиныг зөвхөн зээлийн барьцаанд тавьж, компанийн нэр дээр шилжүүлсэн болохоос автомашиныг худалдан борлуулах байдлаар компанид өгөөгүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.А нь өөрийнхөө хөрөнгийг өөрөөсөө залилж авсан байж таарахгүй.

Гуравдугаарт: Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай танилцахад шүүгдэгч Б.А нь “Э” ХХК-ийн ажилтан болох бүр тэр дундаа уг байгууллагын албан тушаалтан болохыг нотолсон ямар нэг бичгийн нотлох баримт огт алга байна. Албан тушаалын байдлаа ашиглаж хэмээн хүндрүүлэн зүйлчлэхийн тулд гэмт этгээд тухайн байгууллагын ажилтан байх, бүр цаашилбал ямар нэг хариуцлагатай албан тушаалд томилогдсон захирлын тушаал, шийдвэр, ажлын байрны тодорхойлолт гарсан байх, уг тушаал шийдвэртэй ажилтан танилцсан байх, мөн уг албан тушаалын дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн зэрэг нотлох баримтыг цуглуулсан байх шаардлагатай. Гэтэл шүүгдэгч нь Б.А нь “Билэгт дөлгөөн” ХХК-ийн ажилтан болохыг нотолсон хөдөлмөрийн гэрээ хавтаст хэргийн 88-90 хуудсанд авагдсан байна. Харин шүүгдэгч нь “Э” ХХК, “М” ХХК-тай ямар холбоотой болох, шүүгдэгч нь эдгээр компаниудад ямар албан тушаал дээр ажиллаж байсан болох, уг компаниудын хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд мөн эсэх талаар нотлох баримт огт алга байна. Иймд дээр дурдсан гурван үндэслэлээр өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Б.Аын эхний үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжгүй хэмээн дүгнэж байна.

Харин өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Б.Аын дээр дурдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна хэмээн дүгнэж байна. Дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийг танилцуулбал;

Нэгдүгээрт: шүүгдэгч Б.А нь “Б” ХХК-д албан ёсоор хөдөлмөрийн гэрээ байгуулан нягтлангаар ажиллах явцдаа ажил хэргийн шугамаар бусад охин компаниудын үйл ажиллагаанд оролцдог болсон байна. Хэдийгээр “Э” ХХК-ийн зүгээс Б.Аыг нягтлан бодогчоор ажиллуулах тухай албан ёсны тушаал шийдвэр гаргаагүй ч гэлээ компанийн үйл ажиллагаанд оролцуулах талаар аман байдлаар тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл, хохирогчийн мэдүүлгээс харахад шүүгдэгч нь “Э” ХХК-ийн үйл ажиллагаанд оролцдог байсан нь тодорхой байна. Эндээс дүгнэвэл шүүгдэгч Б.А нь хохирогч байгууллагын албан тушаалтан биш ч гэлээ ажил хэргийн шугамаар, явцын дунд итгэмжлэн хариуцсан этгээд болж хувирсан байна. Энэ нь компанийн албан бичгийн хэвлэмэл маягт, тамгыг шүүгдэгчид итгэмжлэн хариуцуулан үлдээдэг байснаар дээрх нөхцөл байдал илэрч байна.

Хоёрдугаарт: шүүгдэгч Б.А өөрт нь итгэмжлэн хариуцуулж үлдээсэн компанийн албан бичгийн хэвлэмэл маягт, тамгыг ашиглан захирлын гарын үсгийг дуурайлган зурж хуурамч бичиг баримт үйлдэх гэмт хэрэг үйлдсэн бөгөөд уг баримтаа ашиглан байгууллагаас авсан зээлээ төлж барагдуулаагүй байхдаа зээлийн барьцаанд байсан өөрийн автомашиныг буцаан өөрийн нэр дээр шилжүүлэн авч эд хөрөнгийн эрхийг олж авч, цаашид захиран зарцуулах боломжтой болсон байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь, “Э” ХХК-ийн барьцаа хөрөнгөөр зээлээ хангуулах байсан эрхийг нь завшсан буюу эд хөрөнгийн эрхийг завшсан байна.

Гуравдугаарт: Шүүгдэгч Б.Аыг “Э” ХХК-ийн албан тушаалтан байсан гэж хүндрүүлэн үзэх ямар ч боломжгүй юм. Учир нь уг байгууллагад ажиллаж байсан гэх гэрээ, тушаал хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Энэ бүгдээс дүгнэхэд Б.Аын 6.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд эрүүгийн хуулийг буруу хэрэглэж эрүүгийн хариуцлага оногдуулсан байна.

