Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 433

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч Н.Мөнхцэцэг шүүгдэгч М.У , түүний өмгөөлөгч Л.Амартогос хохирогч С.Баттөр, У.Загдсүрэн, П.Чулуунхүү нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014260002591 дугаартай, 3 хавтас хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, ам бүл 9; нагац эмээ, эх, дүү, нагац дүү, хүүхдүүдийн хамт оршин сууж байгаа гэх, ялгүй, , У  Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр; Шүүгдэгч М.У  өөрийн төрсөн эх Т.Түмэнбилэгээр мэргэ төлгө хийлгэдэг сүсэг бишрэлийг нь далимдуулан ашиглаж 2013 оны 9 дүгээр сараас 2014 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд “мөнгөний хэрэг болоод байна, мөнгө зээлээч” гэж иргэн С.Баттөрийг хуурч нийт 25.342.500 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, 2014 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр “удаахгүй өгнө” гэж иргэн У.Загдсүрэнг хуурч түүний эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49 дүгээр гудамж, 1142 Б тоот, мөн дүүргийн 17 дугаар хороо 49-1144 тоот хаягт байрлах хашаа байшин, газрыг Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Анар капитал” ББСБ-д зээлийн барьцаанд тавиулж 9.900.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, мөн 2014 оны 1 дүгээр сарын 18-наас 24-ний өдрийн хооронд “эгч нь 2 охинтой, бие нь маш муу байгаа, эмчилгээ хийлгэхэд мөнгө хэрэгтэй байна. Миний ажлыг бүттэл хүлээж дийлэхгүй байх” гэж төрсөн дүү М.Дашжамцтай найз байсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Х.Жаргалыг хуурч нийт 5.600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилан, мөн М.У  нь өөрийн төрсөн эх Т.Түмэнбилэгийн хамтаар Т.Түмэнбилэгээр мэргэ төлгө хийлгэдэг сүсэг бишрэлийг нь далимдуулан ашиглаж 2014 оны 5 дугаар сарын 7-ны өдөр “Ногоон Дарь Эхээр тодрох гээд байна, мөнгө их хэрэг болоод байна” гэж хуурч иргэн П.Чулуунхүүгээс 4.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилан, бусдад нийт 44.842.500 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ. Шүүгдэгч М.У  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Хохирогч нарын хохирлыг заавал төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. Хохирогч С.Баттөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би У ийн ээжтэй нь хамаатан садангийн холбоотой. 1992 оноос хойш түүний ээжээр жилийн засал хийлгэж ирсэн. 2012 онд Ногоон Дарь-Эхээр тодрох гэж байна гээд надаас мөнгө зээлсэн. Одоо би У ээс 18.042.500 төгрөг нэхэмжилж байна гэв. Хохирогч У.Загдсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би У ээс 9.400.000 төгрөг нэхэмжилж байгаа. Хэргийн талаар мөрдөн байцаалтад мэдүүлгээ өгсөн гэв. Хохирогч П.Чулуунхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хувьд уг нь 4 сая төгрөгөөр хохирсон. Энэ мөнгийг У  болон түүний ээж Түмэнбилэгт өгсөн. Гэтэл У ээс авах мөнгөний хэмжээ нь 2.000.000 төгрөг гээд байгаа юм гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн байцаалтын явцад хохирогч Содномдаржаагийн Баттөр “... би Түмэнбилэг гэх эмэгтэйтэй хамаатны ах Магсараар холбогдож танилцсан бөгөөд Түмэнбилэг нь манай Магсар ахын эхнэр нь юм. Анх манай бэр болж байхдаа л Түмэнбилэг нь үзмэрч зурхайч хүн байсан бөгөөд би гэр бүлийн хүрээнд сүсэглэдэг байсан. Тэгтэл 2013 оны 9-р сараас эхлэн Түмэнбилэг нь надаас мөнгө өгч туслаач гээд байхаар нь хамгийн эхлээд 300.000 төгрөг өгсөн, түүний дараа мөн он сар өдрийг нь санахгүй байна 100.000 төгрөг шилжүүлсэн, 2013 оны 10-р сард Түмэнбилэгийн данс руу удаа дараа мөнгө шилжүүлсээр 2014 оны 2-р сар гэхэд нийт 40.000.000 төгрөг өгсөн байсан. Тэгээд Түмээ эгчээс энэ мөнгөө нэхэхээр удахгуй өгнө, одоохон өгнө, мөнгө бүтэж байгаа гэх зэргээр худлаа ярьсаар сүүлдээ зугтаад уулзахаа больсон. Эхлээд авахдаа газар зарна хүмүүстэй уулзах гэтэл мөнгөгүй болоод байна надад мөнгө өгөөч гээд авсан, мөн Хятад улсаас хөрөнгө оруулалт орж ирэх гээд байна, мөнгө өгөх хэрэгтэй байна гээд мөнгө авдаг байсан. Миний олж мэдсэнээр өөрийнхөө зөнбилгийн чадвараараа Орос улсад хүмүүст орд газар нээж өгөөд тэрнийхээ шанд мөнгө авах гэж байгаа, гэхдээ наана нь бага сага мөнгө хэрэг болоод байна гээд надаас мөнгө авч байсан. Би Түмэнбилэг эгчид өөрийн 20.000.000 төгрөгийн үнэ бүхий Ланд Крузер 80 маркийн машиныг 16.500.000 төгрөгөөр Ганзориг гэж хүнд зараад 16.500.000 төгрөгийг бэлнээр өгч байсан. Одоо би Түмээ эгчтэй уулзах гэхээр огт олдохгүй зугатаагаад байна. Би Түмээ эгчид зарим тохиолдолд бэлнээр мөнгө өгч байсан. Намайг уулздаг байхад гэр нь Дамбадаржаад байсан. Одоо хаана амьдарч байгааг нь мэдэхгүй байна, холбоо барих утаснууд нь 94237580, 94757064 гэсэн дугаарууд байдаг, гэхдээ одоо энэ дугааруудаас нь холбогдож байгаа утас нэг ч байхгүй. Хамаатны ах Магсартай уулзахаар би мэдэхгүй, Улаан-Үүд явна гээд гарсан гээд байдаг юм. Магсар ах болохоор манай эмээтэй эгч дүүсийн хүүхдүүд. Сүүлд Магсар ахтай очиж уулзахад эхнэрээ хаана байгааг мэдэхгүй байна, хүү, хүргэн 2 маань ирээд гэрээс дэвтэр, Бурхан 2 аваад явсан. Надад хаана байгаагаа хэлээгүй гэж хэлж байна лээ. Миний өөрийн тооцоолж байгаагаар нийт 40.000.000 төгрөг нэхэмжилж байгаа юм. Энэ мөнгийг Түмээ эгч авсан тухайгаа өөрөө хэлнэ байх. Би мөнгөө л хурдхан олж авмаар байна” /1 дүгээр хх-н 98-99/, “... эхнэр бид хоёрын тооцоолсноор 40.000.000 төгрөг