Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/380 

 

 

Х.Бэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтманлай,

шүүгдэгч Х.Бийн өмгөөлөгч Б.Дамба,

хохирогч Ж.А,   

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан, 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн 2022/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Бийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2109000001242 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

............. тоотод оршин суух хаягтай, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан;

Шүүгдэгч Х.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр .............. тоот хохирогч Ж.Аын монгол гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч цахилгаан мотор, хятад молдок, кет брэндийн гар таслагч зэргийг авч, 785,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Х.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч Х.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х.Бэд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Х.Бэд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.   

Шүүгдэгч Х.Б гомдолдоо: “...Анхбаяр ...манайд хамт ханьтай бай гээд гэрийнхээ түлхүүрийг өгсөн. Анхбаяртай түүний хаяг болох .............тоотод хамт амьдрах болж, өглөө оройдоо Анхбаярын унаагаар ирж очдог байсан. Ийнхүү Анхбаяр надад илүү гэрийн түлхүүрийг өгч бүрэн зөвшөөрсөн байдаг юм. Миний бие тухайн айлын хаалгыг эвдсэн зүйл байхгүй. Орон байранд хууль бусаар бус хохирогчийн зөвшөөрлийн үндсэн дээр хууль ёсоор түүний орон байранд нэвтрэн орсоны дараа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Иймд орон байранд нэвтэрч үйлдсэн гэх үндэслэлгүй гэж үзэж байна. Нөгөө талаар түлхүүр тааруулах, багаж ашиглах, цонх, хаалга, түгжээг эвдэх, нууц далд аргаар нэвтэрч ороогүй тул гомдлыг шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ. 

Шүүгдэгч Х.Бийн өмгөөлөгч Б.Дамба тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүгдэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байгаа. Шүүх хуралдаан дээр бид хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилнэ гэж мэтгэлцсэн. Энэ үндэслэлээ дэмжиж шүүх хуралдаанд товч тайлбар хэлье. Шүүгдэгч Х.Б нь Дорнод аймагт бүртгэлтэй, тэнд амьдардаг. Улаанбаатар хотод ирээд Улиастайд амьдардаг ахындаа амьдарч байхдаа хохирогч Ж.Атай танилцан хамт барилгын ажил хийсэн байдаг. Энэхүү барилгын ажил нь 22-н товчоонд байршилтай. Анх хохирогч Ж.А шүүгдэгчид “ чи холоос ирэхээр өглөө хоцроод, оройд оройтоод байх юм манайд амьдар” гэсэн санал тавьсан. Ингэж санал тавьсны үндсэн дээр шүүгдэгч хохирогчийн гэрт ирж 2021 оны 8 дугаар сарын 11-нээс хойш хамт амьдарсан. Хохирогчийн өөрийнх нь машинаар ажилдаа яваад буцаж ирдэг байж. Мөн ингэж ажиллаж байх үедээ шинэ ажил аван нэг багаар тус тусдаа өөр газар байршин ажиллаж байхдаа ч шүүгдэгч хохирогчийн гэрт ирж амьдардаг байсан. Хохирогч Шарын голруу ажлаар явахдаа ч шүүгдэгчид өөрөө түлхүүрээ өгсөн байдаг. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэхэд шүүгдэгчийг хохирогчийн гэрлүү хууль бусаар нэвтэрч орсон гэдэг нөхцөл байдал тогтоодохгүй байна гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Ж.Аыг оролцуулах гэсэн боловч хохирогч тухайн үед хөдөө явсан холбогдох боломжгүй байсан тул хэрэг болсон газар буюу хохирогчийн гэр байх хашаанд амьдардаг хөршөөс нь шүүгдэгч Х.Б энд амьдардаг гэх баталгааг гаргуулсан. Миний үйлчлүүлэгч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, огт маргахгүй байгаа харин хохирогчийн гэрт амьдарч байсан учир бусдын гэрт хууль бусаар нэвтэрч ороогүй гэж үзэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж бага хэмжээний ял оногдуулж өгнө үү. ...” гэв. 