Хоёр дахь үйлдлийн талаар:

Шүүгдэгч Б.А нь хохирогч О.Бгийн зээл төлөлтийн мөнгийг өөрийн банкны хувийн дансаар авсан гэх үйлдэлд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан байна. Энэхүү шийдвэрийг өмгөөлөгчийн зүгээс мөн л үндэслэлгүй хэмээн дүгнэж байна. Хууль зүйн үндэслэлийг танилцуулбал;

Нэгдүгээрт: шүүгдэгч Б.А нь хохирогч О.Бн мөнгийг авсан болохоос “Э” ХХК-ийн эд хөрөнгийг завшаагүй, аваагүй.

Хоёрдугаарт: хохирогч О.Бн мэдүүлгээс харахад тэрээр банкны хувийн данс руу зээл төлөлтийн мөнгийг шилжүүлж болох эсэхийг тодруулж шүүгдэгч Б.Ааас асуухад, шүүгдэгч нь хувийн дансанд зээл төлөлтийн мөнгийг шилжүүлж болно хэмээн хэлээд өөрийн дансанд мөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь хохирогчийг хууран мэхлэх замаар төөрөгдөлд оруулсан буюу залилах гэмт хэргийн үндсэн шинжтэй байна. Иймд О.Бг хохироосон гэх Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хариуцлага оногдуулах ёстой байжээ.

Гурав дахь үйлдлийн талаар:

Шүүгдэгч Б.Аыг “М” ХХК-иас 20.000.000 төгрөгийг завшсан гэх үйлдэлд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч миний бие энэхүү шийдвэрийг эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн хэмээн дүгнэж байгаа болно. Учир нь, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад Б.А нь “М” ХХК-ийн нягтлан бодогч гэдгийг нотолсон ямар ч бичгийн нотлох баримтууд алга байна. Шүүгдэгч нь “М” ХХК-ийн хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд гэдгийг тус компанийн захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, албан тушаалд томилсон шийдвэр, уг албан тушаалын дагуу цалин олгосон баримт, нийгмийн даатгалын шимтгэлийг уг албан тушаал дээр төлсөн байх зэргээр нотлон тогтоох ёстой. Гэвч шүүгдэгч Б.Ахолбогдох хэрэгт түүнийг “М” ХХК-ийн ажилтан болохыг, тэр дундаа тухайн компанийн эрх бүхий албан тушаалтан гэдгийг нотолсон баримт авагдаагүй байна. Иймд шүүгдэгч Б.Аын 20.000.000 төгрөг завшсан гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шийдвэрлэх ёстой. Дээрх бүгдийг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Б.Аын үйлдсэн 3 гэмт үйлдлийг гурвууланг нь шийдвэрлэхдээ анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаар:

1. Хавтаст хэргийн 11 болон 72 дугаар хуудсанд “М” ХХК-ийн захирал Я.Э, “Э” ХХК-ийн захирал Д.С нарыг хохирогчоор тогтоожээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.2 дахь заалтыг зөрчсөн байна. Үндэслэл нь, хохирогч нь хуулийн этгээдийг төлөөлж байвал түүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох ёстой байтал мөрдөгчийн хохирогчоор тогтоосон тогтоолыг харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийг удирдлага болголгүй хууль зөрсөн байна.

2. Хавтаст хэргийн 12, 14, 17, 33, 73, 105 дугаар хуудсанд байх оролцогч нараас мэдүүлэг авахдаа мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлийн доод хэсэгт гарын үсэг зуруулаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлийг тухайн ажиллагаа дуусмагц ажиллагаанд оролцсон, байлцсан хүнд даруй танилцуулж, гарын үсэг зуруулна. Тэмдэглэл хэд хэдэн хуудастай бол ажиллагаанд оролцсон, байлцсан хүн хуудасны нүүр тус бүрд гарын үсэг зурна.” гэснийг зөрчсөн байна.

3. Хавтаст хэргийн 34 дүгээр хуудсанд У.Ганчимэгээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлд мэдүүлэг хэзээ эхэлсэн болон хэзээ дууссан цаг, минут байхгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “ажиллагааг явуулсан газар, эхэлсэн, дууссан он, сар, өдөр, цаг, минут, хэрэгжүүлэх явцад хугацаа тасалдсан бол түүний шалтгаан, үргэлжилсэн хугацаа;” гэснийг зөрчсөн байна.