өгсөн бөгөөд үүнээс яг хэдэн төгрөгийг нь У т өгсөн гэдгийг нь Түмэнбилэгт хэдийг нь өгсөн гэдгээ нарийн тооцож гаргаагүй байна. Эхнэртэйгээ ярилцаж байгаад нарийн тооцож гаргъя гэж бодож байна. Ер нь бол эхлээд туслаач гэж авдаг байсан, тэгээд сүүлдээ зээлээч гэж хэлж авдаг болсон, хамгийн сүүлд надад хэлэхдээ Би Урамчимэгийн охин буюу зээ охиныхоо хамтаар ногоон дарь эх бурханаар тодорч байгаа, энэ бурханы үйл хэрэгт надад мөнгө хэрэг болоод байна, мөнгө өгч туслаач гэж хэлээд авдаг байсан. Надад авсан мөнгөнөөсөө 1 удаа 1.500.000 төгрөг түүний дараа өгсөн, нийтдээ 6.500.000 төгрөг өгсөнөөс өөр мөнгө эргүүлж өгөөгүй. Зээлийн гэрээ байхгүй. Өөрсдөө мөнгө авахдаа зээлүүлээч одоохон мөнгөтэй болоод буцаагаад мөнгийг чинь бүрэн барагдуулна гээд л авдаг байсан. Түүнээс ямар нэгэн хүү өгөх, мөнгийг маань өсгөж өгөх талаар ярьж байгаагүй. 2013 оны 11-р сарын үед байхаа У , Түмэнбилэг нар миний ажиллуулж байсан бааран дээр ирээд ногоон дарь эхээр тодроход мөнгөний хэрэг их болдог юм байна, чи машинаа унаж явдаг зээлэнд хамруулаад бид 2-т мөнгө аваад өгөөч гээд байхаар нь би өөрийн унаж байсан 70-33 УНБ улсын дугаартай хар ногоон өнгийн Ланд 80 маркийн автомашиныг 4 замын урд байдаг ББСБ-д 6.000.000 төгрөгөөр унаж явдаг зээлэнд барьцаалаад авсан 6.000.000 төгрөгөө цувуулж увуулаад өгсөн. Энэ мөнгөнөөс яг хэдийг нь өгсөн гэдгээ санахгүй байна. Мөн өөрсдийнхөө дансанд орж ирсэн мөнгийг тэр өдөртөө буцаагаад өгч байсан. Тэгээд 2013.12.20-ны өдөр байх У  Түмээ 2 ирээд одоо хэдхэн төгрөг хэрэгтэй болоод байна, яг одоо мөнгөтэй болохгүй бол бүх ажил нурлаа, та 2-оос авсан мөнгөө ч буцаан төлөх боломжгүй болох гээд байна гээд байхаар нь машинаа 16.500.000 төгрөгөөр Зоригоо гэж залууд зараад энэ мөнгөнөөсөө Урнаад 5.000.000 төгрөг өгөөд, 6.500.000 төгрөгийг нь ББСБ-д өгөөд үлдэгдэл мөнгийг нь өөрөө авсан. Эхнэр бид 2 дансаар өгсөн болон бэлнээр өгсөн мөнгийг тооцоход 40.000.000 төгрөг болоод байгаа юм. Эхнэр бид хоёр эхлээд тооцоод яваад байдаг байсан сүүлдээ замбараагаа алдсан. Эхнэр маань л бичиж тэмдэглээд яваад байдаг байсан, мөн эхнэр өөрийнхөө данснаас мобайл банкаар ихэнхдээ шилжүүлдэг байсан” /1 дүгээр хх-н 100/, “... эхнэр бид хоёр эхлээд мөнгөний тооцоогоо буруу гаргаад байсан байна, тэгээд мобайл банкаар шилжүүлсэн болон дэвтэр цаасан дээр тэмдэглэсэн, мөн өөрсдийнхөөрөө санаж байгаа мөнгөн дүнгээ нарийн сайн тооцоод гаргасан чинь бид хоёр нийтдээ 25.342.500 төгрөгийг У , Түмэнбилэг нарт өгсөн байна. Харин энэ хоёр, эхнэр бид хоёрт нэг удаа 1.400.000 төгрөг, нэг удаа 5.500.000 төгрөг нийтдээ 6.900.000 төгрөг өгсөн байна. Эхнэр бид хоёр Урнаа нараас болж удаан хугацаанд хохироод явж байна, мөнгөгүй боллоо, яаралтай мөнгө олоод өгөөч гээд гуйгаад шалаад байхаар нь би өөрийнхөө 70-33 УНБ улсын дугаартай машиныг 16.500.000 төгрөгөөр зараад 8.000.000 төгрөг өгсөн. Уг нь би машинтайгаа байсан бол зуны 3 сар жуулчинд дор хаяж 10.000.000 төгрөг олох байсан, мөн одоо зарсан жийп шигээ машин авбал 25.000.000 төгрөгөөр авах болоод байна. Тийм учраас би энэ хүмүүсээс алданги нэхээд байгаа юм. Тэр талаараа ярьж байсан зүйл байхгүй, таныг ямар байгууллага ногоон дарь эхээр тодруулах гэж байгаа юм гэхээр одоо нэрийг нь санахгүй байна эмээгийн хойч үе гээд намайг удмаар маань ногоон дарь эхээр тодруулах гэж байгаа, чамд одоо хэлчихвэл болохгүй тэвчээд хүлээгээд байж бай гэдэг байсан. Эсвэл урдаас их хэмжээний мөнгө орж ирсэн, түүнийгээ тагнуулын байгууллагын хүмүүст хураалгачихлаа мөнгөө буцааж авахад эдгээр хүмүүсийг хахуульдах хэрэгтэй байна гэж хэлдэг байсан. Тухайн үед эхнэр бид 2 итгээд л яваад байдаг байсан юм. Ер нь бол энэ 2 хүн эхнэр бид 2-ийн сүсэг бишрэлд тулгуурлаад залилан мэхэлсэн гэх үү дээ. Би одоо энэ хүмүүст бэлнээр өгсөн 18.442.000-ийг нэхэмжилж байна нь. Уг нь бол нийт дүн маань 25.342.000 болж байна, үүнээс хасагдсан үнэ 6.900.000-ийг хасья гэж бодож байна. Би өмнөх мэдүүлэг дээрээ 6.500.000 төгрөг авсан гэж андуурч хэлсэн байна лээ. Гэхдээ Урнаа болохоор би таниас ийм их мөнгө аваагүй гээд худлаа хэлээд байна лээ Энэ хэргийг У  болон Түмэнбилэг нь хамтран үйлдсэн бөгөөд 2-лаа л манай ажил дээр ирээд мөнгө нэхээд суучихна эсвэл Урнаа нь надруу болон манай эхнэр рүү залгах мэссэж бичих зэргээр шалсаар байгаад л мөнгө зээлээд авчихдаг байсан. Би нэг бус удаа одоо дахин өгөх мөнгө алга байна гэхээр хүнээс хэдэн ч хувийн хүүтэй байсан хамаагүй зээлээд аваад өг гээд байдаг байсан юм. /1 дүгээр хх-н 101/, Манай эхнэрийн мэдүүлсэн үнэн. Урнаа л утсаар яриад мөнгө гуйгаад зээлэе гэдэг. Мөнгө авах болохоор Урнаа Түмээ хоёр хоёулаа ч ирдэг. Дансанд ч бас мөнгө шилжүүлдэг байсан. Асар их гомдолтой байна, энэ хүмүүсээс болж их хохирч байна. Хүнээс мөнгө авчихаад эргээд уулзахгүй таг болчихдог мөнгөгүй гэсэн мөртлөө байр хөлслөөд яваад байх юм” /1 дүгээр хх-н 102/, “... би тухайн үед бэлэн болон дансаар зээлүүлсээр байгаад нийт 25.342.500 төгрөг зээлсэн. Тэгээд үүнээс У  Түмэнбилэг хоёр 6.900.000 төгрөг өгсөн. Тэгээд үүнээс гадна би тухайн үед өөр хүнээс хүүтэй мөнгө зээлж тэр хоёрт өгдөг байсан ба зээлсэн мөнгөний хүү нийлээд 40.000.000 төгрөг болж байгаа. У  нь 2015 онд цагдан хоригдсон үедээ миний данс руу 400.000 төгрөг шилжүүлсэн байсан. Би эцсийн байдлаар 40.