| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
| Хэргийн индекс | 182/2019/01199/И |
| Дугаар | 2137 |
| Огноо | 2019-12-18 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2137
Д.Ц-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/01837 дугаар шийдвэртэй, Д.Ц-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Т-” ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон хохиролд нийт 11 255 160 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, доголдлыг арилгахад гарсан зардалд 6 943 027 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.
Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.Ц- нь хариуцагч “Т-” ХХК-тай Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт баригдсан "Nomun village' төслийн С блокны 1-р орцны 9, 10-р давхарын дотор заслын ажлыг гүйцэтгэх зорилгоор 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ, мөн С блокны 1-р орцны 2-р давхарын 2, 4-р айл, 4-р давхрын 2, 4-р айл, 6-р давхарын 3-р айлуудын дотор заслын ажлыг нэмэлтээр гүйцэтгэх зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг гус тус байгуулсан байдаг. Гэрээнд заасны дагуу дээрх барилгын дотор заслын ажлыг гүйцэтгэгч тал болох нэхэмжлэгч Д.Ц- нь үе шаттайгаар, бүрэн хийж дуусган “Т-” ХХК-д ямар нэгэн доголдолгүйгээр хүлээлгэн өгсөн, “Т-” ХХК нь ажлын гүйцэтгэлийн хөлсийг гэрээнд заасны дагуу ажилбар тус бүрийг дуусгаж хүлээлгэн өгсөн. Тухай бүрт нь ажлын гүйцэтгэлийг баталгаажуулж, гүйцэтгэлийн акт үйлдсэн байгаа. Энэ актан дээр тухайн үед “Т-” ХХК-ийн барилгын инженер Б- гарын үсэг зурсан, энэ хүн барилгыг хариуцан ажиллаж байсан. Үүний дараа М- гэж хүн Д.Ц-гийн хийсэн ажлыг бүхэлд нь хэмжсэн. Б-ын хэмжсэнээс илүү гарсан, гэхдээ бид М-ын хэмжилтийг зөвшөөрч байгаа. Харин хариуцагч “Т-” ХХК нь ажлыг хүлээн авсны дараа тухай бүр хөлс олгох байтал зарим төлбөр тооцоог хагас дутуу төлж, үлдэгдэл ажлын хөлсийг төлөхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний 4.2.1-т гэрээт ажлын хөлсийг гүйцэтгэлээр тооцож олгох бөгөөд ажлын гүйцэтгэлийг тооцохдоо ажилбар тус бүрийг дууссаны дараа ажилбар тус бүрээр тооцож хөлсийг олгоно. гэж заасны дагуу хамгийн сүүлийн ажил хүлээлцсэн өдөр болох 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар ажлын гүйцэтгэлийн хөлсөнд нийт 13 918 946 төгрөг төлөх үүрэгтэй байсан. Ер нь гэрээний хугацаа дуусахаас өмнө хариуцагч Т- ХХК нь нэхэмжлэгч Д.Ц-, түүний бригадыг ажлын байранд нэвтрүүлээгүй, ажиллуулаагүй. Тэгж явсаар гэрээний хугацаа дууссан. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний дагуу хийсэн ажлын гүйцэтгэл нь баримтаар 10 077 428 төгрөг болсон, үүнээс 4 999 174 төгрөгийг хүлээн авч, үлдэгдэл 5 078 254 төгрөгийг аваагүй байгаа. Энэ гэрээний дагуу Д.Ц- нь 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл ажилласан. Гэрээ цуцлах талаар ямар нэгэн мэдэгдэл өгсөн зүйл байхгүй. 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээний дагуу хийсэн ажлын гүйцэтгэл нь баримтаар 4 041 890 төгрөг болсон, үүнээс 2 188 910 төгрөгийг хүлээн авч, 1 852 980 төгрөгийг аваагүй байна. Энэ гэрээний дагуу 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажилласан. Ингээд хоёр гэрээний дагуу нийт 7 188 084 төгрөгийг хариуцагчаас авсан, үлдэх 6 931 234 төгрөгийг өнөөдрийг хүртэл аваагүй, нэхээд очихоор өнөөдөр, маргааш өгнө гэдэг боловч өгсөнгүй. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнүүдийн 6.2-т Захиалагч тал ... төлбөр тооцоог хугацаанд нь барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд биелэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэхүйц алдангийг гүйцэтгэгчид төлнө. гэж заасны дагуу алданги тооцох эрхтэй гэж үзэж байна. Тийм учраас ажлын нийт нарядаар 13 918 946 төгрөгийн ажил гүйцэтгэснээс авсан хөлс болох 7 188 084 төгрөгийг хасаад үлдэх 4 864 816 төгрөгөөс алдангийг тооцоход 442 хоног болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 50 хувь болох 2 432 408 төгрөгийн алданги шаардах үндэслэлтэй. Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүхийн өмнөх шатанд тухайн маргааныг талуудын хооронд байгуулагдсан "Ажил гүйцэтгэх гэрээ''-ний 8.1-т заасны дагуу эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэж, удаа дараа очиж үлдэгдэл төлбөрөө шаардсан боловч хариуцагч нь тухай бүрт түүнийг хэл амаар доромжлон, төлбөр төлөх үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, саад учруулан түүний эрх зүйн байдлыг дордуулаад байсан. Цаашид нэхэмжлэгч нь өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хуулийн хүрээнд бүрэн дүүрэн хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хохирлоо барагдуулах үүднээс хууль, эрх зүйн туслалцаа авсан. Үүнд 700 000 төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл, Ашид адвокаци нөхөрлөлийн өмгөөлөгч Ш.Ц- гэж хүн байгаа, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр байгууллагын ажилтан итгэмжлэлээр төлөөлнө гэсэн, тэгээд намайг байгууллагаас нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр итгэмжлэлээр ажиллуулж байна. Иймд уг 700 000 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилж байгаа. Мөн талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ тус бүрийн 4.3-т Захиалагч нь гүйцэтгэлийн баталгаа болгож гэрээний үнийн дүнгиин 10 хувийг авч үлдэнэ" гэж заасны дагуу захиалагч талын инженер тухайн ажлыг хүлээн авахдаа анх санал болгосон гүйцэтгэлийн нэгж үнийг 10 хувиар бууруулан гүйцэтгэлийн хуудаст бичиж, барьцаагаа баталгаажуулдаг байна. Үүнээс гадна ажлын гүйцэтгэлийн хуудас /ажил хүлээлцсэн акт/-д нийт үнийн дүн гэсэн хэсэгт нийт үнийн дүнг, мөн барьцаа 10% гэсэн хэсэгт тухайн нийт үнийн дүнгийн 10 хувийн үнийн дүнг, нийт олгох дүн гэсэн хэсэгт дээрх нийт үнийн дүнгээс барьцаа болох 10 хувийг хасч олгох дүнг бичиж, гүйцэтгэл тус бүрийг хүлээн авдаг. Өөрөөр хэлбэл, 13 918 946 төгрөгийг хариуцагч байгууллагын нягтлан бодогч тооцоолохдоо дээрх жишгийн дагуу 10 хувийн барьцааг суутгасан байдаг. Угтаа бол нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд нийт 15 310 836 төгрөг авах эрхтэй байсан боловч хариуцагч нь гэрээний дээрх заалтын дагуу түүний 10 хувь болох 1 391 890 төгрөгийг барьцаа болгон авч үлдсэн учир уг мөнгөө буцаан шаардаж байгаа. Түүнчлэн хариуцагч тал дээрх 10 хувийг суутгасан мөнгөн дүн болох 13 918 946 төгрөгөөс үндэслэлгүйгээр 1 866 046 /ажлын хөлс-1 543 046 төгрөг, материал-323 000 төгрөг гэх/ төгрөгийг хасч тооцсон байна. Иймд хариуцагчаас хоёр гэрээний дагуу төлөх ёстой үлдэгдэл төлбөр 4 864 816 төгрөг, алданги 2 432 408 төгрөг, эрх зүйн туслалцаа үзүүлсний төлбөр 700 000 төгрөг, ажлын нийт хөлснөөс барьцаа болгон авч үлдсэн 10 хувь болох 1 391 890 төгрөг, актаар тогтоогдсон гэх байдлаар үндэслэлгүйгээр ажлын хөлснөөс суутгаж авсан 1 866 046 төгрөг, нийт 3 257 936 төгрөг, бүгд 11 255 160 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т-” ХХК нь “Э-” ХХК-ийн захиалгаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн аманд баригдсан Номун виллаж цогцолборын 100/7 байр буюу С блокын зарим орон сууцыг захиалагч нарт хүлээлгэн өгөхөөр дотор заслын ажлыг зарим иргэн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлсэн бөгөөд тэдгээр туслан гүйцэтгэгчдийн нэг нь иргэн Д.Ц- байсан. Бид Д.Ц-тай гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй байгаа. Учир нь ажил гүйцэтгэх гэрээнд компанийн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, компанийн тэмдэг дарагдаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ юм. Өөрөөр хэлбэл, тухайн үед туслан гүйцэтгэгч нартай байгуулж байсан гэрээний төслийн загварыг ашиглан нөхөж бичсэн байж болзошгүй. Бид Д.