Хохирогч Ж.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би шүүгдэгч Х.Бтэй 2011 онд танилцсан. Тэрнээс хойш бид 2 хамтран барилгын ажил хийсээр ирсэн. Шүүгдэгч Х.Б нь тэр болгон уугаад байдаггүй хааяа ганц нэг уудаг, ажилдаа сайн залуу байсан учир түүнд итгэж гэрийн түлхүүрээ өгсөн. Шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналтай шүүх хуралдаанд оролцож байна. ...” гэв.

Прокурор Г.Цогтманлай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүгдэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хавтаст хэргээс үзэхэд үзлэг дээр цоож байхгүй хаалганы цөгцийг эвдэж орсон мөр үлдсэн байдаг мөн хохирогчийн ярьж байгаа түлхүүр өгсөн тийм асуудал огт байхгүй. Түлхүүрээ хаясан учир эвдээд орсон гэж яригдаж байна. Өмнө ийм баримт огт авагдаагүй. Ял авчхаад зүйлчлэлээ хөнгөрүүлэх гэж ийм зүйл ярьж байна үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Х.Бэд холбогдох эрүүгийн 2109000001242 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Х.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 10-624а тоот хохирогч Ж.Аын монгол гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч цахилгаан мотор, хятад молдок, кет брэндийн гар таслагч зэргийг авч, 785,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Ж.Аын “…Шарын гол руу ажлаар яваад 2021 оны 9 дүгээр сарын 23-ны шөнө найзынхаа хашаанд байрлах гэртээ иртэл хаалганы бариул цоож зэргийг эвдээд хулгайч орсон байсан. ...цахилгаан мотор, хятад молдок, кет брэндийн 2 жижиг гар таслагч алга болсон байна. ...би өөрийн гэрээсээ алдсан эд зүйлээ “Гэгээ” нэртэй ломбардад байхад нь цагдаагаас мэдээд, өөрийн мөнгөөрөө барьцаанаас эд зүйлээ авсан. Яагаад гэвэл би тухайн барилгын багажаараа ажлаа хийх шаардлагатай байсан болохоор өөрөө авсан юм. ...Х.Б нь надтай хамт ажил хийж байгаад алга болсон юм. ...Би Х.Бээс 330.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна...” /хх 20-24/,

гэрч Б.Бямбацэрэнгийн “…намайг 17-н автобусны буудал дээр зогсож байхад нэг үл таних залуу ирээд таксинд явах уу гэхээр нь явна гэсэн чинь цаанаас нь нэг залуу ирээд миний машины арын суудал дээр хоёулаа суусан. Тэгээд надад нэг залуу нь ахаа би гэрлүүгээ ороод юм аваад гараад ирье, та буцаад 17-н автобусны буудал дээр хүргээд өг гэхээр нь за за гэсэн чинь ............. дугаар хорооны байртай гудамжаар уруудаж яваад нэг хашааны гадна зогссон. Тэгээд тэр хоёр залуу буугаад нэг хашаа руу ороод удалгүй гарч ирэхдээ цахилгаан мотор, молдок хоёр авч гарч ирээд миний машины багажинд хийгээд буцаад 17-н автобусны буудал дээр буусан. Тэгээд би буудал дээр зогсож байхад тэр хоёр залуу тухайн эд зүйлээ аваад “Гэгээ” төв гэсэн газар луу ороод буцаад гарч ирэхдээ ямар нэгэн эд зүйлгүй гарч ирсэн. Тэндээсээ гараад тэр хоёр залуу зам дагаад урагшаа алхаад яваад өгсөн. ...Тэр хоёр анх танилцсан юм шиг найз хаана юу хийдэг билээ манайх энд байдаг манайхаас миний барилгын багажийг аваад түр барьцаанд тавиад хоёулаа нэг шил архи ууя гэж ярьж байсан. Нөгөө залуу нь за тэгье тэгье гээд яриад байсан...” /хх 27-29/,