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би тэр хоёртой хамгийн сүүлд хэзээ уулзсанаа санахгүй байна. Одоогоос 1 жилийн өмнө У  нь жирэмсэн байхад нь уулзахад уучлаарай таны мөнгийг өгнө гэж байсан. Тэгээд түүнээс хойш ямар ч холбоогүй байгаа. У  95918335 дугаарын утастай байсан. Би анх эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлж байхад зээлдүүлсэн мөнгөө тооцсон талаархи гар бичмэл бүхий дэвтэрээ хуулбарлаж өгч байсан. Харин одоо тэр дэвтэр хаана байгааг мэдэхгүй байна. Хайгаад олдвол өгье. Тэр дэвтэр дээр бүх зээлсэн мөнгөний бэлнээр өгсөн, дансаа өгсөн мөнгөний тооцоо байсан. Мөнхцолмон нь У ийн нөхөр нь байгаа юм. Надад У  нь мөнгө зээлье гээд дансны дугаар өгөхөөр нь 5.000.000 төгрөг зээлүүлэхээр уг дансны дугаар руу шилжүүлэхэд У ийн нөхрийн банкны дансны дугаар байсан. У  нь өөрөө уг мөнгийг авсан гэдгээ хэлж баталдаг. Уг хэрэгт Ш.Мөнхцолмон нь хамаатай бүгд л хамтдаа цуг байсан надаас У  мөнгө зээлж байхыг мэдэж байсан. Би их гомдолтой байна. Ядаж тэд нар над руу мөнгийг чинь төлнө гэж ярихгүй сураггүй болсон, би хамаг эд зүйлээ зарж үрж мөнгөө зээлүүлсэн” /2 дугаар хх-н 164-165/, “... надад 40.000.000 төгрөгийн хохирол учраад байгаа. У , Түмэнбилэг нар анх надад ойролцоогоор 6.900.000 төгрөгийг өгсөн. Эрүүгийн хэрэг үүсээд цагдан хоригдох үедээ надад 400.000 төгрөгийг өгсөн. Тэрнээс хойш одоог хүртэл надад мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Надаас У , Түмэнбилэг нар нь удаа дараа цувуулж авсаар байгаад дансаар болон бэлнээр 25.000.000 - 26.000.000 төгрөгийг авсан. Одоо мөнгөн дүнгээ сайн санахгүй байна. Надаас У , Түмэнбилэг нар нь мөнгө авсан. Дашжамц, Мөнхцолмон нар надаас мөнгө төгрөг зээлээгүй. Харин У , Түмэнбилэг нар надаас мөнгө авсан. У  надад дансны дугаар өгдөг байсан. Дараа нь эрүүгийн хэрэг үүсээд шалгахад Мөнхцолмон гэх У ийн нөхрийн данс болохыг мэдсэн” /2 дугаар хх-н 175/ гэж, гэрч Ленагийн Амартүвшин “... миний нөхөр Баттөр нь өөрийн хамаатны эмэгтэй болох Түмэнбилэг, түүний төрсөн охин болох У  нарт холбогдуулан цагдаагийн байгууллагад хандан өргөдөл гаргасан. Түмэнбилэг болон У  нь манай нөхрийн төрлийн хүн бөгөөд үзэж хардаг далд авъяастай гээд нөхөр бид хоёр 2003 оноос эхлэн байнга биш ч уулзаад өөрсдийн амьдралд тохиолдсон зүйл болон ноён нуруугаа харуулдаг байсан. Тэгтэл 2013.08 сард Түмээ эгч нөхөр бид хоёрын ажиллуулж байгаа бааран дээр өөрийн дүү Оюунбилэгийн хамт ирээд караокед дуулж байгаад явсан. Тухайн үед нь бид хэд манайд ирсэн юм чинь гээд өөрсдийн амьдралд тохиолдсон саар зүйлийн талаар асуугаад, аар саар зүйл ярилцаж байхад “Эгч нь оросуудтай хамтарч юм хийх гэж байгаа, орд газар нээх гэж байгаа, оросууд надад мөнгө өгнө, би Атар сангийн ахуйд амьдарна гэх зэргээр ярьж байсан. Тэгээд 2014.09-р сард өдрийг нь санахгүй байна Урнаа над руу залгаад ээж Хөх хотоос ирэх гэсэн чинь замын зардалгүй болчихлоо, та хэдэн төгрөг олоод өгөөч, би үдээс хойш залгая гэж байсан, тухайн үед нь нөхөр бид хоёрт мөнгө олдоогүй. Түүнээс хэд хоногийн дараа Түмээ эгч, Урнаа нар хамт ирээд “Мөнгө олоод өгөөч, урдаас их хэмжээний юань оруулж ирсэн чинь Тагнуулын байгууллага саатуулаад гацаагаад байна, өмгөөлөгч авах болон тагнуулын хүмүүсийг зохицуулах хэрэгтэй байна, мөнгө олоод өгөөч, хэдэн ч хувийн хүүтэй байсан хамаагүй гээд мөнгө гуйгаад байхаар нь 200.000 төгрөг өгсөн. Үүний дараанаас эхлээд Урнаа над руу мөнгө нэхэж завсаргүй мэссэж бичдэг тэр мэссэж нь “Та хоёрт мөнгө зээлэх тийм насны эрэгтэй болон эмэгтэй хүн байна. Та хоёр энэ хүнээсээ мөнгө гуйвал найдвартай өгөх юм байна гэдэг байсан. Тэгэхээр нь бид хоёр өөрсдийн найз нөхдийнхөө хүрээлэл рүү хандаад хүүтэй мөнгө зээлж У , Түмэнбилэг нарт бэлнээр эсвэл дансаар өгсөөр нийт 25.300.000 төгрөг өгсөн. Энэ мөнгөн дүн бол миний тооцож, дэвтэр дээр тэмдэглэсэн мөнгөн дүн бичиж тэмдэглээгүй сул өгсөн үнийн дүн бол талийсан. Мөнгө гуйхдаа Урнаа л утсаар холбогдож мөнгө гуйдаг, мөнгөө авах болохоор Түмээ эгч цугтаа ирээд аваад явдаг байсан. Нөхөр бид хоёр энэ хоёрт мөнгө өгөхдөө бусдаас хүүтэй зээлсэн талаараа байнга хэлээд, хурдан түргэн буцааж өгөөрэй гээд гуйх шахуу юм болдог, нөгөө хоёр нь “Ёстой удаахгүй, 7 хоногийн дараа өгнө гэж хэлээд л аваад явдаг байсан. Би Урнаа руу утасдаж өгсөн мөнгөнүүдээ нэхэх гэхээр шалгаруулалт явагдаж байна, утсаа 3 хоног унтраа гэнэ, 7 хоног унтраа гэнэ гээд мессэж бичээд утсаа унтраачихдаг, эсвэл утсыг маань авахаа ч больсон. 2014.01-р сараас эхлээд орлого багассан тул бид хоёр нэхсэн мөнгийг нь олж өгч чадахгүй байтал сүүлдээ өөрсдөө алга болчихсон. Эхлээд тагнуулын хүмүүсийг хоолонд оруулаад үнэтэй газар ороод мөнгөө дуусгаад байгаа талаар л ярьдаг байсан, ийм ч үнэтэй газар ороод виски авч тийм ч газар ороод хоол унд авахаар 2.000.000-3.000.000 төгрөг болоод гэх зэргээр яриад байдаг байсан. Тэгэхээр нь би сүүлдээ “Та нөхөр бид хоёроос авсан мөнгөө хэзээ өгөх юм бэ, Төрөө бид хоёр хүмүүсээс хүүтэй мөнгө аваад Урнаа та хоёрт өгчихсөн хүмүүс нь ажил дээр ирээд мөнгө төгрөгөө нэхээд хэцүү байна гэж нэг өдөр уурласан чинь Түмээ эгч "Эгч нь үнэн учраа хэлье, манай гэр бүлийнхэн үе удмаараа Ногоон дарь эхээр тодрох гэж байгаа, гэхдээ энэ нь шалгууртай бөгөөд шалгаруулалтанд нь ороход мөнгө их хэрэгтэй болоод байна, чи эгчдээ итгээд түр хүлээж байгаач, нарийн ширийн юмыг хамаагүй яриад задруулчихвал шалгууртаа унах гээд байна, тэвчээд хүлээж байгаач гээд гуйгаад байсан. Миний санаж байгаагаар 2013.11-р