Ц-г Б-той хуйвалдсан гэж үзсэн. Тийм учраас ажлын нарядаар хүлээн авсан ажлыг дахин М-аар гүйцэтгүүлсэн. Уг нь М-, Ц хоёр хоёулаа гарын үсэг зурсан баримт нь байх ёстой боловч бид хайгаад олохгүй, дан М-ын гарын үсэгтэй хэрэгт баримтаар өгсөн байгаа. Тэрээр тус С блокын 1 дүгээр орцны 2 дугаар давхрын 2, 4 дүгээр айл, 4 дүгээр давхрын 2, 5 дугаар айл, 6 дугаар давхрын 3 дугаар айл, 9-10 дугаар давхрын 1-4 дүгээр айлын дотор заслыг хийхээр тохиролцож ажил гүйцэтгэсэн боловч гүйцэтгэлээ чанаргүй, дутуу хийсний улмаас манай компани уг ажлыг “А-” ХХК, “Ц-” ХХК-иар тус тус нөхөн гүйцэтгүүлсэн. Д.Ц-гийн гүйцэтгэсэн гэх заслын ажлуудын дутуу болон чанарын шаардлага хангаагүй гүйцэтгэлийг бусдаар гүйцэтгүүлэхэд 6 943 027 төгрөгийн нэмэлт зардал гарсан тул нэхэмжлэгчийн 7 997 224 төгрөгийг “Т-” ХХК төлөх үндэслэлгүй байна. Бид нэгэнт гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй байгаа учраас алданги төлөх, барьцаанд суутгасан мөнгийг өгөх боломжгүй. Сүүлд баримтаар өгсөн Хөдөлмөр хамгааллын дэвтэр дээрхийг нэхэмжлэгч тал зөвшөөрөхгүй байна гээд байгаа мөртлөө дэвтэрт байх зарим нэрсийг зөвшөөрөхгүй, зарим нэрсийг нь зөвшөөрөөд байна. Мөн нэхэмжлэлд хавсаргасан ажлын гүйцэтгэлд байх Д.Ц-гийн гарын үсэг хөдөлмөр хамгааллын зааварчилгаа авсан Д.Ц-гийн гарын үсэг таараад байхад нэгийг нь зөвшөөрөөд, нөгөөг нь зөвшөөрөхгүй байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтын хувьд эргэлзээтэй байна. Тэгээд ч өмгөөлөгч авч зардал гаргаж, хохирсон гэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Т-” ХХК нь “Э-” ХХК-ийн захиалгаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн аманд баригдсан Номун виллаж цогцолборын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэлийг хийж зарим иргэн, хуулийн этгээдтэй барилгын ажлыг туслан гүйцэтгүүлэх гэрээ байгуулан барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Гэхдээ 2017-2018 онд уг цогцолборын 100/7 байр буюу С блокын зарим орон сууцыг захиалагч нарт хүлээлгэн өгөхөөр дотор заслын ажлыг мөн зарим иргэн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлсэн бөгөөд тэдгээр туслан гүйцэтгэгчдийн нэг нь иргэн Д.Ц- байсан. Тэрээр тус С блокын 1 дүгээр орцны 2 дугаар давхрын 2, 4 дүгээр айл, 4 дүгээр давхрын 2, 5 дугаар айл, 6 дугаар давхрын 3 дугаар айл, 9-10 дугаар давхрын 1-4 дүгээр айлын дотор заслыг хийхээр тохиролцож ажил гүйцэтгэсэн боловч гүйцэтгэлээ чанаргүй, дутуу хийсний улмаас манай компани уг ажлыг “А-” ХХК-иар бүрэн гүйцэтгүүлэн айлд нь хүлээлгэж өгсөн. Д.Ц-гийн гүйцэтгэсэн гэх заслын ажлуудын дутуу болон чанарын шаардлага хангаагүй гүйцэтгэлийг “А-” ХХК-иар нөхөж гүйцэтгүүлэхэд дараахь нэмэлт зардал гарсан болно. Үүнд: 2 дугаар давхрын 2 дугаар айлд-522218 төгрөг, 2 дугаар давхрын 4 дүгээр айлд -371865 төгрөг, 4 дүгээр давхрын 2 дугаар айлд-643 162 төгрөг, 4 дүгээр давхрын 5 дугаар айлд 877 118 төгрөг, 6 дугаар давхрын 3 дугаар айлд 561 180 төгрөг, 9-10 дугаар давхрын 2 дугаар айлд 757 475 төгрөг, 9-10 дугаар давхрын 3 дугаар айлд 910 730 төгрөг, 9-10 дугаар давхрын 4 дүгээр айлд 1 181 210 төгрөг, нийт 5 824 958 төгрөг болсон. Мөн тус орон сууцны 9-10 дугаар давхрын 1 дүгээр айлд дутуу гүйцэтгэсэн ажлыг нь “Ц-” ХХК-иар гүйцээн хийлгэж 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1 118 069 төгрөг төлсөн. Иймд нэхэмжлэгч Д.Ц-гийн дутуу, чанаргүй хийсэн ажлыг бусдаар гүйцэтгүүлж байгууллагаас гаргасан зардалд 6 943 027 төгрөгийг нэхэмжлэгч Д.Ц-гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Ц- нь гэрээний дагуу тохиролцсон ажлуудыг ямар нэгэн доголдолгүй гүйцэтгэж, хариуцагчийн хяналтын инженер Б.Б-од хүлээлгэн өгсөн ба түүний дараагаар захиалагч талын томилсон М- дахин хэмжилт хийж, бидний хийсэн ажлын гүйцэтгэлийг бууруулан хүлээн авсан. Учир нь Б.Ундрахбаяр захирал нь Б.