4. Хавтаст хэргийн 42-43 дугаар хуудсанд байх банкны дансны хуулгыг хэнээс хэн, хэзээ, хэрхэн хураан авсан талаарх тэмдэглэл байхгүй буюу нотлох баримтыг цуглуулж бэхжүүлсэн эх сурвалж тодорхойгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, яллагдагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч хүлээн авч, тэмдэглэл үйлдэн хавтаст хэрэгт тусгаж хавсаргана.” гэснийг зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:

Хавтаст хэргийн 13, 16, 19, 33, 74, 101, 105 дугаар хуудсанд гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа мөрдөгч нь нэгэнт хүчингүй болчихсон хуулийг сануулсан байна. Учир нь, Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэгт нэмэлт, өөрчлөлт оруулж, уг хэсгийн санкцаас эрх хасах ялыг хассан байдаг. Өөрөөр хэлбэл “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гурван сараас хоёр жил хүртэл хуганаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэснийг өөрчилж, гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасах ялыг тухайн хэсгээс хассан байдаг. Одоо Монгол Улсад эрх хасах ялтай “Худал мэдүүлэх” гэдэг зүйл анги байхгүй юм. Өөрөөр хэлбэл эрх хасах ялтай зүйл анги аль хэдийн хүчингүй болсон байдаг. Харин одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар “Худал мэдүүлэх” гэмт хэрэг нь торгох, нийтэд ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялтай болсон байна. Гэтэл энэхүү хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч нь нэгэнт хүчингүй болчихсон Эрүүгийн хуулийн хуучин заалтыг хохирогч, гэрч нарт сануулан мэдүүлэг авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байна.

Хуулийг ноцтой зөрчих гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “шүүх шийдвэр гаргахдаа энэ хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 16.11, 16.12 дугаар зүйлд заасан нотлох баримтыг ашигласан;” хэмээн заасан байдаг. Мөн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Энэ хуульд заасан ундэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь, тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, дараахь шийдвэр гаргана” гэж заасан байна.

Мөн хуулийн 25.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэг “Мэдүүлэг авахад орчуулагч, хэлмэрч оролцуулах бол түүнд эрх, үүргийг тайлбарлан, санаатайгаар худал орчуулах, эсхүл хэлмэрчилбэл хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, тэмдэглэлд гарын үсэг зуруулна.” дээрх гурван заалтыг нэгтгэн дүгнэвэл, хуульд заасан үндэслэл журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг шүүхээс нотлох баримтаар тооцохгүй байх ёстой бөгөөд хэрэв шүүх нь хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтуудыг ашиглан хэргийг шийдвэрлэх юм бол хуулийг ноцтой зөрчсөн болох нь тодорхой байна.