сард ингэж ярьж байсан санагдаж байна. Миний мэдэж байгаагаар 2014.02.14-ний өдөр байх, манай нөхөр бид хоёрт нэг удаа 1.400.000 төгрөг дансаар өгч байсан, мөн он сар өдрийг нь санахгүй байна, 5.500.000 төгрөг бэлнээр өгч байсан. Тухайн үедээ итгэдэг л байсан, өөрсдөө ч гэсэн итгээд хүлээж бай, бүх юм сайхан болно, бүх юм товлогдсон байгаа гээд л байдаг байсан. Ер нь нөхөр бид 2-ийн хувьд Түмээ эгчид очиж үзүүлж харуулдаг, шашин номын хувиар итгэдэг байсан учир үгүй гэж хэлж чадалгүй дараа дараагийн мөнгөө өгөөд байдаг байсан. Бидний хувьд тооцоо нийлж байсан зүйл нэг ч байхгүй. Түмээ, Урнаа нар нь нөхөр бид хоёроос ирээд мөнгө аваад явахдаа мөнгө авсан өгсөн талаар баримт огт үйлдэж байгаагүй. Урнаа л ихэвчлэн миний 99068451 дугаар руу мессэж бичээд би өөрийнхөө энэ дугаараас мобайл банк ашиглаад мөнгө шилжүүлдэг байсан. Бид хоёр өөрсдийн найз нөхдөөс мөнгө хүүтэй зээлээч гэж гуйгаад мобайл банкаар шилжүүлж аваад авсан мөнгөө тэр дор нь буцаагаад У ийн 5042078686 дугаартай данс руу зарлагадаад гаргачихдаг байсан. Түмээ эгч гар утас ашиглаж чадахгүй болохоор У тэй л утсаар харилцдаг байсан. Гэхдээ нөхөр бид хоёроос авсан мөнгийг Урнаа болон Түмээ эгч л ашигладаг байсан байх, эсвэл гэр орныхоо ахуй хэрэгцээнд зарцуулдаг байсан ч байж магадгүй” /1 дүгээр хх-н 104-105/, “... энэ мөнгөнд Магсар ах ямар ч хамаагүй. Түмэнбилэг өөрийн биеэр ирж эгчдээ тусална уу би ийм ч дом хийлгэсэн тийм ч дом хийлгэсэн гээд биеэ хадагаар ороочихсон ирдэг байсан. Тэгээд би цувуулж Түмэнбилэг У  Мөнхцолмон нарын дансанд 25.300.000 төгрөгийг шилжүүлсэн. Миний дансны хуулган дээр нийт 17.752.500 төгрөг шилжүүлсэн баримт нь хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Дээр нь би нэмээд 1.500.000 төгрөгийг 2014.01.07-ны орой 24 цагийн үед Мөнхцолмон, У  хоёрт циркийн урд бэлнээр аваачиж өгсөн. Магсар гэдэг хүн ямар ч хамаагүй. Манай нөхөр Баттөр бид хоёр нийт 25.300.000 төгрөгөө л нэхэмжилж байна. Энэ мөнгийг авахдаа Түмэнбилэг нь хэдэн ч хувийн хүүтэй байсан нь хамаагүй олоод өгөөч гэж байсан. Эсхүл Түмэнбилэг өөрөө үзээд Баттөрд тийм мөнгө гуйвал өгчихөөр эрэгтэй хүн байна Амартүвшинд нь нэг эрэгтэй нэг эмэгтэй хүн байна гэж хэлсэн. Тийшээ бодож байгаад утасдаад үз гэж байнга хэлдэг байсан. Би одоо банкны хуулгатай мөнгөний баримтаа дахиж хавсаргаж өгье” /1 дүгээр хх-н 106/, “... тухайн үед тэд нар өөрсдөө утасдаад яг одоо ийм мөнгө хэрэгтэй байна, хэдэн ч хувийн хүүтэй байсан хамаагүй гэдэг байсан. Бид нар мөнгө шилжүүлэхдээ эхний үедээ ямар нэгэн байдлаар тэмдэглэдэггүй байж байгаад сүүлд нь мөнгөнүүдээ тэмдэглэдэг болсон. Би дээрх мөнгө зээлсэн баримтыг хэрэгт хавсаргаж өгч байна. Уг тэмдэглэл дээр бичсэн мөнгөний нийт тоо хэмжээг биччихсэн байгаа” /1 дүгээр хх-н 116/ гэж, хохирогч Уламбаярын Загдсүрэн “... би 2004 онд найз нөхдийн хүрээгээрээ дамжуулан өөрийгөө үзмэрч гэх Түмэнбилэг гэх эмэгтэйтэй танилцсан юм. Түмэнбилэг нь үзмэрч зурхайч гэдэг байсан бөгөөд би очиж өөрийнхөө амьдралд болж буй сүсэг бишрэлтэй холбоотой зүйлсээ асууж лавласаар 10 гаруй жил болсон. Тэгээд 2014 оны 1 дүгээр сарын эхээр над руу Түмэнбилэг залгаад хүрээд ир, уулзъя гээд байхаар нь гэрт нь яваад очсон чинь надад нэг удаа тус болоодох, би та нарт зөндөө их тус болсон, машин тэрэгээ барьцаалаад ч хамаагүй мөнгө олоод өгөөч, надад мөнгө хэрэг болоод байна гээд байхаар нь би 2014 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр БГД-ийн 1-р хороо, 40 дүгээр байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулах Анар капитал банк бус санхүүгийн байгууллагад өөрийн нэр дээр байх ЧД-ийн 17-р хороо, Сурагчийн 49-11426 тоот, ЧД- ийн 17-р хороо 49-1144 Г тоот гэсэн 2 хашаа байшинг барьцаалаад нийт 10.000.000 төгрөгний зээлийг сарын хугацаатай 0.5 хувийн хүүтэй зээлсэн. Энэ 10.000.000 төгрөгөөс ББСБ нь 50.000 төгрөг суутгаж аваад, бичиг баримтны 50.000 төгрөг өгөөд үлдэгдэл 9.900.000 төгрөгийг Түмэнбилэгийн охин У т бэлнээр өгсөн. Тэгээд сар гаруйн дараа буюу 2014 оны 2 дугаар сард Түмэнбилэг рүү залгаж мөнгөө нэхэхээр утсаа авахгүй байсан. Гэтэл охин У  нь над руу дугаараа нууцалсан утсаар залгаад “би Дархан Уул аймгийн Шарын гол суманд байна, миний утасны сүлжээ унаад байна, холбогдох боломжгүй байна, та надад дансаа өгчих гэж залгаад утас нь тасраад дахин залгаагүй. Тухайн үед банкинд хүү төлөх хугацаа болоод би өөрөө хүүг нь төлсөн. Энэ маягаар явсаар өдийг хүрсэн ба одоо Түмэнбилэг хаана байгаа нь тодорхойгүй, охин У  нь ч хаяг дээрээ байдаггүй, нууцалсан дугаараас залгаад ээж урдаас мөнгөтэй ирнэ, түр байж бай гээд байсан. Би сүүлдээ аргаа бараад гэрт нь яваад очихоор нөхөр нь болох Магсар гэж эрэгтэй “би эхнэр хүүхдээ хаана байгааг нь мэдэхгүй байна, ямар нэг зээл авсан гэдгийг нь ч мэдэхгүй байна, өгдөг газар нь өг гээд Баттөрийн хамтаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Одоо байгаа хаягийг нь сайн мэдэхгүй байна, очвол гэрийг нь олоод өгч чадна. Ямар нэг өш хонзонгийн зүйл байхгүй, би Түмээ эгчээс 10.000.000 төгрөг авах авлагатай. Бэлэн өгсөн 9.900.000 төгрөгөө л нэхэмжилнэ. Маш их гомдолтой байна” /1 дүгээр хх-н 127/, “... У  Түмэнбилэг хоёр надтай цуг яваад Баруун 4-н замын урд байдаг банк бус санхүүгийн байгууллагаас 5%-н хүүтэй 10.