Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 430

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн- Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан,

Улсын яллагч Г.Эрдэмбаатар, Хохирогч Б.Мягмарсүрэн,

Шүүгдэгч Б.С  нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн С т холбогдох эрүүгийн 1705001460134 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй С  Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар : Шүүгдэгч Б.С  нь 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 18 дугаар байрны 25 тоотод эхнэр Б.Мягмарсүрэнг маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С  мэдүүлэхдээ: “2017 оны 7 дугаар сарын 19-ний шөнө 03:00 цагийн үед эхнэр ирсэн. Хаалгаа дотроос нь цоожилсон ба 100 гр архи уусан байсан. Эхнэр орж ирээд ирж авсангүй гээд бухимдсанаас болж цохьсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Мягмарсүрэн мэдүүлэхдээ: “2017 оны 7 дугаар сарын 19-ний шөнө 23:00 цагт ажил тараад найз Отгончимэгийн ажил дээр очиж эм өгөөд уулзаж суусан ба С ийг харихдаа аваарай гэсэн. Гэтэл С  ирэхгүй байхаар нь гэртээ очиход хаалга тайлаагүй тэгээд ээж тайлж өгч жижиг өрөөнд орсон. Би бухимдаад С тэй маргалдсан. Тэгээд намайг цохиход ээж салгасан. Тэгээд гараад явсан ба эргэж орж ирээд маргаад цохьсон. Би цагдаа дуудсан. Тэгээд маргааш нь цагдаад өргөдөл гаргасан. Дахиж зодохгүй байх, эвлэрсэн” гэв. Мөрдөн байцаалтад хохирогч Б.Мягмарсүрэн мэдүүлэхдээ: “тэгэхээр нь би таксидаад гэртээ очоод орох гэхэд дотроос нь цоожилсон байхаар нь хаалгаа тогшиж байгаад онгойлгохгүй болохоор нь ээж рүү залгаад хаалга онгойлгуулаад ороход миний өөдөөс банзал, хаагуур банзалдаад яваад байгаа юм, тэр чигтээ явахгүй яасан юм, тэндээ хонохгүй яах гэж ирсэн юм гээд босоод ирэхээр нь чи юу солиороод байгаа юм бэ, би чамайг хүлээж байгаад ирлээ, хүн авна гэж хэлчихээд өөрөө гэрт ирчихсэн хэвтэж байх юм гэж хэлэхэд нөхөр нь байхгүй хүүхэн дээр очиж юугаа хийсэн юм билээ, хэдүүлээ заваарч байгаад ирсэн юм гэх мэт хардаад байхаар нь бид хоёр ажил дээр нь сууж байгаад ирлээ гэхэд С  намайг чи даварчихсан гичий шдээ гэж хэлээд босч ирээд толгой руу гараа зангидаж байгаад нилээн хэдэн удаа цохисон. ...Бид хоёр нилээн хэрэлдэж байгаад дахиж босч ирээд намайг үсдэж байгаад л толгой, эрүү, нуруу руу цохиод байсан. ...манай нөхөр болох С  2017 оны 7 дугаар сарын 19-ний 02 цагийн үед миний нүүрлүү гараараа 2- 3 удаа цохиж эдгээр гэмтлийг учруулсан” гэжээ. /хх 8-15 хуу/ Гэрч Н.Пүрэвжав мэдүүлэхдээ: “...тэгээд охин орж ирээд чи ямар муухай юм бэ очиж авна гэж хэлчихээд авалгүй өөрөө ирчихсэн байж байх юм гээд маргалдаж эхэлсэн. Тэгсэн чинь С  чи тэр нөхөр нь Солонгос явсан нөхөр нь байхгүй хүний ажил дээр очиж завхайрч байгаад өөр юу юу ч билээ элдвээр хэлээд хэрэлдээд байсан. Тэгээд л удахгүй тас няс болоод ирэхээр нь би өрөөнд яваад ороход С  миний охин Мягмарсүрэнг заамдчихсан банзал янхан хүүхнийг алчихая гээд толгой руу нь гараа атгаж байгаад цохиод байсан. ... 1 цаг гарангийн дараа эргэж орж ирээд хэрүүл хийж байгаад хэл амаар доромжлоод байхаар нь би миний хүү одоо боль, хэрүүл маргаан хийлгүй унтаж амар гэхэд энэ муугаас салахад яадаг юм, цагдаад өгнө гээд өгдөг биш, харъя, одоо өг, өгвөл амар хурдан салъя гээд байж байгаад хоолойноос нь багалзуурдаж хойш нь дарж унагаад гартаа барьсан утастай гараараа толгой руу нь 2-3 удаа цохисон...” гэжээ. /хх 19-20 хуу/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 9260 дугаартай дүгнэлтэнд: Б.Мягмарсүрэнгийн биед тархи доргилт, дух, зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. /хх 25 хуу/ Толгойн Компьютерт томографийн шинжилгээ, гэрэл зураг /хх 24/ Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 37 хуу/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 48 хуу/ Хохирогч Б.Мягмарсүрэнгийн гомдол саналгүй, сайн дурын үндсэн дээр эвлэрсэн гэх баримт /хх 60/ зэрэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно. Шүүхийн дүгнэлт: Шүүгдэгч Б.С  нь 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрны 25 тоотод эхнэр Б.Мягмарсүрэнг маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 19- ний өдрийн 9260 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд хохирогч сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 60/ байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.С  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Б.С  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Б.Мягмарсүрэн /хх 8-15 хуу/, гэрч Н.Пүрэвжав /хх 19-20 хуу/ нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул Б.С ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан Б.С т 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ. Шүүгдэгч Б.С ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С ийг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С  нь торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж даалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.С т урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжилүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