Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 124/ШШ/2023/29

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

                 татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл би Б.Б-н “Сагил сумын Засаг даргын 2022.12.02-ны өдрийн А/123 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй, Увс аймгийн Сагил сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б миний бие эхнэр Н-тэй гэр бүл болоод 13 жил болох хугацаанд сайхан амьдарч байсан. Энэ хугацаанд 4 хүүхэд төрүүлсэн. Том хүүхэд нь 11 нас, дараагийн хүүхдүүд 9 нас, 3 нас, 2 настай. Эхнэр Н нь 3 дахь төрүүлснээс хойш бие нь өвдөж эмнэлгийн оношоор 2020 оноос эмнэлгийн хяналтад орж эмчилгээ хийлгэж байсан. Сүүлийн үед өвчин хүндэрч эмчлэгч эмчийн заавар зөвлөгөөгөөр элэг солиулах шаардлагатай гэсэн онош гарсны дагуу эмчлэгч эмч Н.Т 2022.08.22-ны өдөр элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх эмчилгээний зардлын талаар буюу эмчилгээний талаар албан ёсны төлөөлөгчийн газарт хүсэлт гаргаж хандсанаар хариу нь Энэтхэг улсад эмчлүүлэх боломжтой хариу ирснээр 2022 оны 8 дугаар сард эмчлэгдэж байгаад 2022 оны 9 сарын 01-ний өдөр эхнэр Н маань нас барсан.

Ингээд 4 өнчин хүүхэдтэй хоцорсон, хань ижил маань өнгөрөөд сэтгэлийн дарамттай байхад хадам аав, ээж 2 миний 4 хүүхдийг авчхаад өгөхгүй байгаа. Хүүхдүүдийн сэтгэл санааг эвдэж, намайг чи хүүхэд авах эрхгүй мэтээр хандаж эцгээс нь хууль бусаар холдуулсан. Түүгээр ч барахгүй хадам аав Б Сагил сумын Баянзүрх багийн Засаг дарга хийдэг бөгөөд энэ албан тушаалаа ашиглаж сумын Засаг даргад эхнэрээ нас барснаас хойш хүүхдүүдээ асрахгүй байгаа мэтээр ойлгуулж, энэ байдлаа хүүхдийн байгууллагад хандсан байдаг. Ингээд миний 4 хүүхдийг хадам аав Б-ийн хүсэлтээр түүний асрамжид өгсөн байна. Эрх бүхий албан тушаалтан бусдын эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргаж байж ямар нэг байдлаар мэдэгдээгүй бөгөөд ямар ч үндэслэлгүйгээр хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан гэж үзэж байна. Намайг 4 хүүхдийн маань эцэг байх эрхийг минь хязгаарласан шүүхийн шийдвэр ч байхгүй эрх бүхий байгууллагаас тогтоосон ямар нэг шийдвэр байгаагүй байхад хадам аав Б-ийн асран хамгаалагчаар тогтоож миний эрх ашгийг хөндсөн шийдвэрийг Сагил сумын Засаг дарга гаргасан байна. Энэхүү Сагил сумын Засаг даргын захирамжийг хянуулахаар Увс аймгийн Засаг даргад хандсан боловч шийдвэрлэх боломжгүй шүүхэд хандана уу гэсэн хариу өгсөн.

Би эхнэрээ өнгөрсний дараа намар цаг болж байсан учраас малынхаа өвс тэжээлийг бэлтгээд, хашаа хороогоо янзлаад завгүй гүйж явах хугацаанд ийм явдал болсон байна. 2022 оны 10 сараас хойш 4 хүүхдээ өөр дээрээ авахаар аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар хандсан. Гэтэл намайг хүүхдээ хаясан тэр асуудлаа шүүхээр шийдвэрлүүл гэж хэлсэн. Хуулиар олгогдсон эрх зүйн байдлыг минь дэндүү дордуулсан, нутаг усанд минь миний нэр хүндийг унагаах үйл ажиллагаа явуулсан. Төрүүлсэн эх нь өнгөрсөн ч төрсөн эцэг нь байхад багийн Засаг дарга Б, сумын Засаг дарга С нар хуйвалдаж хадам аав Б-г асран хамгаалагчаар тогтоож шийдвэрлэсэнд харамсаж байна.