Б-ын хэмжилт буруу байна, дахин хэмжилт хийх шаардлагатай, үгүй бол хийсэн ажлын хөлсийг өгөхгүй хэмээн үндэслэлгүйгээр шахалт үзүүлж, ажлын хөлсийг бүрэн өгөхгүй байсан тул бид арга буюу түүний томилсон М- гэж хүнтэй хамт явж, хэмжилтийг дахин хийж, ажлыг хүлээлгэн өгсөн. Түүнчлэн бид гэрээнд заасны дагуу ажлаа зохих ёсоор гүйцэтгэж байсан ба захиалагч талаас шалтгаалж зарим тохиолдолд ажил удааширч байсныг үгүйсгэхгүй, учир нь гэрээнд заасны дагуу захиалагч тал бараа материалаар хангах ёстой байтал цаг тухайд нь хангалгүй, тасалдуулж байсан. Түүгээр ч барахгүй, 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр бид ажиллахаар ирэхэд ажлын байранд нэвтрүүлээгүй, бид удаа дараа ажлаа хэвийн үргэлжлүүлэх хүсэлт тавьсан хэдий ч ажлын талбай буюу барилгаа цоожлон биднийг оруулаагүй, ингээд бид 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ... цаашид ажлаа хэвийн гүйцэтгэх боломжтой, ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн... бичгээр хандсан боловч үр дүнд хүрээгүй юм. Гэрээгээр харилцан тохирсон ажлыг ямар, ямар ажилбар, дэс дарааллын дагуу хэрхэн гүйцэтгэх талаар гэрээнд нарийвчлан тусгаагүй ба гэрээнд заасны дагуу биднийг ажлын зураг, төслөөр хангаагүй, зөвлөөгүй болно. Хэрэв бид ажлаа аливаа гэмтэл согог, доголдолтой гүйцэтгэсэн тохиолдолд тэргүүн ээлжинд өөрсдөө тухайн доголдлыг өөрсдийн зардлаар арилгаж, хэвийн байдалд оруулах үүрэгтэй ба доголдлын талаар захиалагч тал бидэнд мөн мэдэгдэх үүрэгтэй байтал энэ талаар аливаа хэлбэрээр огт мэдэгдээгүй. Мөн гэрээнд зааснаар бид хийж гүйцэтгэсэн ажлаа захиалагч талд хүлээлгэн өгснөөс хойш 12 сарын дотор чанаргүй гүйцэтгэсэн тохиолдолд доголдлыг арилгах талаар харилцан тохиролцсон ба ашиглалтын буруугаас үүдэлтэй механик гэмтэл, хэрэглэгчийн буруугаас үүдэлтэй аливаа гэмтэл доголдол зэргийг хариуцахгүй байхаар харилцан тохиролцож, талууд баталгаа болгож гэрээндээ тусгасан байх тул бид хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн бусад байгууллагаар хийлгэсэн гэх баримтуудыг нэхэмжлэгч өөрөө нөхөн хийх боломжтой, эргэлзээтэй гэж үзэж байгаа. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Т-” ХХК-иас 7 692 986 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3 562 174 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Ц-д холбогдох доголдлыг арилгахад гарсан зардалд 6 943 027 төгрөг гаргулах тухай хариуцагч “Т-” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Ц-гаас тэмдэгтийн хураамжид төлсөн 209 990 /142 910+67 080/ төгрөг, хариуцагч “Т-” ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 126 150 /108 150+18 000/ төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Т-” ХХК-иас 138 038 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц-д олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар иргэн Д.Ц-гийн нэхэмжлэлтэй "Тэргуүн чансаа" ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн билээ. Тус шүүхийн мөн өдрийн 181/ШШ2019/01837 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч миний бие 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гардан авч, судалж үзээд Иргэний хэрэг шуухэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 мөн хуулийн 161 дүгээр зүйлийм 161.1 дэх хэсэгг заасан "шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах" эрхийнхээ хүрээнд энэхүү гомдлыг анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гаргаж байна. Хэдийгээр шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байгаа боловч зохигчдын тайлбар. хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт. гэрчийн мэдүүлэг зэргийг тухайн хэрэп. тухайлбал, алданги болон хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, ач холбогдолтой. үнэн зөв, эргэлзээгуй талаас нь бүрэн дүүрэн үнэлээгүй, алданги болон хохирол гаргуулах шаардлага үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйгээс үүдэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж байгаа тул дор дурдсан үндэслэл, шалтгааны улмаас шийдвэрийн зарим хэсгийг зөвшөөрөх боломжгүй байна.