Шүүгдэгч Б.Аыг прокуророос олон жилийн хорих ялтай, тэнсэх боломжгүй, Эрүүгийн хуулийн “хүнд” зүйл, хэсгээр гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгаж, яллахдаа, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн маш олон алдаа дутагдал гаргасан байхад анхан шатны шүүхээс дээрх үйл баримтыг үл тоон хэргийг шийдвэрлэсэн явдал нь хүний эрхийг ноцтой зөрчиж буй хэрэг юм. Шүүгдэгч нь хэдийгээр гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн ч гэлээ түүнд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хэргээ шударгаар шүүлгэх эрх гэж бий. Иймд шүүгдэгч Б.Ахорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.А тус шүүх хуралдаанд: “...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Прокурор Б.Тэгшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Шүүгдэгч Б.А нь “Э” ХХК-ийн захирал Сонингэрэлийн гарын үсгийг хуурамчаар зурж, албан тушаалын байдлаа ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэн нь завших гэмт хэргийн шинжтэй гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн үзэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Залилах, завших гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлж байгаа хэлбэр нь ижилхэн боловч үйлдлийн аргаар нь дээрх гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Өөрөөр хэлбэл, “Э” ХХК-ийн эзэмшилд байсан албан ёсны эрх бүхий байгууллагын нэр дээр нэр нь шилжсэн тухайн эрхийг захирал Сонингэрэлийн гарын үсгийг хуурамчаар зурж, албан тушаалын байдлаа ашиглан өөрийнхөө эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авсан үйлдлийг залилах гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн. Мөн тухайн ажиллаж байсан газраа өөрийнхөө автомашиныг 6.500.000 төгрөгийн барьцаанд тавьж, зээл авсан. Дээрх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг гэж прокуророос дүгнэсэн. Өөрийн захиран зарцуулах эд хөрөнгийг хууль бусаар Сонингэрэлийн гарын үсгийг хуурамчаар зурж, компанийн албан бичгийг үйлдэж эрх бүхий байгууллагад шилжүүлсэн. Тухайн зээлийн барьцаанд байсан тээврийн хэрэгслийг шилжүүлж залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж үзсэн. Шүүгдэгч Б.А нь эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, дээд боловсролтой, тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ “Э” ХХК, “М” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан талаар хавтас хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Өмгөөлөгч мөн шүүхийн хэлэлцүүлэгт хэлж байна. Эдгээр компаниудын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “...Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно. ...” гэж заасан. Шүүгдэгч Б.А нь тухайн 2 компанийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалыг хашиж байхдаа тамга, тэмдэг хариуцаж байсан. Мөн компанийн хоёрдугаар гарын үсгийг зурж байсан гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс О.Бн үйлдэл дээр залилах гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн. Прокуророос завших гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн. О.Б нь тухайн компанид өөрийнхөө автомашиныг барьцаанд тавьж, зээл гаргуулан авсан. Уг зээлийг төлөх явцдаа тухайн компанийн нягтлан бодогч шүүгдэгч Аай харилцаж байсан. Зээлийн үлдэгдэл төлбөрийг шилжүүлэн зээлээ хаалгах тухай шүүгдэгч Б.Атай ярилцсан үйл баримтыг залилах гэмт хэргийн шинжтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзсэн байна. Гэтэл тухайн хүний зээлийн эргэн төлөлт, зээл тавьсан байдлыг ерөнхий нягтлан бодогч Б.А хянаж байсан. Зээл хэрхэн төлөгдөж байгаа, хэр хэмжээтэй явж байгаа, зээлээ төлөхгүй байгааг хянаж байсан. О.Баасанцэрэнгийн зээлээ хаалгахаар шилжүүлсэн мөнгийг өөрийнхөө данс руу шилжүүлэн авч тухайн компанийн итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан гэж зүйлчилсэн. Мөн “М” ХХК-ийн нягтлангаар ажиллаж байхдаа 20.000.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан. Дээрхи үйлдэлд хохирогч Я.Э нь шүүгдэгч Б.Аыг дээрх мөнгийг тухайн компанийн сургалт авсан Филиппин улс руу шилжүүлэх үүрэг өгсөн. Гэтэл тухайн 20.000.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан байдаг. Тухайн байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцуулан авсан этгээд компанийн эд хөрөнгийг өөрийн данс руугаа шилжүүлэн авч, албан тушаалын байдлаа ашиглан залилах гэмт хэргийг үйлдсэн гэж тус тус зүйлчилсэн. Тухайн компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллахад заавал эрх бүхий албан тушаалтан гэрээнд заасан үндэслэлээр гэрээ байгуулсан байхыг шаардана гэж шүүгдэгчийн өмгөөлөгчөөс үзсэн байна. Завших гэмт хэргийг хууль буюу гэрээнд итгэлцлийн үндсэн дээр зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгоно гэж тайлбарласан. 2018 оноос шүүгдэгч Б.Атай гэрээ байгуулан дээрхи компанийн нягтлан бодогчоор ажилласан талаар хохирогч Д.С, Я.Э нар мэдүүлдэг. 2018 оноос 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд тухайн 3 компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан. Энэ хугацаанд эрх бүхий албан тушаалтнууд болон захирал, ажилтнуудаас Б.Аитгэлцлийн үндсэн дээр эд хөрөнгөө хариуцуулсан гэж үзнэ. Шүүгдэгч Б.Аын сүүлийн үйлдлийг мөн завших гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар давж заалдах гомдолдоо дурдсан байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг тогтоох талаар заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бодиттойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. ...” гэж заасан. Хэргийн бодит байдлыг тогтоосон гэж үзсэн. Шүүгдэгч Б.Аыг гэм буруутайг тогтоолгохоор хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон. Мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж заасан. Шүүгдэгч Б.Аыг дээрх гэмт хэргийг үйлдэхдээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн гэж хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоосон. Мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно. ...” гэж заасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Аыг гэм буруутайд тооцсон. Мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно...” гэж заасан. Шүүгдэгч Б.Ааас дээрх гэмт хэргийг нотлуулах үүргийг хүлээлгээгүй. Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн. Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдагдсан хавтаст хэргийн хуудаст авагдсан нотлох баримтуудын 80 хувийг нь яллах талын нотлох баримт болгож аваагүй. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай нотолж тогтоосон. Мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэргийн оролцогчийн хуулиар хүлээсэн эрхийг хассан, хязгаарласан зүйл байхгүй. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Баянгол дүүргийн прокуророос шүүгдэгч Б.Аыг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза цогцолбор”-ийн 1006 тоотод байрлах “Э” ХХК-ийн нягтлангаар ажиллаж байхдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж компанийн албан бичгийн бланк дээр захирал Д.С гарын үсгийг дуурайлган зурж, тус компанид 6.500.000 төгрөгийн зээлийн барьцаанд байсан тус компанийн эзэмшлийн 29-41 УНБ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгслийг албан тушаалын байдлаа ашиглан өөрийн нэр дээр шилжүүлэн авч залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза цогцолбор”-ын 1 тоотод байрлах “Э” ХХК-ийн нягтлангаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан “Э” ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр барьцааны гэрээ байгуулан, зээл авсан О.Б зээлийн төлбөрийг өөрийн Хаан банкны 5011431086 дугаартай данс руу шилжүүлэн авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан,  

