Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 124/ШШ/2023/28

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл би Өмнөговь сумын 5-р баг, 705 тоотод оршин суух иргэн Ө.У-ийн “Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/25 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй, Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Ө.У шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Ө.У миний бие Увс аймгийн Өмнөговь суманд 1985 оны 03 дугаар сарын 02-нд төрсөн. Яс үндэс дөрвөд нөхөр хоёр хүүхэдтэй. Дээд боловсролтой. Улаанбаатар хотод Хөгжим бүжгийн коллежийн Уртын дууны ангид 2005 онд элсэн орж, Уртын дуучин мэргэжлээр 2010 онд төгссөн. 2010 оны 08 дугаар сарын 01-нд Увс аймгийн Ойрад ХЖ-ийн театрт уртын дуучнаар ажилд орж 2010-2013 оны хооронд ажилласан. 2013 -2018 оны хооронд Увс аймгийн Өмнөговь сумын Соёлын төвийн дарга, 2018-2020 оны хооронд тус сумын Соёлын төвийн бүжгийн багш, 2020-2023 оны 3 сар хүртэл Соёлын төвийн өвийн ажилтнаар тус тус ажилласан.

Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 тоот захирамжийн дагуу Увс аймгийн Өмнөговь сумын Соёлын төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж эхэлсэн. Ажлаа хэвийн явуулж байтал 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/25 тоот захирамжаар ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн. Миний бие энэ захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны Б/25 тоот захирамжийг хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч Увс Өмнөговь сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  “Ө.У-ийн Өмнөговь сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/25 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлтэй танилцлаа. Өмнөговь сумын Соёлын төвийн эрхлэгчийн сул орон тооны захиалгыг төрийн албаны зөвлөлд одоогоор тэнцсэн хүн байхгүй байна. тиймээс Ө.У-г үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон тул Ө.У-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ө.У нь шүүхэд “Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/25 тоот захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

2. Маргаан бүхий захиргааны акт буюу Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2023 оны 09 сарын 16-ны өдрийн 26 дугаар захирамжаар Соёлын төвийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.У-г үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга Б.Коля нь Өмнөговь сумын Соёлын төвийн эрхлэгчийн сул орон тоонд тэнцсэн хүн байхгүй тул Ө.У-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тухай хүсэлтийг бичгээр ирүүлжээ.

3. Хариуцагч Өмнөговь сумын Засаг дарга тус сумын Соёлын төвийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч  Ө.У-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч түүнийг үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн  нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан иргэн Ө.У-аас ирүүлсэн “Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/25 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Ө.У-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргад холбогдох 124/2023/0028/з индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.У-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай

             

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ОЮУНГЭРЭЛ