гэрч Ж.Буяннэмэхийн “...нэг үл таних залуу надаас ганц юм гуйя гэхээр нь би юу юм гэсэн чинь нөгөө залуу “найз нь гэрээсээ барилгын багаж авчраад энд ломбардад тавих гэсэн юм чи өргөлцөөд өгөөч” гэхээр нь би “яг юу юм” гэсэн чинь “цахилгаан мотор байгаа юм найз нь ганцаараа өргөж дийлэхгүй байна, чи тус болоод өргөлцөөд өгөөч” гээд гуйгаад байхаар нь зөвшөөрсөн. Тэгсэн чинь нөгөө залуу намайг дагуулаад 17-н автобусны буудал дээрээс такси бариад гудамж руу ороод нэг айлын гадаа зогссон. Тэгээд намайг дагуулж буугаад тухайн хашаа руу ороод нэг монгол гэр байсан чинь хаалгыг нь онгойлгоод дотогш орж цахилгаан мотор 1 ширхэг, молдок 1 ширхэгийг аваад таксиндаа суугаад буцаад 17-н автобусны буудал орж таксинаас буугаад “Гэгээ” нэртэй ломбард руу орсон. ...Бид хоёрыг орох үед гэрийнх нь хаалга ямар нэгэн цоож байхгүй байсан тэр залуу шууд орсон. Тэр гэр дотор дандаа барилгын багаж хэрэгсэл байсан. Тэр залуу өөрийгөө барилгын ажил хийдэг энэ миний багажууд байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгэсэн...” /хх 32-34/,

Х.Бийн мөрдөн байцаалтад яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Ж.Аын гэрт буюу ........................ тоотод ороод мотор, молдок зэрэг эд зүйлсийг хулгайлаад 17-ын “Гэгээ” гэж ломбардад тавьсан юм. Тэгээд ломбардад тавихдаа гадаа зогсож байсан танихгүй залуугийн бичиг баримтаар тавиулсан юм. ...” /хх 8/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Ж.Аын цахилгаан мотор, хятад молдок, кет брэндийн гар таслагч зэргийг 785,000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хх-42-43/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 Шүүгдэгч Х.Бийн хохирогч Ж.Аын эзгүйд  гэрийх нь хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, Ж.Аын цахилгаан мотор, хятад молдок, кет брэндийн гар таслагч зэрэг 785.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг авч, ломбарданд тавьсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг ...хүн байнга амьдрах зориулалттай орон байранд ...нэвтэрч үйлдсэн...” шинжийг бүрэн агуулжээ. 

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Х.Бийн үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил байхгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан ба шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулж болох заалтыг хэрэглэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь Х.Бийн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй болсон, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийх нь хэр хэмжээ зэрэгт тохирсон байна.

Шүүх Х.Бийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлж болох Эрүүгийн хуульд заасан заалтыг хэрэглэсэн байх ба үүнээс өөрөөр түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх, солих талаар хуулийн заалт, эрх хэмжээ шүүхэд байхгүй юм.

          Шүүгдэгч Х.Б нь “...хохирогч Ж.Аын гэрт нэвтрэн орох эрхтэй тул бусдын орон гэрт хууль бусаар нэвтрээгүй...” талаар давж заалдах гомдол гаргажээ.

          Хохирогч Ж.Аын “...Шарын гол руу ажлаар яваад 2021 оны 9 дүгээр сарын 23-ны шөнө найзынхаа хашаанд байрлах гэртээ иртэл хаалганы бариул цоож зэргийг эвдээд хулгайч орсон байсан. ...цахилгаан мотор, хятад молдок, кет брэндийн 2 жижиг гар таслагч алга болсон байна. ...Х.Б нь надтай хамт ажил хийж байгаад алга болсон юм. ...” гэх мэдүүлэг,

           “...хаалганы цоож байхгүй байх бөгөөд хаалганы нугасанд эвдлэх багажны мөр үүссэн байв. ...”  /хх 12/ гэсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр айлын цоожлон явсан эзэнгүй гэрт, эзнийх нь зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж, эд зүйлсийг нь авсан Х.Бийн үйлдэл нотлогдсон байх тул хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Иймд Х.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Х.Б нь шийтгэх тогтоол гарсан 2022 оны 02 дугаар сарын 7-ны өдрөөс давж заалдах шатын шүүхийн магадлал гарсан 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 65 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн 2022/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийн 2022 оны 02 дугаар сарын 7-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ

              ШҮҮГЧ                                                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