Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/394

 

Г.Г-д холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Баянжаргал,

хохирогч Ё.Н-ийн өмгөөлөгч Э.Нямжав,

шүүгдэгч Г.Г-, түүний өмгөөлөгч Г.Ганбат,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Ё.Н-, шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Г.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Г-д холбогдох эрүүгийн 2111 00423 1146 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Г.Г-, 1991 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

             Г.Г- нь 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 11 цагийн үед, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Органик” хүнсний дэлгүүрт үйлчлүүлж байсан Ё.Н-тэй маргалдаж, түүнийг түлхэж унагаах, гараараа цохих, өшиглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь “баруун шаант ясны дээд булуу хэсгийн битүү хугарал, өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний арын эврийн урагдал, баруун өвдөгний үений дотор хажуу доод хэсэг, зүүн гуяны урд дунд гадна хэсэгт цус хуралт, тархины доргилт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-аас нийт 1.140.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ё.Н-т олгож, шүүгдэгч Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Ё.Н- гаргасан давж заалдах гомдолдоо: “...миний бие мөрдөгчид “Манал оточ, Мөнгөн гүүр эмнэлгийн баримтуудаас гадна, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Элма хужирт сувилал”-д хэвтэн эмчлүүлсний төлбөр 280.000 төгрөг, мөн өдрийн Улаанбаатараас Өвөр хужирт явах тээврийн зардалд 27.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр буцах тээврийн зардалд 27.000 төгрөгийн НӨАТ-ын баримтууд, кассын ордер, дансны хуулга зэрэг баримтуудыг эх хувиар гаргаж өгсөн юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэж, мөн хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирогчийн гаргаж өгсөн ... баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч хүлээн авч, тэмдэглэл үйлдэн хавтаст хэрэгт тусгаж хавсаргана” гэж тус тус заажээ. Мөрдөгч нь дээрх заалтуудын дагуу надаас гаргаж өгсөн баримтуудыг хүлээн авсан. Түүнчлэн Эм Жи Жи сувилалд 2021 оны 10 дугаар сарын 7-ноос 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хооронд хэвтэн сувилуулсны төлбөрт 70.000 төгрөг төлсөн баримтаа эх хувиар хэрэгт хавсаргасан. Иймд дээрх баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г-аас 1.544.000 төгрөгийг гаргуулан надад олгохоор шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Г.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г- нь уг үйл явдлыг харсан Д-гийн утасны дугаарыг бичиж мэдүүлсээр байтал мөрдөгч, прокурорын зүгээс гэрчийн мэдүүлэг аваагүй. Хохирогч нь “...хөл доор нь нэг залуу суучихсан тэр хоёр хоорондоо муудалцаад байх шиг байсан...” гэж мэдүүлсэн бөгөөд мөрдөгчөөс “Тухайн эмэгтэй таныг зодсон гэх үед өөр хүн байсан уу гэж асуухад “...лангууны ар талд нэг эрэгтэй хүн байсан...” гэж хариулдаг. Тэгвэл лангууны ар талд байсан гэх эрэгтэй буюу Д- нь энэ үйл явдлыг хамгийн ойроос харсан гол гэрч байхад түүнээс нэг ч удаа гэрчээр мэдүүлэг аваагүй. Түүнчлэн хохирогчоос “...миний гар утсыг Г- эвдсэн...” гэж мэдүүлсээр байхад уг асуудлыг шалгаагүй хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

            Хохирогч Ё.Н-ийн өмгөөлөгч Э.Нямжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Элма хужирт” сувилалд хэвтэн эмчлүүлсний төлбөр 280.000 төгрөгийг нэхэмжилсэн. Уг баримт нь эх хувиараа хавтас хэрэгт авагдсан байгаа. Мөн өдрийн Улаанбаатараас-Өвөр хужирт явах тээврийн зардалд 27.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр буцах тээврийн зардалд 27.000 төгрөг төлсөн НӨАТ-ын баримтууд, кассын ордер, дансны хуулга зэрэг баримтуудыг эх хувиар гаргаж өгсөн юм. Түүнчлэн хавтас хэргийн 191 дүгээр хуудсанд “Эм Жи Жи” сувилалд 2021 оны 10 дугаар сарын 7-ноос 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хооронд хэвтэн сувилуулсны төлбөрт 70.000 төгрөг төлсөн баримтаа эх хувиар хэрэгт хавсаргасан. Иймд дээрх баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г-аас 1.544.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд хариу тайлбар хэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлогдвол зохих байдлууд бүрэн нотлогдсон. Мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох процессийн ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл байхгүй. Гар утасны асуудлыг ярьж байна. Гар утсыг аваад шидсэн нь үнэн. Гэхдээ хохирогчийн зүгээс гар утастай холбоотой нэхэмжлэл гаргаагүй. н.Д- гэх гэрчээр юуг нотлуулах гээд байгаа нь тодорхойгүй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Г.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорт маш их гомдолтой байна. Учир нь, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт прокурор ялын санал гаргахдаа миний биеийн хэлэмжийг иш татаад “5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн байдаг. Би анх удаа ийм хэрэгт холбогдож, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Хурлын үеэр маш их сандарсан. Тайлбараа сайн өгч чадаагүй. Би хавтаст хэргийн материалтай бүрэн гүйцэд танилцаагүй байсан. Хохирогчийн нөхөр болон тухайн үед дэлгүүрийн гадаа явж байсан гэх эмэгтэй гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Өөр ямар ч гэрчийн мэдүүлэг байдаггүй. Тухайн үед дэлгүүрийн гадаа гурван эрэгтэй тамхи татаад зогсож байсан. Мөн дэлгүүр дотор байсан гэрчүүд байдаг. Прокуророос би “Та намайг хохирогчийг санаатай зодож гэмтээсэн гэх үндэслэлээр яллаж байна. Би үнэндээ хохирогчийг зодоогүй. Харин 2-3 цагийн турш хохирогчийн бүдүүлэг үйлдлийг тэвчсэн” гэж хэлсэн. Хохирогч тухайн үед зураг дарсан, бичлэг хийсэн. Би боль гэж шаардсан боловч болиогүй. Тэгэхээр нь би гар утсыг нь шүүрч аваад “Цагдаа ирэхээр аваарай” гэж гэсэн. Тэгсэн над руу дайрсан. Ийм л үйл явдал болсон. Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна. ...” гэв.