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай надаар зээлүүлж хүүг нь У  би төлнө гэж хэлсэн. Мөнгийг 2014.01.03-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагаас У  надтай цуг эргэн төлөлтөөр ороод 10.000.000 төгрөгнөөс банк бус санхүүгийн байгууллага 50.000 төгрөгийг шимтгэлд авч бэлэн 9.900.000 төгрөгийг бэлнээр У  аваад 7-н буудалын буудал дээр буугаад Түмэнбилэгийн ХААН банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд сар болсон чинь У  Түмэнбилэг хоёр утсаа салгасан. Эхний сарын хүүгийн хугацаа болоод би өөрөөсөө 516.000 төгрөгийг төлсөн. Тэгээд 2 дахь сарын хүүгийн хугацаа болоход би У тэй утсаар ярихад У  би авгайгийн чинь ХААН банкны данс руу хүүний 500.000 төгрөгийг шилжүүлчихлээ гэж хэлсэн. Тэгж нэг ярьчихаад дахиад утас нь холбогдохоо больсон. Ингэж байтал дахиад 3 дахь сар нь болж нөгөө банк бус санхүүгийн байгууллага нь дахиж таны зээлийг хугацаа сунгахгүй энэ сард зээлээ төлөхгүй бол хашаа байшинг чинь хурааж авах болно гэж хэлсэн. Тэгээд 3 дахь сарын хүү болох 516.000 төгрөгийг төлж хоёр машинаа зарж 10.000.000 төгрөгийн зээлээ төлж дуусгасан. Манай эхнэр Алтанцэцэг 2 дахь сарын хүүний 500.000 төгрөг өөрийхөн нь хаан банкны дансруу шилжсэнийг мэдэж байгаа. Би одоо өгсөн мөнгөө л олж авмаар байна, маш их хохирч байна” /1 дүгээр хх-н 128/, “... надад 9.900.000 төгрөгийн хохирол учирсан. Анх У т бэлнээр 9.900.000 төгрөгийг өгч байсан. Анх мөнгө авахаасаа өмнө У  нь Түмэнбилэг гэх ээжийнхээ хамт ирээд надад “Ногоон дарь эх болох гэж байгаа 20 хоногийн хугацаатай мөнгө төгрөг зээлээч” гэж хэлээд авч байсан. Надад учруулсан хохирлоосоо 500.000 төгрөгийг анх өгч байсан. Тэрнээс хойш одоо дахин хохирлын мөнгө төгрөг өгөөгүй. Дашжамц, Мөнхцолмон нарыг танихгүй, гэхдээ өмнө нь царайг нь харж байсан. Энэ хоёр хүн надаас мөнгө төгрөг авсан зүйл байхгүй” /2 дугаар хх-н 176/ гэж, гэрч Пүрэвнямын Алтанцэцэг “... Түмэнбилэг У  нарыг танина. Өмнө нь танилын холбоотой байсан, өөр ямар нэгэн холбоо байхгүй. Манай нөхөр Загдсүрэн 10 сая төгрөгний зээл банк бус санхүүгийн байгууллагаас аваад У т 9.900.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Бид хоёр тухайн үед хүүтэй мөнгө авч байгаагаа хэлж байсан. У  нь сарын дараа өгнө гэж хэлж авсан. 2013 оны 2 сарын 06-ны өдөр билүү 07- ны өдөр билүү У  миний ХААН банкны данс руу 500.000 төгрөгийг хүүний мөнгө гэж шилжүүлсэн. Мөнгө авахын урьд өдөр Түмэнбилэг манай нөхөртэй ярьж бид хоёрыг ирээд уулзаач гэж хэлсэн манай нөхөр бид хоёр очиж уулзахад багшид нь мөнгө хэрэгтэй байна, удаахгүй өгнө, удлаа гэхэд сарын дараа өгнө гэж хэлсэн. Түмэнбилэг болохоор бурхан бүтээж байгаа тэрэндээ хэрэглэх гэж байгаа гэж хэлж байсан. У  нь мөнгө авахдаа би ээжийнхээ өмнөөс явж байгаа гэж хэлсэн” /1 дүгээр хх-н 135/ гэж, хохирогч Пунцагийн Чулуунхүү “... би 2000 оноос эхлэн Түмэнбилэг гэх эмэгтэйг таних болсон бөгөөд миний хамтран амьдрагч Эрдэнэсувдын найз нь гээд Түмэнбилэг нь өөрийгөө үзмэрч, гоц чадвартай хүн, бөө мөргөлтэй гэж танилцуулсан. 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Түмэнбилэг манай эхнэр рүү залгаад уулзах хэрэгтэй байна гээд манай гэрийг заалгаад бидэнтэй ирж уулзсан. Өөрийгөө Ногоон дарь эхээр тодорч байгаа, тэгтэл ямар ч мөнгө төгрөггүй болоод байна, хүнээс хүүтэй ч хамаагүй зээлээд мөнгө төгрөг олоод өгөөч гэхээр нь одоогийн байдлаар мөнгө гээд байх юм алга байна гэж хэлээд өөртөө байсан 50.000 төгрөг өгөөд явуулсан. Маргааш өдөр нь байх, Түмэнбилэг манайд ирээд “Та хоёр л надад мөнгө олж өг, туслах зайлшгүй шаардлагатай байна, надад 7.000.000-8.000.000 төгрөг хэрэгтэй байна амь авраач, би мөнгө олохгүй бол үхэх гээд байна, 2014.05.07-ны өдрийн морин цагаас өмнө мөнгөтэй болохгүй бол үхэх гээд байна гээд шалаад, Түмэнбилэг, У  нар нь миний өмнө сөгдөөд, мөргөөд, уйлаад байсан. Тэгэхээр нь би барьцаа хөрөнгө байна уу, барьцаа хөрөнгө чинь хангалттай байвал би хүнээс мөнгө асууж өгье гээд өөрийнхөө танилууд руугаа утасдсан. Тэгээд өөрийн охин Болор-Эрдэнээс 2.000.000 төгрөг зээлээд, мөн хуучин ажиллаж байсан газрын тогооч Гаамаагаас 2.000.000 төгрөг зээлээд нийт 4.000.000 төгрөг болгоод үүнийгээ У т 2014.05.07-ны өдөр СХД- ийн нутаг дэвсгэрт Драгон төвийн урд өгсөн. Тэгээд байж байтал тэр өдрийнхөө 19:00 цагийн үед У , Түмэнбилэг нар нь манайд мөнгө өгсөнд баярлалаа, манай сахиус өөрт чинь баярлалаа гээд дуртай зүйлийг чинь өг гээд бид хоёр ном аваад ирлээ гээд ирж байсан. Тухайн үед Түмэнбилэг, У  нар нь надад баярласан талархсанаа илэрхийлээд мөнгөний бололцоотой болсоныхоо дараа тусламж үзүүлнэ гэж хэлж байсан. Тэр хоёр надад барьцаа болгож байрны бичиг өгнө гэж байснаа сүүлдээ тэр нь болохоо болиод өөр хүний нэр дээрх газрын бичиг авч ирж өгсөн. Одоо надад тэр газрын бичиг нь байгаа. Тэгээд 2014 оны 7 дугаар сарын эхээр Түмэнбилэг, У  нараас мөнгөө авахаар нэхэх гэхэд утас нь холбогдохгүй болоод, гэр орноор нь очтол гэртээ байхгүй байсан. Тэгээд Түмэнбилэгийн нөхөр Магсараас асуухад хаана байгааг нь мэдэхгүй, гэрээсээ яваад удаж байна гэж хэлсэн. Эхнэр бид хоёр Түмэнбилэг, У  нарыг хайсан боловч олдоогүй. Сарын хугацаатай зээлээч, хүү хамаагүй, зээлээр мөнгө олоод өгөөч гээд байдаг байсан. Надад мөнгө байхгүй гэхээр хүнээс ч хамаагүй зээлээд олоод өг 1 сарын хугацаатай гээд байдаг байсан юм аа. Надад тийм баримт байхгүй, гэхдээ У , Түмэнбилэг нар нь надаас мөнгө авахад У ийн танил Мандхай гэх эмэгтэй цугтаа л явж байдаг байсан. Надаас мөнгө авсаныг Мандхай гэрчлэх байх. Би бэлэн