Миний хувьд хадам аав, ээж нар надад гомдох зүйл байхгүй гэж бодож явдаг. Яагаад гэвэл 2020 оноос эхнэр өвдөж эхэлснээс гадаа байсан малаа зарж мөнгө болгож эмчилгээ хийлгэж байсан. Харин Энэтхэг улс руу эмчилгээнд явуулах зардал олж чадаагүй гэдэгт надад гомдож байж магадгүй гэж боддог. Харамсалтай нь гадаад улсад эмчлүүлэх зардал нь бид нар малаа зараад ч хүрэхгүй байсан. Хэрэв өвчний хугацаа байсан бол сум орон нутагтаа болон ах дүү найз нөхдөөс хандивын аян зохион байгуулж явах байсан. Гэтэл хандивын аяныг зохион байгуулах гэж байтал эхнэр маань өнгөрсөн. Иймд Увс аймгийн Сагил сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/123 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Сагил сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус сумын 3-р багийн иргэн Б.Б-ийн нэхэмжлэлд миний биеийг хадам аав Б-тай хуйвалдаж асран хамгаалагчаар тогтоосон мэтээр бичсэн байгааг би эсэргүүцэж байна. Б.Б нь 2022 оны 10 дугаар сараас хойш 4 хүүхдээ өөрөө авч асран хамгаалахаар өдий хүртэл хадам аав ээжтэйгээ үг хэлээ ололгүй яваад одоо шүүхээр шийдвэрлүүлэхээр явааг мэдлээ. Би захирамжийг тодорхой баримтыг үндэслэн түр асран хамгаалагчаар тогтоосон. Хэрэв шүүх захирамжийг хууль бус гэж үзвэл захирамжаа цуцлахад бэлэн байна” гэжээ.

Гуравдагч этгээд Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “"Миний охин Б овогтой Н нь 2022 оны 09 дүгээр сарын 01- ний өдөр өвчний улмаас нас барсан. Охин маань Б.Б гэгчтэй гэр бүл болоод 13 жил болсон бөгөөд тэдний дундаас Б.Х, Б.С, Б.А, Б.А нар төрсөн. Зээ нар маань одоо 2, 3, 10, 12 насны хүүхдүүд байдаг. Охин маань хүнд өвчин тусаад сүүлийн 2 жилийн хугацаанд байнга эмнэлэг эргүүлж, эмчилгээ хийлгэж байсан. Хүргэн Б.Б нь гэр бүл болсон цагаасаа хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Сүүлийн жилүүдэд уух нь ихсэж, уусан үедээ эхнэр хүүхдүүдээ зодож, цохих, айлгаж сүрдүүлэх, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэх зэргээр байнга зохисгүй байдал гаргадаг байсан. Охин маань амьд сэрүүн байхдаа гэрлэлтээ цуцлуулна гэдэг байсан ч бие нь өвдөж, хүнд өвчин туссан тул шүүхэд хандаж чадалгүй нас барсан. Охиныг маань өвчтэй байх хугацаанд хүргэн маань эргэж тойрдоггүй, биеийг нь эмчлүүлдэггүй, огт анхаарал халамж тавьдаггүй байсан тул би эхнэртэйгээ охиноо аймагруу, хотруу удаа дараа эмчилгээнд авч явж нас барах хүртэлх хугацаанд манай эхнэр бид хоёр гардан асарч зээ нараа ч харж хандаж ирсэн.

Миний охиныг өвчтэй байхад Б.Б нь согтуу ирж зодож, цохидог байсан тул охин маань хөгшин бид хоёрын асаргаанд байж байгаад нас барсан. Б.Б нь эхнэрээ нас барсны дараа ирээгүй, буяны ажилд нь оролцоогүй. Одоо зээ нар минь манай гэрт эхнэр бид хоёртой хамт амьдардаг бөгөөд хоёр том нь ерөнхий боловсролын сургуульд, хоёр бага нь цэцэрлэгт хамрагддаг. Охин минь өнгөрөхөөсөө өмнө "хүүхдүүдийг минь айдасгүй эрүүл саруул, сайн хүмүүс болгож өсгөхийг" бидэнд захисан тул охиныхоо сүүлийн хүслийг биелүүлж төрсөн дөрвөн сайхан үрийг нь сайн хүн болгоод явах юмсан гэж эхнэр бид хоёр хичээж явна. Өнгөрсөн хугацаанд хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтсийн албан хаагчид Б.Б-ийг дагуулж хоёр удаа авч ирж хүүхдүүдтэй нь уулзуулсан өөрөөр өөрийн хүсэл, санаачилгаар үр хүүхдүүдээ эргэж тойрч, асран хамгаалж байсан удаа байхгүй.