Шүүх: "... нэхэмжлэгч Д.Ц- нь гэрээнд заасны дагуу 2-6. 6-10 хүний багаа бүрдүүлж ажиллаагүйн улмаас тус ажил гүйцэтгэх гэрээнүүд нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч “Т-” ХХК-ийн 02/45 дугаартай албан бичгээр цуцлагдсан болох нь гэрч Б.Б-ын Д.Ц-д гэрээ цуцлах тухай мэдэгдлийг би өөрөө өгч байсан, 2018 оны цагаан сарын үеэр Д.Ц- нь хүмүүсээ ажиллуулахгүй, 1, 2 хүн гаргаж) байсан, өөрт нь шаардлага тавьсан боловч хүнээ бүрдүүлэхгүй байсан. .өөрөө ч энэ талаар мэдэж байгаа гэх мэдүүлэг, тус албан бичгээр тогтоогдож байна...", мөн "... тиймээс нэхэмжлэгч Д.Ц-гаас) анз буюу алданги шаардах эрх үүсэхгүй, уг шаардлага нь үндэслэлгүй байна." хэмээн үзэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн "Ажил гүйцэтгэх гэрээ"-нд заасны дагуу 6-10 хүний бүрэлдэхүүнтэй, 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн "Ажил гүйцэтгэх гэрээ"-нд заасны дагуу 2-6 хүний бүрэлдэхүүнтэй тус тус багаа бүрдүүлэн ажиллаж, үүргийн зөрчилгүй ажиллаж байсан ба талуудын хэн аль нь гэрээг цуцлаагүй, захиалагчийн буруутай үйл ажиллагааны явцад гэрээний хугацаа дууссан, мөн гэрээ цуцлах талаар захиалагч мэдэгдэл өгөөгүй, энэ талаар мэдээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт гаргуулах, хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшилж байсан боловч хэргийг сүүлд бүтэн хэлэлцүүлсэн шүүх хуралдаан дээр хариуцагч нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02/45 дугаартай, гэрээ цуцлах тухай мэдэгдэл гэгчийг нөхөн гаргаж хэрэгт баримтаар өгсөн юм. Энэ гэрээ цуцлах тухай гэх мэдэгдэл нь Д.Ц-д хандаагүй, тухайн барилга дээр ажил гүйцэтгэж байсан бусад туслан гүйцэтгэгч, аж ахуйн нэгжүүдэд хандсан байсан ба уг албан тоотын доод хэсэгт мэдэгдэл хүлээн авсан гэх хэсэгт хэн нэгэн этгээд мэдэгдийг хүлээн авч баталгаажуулаагүй. хоосон байсан болно. Түүнчлэн хариуцагчийн "...инженер Б.Б ажлаа удаа дараа тасалж байсан гэх тайлбар, гэрч Б.Б-ын "...шинийн 3-аас хойш Д.Ц- эгчийн 10-аад хүнээс 2 хүнтэйгээр 4-5 хоног ажилласан..." гэх мэдүүлэг зэргээс үзвэл гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэж тухайн мэдэгдэл гэх албан тоотыг гаргаагүй болох нь тогтоотлоно. Учир нь хариуцагчийн тайлбараар тухайн мэдэгдэл гэх албан тоотын огноо бүхий хугацаанд гэрч ажлын байранд байгаагүй, мөн тухайн цаг хугацаанд буюу цагаан сарын шинийн 3-аас хойших хугацаанд. хийж байсан ажил нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ"-нд заасны дагуу 2-6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, гэрээ ёсоор гүйцэтгэгч нь 2-оос доошгүй хүний бүрэлдэхүүнтэй ажиллах үүргээ бүрэн биелүүлж байсан гэсэн үг. Бидний алданги шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хариуцагч төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу хугацаандаа ажлын гүйцэтгэлийн хөлсийг төлөөгүйтэй холбоотойгоор шаардаж буй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.2, Иргэний хуулийн 232 дугаар эүйлийн 232.6-т заасны дагуу алданги шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/01837 дугаар шийдвэрт "алданги 2 432 408 төгрөг, хууль, эрх зүйн туслалцаа авахад төлсөн 700 000 төгрөг зэргийг хариуцагчаас нэмж гаргуулах тухай" нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дуүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн Д.Ц-ийн нэхэмжлэлтэй, "Т-" ХХК-д холбогдох иргэний хэргийн 182/ШШ2019/01837 дугаар шүүхийн шийдвэрийг хариуцагч "Т-" ХХК эс зөвшөөрч дараахь үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийн бодит байдал, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнэлгүй хэт нэг талыг баримтлан нэхэмжлэгч талд ашигтайгаар энэ хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тухайлбал,
Нэг. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлд хавсаргаж өгсөн гүйцэтгэлийн акт болон хариуцагч талаас гаргаж өгсөн буюу Я.М-ын гаргасан гүйцэтгэлийн тооцоон дахь ажлын то хэмжээ зөрүүтэй байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасанчлан "Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудал" үүссэн тул шинжээч томилуулан ажлын тоо хэмжээг эцэслэн тогтоолгохыг хүссэн боловч шүүх хүсэлтийг хангаагүй. Нэхэмжлэгч талаас Я.М-ын гаргасан тооцоог "хариуцагч өөрөө дураараа зохиож хийсэн баримт" мэтээр тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч талын гаргасан нотлох баримтууд дээрх ажлын тоо хэмжээтэй зөрүүтэй байхад тусгай мэдлэг бүхий мэргэжлийн шинжээчийг томилолгүйгээр шүүх шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Хоёр. Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт буюу гэрчээр асуугдсан Б.Б-той байгуулсан 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтод инженер Б.Б- нь гүйцэтгэгч иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулах эрх олгогдсон талаар баримт байхгүй. Гэтэл шүүх Б.Б-ыг гэрээ байгуулах эрхтэй этгээд байсан мэтээр ойлгож улмаар нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болон 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээнүүдийг талууд бичгээр байгуулсан байна гэж дүгнэсэн. Хэрэв гэрээ бичгээр байгуулагдсан бол уг гэрээнүүдэд "Т-" ХХК-ийн тамга дарагдсан, эрх бүхий этгээд буюу Гүйцэтгэх захирал юм уу итгэмжлэлгүйгээр төлөөлөх бусад эрх бүхий этгээдийн гарын үсэг зурагдсан байх ёстой. Гэрч Б.Б-ын мэдүүлснээр "....би гэрээнд Гүйцэтгэх захирал Б.Ундрахбаяраар гарын үсэг зуруулахаар оффис руу хүргүүлсэн..." гэх бөгөөд хэрэв гэрээнд гарын үсэг зуруулахаар компанийн оффист хүргэсэн бол яагаад нэхэмжлэгч Д.Ц-д тухайн гэрээнүүдийн эх гэх хувь нь компанийн тамгагүй, захирлын гарын үсэггүй хадгалагдаж байгаад шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Энэ нь Д.Ц- болон гэрч Б.Б- нар тухай үед хуйвалдан, баталгаажаагүй гэрээг үйлдсэн байх магадлалтай гэж үзэж байгаа учраас нэхэмжилж байгаа буюу зөвхөн Б.Б- болон Д.Ц- хоёрын хооронд үйлдэгдсэн гэрээ, ажлын гүйцэтгэлийн хуудсыг үндэслэн зөвхөн нэхэмжлэгчийн талд шийдвэрийг шүүх гаргасан нь үндэслэлгүй юм.
Гурав. Манай компанийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн хувьд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5-д "Үүрэг гүйцэтгэгч тодорхой ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгээгүй, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч уг үүргийг өөрөө гүйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж, учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй" гэж заасны дагуу сөрөг нэхэмжлэл гаргаж зардлыг нэхэмжилсэн. Гэтэл нэгэнт ажлаа чанаргүй, доголдолтой гүйцэтгэж байсан Д.Ц-гийн ажлын доголдлыг нөхөж гүйцэтгэсэн "А-" ХХК-д төлсөн 5 824 958 төгрөг болон "Ц-" ХХК-д төлсөн 1 118 069 төгрөг буюу нийт 6 943 027 төгрөгийг Д.Ц-гаас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан тул гомдлын шаардлагыг заавал гэрээ буюу Иргэний хуульд заасан журмаар гаргасан байх ёстой гэсэн үндэслэлээр бүхэлд ыь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/01837 дугаар шүүхийн шийдвэрийг болон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг болон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Нэхэмжлэгч Д.Ц- нь хариуцагч Т- ХХК-д холбогдуулан ажлын хөлс 4 864 816 төгрөг, алданги 2 432 408 төгрөг, эрхзүйн туслалзааны зардалд төлсөн 700 000 төгрөгийг хохиролд тооцон, нийт 7 997 224 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажлын хөлснөөс барьцаанд суутгасан 10 хувь болох 1 391 890 төгрөг, үндэслэлгүйгээр ажлын хөлснөөс суутгаж авсан 1 866 046 төгрөг, бүгд 3 257 936 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 11 255 160 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардалд нийт 6 943 027 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ./1хх 1-3, 39-40, 69, 158 дугаар тал/
Талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 26, 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрүүдэд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн гэрээгээр Д.Ц- нь 6-10 ажилтны хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Nomun village төслийн С блокны 1 дүгээр орцны 9, 10 давхрын дотор заслын ажлыг, 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээгээр нэхэмжлэгч Д.Ц- нь 2-6 ажилтны хамт Nomun village төслийн С блокны 1 дүгээр орцны 2 дугаар давхрын 2, 4 дүгээр айл, 4 дүгээр давхрын 2, 4 дүгээр айл, 6 дугаар давхрын 3 дугаар айлуудын дотор заслын ажлыг тус тус 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх, хариуцагч “Т-” ХХК нь ажлын хөлсийг гүйцэтгэлээр тооцож, ажилбар тус бүрийг дууссаны дараа эрх бүхий ажилтнуудын баталгаажуулсан актыг үндэслэн төлөх үүргийг хүлээжээ./1хх 6-11 дүгээр тал/ Хариуцагч ажлын хөлсөнд 7 188 084 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгч маргаагүй байна.
Хэдийгээр хариуцагч байгууллагын төлөөлөгч талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй, төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, гэрээнд тамга дарагдаагүй гэж тайлбарлаж байх боловч ажил гүйцэтгэх гэрээг заавал бичгээр байгуулах хуулийн зохицуулалтгүй бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний онцлог нь гүйцэтгэгч ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн эсэх үйл явдал юм.
Дээрх гэрээнүүдийн 4 дүгээр зүйлийн төлбөр хийх нөхцөл гэсэн хэсгийн 4.2.1-д зааснаар гэрээт ажлын хөлсийг гүйцэтгэлээр тооцож олгох бөгөөд ажлын гүйцэтгэлийг тооцохдоо ажилбар тус бүрийг дууссаны дараа захиалагчийн инженер шалгаж, захиалагч талаас эрх бүхий ажилтнуудын баталгаажуулсан актыг үндэслэн ажилбар тус бүрээр тооцож хөлсийг олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Ц- хийж гүйцэтгэсэн ажлаа хариуцагч байгууллагын инженер Б.Б-од ажлын гүйцэтгэл №1-7 гэх баримтаар хүлээлгэн өгчээ./хэргийн 12-19 дүгээр тал/
Хариуцагч буюу захиалагч талыг төлөөлж ажлыг хүлээн авах акт үйлдсэн Б.Б- ажлыг хүлээн авах эрх бүхий этгээд болох нь түүний хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод “Барилгын ажлын явц, гүйцэтгэл, үр дүнг танилцуулах, шалгах, ажлыг баталгаажуулах, зөвлөлдөх, гүйцэтгэлийг хянах, хийсэн ажлыг дүгнэх зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллана” гэж заасан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан Б.Б-ын мэдүүлэг зэргээр хариуцагч байгууллагын орон сууцны зориулалттай барилга дээр дотор заслын ажил гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдож байна.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Шүүхээс ажлын гүйцэтгэл №1-7 гэх баримтыг үндэслэн нэхэмжлэгч Д.Ц-г нийт 14 500 194 төгрөгийн үнэ бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн гэж дүгнэн, үүнээс ажлын хөлсөнд авсан 7 188 084 төгрөгийг хасч, үлдэгдэл 7 312 110 төгрөгийг хоёр гэрээний дагуу хариуцагч “Т-” ХХК төлөх үүрэгтэй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.
Тодруулбал, дээрх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дах хэсэгт заасан шаардлагын дагуу бичгээр үйлдсэн эх хувийг нь ирүүлсэн байх тул, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үзнэ. Хариуцагч дээрх баримтыг үгүйсгэсэн нотлох баримтыг гаргаагүй байна.
Хариуцагч байгууллага гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-ын захиалагчийн эрх үүрэг хэсгийн b-д зааснаар гэрээнд заасан нөхцлөөр төлбөр тооцоог цаг хугацаанд нь хийх үүргээ биелүүлээгүй байна.