өгсөн 4.000.000 төгрөгөө л нэхэмжилнэ” /1 дүгээр хх-н 138-139/, “... надтай хамтран амьдрагч Эрдэнэсувд мэднэ. У  нь мөнгийг ирж авахдаа Мандах гэдэг хүнтэй ирсэн. Мандах тухайн үед У , Түмэнбилэг нарт үйлчилээд явж байсан” /1 дүгээр хх-н 141-142/, “... хэрэг прокурорт шилжсэнээс хойш нэг ч удаа уулзаж холбогдоогүй. У , Түмэнбилэг 2 анх надаас мөнгө зээлэхдээ БЗД-ийн Улиастайд байрлах хашаатай хоосон газрын гэрчилгээ үзүүлж надад барьцаа болгон өгч байсан. Тэгээд сүүлд нь эрүүгийн хэрэг үүсээд шалгагдах явцад уг газрын бичиг нь Мандхай гэх хүний эзэмшилийн газрын гэрчилгээ байсан. Гэхдээ тухайн үед Мандхай хүнээс худалдаж аваад өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байсан. Харин одоо тэр газар дээрээ өөрөө амьдарч гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлсэн байсан. Тэгээд тэр газрын гэрчилгээг Мандхай өөрөө надаас авч тэмдэглэл үйлдэж өгсөн юм. Би тухайн үеийн зүйлийг сайн санахгүй байна. Зүгээр л түр зуур таньд энэ газрыг барьцаалж байна, удахгүй зээлсэн мөнгийг чинь өгөөд буцаагаад авна гэсэн” /2 дугаар хх-н 166-167/, “... надад 4.000.000 төгрөгийн хохирол учраад байгаа. Би анх У т 4.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Түмэнбилэг гэх ээж нь надаас мөнгө төгрөг аваагүй. Анх Түмэнбилэг нь охин У ийнхээ хамт манай гэрт ирээд мөнгө төгрөгний хэрэгцээ гараад байна гээд байсан. Надаас мөнгө авсан цагаасаа хойш хохирлын мөнгө төгрөг өгөөгүй. Дашжамц, Мөнхцолмон нарыг танихгүй. Хараагүй, өмнө уулзаж байгаагүй. Маш их гомдолтой байна. Одоо 3 жил болчихлоо яагаад энэ хэргийг шийдвэрлэхгүй байгааг мэдэхгүй байна. Учирсан хохирлоо барагдуулж авмаар байна” /2 дугаар хх-н 174/ гэж, гэрч Түмэнбаярын Эрдэнэсувд “... 2014 оны 5 дугаар сарын эхээр хоногийг нь санахгүй байна, Түмэнбилэг манайд ирээд би их том зорилготой танайд ирлээ, та хоёр туслаач, манайх үе удмаараа Ногоон дарь эхээр тодрох гэж байгаа, энэ их нууц юмаа, хүнд битгий хэлээрэй гэсэн. Туслаач гэхээр нь Чулуунхүү 50.000 төгрөг Түмэнбилэгт өгсөн. Тэгсэн тэр өдрөө Түмэнбилэг манай нөхөр рүү яриад их мөнгө хэрэгтэй байна, У ийн хүүхдийг Ногоон дарь эхээр тодрох гэж байгаа манайд ирчихсэн Чулуунхүүтэй уулзаад сууж байсан би бурханаараа тангараг өгье гэж хэлээд хүзүүндээ зүүсэн бурханаа үзүүлсэн. Мандхай гэдэг охин машинаараа үйлчилж хамт ирсэн. Манай нөхөр Чулуунхүү гарч яваад 4.000.000 төгрөг өгсөн гэсэн. Хэнээс 4.000.000 төгрөгийг авч өгсөнийг би сайн мэдэхгүй. Тэгээд одоо сураггүй болчихоод сая 10 сард бид нарт хурим найр болоод асууж сураглах гэтэл Түмэнбилэгийг цагдаад баригдчихсаныг мэдсэн” /1 дүгээр хх-н 141-142/ гэж, гэрч Энхтөрийн Мандхай “... 2014 оны 5 дугаар сарын дундуур байх хоногийг нь тодорхой санахгүй байна, намайг нэг өдөр гэртээ байж байхад манай хадам ээж Оюунцэцэг над руу утсаар яриад миний охин яваад Түмээ эгчийгээ аваад ир манайд ирж надтай уулзмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би анх Түмэнбилэгийг авахаар циркийн ертөнцийн зүгээр зүүн талд нь орифлейм гэдэг байрны үүдэнд дуудахад нь очоод авсан. Тэгээд манайхаас мөнгө асуухаар нь би манайх мөнгө байхгүй гэсэн тухайн үед Ногоон дарь эхээр тодорсон гээд юм яриад байсан. Би тэгээд дүү нь мөнгө алга машин тэргээрээ үйлчилж туслая гэж хэлсэн. Эхний өдөр би ээжийнхээ машиныг унаад Түмэнбилэгийн ажилд нь явж өгсөн. Тэгээд Чулуунхүү гэдэг айлд очсон. Би Чулуунхүүгийн гэрт нь Түмэнбилэгийг дагаж ороход Ногоон дарь эхээр тодорсон гээд уйлж унжаад мөнгө гуйгаад байсан. Чулуунхүү ах авдарнаасаа 50.000 төгрөг гаргаж өгсөн. Тэгэхэд У  Түмэнбилэг нар хоёулаа байсан. Ахад нь байгаа мөнгө нь л энэ байна гэж хэлж өгсөн. Тэгээд ах нь мөнгө олж өгье гэж хэлсэн. Маргааш нь дахиад У тэй Чулуунхүү ахынд ирэхэд би найзынхаа машиныг унаж ирсэн. Тэгээд Чулуунхүү ах эдийн засагч хийдэг залуугаас 2 сая төгрөг, бас манай энд тогоочоор ажилд орсон эгчээс 2 сая төгрөг аваад өгье гэж хэлсэн. Өглөө эрт У  Чулуунхүү ах бид гурав яваад Таван шарын Драгоны АТМ-ээс 2 сая төгрөг авсан. Тогооч эгчээс нь нэрийг нь мэдэхгүй 2 сая төгрөгийг бэлнээр авч У т тоолоод өгч байхад би хажууд нь байсан. У  нь Чулуунхүүгээс бэлнээр 4 сая төгрөг авсан. Ямар ч баримт үйлдээгүй” /1 дүгээр хх-н 143-144/ гэж, хохирогч Хишигийн Жаргал “... би өөрийн үеэл Өлзийхутагаар дамжуулан Дашцамжтай танилцсан. Дашцамж нь У ийн төрсөн дүү буюу Түмэнбилэгийн төрсөн хүү нь байгаа юм. 2013 оны 12 дугаар сард байх Дашаатай уулзахад найз нь гэр бүлээрээ хувийн бизнес хийж байгаа гэж байсан. 2014 оны 1 дүгээр сар буюу Цагаан сарын үед Дашаа надтай уулзаад найздаа сарын хугацаатай 2.000.000 төгрөг зээлээч гэхээр нь би эхлээд зээлэх гэж байгаад сүүлдээ боломжгүй болоод, мөнгө зээлэх боломжгүй талаараа хэлсэн чинь Дашжамцын эгч нь У  гэх эмэгтэй над руу залгаад мэссэж бичээд “ Манай хүүхдийн бие нь маш муу байна, чи надад мөнгө зээлээч, их удлаа гэхэд сарын дараа өгнө, чамаас авсан мөнгөө хүүтэй нь өгнө гэсэн ба яг тэд эд гэж хүү заагаагүй. 2014.01.18-ны өдөр байх 1.800.000 төгрөгийг бэлнээр ЧД- ийн 4-р хороо, Ард кино театрын урд У ийн нөхөр Мөнхцолмон, Дашжамц нартай уулзаад өгсөн. Тухайн үед Мөнхцолмон, Дашжамц нар миний мөнгийг авсан, бид хоорондоо ямар нэг гэрээ контракт үйлдээгүй, мөнгө авсан өгсөн баримт үйлдээгүй. 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр У  өөрийн 94804437 дугаарын утаснаас залгаад надад мөнгө зээлээч, одоо л надад туслахгүй бол чиний өгсөн мөнгө хэрэгггүй болох гээд байна, надад туслаад сарын хугацаатай зээлчих гээд байхаар нь У ийн нөхөр Мөнхцолмонд Их дэлгүүрийн урд 500.000 төгрөг бэлнээр өгсөн. 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр У  над руу дахин залгаад одоо 800.000 төгрөг зээлээч, яаралтай хэрэг болоод байна, энэ мөнгийг өгчихвөл болох гээд байна гээд байхаар нь У ийн нөхөр Мөнхцолмонд Их дэлгүүрийн урд 800.000 төгрөг бэлнээр өгсөн. 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр У  над руу залгаад эгчдээ 2.500.000 төгрөг олоод өгчих, тэгэхгүй бол ажил бүтэхгүй байна, ажил бүтэхгүй бол чиний мөнгийг өгч чадахгүй гээд байхаар нь сарын хугацаанд гайгүй байлгүй гээд өөрийнхөө үнэт эдлэлийг барьцаалж, найз нөхдөөсөө мөнгө зээлж аваад 2.500.000 төгрөг болгоод Их дэлгүүрийн урд Мөнхцолмонд өгсөн. Тэгээд өгсөн мөнгөнөө бодтол нийт 5.600.000 төгрөг өгсөн байсан. Ер нь бол У  над руу байнга залгаад “Надад дахиад мөнгө өгөөч ээ” гээд залгах болон мэссэж бичээд л байдаг байсан. Мэссэж бичихдээ “Эгч нь 2 охинтой, бие нь маш муу байгаа, эмчилгээ хийлгэхэд мөнгө хэрэгтэй байна, миний ажлыг бүттэл хүлээж дийлэхгүй байх гэх зэргээр надруу төрөл бүрийн зовлон тоочоод мэссэж бичээд л байдаг байсан. Тэгээд би мөнгөө нэхэж 2014.02-р сарын 10-наас эхлээд У  рүү залгахаар миний утсыг авахгүй, эсвэл аваад завгүй байна, ажилтай байна, хүүхдээ эмчлүүлээд явж байна, мөнгөний ажил хийгээд явж байна, ажил бүтэж байгаа, санаа зоволтгүй зэргээр мэссэж бичдэг байсан. Тэгээд би нөхөр Мөнхцолмон руу нь утсаар холбогдохоор утсаа салгаад алга болчихдог, Дамшжамцруу залгахаар “Ажил бүтэмжтэй байна, битгий санаа зовоорой гэх зэргээр мэссэж биччихээд утсаа салгаад алга болчихдог байсан. Түмэнбилэг буюу ээжийг нь танихгүй, У , Мөнхцолмон, Даш нарыг бол танина. Сарын хугацаатай зээлээч гэж хэлдэг байсан. Танидаг хүмүүсээсээ зээлээд ч болов мөнгө олоод өгөөч, хүүний тал дээр санаа зоволтгүй гээд байдаг байсан. Миний хувьд хүү өгнө гээд байхаар нь итгээд зээлчихсэн юм. Миний хувьд энэ хоёрыг хаана байгаа гэдгийг нь мэдэхгүй. Дашжамцын утас нь 88945397 гэсэн дугаартай, Мөнхцолмонгийн утсыг мэдэхгүй. Мөнхцолмон, Дашжамц нар ирээд аваад явдаг байсан, гэхдээ Мөнхцолмон, Дашжамц хоёр мөнгөө У т өгдөг байсан. У  над руу залгаад эгч нь чиний өгсөн мөнгийг хүлээж авсан гэх зэргээр яриад байдаг байсан. Би бэлэн өгсөн 5.600.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн хүүгээ нэхэмжилнэ. Би эхлээд мөнгөгүй гээд энэ хүмүүст мөнгө өгөх боломжгүй байтал У  нь над руу байнга минут бүр шахуу залгаад мэссэж бичээд мөнгө зээлүүлээч гээд байдаг байсан тэгээд л би итгээд мөнгө зээлүүлсэн” /1 дүгээр хх-н 152/, “... Дашжамц Мөнхцолмон хоёр надаас цувуулж нийт 5.600.000 төгрөгийг бэлнээр авсан. Баримт байхгүй. Над руу У  өдөр шөнөгүй мессеж бичээд хүүхэд өвдөөд эсхүл банкнаас зээл авна удахгүй өгнө гэдэг байсан. Мижиддорж гэдэг манай найз надтай цуг очдог байсан болохоор гэрчилнэ. Утас нь 99609248 дугаарын утастай. С-1 телевизид сэтгүүлч ажилтай. Дашжамц, Мөнхцолмон хоёр мөнгө аваад 7 хоногийн дараанаас утсаа аль аль нь салгаад алга болсон. Мөнгө авахаасаа өмнө өдөр болгон утсаар ярьж мессеж бичдэг байсан. Иймд бүгдэд нь гомдолтой байна. Мөнхцолмон Дашжамц нарыг У  нь нуугаад цагдаад хаана байгааг нь хэлэхгүй байгаа” /1 дүгээр хх-н 153/ гэж, гэрч Нацагмаагийн Магсар “... би эхнэр Түмэнбилэгтэй гэр бүл болоод 30 жил болж байгаа бөгөөд 1984 онд гэрлэлтээ батлуулсан, бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй, хоёр охин нэг хүүтэй. Том охин У  маань 28 настай, Дархан-Уул аймгаас нөхөртэй болоод 2 охинтой болоод манайд амьдарч байгаад сүүлд ээжийгээ дагаад явсан, 2 дахь охиныг маань Жавзмаа гэдэг СХД-ийн Эмээлтэд нөхөр хүүхдийн хамт амьдарч байгаад салчихсан. 3 дахь хүүг маань Дашжамц гэдэг бөгөөд одоо 25 настай, Сутай дээд сургуулийг менежрээр суралцаж төгссөн, 2014.01.29-ний өдөр ээжтэйгээ уулзана гэж хэлээд яваад одоо хүртэл ирээгүй байна. Манайх ЧД-ийн 19-р хороо, Тахилтын 4-23 тоотод оршин суудаг, энэ хаяг дээр маань эхнэр хүү бид 3 бүртгэлтэй байдаг юм. Эхнэр Түмэнбилэг маань сувилагч, багш мэргэжилтэй хүн байсан бөгөөд гэр зуураа олон жил байсан, гэртээ байх хугацаандаа хүмүүсийн толгой барих зэргийг хийдэг байдаг байж байгаад сүүлдээ бөө мөргөлийн шашинтай боллоо гээд хүмүүс үзэж хараад мэргэлээд явдаг болсон. Эхнэр маань 2014.01.05-ны өдөр Орос явлаа, юм үзэж харна гээд явсан. Түүнээс хойш ирээгүй. Хэзээ Монголд орж ирсэн гэдгийг нь мэдэхгүй байна. Сүүлийн үед манайхаар олон хүмүүс ирээд эхнэр чинь хаана байна надаас мөнгө авсан, түүнийгээ өгөхгүй алга болчихлоо гэх зэргээр надаас нэхээд байх болсон. Эхнэр Түмэнбилэг маань өмнө нь ийм залилангийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Миний сураг сонссоноор хадам ээж, төрсөн дүү Цэвэлмаа болон ах дүү нараараа нийлээд хүмүүс залилаад яваад байгаа сурагтай байсан. Яаж яваад байгааг нь би мэдэхгүй. Энэ хүмүүс хаана яваад байгааг мэдэхгүй байгаа бөгөөд би өөрөө ч хайгаад олохгүй байгаа юм. Одоо надад ямар ч утасны дугаар алга байна, эхнэр маань эхэндээ дугаараа нууцалсан утаснаас залгадаг байж байгаад одоо дахин залгахаа ч больсон. Харин охин У  маань залгадаг, бие хаа чинь сайн уу гэж асуудаг, өөр онц зүйл ярьдаггүй. Хамгийн сүүлд 2014.06.04-ний өдөр 95981672 гэсэн дугаараас залгасан. Энэ дугаар руу нь буцаагаад залгахаар холбогдох боломжгүй гээд байгаа. Би эхнэрийгээ хаана байгаа талаар мэдэх зүйл алга байна. Холбогдвол цагдаагаас асууж сураглаж байгаа талаар хэлье гэж бодож байна” /2 дугаар хх-н 19/ гэж тус тус мэдүүлжээ. Нэр бүхий хохирогч, гэрч нарын дээрх мэдүүлгүүд нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэгдсэн буюу шүүгдэгч М.У  гэм буруутайг нотолно. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.У  нь өөрийн төрсөн эх Т.Түмэнбилэгийн хамтаар 2013 оноос 2014 оны хооронд хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг давтан үйлдлээр үйлдэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан онц их хэмжээний хохирол учруулжээ. Харин шүүгдэгч М.У тэй бүлэглэж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн түүний төрсөн эх, яллагдагч Т.Түмэнбилэгт холбогдох “... М.У тэй бүлэглэж, 2014 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр иргэн У.Загдсүрэнгээс 10.000.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сараас эхлэн удаа дараагийн давтан үйлдлээр иргэн С.Баттөрөөс нийт 40.000.000 төгрөг тус тус залилан мэхлэж авсан” гэх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр прокурорын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 228 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож /2 дугаар хх-н 204-205/, улмаар яллагдагч Т.Түмэнбилэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар ял өөрчлөн сонсгожээ. /2 дугаар хх-н 206-207/ Түүнчлэн яллагдагч Т.Түмэнбилэгт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан хэргийг прокурорын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 229 дугаартай тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй. /2 дугаар хх-н 208-209/ Эрүүгийн хэрэг үүсгэгдэн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байх хугацаанд шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнээр яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулиар хэргийг зүйлчилсэн нь үндэслэлтэй буюу прокуророос шүүгдэгч М.У ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялласан нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Тухайлбал шүүгдэгч М.У  бусдад нийт 44.842.500 төгрөгийн хохирол учруулсан нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан “үлэмж хэмжээний хохирол”-д хамаарахаас гадна, гэмт хэргийн шинжийн хувьд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “... хуурч, ... сүсэг бишрэлийг далимдуулах, ...” гэсэн шинжүүдтэй нийцнэ. Шүүгдэгч М.У ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангилалаараа “... гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэрэгт хамаарна. Шүүхээс шүүгдэгч М.У т ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзав. Тэрээр өрх толгойлсон эмэгтэй, 4 хүүхэдтэй, хоёр ихэр хүүхэд нь гурван нас хүрээгүй, төлбөрийн чадваргүй болох нь; 1. Ш.Мөнхцолмон, М.У  нараас төрсөн Мөнхцолмонгийн Мөнхжин /охин/ 2009 оны 10 дугаар сарын 30-нд төрсөн, 2. Ш.Мөнхцолмон, М.У  нараас төрсөн Мөнхцолмонгийн Мишээл /охин/ 2011 оны 9 дүгээр сарын 15-нд төрсөн, 3. М.У ийн Анар /хүү/ 2015 оны 9 дүгээр сарын 21-нд төрсөн, 4. М.У ийн Аморэ /хүү/ 2015 оны 9 дүгээр сарын 21-нд төрсөн гэсэн хүүхдүүдийн Төрснийн гэрчилгээний хуулбарууд болон бусад бичигийн баримтуудад тусгагджээ. Шүүгдэгч М.У ийн дээрх хувийн байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх зэрэг байдал нь түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулах үндэслэл болно. Хохирол төлбөрийн хувьд; Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2 дугаар хавтаст хэргийн 225 дугаар хуудсанд; “М.У т холбогдох хэргийн хохирлын тооцоо” гэсэн прокурорын гаргасан баримт авагдсан байна. Иймд шүүгдэгч М.У ийн бусдаас авсан нийт 44.842.500 төгрөгний төлөгдөөгүй төлбөр болох 35.042.500 төгрөгийг шүүгдэгч М.У ээс гаргуулж, хохирогч С.Баттөрд 18.042.500 төгрөг, хохирогч У.Загдсүрэнд 9.400.000 төгрөг, хохирогч Х.Жаргалд 5.600.000 төгрөг, хохирогч П.Чулуунхүүд 2.000.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч М.У  2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдрийн хүртэл нийт 38 хоног цагдан хоригджээ. /2 дугаар хх-н 107, 114, 115/,

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. У ийг залилах гэмт хэргийг хуурч, сүсэг бишрэлийг далимдуулан, үлэмж хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. М.У ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 3. М.У т оногдуулсан 2 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. М.У  38 /гурчин найм/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

5. М.У т оногдуулсан 2 жил хорих ялын шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

6. Ялтан М.У  хүүхдээ асарч хүмүүжүүлхээс зайлсхийсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 7. Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд ялтан М.У  санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг дурдсугай.

8. Ялтан М.У т оногдуулсан 2 жил хорих ялыг хойшлуулсан хугацаанд түүнд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан М.У ээс нийт 35.042.500 төгрөг гаргуулж хохирогч С.Баттөрд 18.042.500 төгрөг, хохирогч У.Загдсүрэнд 9.400.000 төгрөг, хохирогч Х.Жаргалд 5.600.000 төгрөг, хохирогч П.Чулуунхүүд 2.000.000 төгрөг тус тус олгосугай.

10. Шийтгэх тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.У т урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