            Прокурор Ж.Баянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийг цагаатгах байр суурьтай оролцож байсан. Гэрч У- нь Г-, Н- нарыг зодолдож байхыг харсан байдаг. Гэрч У-, Д-, хохирогч Н- нарт хууль сануулж мэдүүлэг авсан. Гэрч У- нь хохирогчтой ямар нэгэн байдлаар холбоогүй, хуульд заасан эрх, үүргээ ойлгосны үндсэн дээр үнэн, зөв мэдүүлгээ өгсөн. Хувийн ашиг сонирхол байхгүй. Мөн Г- нь “Н-т гар хүрээгүй, зодоогүй” гэж мэдүүлдэг боловч хохирогч Н-ийн нөхөр Д-ын мэдүүлгээр үгүйсгэгддэг. Гэрч Д- мэдүүлэхдээ “Намайг очиход Г- нь манай эхнэрийг зодож байсан. Яагаад зодож байгаа юм бэ” гэхэд, “Уучлаарай ах аа” гэх хариултыг өгсөн. Манай эхнэрийн хөл өмнө нь өвдөж байгаагүй эрүүл байсан. Тухайн үед нилээн зовуурьтай, алхаж чадахгүй байсан” гэсэн байдаг. Г- хохирогчийг дэлгүүрийн гадаа зодсон байдаг. Уг байдлыг гэрч У- харсан. Камерын бичлэгт мөрдөгчөөс үзлэг хийхэд тухайн өдрийн бичлэгийг устгасан байсан. Энэ талаар мөрдөгч тэмдэглэл үйлдсэн. Хохирогчийн гар утсыг шидсэн үйл баримт тогтоогддог. Гэвч хохирогч Н-ээс гар утастай холбоотой нэхэмжлэл гаргаагүй. Гар утастай холбоотой асуудлыг шалгуулах хүсэлт гаргаж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах хүсэлт гаргаж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Мөн хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс нотлох баримтын шаардлага хангасан баримтыг үндэслэж шүүгдэгч Г-аас нийт 1.140.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор заасан. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Г.Г-ыг “2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 11 цагийн үед, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Органик” хүнсний дэлгүүрт үйлчлүүлж байсан Ё.Н-тэй маргалдаж, түүнийг түлхэж унагаах, цохих, өшиглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Г.Г-ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон тухайн зүйл, хэсэгт зааснаар хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг биелүүлэх хугацаа, хариуцан арилгавал зохих хохирлын хэмжээг тус тус тогтоож шийдвэрлэжээ.

            Гэвч дээрх байдлаар шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Г.Г-д тухайн зүйл, хэсэгт заасан ялын хамгийн хөнгөн төрлийг сонгож оногдуулах болсон шалтгаан үндэслэлээ тусгаагүйн гадна, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал”-ын талаар гаргасан санал, үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгээгүй, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхтэй холбогдсон асуудлаар огт хууль зүйн дүгнэлт хийгээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагуудыг баримтаар нотлогдсон хэмжээнд хэрхэн үнэлсэн, зарим шаардлагыг хангаагүй орхих болсон үндэслэлээ бичээгүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсгийн 3.1, 3.5 дахь заалтуудын шаардлагад нийцээгүй байна.

            Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

            Ийнхүү ял оногдуулахдаа шүүх хууль ёсны болон шударга ёсны зарчмыг чанд баримталж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн төрөл, хэмжээний ялыг сонгон оногдуулах талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

Нөгөөтэйгүүр, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага нь хэрэг, маргаантай холбоотойгоор шүүх хуулийг зөв хэрэглэсэн байх явдал юм.

            Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг зааснаас гадна, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн зарим хэсэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хязгаартай хэрэглэхээр хуульчилсан.

            Шүүгдэгч Г.Г-ын холбогдсон “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” /Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг нь эдгээрийн алинд ч хамаараагүй байна.

            Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж,

            - мөн зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж,

            - 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасан.

            Хэдийгээр шүүгдэгч Г.Г- нь гэм буруугийн асуудлаар маргадаг боловч анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт заасны дагуу түүний гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргээс хамааран Өршөөл үзүүлэх тухай хуулийн аль зүйл, заалтыг хэрэглэх эсэх талаар дүгнэлт хийх учиртай.

            Өршөөл үзүүлэх нь Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчмын биелэлт түүний хэрэгжүүлж буй төрийн үйл ажиллагааны бодит илрэл бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээд болон ял эдэлж байгаа ялтнуудын үйлдсэн гэмт хэргийн эрх зүйн үр дагаврыг хүчингүй болгож эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахаар Улсын Их хурлаас хууль тогтоох замаар хэрэгжүүлдэг онцгой үйл ажиллагаа болохыг хойшид анхаарах нь зүйтэй.

            Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан.

            Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд эдгээр асуудлыг нөхөн гүйцэтгэж, зөвтгөн шийдвэрлэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Г.Г-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

            Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Г.Г-ын хувийн байдлыг харгалзан түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хохирогч Ё.Н-ийн “хариуцан арилгавал зохих хохирлын хэмжээг нэмэгдүүлэх”, шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Г.Ганбатын “мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Г-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН