Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 432

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

хохирогч Ц.Мөнхчимэг түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг, А.Энхтүвшин,

шүүгдэгч Б  түүний өмгөөлөгч С.Батмөнх-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Б т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726020039 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Монгол улсын иргэн, Б , Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “АНАТ” ХХК”-нд барилгын засал чимэглэлчин ажилтай, ам бүл 9, хүүхдүүд, дүү, нөхөр нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй. Шүүгдэгч Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 16-ны орой Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 06-105 тоотод иргэн Ц.Мөнхчимэгийг өөрийн хамтран амьдрагч болох Төмөрхүүтэй хардсаны улмаас маргалдан хэлийг нь хазаж таслан бие махбодид нь шаналал зовиур үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Тэгээд хонохоор болоод Гантулгын ээжээсээ 20.000 төгрөг аваад 3 дахь архиа авч уусан. Түүнээс хойш хүмүүс гарч бие засаад орж гараад байсан. Нэг харахад Гантулга унтаад Мөнхчимэг, Төмөрхүү нар байгаагүй. Гэтэл хаалга Мөнхчимэг, Төмөрхүү нар гаднаас орж ирэхээр нь би урдаас нь тосож очоод “та хоёр яагаад гадуур хувцастайгаа орж ирж байгаа юм бэ, хааччихаад ирэв” гэж асуусан. Тэгэхэд Төмөрхүү “юу гэсэн үг вэ, бие засаад ирлээ” гээд намайг түлхсэн. Мөнхчимэг миний хажуугаар том өрөө рүү орсон. Би Төмөрхүүтэй гал тогооны өрөөнд маргалдсан. Тэгээд Мөнхчимэгийн араас ороод “та хоёр хааччихаад ирэв” гэхэд “хаачдаг юм” гэхээр нь “та хоёр яахаараа гаднаас гадуур хувцастайгаа орж ирдэг юм бэ” гэхэд “таны хар юмаар би яадаг юм” гээд утсаараа мессэж бичээд байсан. Би Мөнхчимэгийг “үнэнээ хэлэхгүй юм уу, та хоёр хаачсан бэ” гэж асуухад “би яаж мэддэг юм бэ, наад хар юмаа хараад явж байх чинь яасан юм бэ, хохь чинь” гэсэн. Тэгэхээр нь би Мөнхчимэгийн куртикны захнаас барихад намайг үсдсэн. Биднийг зууралдаж байтал Төмөрхүү гал тогооны өрөөнөөс орж ирээд биднийг салгахад ширээн дээр байсан халуун сав унаж хагарсан. Тэгэхэд Гантулгын ээж “та нар айлд архи уучихаад яагаад агсам тавиад байдаг юм бэ, цагдаа дуудна” гээд байсан. Тэгээд Гантулгын ээжийг гал тогооны өрөөнд байхад нь Төмөрхүү намайг тийш нь оруулаад “та цагдаа битгий дууд, би одоо Цээгийг аваад явлаа” гэхээр нь би тэр эгчийг “та цагдаа дуудчих, энэ хоёр үнэнээ хэлэхгүй байна” гэж хэлсэн. Тэр үед Жавзмаа эгч “хүмүүс архи уугаад хэрүүл үүсгээд байна” гээд миний хажууд цагдаа дуудсан. Тэгтэл Мөнхчимэг хойд талын өрөөнөөс “миний хэл тасарчихлаа” гээд муухай орилсон. Тэгээд толинд хараад эргээд сууж байсан газраа очоод “Б  эгчээ та яаж байгаа юм бэ миний хэл тасарчихлаа” гээд уйлаад байсан. Нилээн уйлж суууж байснаа дөрвөн хөллөж мөлхөөд гартаа тасарсан хэлээ бариад гараад ирсэн. Цагдаа орж ирээд “юу болсон бэ” гэхэд Мөнхчимэг “Б  эгч миний хэлийг хазчихлаа” гэсэн. Ингээд цагдаа намайг дагуулаад цагдаагийн газар очсон. Надаас яагаад хүний хэл хазаж байгаа юм бэ гэж асуухаар нь “би хүний хэл хазаагүй” гэж хэлсэн. Эмч намайг үзээд ийм даралт ихтэй хүн авахгүй гэхээр нь хувцасаа аваад цагдааг дагаад гарсан. Гэтэл нэг цагдаа нь утсаар яриад “хэл нь тасарсан эмэгтэй гомдолтой гэж байна” гээд намайг саатуулсан. Маргааш нь байцаагч Баттуяа ирж намайг байцаагаад сэжигтнээр татаж байна гээд явуулсан” гэв. Хохирогч Ц.Мөнхчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ...Төмөрхүү, Б  нар муудалцаад байхаар нь би алуулчих юм бил үү гэж айсан. Гэтэл Төмөрхүү араас гараад ирсэн. Намайг тэнд хүн зогсоосон байсан гэж Төмөрхүү хэлсэн. Тэгээд Төмөрхүү “Мөөгий оръё бид хоёр удахгүй явна” гэж хэлээд намайг дагуулаад Гантулга эгчийн гэрт ороход Б  хардаад уурлаад байсан. Гантулга эгчийн өрөөнд Төмөрхүү, Б  нар зодолдоод байсан. Тэгэхээр нь би цаашаа том өрөөнд нь ороод Гантулга эгчийн цаагуур хувцастайгаа ороод хэвтсэн байсан. Би Төмөрхүү Б  нарыг муудалцаж байгаад чимээгүй болохоор нь нэг нэгийгээ алчих вий гэж бодоод өндийгөөд хартал Б  матрасны урд суугаад уйлж байсан. Тэр үед Гантулга эгчийн ээж цагдаа дуудна гээд гарахад Төмөрхүү араас нь гарсан. Тэгэхээр нь би очиж түүнийг тайвшруулсан. Тэгтэл Б  эгч намайг багалзуурдаад бид үсдэлцээд дарсан байсан. Төмөрхүү орж ирээд биднийг салгахад Б  уурлаад, үсчээд байсан. Тэр үед Б  миний хэлийг хазсан байсан. Гантулгын ээж цагдаа дуудсан гээд гаднаас орж ирсэн. Б  хутга бариад байсан. Төмөрхүү Б ийг бариагүй бол намайг хутгалах байсан. Би бүх цусаа залгиж байсан. Миний хувцсанд цусны толбо байгаагүй. Би шкафны толинд хартал хэл маань тасарсан байсан. Тэр айлд гал тогооны өрөө гэж бараг байгаагүй. Тэнд хүн суучих газар байгаагүй. Би 2-3 сар хоол идэж чадаагүй. Бодит 1.186.386 төгрөг гарсан. Өмгөөлөгчийн зардалд 800.000 төгрөг байснаас 400.000 төгрөг өгсөн. Би Тайланд Улс руу эмчилгээ хийлгэх талаар эрүүл мэндийн байдлаа танилцуулахад хэлний хөвч таслаж, өөх суулгаж, хэлбэр засахад 29.195.000 төгрөг болно гэсэн” гэв. Шүүхээс хэргийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: Шүүгдэгч Б  нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны орой Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 06-105 тоотод иргэн Ц.Мөнхчимэгийг өөрийн хамтран амьдрагч болох З.Төмөрхүүтэй хардсаны улмаас маргалдан улмаар түүний хэлийг нь хазаж тасалсан болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараахь баримтууд болох: Хохирогч Ц.Мөнхчимэгийн “2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ажлаа тараад 17 цаг өнгөрч байхад би Бөмбөгөр орсон. Бөмбөгөр орж өмд аваад харихаар автобусны буудал дээр ирээд байж байтал Б , Төмөрхүү хоёрыг Гантулгынх руу явж байгааг хараад утсаар залгасан. ...Гантулгынд орсон Гантулгыг өвчтэй эргэж явж байна гээд Гантулга, Б , Төмөрхүү бид дөрөв архи ууж эхэлсэн. ...Тэгээд гарч бие засахаар гарцгаасан. Б  цуг гарсан. Гараад би унасан өвдөгөөрөө. Тэгээд Төмөрөө өргөж босгосон. Тэгээд Б  намайг тэвэрлээ гээд Төмөрөөгөө загнаад унасан. Тэгэхээр нь би явлаа гээд гараад гүйсэн. Тэгээд буцаж орж ирээд Ганаа эгчийн ард орж хэвтсэн. Б , Төмөрөө хоёр зодолдоод л байсан. Б  муухай хашгираад байсан. ...Тэгээд чимээгүй болохоор нь би өндийж харсан чинь Б  баруун орны хажууд хөлөө жийгээд уйлаад сууж байсан. Тэгэхээр нь би босож очоод аргадсан “эгч минь ээ яасан бэ, юм болоогүй байхад юундаа уурлаад уйлаад байгаа юм тайвшир” гээд тэврээд хацар дээр нь үнсээд та одоо тайвшир наад Төмөрөө чинь хэцүүхэн хүн шүү, та тайван байгаад унт гэж хэлсэн. Тэгсэн эрүүнээс бариад чанга зуураад авсан. Ам сонин болоод толгой эргээд нүд харанхуйлаад явсан. Тэгээд болиоч та гээд нилээд тэмцсэн. Аманд халуу асгаад л явсан. ...