2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза цогцолбор”-ын 9 тоотод байрлах “М” ХХК-ийн нягтлангаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан тус байгууллагын Хаан банкны 5037704952 дугаартай данснаас 20.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5300509747 дугаарын дансанд шилжүүлэн авсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Анхан шатны шүүх Б.Аыг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза цогцолбор”-ын 1 тоотод байрлах “Э” ХХК-ийн нягтлангаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан “Э” ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр барьцааны гэрээ байгуулан, зээл авсан О.Бн зээлийн төлбөрийг өөрийн Хаан банкны 5011431086 дугаартай данс руу шилжүүлэн авсан,

мөн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза цогцолбор”-ын 9 тоотод байрлах “М” ХХК-ийн нягтлангаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан тус байгууллагын Хаан банкны 5037704952 дугаартай данснаас 20.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5300509747 дугаарын дансанд шилжүүлэн авсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар үргэлжилсэн үйлдлээр “хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.    

Учир нь, Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан залилах, хөрөнгө завших гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн шилжүүлэн авч хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан шинжтэй байдгаараа өөр хоорондоо ижил төсөөтэй байдаг боловч объектив талын шинж болох гэмт санаа, зорилгоо хэрэгжүүлэхдээ урьдаас сонгон авсан арга, мөн тухайн эд юмс, түүний эрхийг гэмт этгээд ашиглах, захиран зарцуулах эрхтэй байсан эсэх, эдгээр нь хэний эзэмшил, өмчлөлд байсан зэргээрээ ялгагддаг билээ. 

          Тухайлбал, хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрээ хэлцэл зэргээр тогтоон олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд бусдын өмчийг итгэмжлэн хариуцах болон эргэлтэд оруулах үүрэг хүлээсэн этгээд уг эд хөрөнгө, түүний эрхийг өөртөө хууль бусаар авсан нь завших гэмт хэргийн үндсэн шинж байдаг бол залилах гэмт хэрэг нь өмчлөгч ба хууль ёсоор эзэмшигчийг хуурах, эсхүл итгэлийг нь эвдэх замаар тэдгээрийг эзэмших, өмчлөлд байсан эд хөрөнгө, түүний эрхийг хууль бусаар өөрт авсан, эсхүл бусдад шилжүүлсэн байдлаар үйлдэгддэг онцлогтой юм.

Залилах гэмт хэргийн гол шинж нь гэмт этгээд хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг болно. 

          Түүнчлэн, хууль ёсны өмчлөгчөөс тогтоосон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд тухайн эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тэдгээрийг хувьдаа авах, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус эргэлтэнд оруулах, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх зэрэг нь завших гэмт хэрэгт тооцогдох бол дээрх үүргийг хүлээгээгүй этгээд өөрийн албаны эрх мэдэл, тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг ашиглан өөрт нь хариуцуулан өгөөгүй бусдын эд хөрөнгийг өөрийн ба бусдын мэдэлд шилжүүлснээс гадна түүнийг ирээдүйд захиран зарцуулах эрхийг олж авсан тохиолдолд залилах гэмт хэрэг гэж үзнэ.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, шүүгдэгч Б.Аын “Э” ХХК-ийн нягтлангаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан О.Бн зээлийн төлбөр 1.228.200 төгрөгийг өөрийн Хаан банкны 5011431086 дугаартай данс руу шилжүүлэн авсан, “М” ХХК-ийн нягтлангаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан тус байгууллагын Хаан банкны 5037704952 дугаартай данснаас 20.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5300509747 дугаарын дансанд шилжүүлэн авсан гэх үйлдэлд шүүгдэгчид эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрээ хэлцэл зэргээр эд хөрөнгийг захиран зарцуулах эрх олгогдоогүй, тухайн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах эрх бүхий этгээд болох нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдоогүй байх тул шүүгдэгч Б.Аын дээрхи үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг хангаагүй байна.  

            Харин дээрх үйлдэл нь албан тушаалын байдлаа ашиглаж бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг хууль бусаар авч залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч Б.А нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза цогцолбор”-ийн 1006 тоотод байрлах “Э” ХХК-ийн нягтлангаар ажиллаж байхдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж компанийн албан бичгийн бланк дээр захирал Д.С гарын үсгийг дуурайлган зурж, тус компанид 6.500.000 төгрөгийн зээлийн барьцаанд байсан тус компанийн эзэмшлийн 29-41 УНБ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгслийг албан тушаалын байдлаа ашиглан өөрийн нэр дээр шилжүүлэн авсан,

2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза цогцолбор”-ын 1006 тоотод байрлах “Э” ХХК-ийн нягтлангаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, “Э” ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр барьцааны гэрээ байгуулан, зээл авсан О.Баасанцэрэнгийн зээлийн төлбөр 1.228.200 төгрөгийг өөрийн Хаан банкны 5011431086 дугаартай данс руу шилжүүлэн авсан,

мөн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза цогцолбор”-ын 901 тоотод байрлах “М” ХХК-ийн нягтлангаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан хуурч, бусдын итгэлийг урвуулан ашиглаж тус байгууллагын Хаан банкны 5037704952 дугаартай данснаас 20.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5300509747 дугаарын дансанд тус тус шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн болох нь:  

Хохирогч Д.С “...Манай “Э” ХХК-нд Б.А нь 2018 онд анх хөдөлмөрийн гэрээ байгуулан нягтлан бодогчоор ажилд орж байсан. Ингээд 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр манай байгууллагаас Б.А нь өөрийнхөө эзэмшлийн 29-41 УНӨ улсын дугаартай “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгслийг барьцаалан 6.500.000 төгрөгийн зээл авсан ба 2021 оны 11 дүгээр сард гүйцэтгэх захирал Д.С миний гарын үсгийг “Э” ХХК-ийн бланк дээр дуурайлган зурж тамга тэмдэг дарснаар 29-41 УНӨ улсын дугаартай “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгслийг Б.А өөрийн нэр дээр хууль бусаар шилжүүлэн авч манай байгууллагад хохирол учруулсан. Манай “Э” ХХК-нд Б.А нь 2018 онд анх хөдөлмөрийн гэрээ байгуулан нягтлан бодогчоор ажилд орж байсан. 2021 оны 1 дүгээр сард манай байгууллагад О.Баасанцэрэн гэх иргэнээс орох байсан авлага болох 1.228.200 төгрөгийг Б.А нь өөрийн хувийн дансаар авч ашигласан байх ба утсаар холбогдон байгууллагад учирсан хохирлыг төлж барагдуулахыг шаардсан боловч өнөөдрийг хүртэл худал зүйл ярьж байна.” /хх 75-76/,

хохирогч Я.Эийн “...Би “М” ХХК-ны захирал байгаа юм. Манай байгууллага нь Филиппин улсын багш нартай хамтран онлайнаар англи хэлний сургалт зохион байгуулдаг юм. Манай байгууллагад Баттөмөрийн Ариунбаяр нь нягтлан албан тушаалтай 2018 оны 12 дугаар сараас 2021 оны 4 дүгээр сарыг хүртэл ажилласан ба ажиллах хугацаандаа байгууллагын данс болох Хаан банкны 5037704952 тоот данснаас 20.000.000 төгрөгийг өөрийн хувийн данс болох 5033509747 дугаартай данс руу 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлэн авсан байсан. Уг мөнгө нь Англи хэлний онлайн сургалтын төлбөр байсан ба уг мөнгийг Филиппин улс руу шилжүүлэх байсан юм. Тухайн үедээ Ариунбаярт яаралтай мөнгийг нь Филиппин улс руу шилжүүлээрэй гэж хэлж байсан ба одоо шилжүүлж байна гэж хэлж байсан. Тэгээд би мөнгийг нь шилжүүлсэн гэж бодож байтал 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Филиппинээс сургалт хариуцсан менежер нь надтай холбогдоод танайхаас орж ирэх 20.000.000 төгрөг орж ирээгүй байна гэж хэлснээр мөнгийг шилжүүлээгүй хувьдаа завшсан болохыг олж мэдсэн. Ингээд Ариунбаяртай уулзаж шалтгааныг нь асуухад онлайнаар покер тоглоом тоглож их хэмжээний өрөнд орсон гэж сонссон. Манай байгууллагын дансны нэр болон нууц үгийг Б.А болон Д.Дөлгөөн нар нь мэддэг байсан өөр ямар нэгэн хүн нэр нууц үгийг мэдэхгүй юм. Энэ асуудлаас болоод Б.А ажлаасаа гарсан. Хохирлоос төлж барагдуулсан зүйл байхгүй.” /хх14-15/,