Мөн хариуцагч “Т-” ХХК нь нэхэмжлэгч Д.Ц-гийн хийсэн ажлын үнийн дүнгээс 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ажлын гүйцэтгэл №5 гэсэн баримтаар 104 434 төгрөг, №6 гэсэн баримтаар 105 019 төгрөг, №7 гэсэн баримтаар 78 122 төгрөг, дахин №7 гэсэн баримтаар 93 301 төгрөг, нийт 380 876 төгрөгийг суутган авч, нэхэмжлэгч Д.Ц-гийн хийсэн ажлын үнээс хасаж байгаа нь үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв./1хх 12-19 дүгээр тал/
Талууд ажил гүйцэтгэх гэрээнүүдийн 6 дугаар зүйлийн талуудын хариуцлага гэсэн хэсгийн 6.2-т алдангийг 0.5 хувь байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан бичгээр хийх шаардлагыг хангасан ба нэхэмжлэгч Д.Ц- нь алданги 2 432 408 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар шаардах эрхээ алджээ.
Учир нь нэхэмжлэгч Д.Ц- нь гэрээнд заасны дагуу 2-6, 6-10 хүний багаа бүрдүүлж ажиллаагүйн улмаас тус ажил гүйцэтгэх гэрээнүүд нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч “Т-” ХХК-ийн 02/45 дугаартай албан бичгээр хугацаанаасаа өмнө цуцлагдсан болох нь гэрч Б.Б-ын “Д.Ц-д гэрээ цуцлах мэдэгдлийг би өөрөө өгч байсан, 2018 оны цагаан сарын үеэр Д.Ц- нь хүмүүсээ ажиллуулахгүй, 1, 2 хүн гаргаад байсан, өөрт нь шаардлага тавьсан боловч хүнээ бүрдүүлэхгүй байсан, өөрөө ч энэ талаараа мэдэж байгаа” гэх мэдүүлэг, нэхэмжлэгч талаас хариуцагч талд 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлсэн тайлбар зэргээр тогтоогдож байна. /1 хх 74-75, 197-201, 218 дүгээр тал/
Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдаж, дуусгавар болсон үйл баримтын талаар зохигчид маргаагүй тул нэхэмжлэгч цуцлагдсан гэрээний дагуу алданги шаардах эрхгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь өмгөөллийн хөлсөнд төлсөн 700 000 төгрөгийг хохирол гэж үзэж хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй. Тодруулбал, хэргийн орологч нар өмгөөлөгч авах үүргийг хуулиар хүлээлгээгүй, энэ нь хэргийн оролцогчийн эрхийн асуудал тул зайлшгүй гарах ёстой зардалд тооцогдохгүй. Өөрөөр хэлбэл, өмгөөллийн хөлсөө тухайн гэрээний талууд тохиролцдог учир хариуцагчаас үл хамаарах зардал гэж үзнэ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Иймд хариуцагч “Т-” ХХК-иас Д.Ц-гийн хийсэн ажлын үлдэгдэл төлбөрт 7 312 110 төгрөг, ажлын хөлснөөс үндэслэлгүй суутгасан барьцааны мөнгө болох 380 876 төгрөг, нийт 7 692 986 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3 562 174 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Хариуцагч “Т-” ХХК нь нэхэмжлэгч Д.Ц-гийн дутуу, чанаргүй хийсэн ажлуудыг “А-” ХХК болон “Ц-” ХХК-иар гүйцэтгүүлж өөрөөсөө 6 943 027 төгрөгийн зардал гаргасан гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байх боловч ажил гүйцэтгэх явцад хариуцагч талаас ямар нэгэн гомдлыг арилгуулах шаардлагыг нэхэмжлэгчид гаргаагүй байна.
Ажил гүйцэтгэх гэрээнүүдийн 3.3-т “гэрээний 3.2-т заасан гэмтэл доголдол илэрмэгц захиалагч нь гүйцэтгэгчид утсаар, имэйлээр, албан бичгээр зэргээр мэдэгдэх бөгөөд гүйцэтгэгч нь мэдэгдэл хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан доголдлыг арилгана” гэж, мөн 5 дугаар зүйлийн захиалагчийн эрх, үүрэг гэсэн хэсгийн 5.2-ын е-д “гэрээт ажлын чанарт ямар нэг дутагдал илэрвэл түүнийг нэн даруй засахыг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй, g-д гэрээт ажлыг хүлээн авснаас хойш 1 жилийн дотор эвдрэл гэмтэл, далд дутагдалтай холбоотой гомдлын шаардлага тавих эрхтэй” гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид түүний гүйцэтгэсэн ажлын талаар ямар нэгэн гомдлын шаардлагыг утас, имэйл болон албан бичгээр мэдэгдэж байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Хариуцагч “Т-” ХХК нь хууль болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчид шаардлага тавьж засуулах эрхээ хэрэгжүүлээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Дээрх үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/01837 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 65 500 төгрөг, хариуцагчийн төлөөлөгчийн 127 000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
С.ЭНХТӨР