Би тэр хоёртой зодолдоогүй. Харин хазуулсаны дараа биеэ хамгаалж тэмцсэн. Бид хоёр салаад би нилээд уйлаад толинд харсан хэл байхгүй, нүүр нил цус, хэлийг минь сууж байсан газрынхаа баруун талд нулимаад шидсэн байсан. Тэгээд Б  бас л галзуураад орилоод байсан. ...Б  Төмөрхүүг надтай хардаад хэрэлдэж, маргалдаж, зодолдож тэгээд Б ийг аргадаж хацар дээр нь үнсэхэд хоёр гараараа татаад эрүү татаад өөр лүүгээ миний хэлийг хазсан. ...Дээрх гэмтлийг Б  миний хэлийг нэг удаа хазаж тасалсны улмаас биед учруулсан. Би болиулах гэж үзсэн боловч зуугаад байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10-16 дугаар хуудас/ “... Миний биеийн байдал одоо ерөнхийдөө гайгүй болсон. ...Миний зүгээс цаашид Б т гомдолтой байгаа. Эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна. Б  надаас уучлалт гуйж надтай огт уулзаагүй. 2016 оны 12 дугаар сарын сүүлээр миний данс руу 100.000 төгрөгийг хийгээд над руу уучлаарай гэсэн мессежийг явуулсан байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17 дугаар хуудас/ Гэрч Н.Батбаатарын “...2016 оны 12 дугаар сарын 17-ны өглөө 07 цаг өнгөрч байхад манай эхнэр Мөнхчимэг өөрийнхөө утаснаас над руу чи хүрээд ирээ, миний хэл байхгүй болчихлоо, ярьж чадахгүй байна гэсэн утгатай мессеж бичихээр нь ... очиход Мөнхчимэгийн ам хэсэг нь тэр чигтээ хавдсан, хэл нь дундуураа тасарсан, оёдол тавиулсан байсан. Тэгээд би эхнэрээсээ юу болсон талаар асуухад Б  согтоод нөхөртэйгээ хардаад агсам тавиад байхаар нь аргадах гэтэл миний хэлийг тас хазчихлаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25 дугаар хуудас/ Гэрч Б.Жавзангийн “... Мөнхчимэг гэх эмэгтэй айхтар чанга дуугаар орилж амаа ангайгаад амнаас нь цус гарчихсан. Б  миний хэлийг тас хазчихлаа ш дээ гээд орилоод байсан. Тэгэхээр нь би Б  гэх эмэгтэйд хандаж яагаад чи хүний хэлийг хазаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь дуугүй суугаад байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 96 дугаар хуудас/ Гэрч Б.Лхагвасүрэнгийн “...Байшин дотор ороход үүдний өрөөнд нэг эмэгтэй хөлөө жийгээд газар суучихсан амнаас нь их цус гарчихсан юм ярьж чадахгүй өөдөөс нэг юм яриад байсан. Тэгэхэд хажуунаас нэг эмэгтэй наад хүүхэн чинь манай нөхөртэй нэг цаг гаруй хугацаанд явалдаж байгаад сая орж ирлээ. Тэгээд миний уур хүрээд хаагуур явж байгаад ирсэнийг нь асуухад нөхрөө харж байх нь яасан юм бэ гээд миний өөдөөс хохь чинь гээд хэлээ гаргаад байхаар нь би хэлийг нь хазчихсан юм гэж хэлсэн. ...Б  эмэгтэй би хазчихсан юм гээд сууж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 97 дугаар хуудас/ Шинжээч эмч Б.Ундармаагийн “... хүн өөрийнхөө хэлний 3/1 хэсгийг өөрөө хазах боломжгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 100 дугаар хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 359 тоот шинжээчийн: 1. Ц.Мөнхчимэгийн биед хэлний тасрал гэмтэл тогтоогдлоо. 2. Шарханд анхдагч цэгцлэлт хийгдсэн тул ямар зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11, 53.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонгийг 15% алдагдуулна. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 33 дугаар хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 382 тоот шинжээчийн дүгнэлт: “1.Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн эд нь ДНХ-ийн тогтоцоороо эмэгтэй хүнийх байна. 2. Уг эд нь ДНХ-ийн тогтоцоороо Ц.Мөнхчимэгийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 29 дүгээр хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 297 тоот: “1. Шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №359 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Хэл нь хоол боловсруултанд оролцох, хэл ярианы үүрэгтэй эрхтэн юм. 3. Ц.Мөнхчимэгийн биед хэлний 1/3 хүртэлх хэсгийн тасрал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15% алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Ц.Мөнхцэцэг ярихдаа зарим үгийг бэрхшээлтэй хэлэх боловч, өөрийн бодол санааг илэрхийлэх боломжтой байгаа учир эд эрхтэнээс хагацуулсан гэмтэлд хамаарахгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 45-46 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно. Прокуророос Б т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “бие махбодийн шаналал, зовиур үүсгэж ... “ гэж зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн боловч энэ хүндрүүлэх нөхцөл байдлыг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуульд /шинэчилсэн найруулга/ шинээр хуульчилсан тул шүүгдэгч Б ийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үйлдсэн гэмт хэрэгт хамаарахгүй гэж үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй. Шүүгдэгч Б  нь хохирогч Ц.Мөнхчимэгтэй тухайн үед үүссэн хардалтын улмаас маргалдаж байх явцдаа хохирогчийн хэлний 3/1%-ийг шүдээрээ хазсан үйл явдал нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд энэ нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн үйлдэл тул Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б  гэмт хэрэг үйлдсэн нь дээр дурдагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй юм. Шүүгдэгч Б ийн үйлдсэн гэмт хэргийг өмнө 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж байсан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял нь хөнгөрсөн тул энэ хуулийн заалтад нийцүүлж эрүүгийн хариуцлага буюу нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 297 тоот дүгнэлтийн 4 дэх заалтад “Ц.Мөнхцэцэг” гэж бичигдсэнийг техникийн алдаанаас болж бичигдсэн байна гэж үзлээ. Хохирогч Ц.Мөнхчимэг нь гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардалд нийт 1.186.386 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд үүнээс шүүгдэгч Б ийн төлсөн 100.000 төгрөгийг хасч үлдэх 1.086.386 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв. Харин хохирогч Ц.Мөнхчимэгийн хэлэндээ хагалгаа хийлгэх зорилгоор “Пияавате” эмнэлгээс лавлагаа гаргуулсан бөгөөд энэ лавлагааны дагуу нийт 29.195.000 төгрөг нэхэмжилсэн боловч зөвхөн энэ лавлагаагаар хор уршигийн хохирлыг тооцох боломжгүй тул тэрээр нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдвал зохино. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Б  Мөнхчимэгийн хэлийг тасалсан эсэх нь нотлогдоогүй. Хөдөлбөргүй нотлох баримт байхгүй тохиолдолд шүүхийн шийдвэр таамаглалд үндэслэгдэх боломжгүй. ...Б  хохирогчийн аманд байгаа хэлийг яаж тасалсан нь тодорхойгүй. Өнөөдөр хохирогчийн хэл шүднээсээ нааш цухуйхгүй байхад гаднаас хүн хазсан байх ямар боломжтой вэ, хэрвээ хүн түүний хэлийг хазсан бол уруулнаас нааш ядаж хуруу хэмжээгээр цухуйх байсан. Шүүгдэгч Б ийн шүдэнд үзлэг хийгээгүй. Түүний шүд нь зөөлөн чанасан махыг хүртэл тасдаж чаддаггүй гэж өөрөө хэлдэг. Ийм шүдтэй хүн бусдын хэлийг хоромхон хугацаанд хазсан байх боломж ямар байх вэ, харин хохирогч унахдаа хэлээ тасдсан байх боломжтой. Тиймээс хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг цуглуулаад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд эргэлзээ төрвөл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хохирогч Ц.Мөнхчимэгийн “... Б  Төмөрхүүг надтай хардаад хэрэлдэж, маргалдаж, зодолдож тэгээд Б ийг аргадаж хацар дээр нь үнсэхэд хоёр гараараа татаад эрүү татаад өөр лүүгээ миний хэлийг хазсан. ...Дээрх гэмтлийг Б  миний хэлийг нэг удаа хазаж тасалсны улмаас биед учруулсан. Би болиулах гэж үзсэн боловч зуугаад байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 10-16 дугаар хуудас/ гэрч Б.Жавзангийн “... Мөнхчимэг гэх эмэгтэй айхтар чанга дуугаар орилж амаа ангайгаад амнаас нь цус гарчихсан Б  миний хэлийг тас хазчихлаа ш дээ гээд орилоод байсан. Тэгэхээр нь би Б  гэх эмэгтэйд хандаж яагаад чи хүний хэлийг хазаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь дуугүй суугаад байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 96 дугаар хуудас/ гэрч Б.Лхагвасүрэнгийн “... Байшин дотор ороход үүдний өрөөнд нэг эмэгтэй хөлөө жийгээд газар суучихсан амнаас нь их цус гарчихсан юм ярьж чадахгүй өөдөөс нэг юм яриад байсан. Тэгэхэд хажуунаас нэг эмэгтэй наад хүүхэн чинь манай нөхөртэй нэг цаг гаруй хугацаанд явалдаж байгаад сая орж ирлээ. Тэгээд миний уур хүрээд хаагуур явж байгаад ирсэнийг нь асуухад нөхрөө харж байсан яасан юм бэ гээд миний өөдөөс хохь чинь гээд хэлээ гаргаад байхаар нь би хэлийг нь хазчихсан юм гэж хэлсэн. ... Б  эмэгтэй би хазчихсан юм гээд сууж байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 97 дугаар хуудас/ шинжээч эмч Б.Ундармаагийн “... хүн өөрийнхөө хэлний 3/1 хэсгийг өөрөө хазах боломжгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 100 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар өмгөөлөгчийн дүгнэлт няцаагдаж байна. Энэ хэрэгт гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, шүүгдэгч Б  гэмт хэрэг үйлдээгүй болон гэмт хэргийн шинжгүй үйлдэл хийсэн гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдвал зохино. Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б т 450 /дөрвөн зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б  нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагийн хугацаатай хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Б ээс 1.086.386 /нэг сая наян зургаан мянга гурван зуун наян зургаа/ төгрөг гаргуулж хохирогч Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одон 5 дугаар гудамжны 23 тоотод оршин суух Боржигон овогт Цэнджаргалын Мөнхчимэгт /КЮ80032668/ олгосугай.

7. Хохирогч Ц.Мөнхчимэг нь цаашид гарах хор уршигийн хохирлыг нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