гэрч О.Бн “...Би 52-45 УБА улсын дугаартай Соната 6 маркын тээврийн хэрэгслийг “Мөнх такси” ХХК-иас зээлээр авч байсан. Зээлээ хаагаад өөрийн нэр рүү шилжүүлж байгаад “Э” ХХК-иас 2.000.000 орчим төгрөгийн /2.500.000 төгрөг байх сайн санахгүй байна/ зээл авсан. Тэгээд тухайн зээлийг 1 жил орчим хугацаанд төлөөд хамгийн сүүлийн төлөлтөө 2021 оны 01 дүгээр сард хаалгахаар 1.000.000 орчим төгрөг төлөөд зээлээ хаалгаж байсан ба тухайн үедээ би өөрөө хөдөө байсан болохоор зээлийн эдийн засагч Б.А гэх хүний данс руу шилжүүлж байсан. Тэгээд зээлээ хаагдсан гэж бодоод явж байтал 2021 оны 6 дугаар сард над руу захирал нь залгаад “зээлээ төлөөрэй” гэхээр нь би зээлээ хаалгачихсан байгаа гэхэд манай эдийн засагч асуудал гаргасан байна гэж байсан. Саяхан хэд хоногийн өмнө надад энэ асуудлыг цагдаагийн байгууллагад өгчихсөн байгаа, цагдаагаас дуудна шүү гэж хэлж байсан. Би тухайн үед зээлийн эдийн засагч руу нь залгаад “байгууллагын данс чинь юу билээ, зээлээ хаах гэсэн юм” гэхэд надад данс өгсөн бөгөөд тухайн данс нь Аын хувийн данс байсан. Тэгээд залгаад энэ данс руу мөнгөө шилжүүлээд зээлээ хаалгаж болох юм уу” гэхэд “болно” гэсэн болохоор би өөрийн зээлийн үлдэгдлээ Ариунбаярын данс руу шилжүүлсэн.” /хх 101-103/,

яллагдагч Б.Аын “...Надад 29-41 УНӨ улсын дугаартай “Тоёота Королла” загварын саарал өнгийн тээврийн хэрэгсэл байсан. 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр би өөрийн ажиллаж байсан “Э” ХХК-ийн барьцаанд уг машиныг байршуулан 6.500.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан зээл гаргуулан авч байсан юм. Тэгээд 2020 оны 11 дүгээр сард покер тоглож байгаад өрөнд орсон ба өрөө дарахын тулд машинаа өөр хүнд зарахаар болсон. Тухайн үед миний машин “Э” ХХК-ийн өмчлөлд байсан учраас албан тамгатай бланк дээр захирал Д.С гарын үсгийг би өөрөө хуурамчаар үйлдэж тус албан бичгээ Авто тээврийн үндэсний төвд өгч өөрийн машиныг гаргуулан аваад тэр дор нь өөр хүнд 5.000.000 төгрөгөөр худалдаж байсан юм.”

“...Би 2018 оны 10 дугаар сараас 2021 оны 5 дугаар сарыг хүртэлх хугацаанд “М” ХХК-нд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Би анх 2020 оны 8 дугаар сараас онлайнаар техас покер тоглоом сонирхож тоглож эхэлсэн. Миний ажиллаж байсан “М” ХХК-ийн дансанд Филиппин улс руу шилжүүлэх байсан 20.000.000 төгрөгийг бэлнээр аваад доллар болгоод буцаагаад Филиппин улс руу шилжүүлэх байсан мөнгийг би өөрийн хувийн данс болох 5300509747 тоот данс руу 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр шилжлүүлж авсан юм. Уг 20.000.000 төгрөгөө цахимаар покер тоглоод алдсан. О.Б гэх иргэн нь “Э” ХХК-иас зээл гаргуулан авч байсан юм. Одоо яг хэдэн төгрөг авч байсныг нь санахгүй байна. Тэгээд уг хүн зээлээ төлөхгүй хэсэг хугацаанд алга болчихсон байсан. Тэгээд би О.Баасанцэрэн гэх хүнтэй холбогдоод 1.228.200 төгрөгийг өөрийн хувийн дансаар авсан ба уг мөнгөөр мөн интернетээр покер тоглож байгаад алдсан. Би Д.С захиралтай нэг өрөөнд суудаг байсан. Миний шүүгээнд бланк, тамга тэмдэг нь байдаг байсан. Ажлаас халагдахад тэтгэмжийн мөнгө 420.000 төгрөгийг 6 сард байгууллагын данс руу хийсэн, мөн ажлаас гарахад амралтын мөнгө 1.000.000 төгрөг бодогдсон байсныг “Э” ХХК нь авч үлдсэн.” /хх 29-30, 142-143/ гэх мэдүүлгүүд,

О.Баасанцэрэнгийн 5011431086 дугаарын “Хаан банк”-ны данснаас Б.Аын 5084463158 дугаарын дансанд “52-45 УБА Баасанцэрэн” гэж шилжүүлгийн утгыг бичин 1.228.200 төгрөг шилжүүлсэн талаар интернэт банкны баримт /хх 77/, гэрч О.Баасанцэрэнгийн “Э” ХХК-иас 2.000.000 төгрөгийн зээлэнд 52-45 УБА улсын дугаартай “Хьюндай Соната” маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан хийсэн барьцааны гэрээ, зээлийн хорооны шийдвэр, зээл олгох хуудас, О.Баасанцэрэнгийн зээл хүссэн өргөдөл, /хх 117-125/, “М” ХХК-иас цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гомдол мэдээлэл /хх 2/, “М” ХХК-ны “Хаан банк”-ны 5037704952 дугаартай данснаас 20.000.000 төгрөгийг Б.Аын “Хаан банк-ны 5300509747 дугаарын дансанд шилжүүлсэн талаар Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх 3/, яллагдагч Б.Аын “Хаан банк”-ны 5300509747 дугаартай депозит дансны хуулга /хх 42/, “Э” ХХК-наас цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гомдол, мэдээлэл /хх 69/, “Э” ХХК болон Б.А нарын хооронд хийсэн барьцааны гэрээ, зээлийн хорооны шийдвэр, зээл олгох хуудас, зээлийн гэрээ /хх 91-96/, Авто тээврийн үндэсний төвийн “Авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, тээврийн хэрэгслийн эзэмшигчийн түүхчилсэн лавлагаа /хх 111-112/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д залилах гэмт хэргийг “албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д энэ хөрөнгө завших гэмт хэргийг “албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус хуульчилжээ.

Давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно. гэж заажээ.  

Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Аын дээрхи үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар дээрхи оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлэн зөвтгөж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангах ёстой.

Иймд шүүгдэгч Б.Аыг үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.    

Иймд шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан “...өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Б.Аын эхний үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжгүй, мөн О.Баасанцэрэнг хохироосон гэх Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хариуцлага оногдуулах,  хохирогч “М” ХХК-иас 20.000.000 төгрөгийг завшсан гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шийдвэрлэх ёстой. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ... гэх утга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.А нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 56 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Б.А нь “Э” ХХК-нд 200.000 төгрөгийг, “М” ХХК-нд 9.300.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 22ы өдрийн 2022/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- Прокуророос Б.Ахолбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “...Шүүгдэгч Б овогт Б.Аыг албан тушаалын байдлаа ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилсан, албан тушаалын байдлаа ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай ...” гэснийг “...Шүүгдэгч Б овогт Б.Аг үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай ...” гэж,  

- 2 дахь заалтад “....Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй...” гэснийг “....Шүүгдэгчийн Б.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

- 4 дэх заалтад  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Аын эдлэх 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Аын эдлэх 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус  өөрчилсүгэй. 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч Б.А нь 2022 оны 2 дугаар сарын 22ы өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 19ий өдрийг хүртэл нийт 56 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч нь Б.А нь “Э” ХХК-нд 200.000 төгрөгийг, “М” ХХК-нд 9.300.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

6. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

                       ШҮҮГЧ                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                        ШҮҮГЧ                                       Б.АРИУНХИШИГ