Зээ нар маань бага насны хүүхдүүд байдаг тул ээж нь өнгөрсний дараа төрөөс тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон тус мөнгө болон зээ нарт маань зориулж төрөөс олгодог сар бүрийн хүүхдийн мөнгийг хууль ёсны асран хамгаалагч гэдэг утгаараа аав Б.Б нь авдаг бөгөөд тэдгээр мөнгийг огт зээ нарт маань өгдөггүй, зарцуулдаггүй.

Түүнчлэн би охиноо нас барснаас хойш хүргэн Б.Б-ийг ухаан ороод хүүхдүүд дээрээ ирэх болов уу, авах болов уу, одоо ухаан суух болов уу гэж өчнөөн харсан боловч тэр хүн үр хүүхдүүдээ гэх сэтгэл алгаа. Зээ нар маань ч ааваасаа айдаг аав дээрээ очдоггүй. Би зээ нараа айх айдасгүй, эрүүл саруул өсөж, эрдэм номдоо шамдаад сайн сайхан хүмүүс болоосой гэж хүсэж байна. Хэдий хүүхдүүдийг миний асрамжид тогтоосон захирамж гарсан ч энэ захирамжийн дагуу төрөөс хүүхдүүдэд зориулан олгодог мөнгөн тэтгэмжүүдийг миний бие авдаггүй, авахаар оролдож байгаагүй. Энэ захирамжийг ашиглан Б.Б гэдэг хүний эрхийг зөрчсөн удаа байхгүй.

Захиргааны акт илт хууль бус байх үндэслэлийн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан бөгөөд тус заалтад илт хууль бус байх 7 үндэслэлийг нэрлэн заасан байна. Үүнд:

47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай" засаг даргын захирамжийн утга, агуулгын алдаа байхгүй байгаа

47.1.2-т “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй" гэж заасан тухайн захирамжийн хувьд баталсан этгээд болох Засаг даргын нэр, гарын үсэг тодорхой байгаа

47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үурэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан" гэж заасан Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлд сумын Засаг даргад асран хамгаалагч тогтоох, өөрчлөх бүрэн эрхийг олгосон бөгөөд тус эрхийн дагуу Засаг даргын захирамж гаргасан тул илт хууль бус гэж үзэхгүй байна.

47.1.4-т "Захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус" гэж заасан захирамжаар зээ нарын маань асран хамгаалагчаар намайг тогтоосон байгаа

47.1.5-д “Хууль бус үйлдэл эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан" ийм зүйл байхгүй хэн нэгнийг хууль зүйл хийхийг шаардсан албадсан агуулгатай захирамж биш

47.1 6-д "иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлд 63.1.3-д "эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхэд" гэж заасан бөгөөд зээ нарын маань ээж болох охин маань 2022 оны 09 дүгээр сард нас барсан, аав нь болох Б.Б нь хүүхдүүдээ эргэж тойрдоггүй асран хамгаалах тэжээн тэтгэх үүргээ огт биелүүлдэггүй хөгшин бид хоёр хүүхдүүдийг нь харж хандаж, асран хамгаалдаг тул асран хамгаалагч тогтоох шаардлагатай байсан. Энэ дөрвөн хүүхдийг ээжгүй гээд эзэнгүй хаяж болохгүй.

47.1.7-д "түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй" Засаг даргын захирамж нь биелэгдэх боломжтой захирамж болно. Иймд Засаг даргын захирамж ил хууль бус байх үндэслэл байхгүй Гэр бүлийн тухай хуулийн 63, 71 дүгээр зүйлүүдэд заасны дагуу дөрвөн зээг маань эзэнгүй хаяж болохгүй учир асран хамгаалагч тогтоосон төдий. Надад Засаг даргатай нийлж Б.Б-ийн эрхийг зөрчсөн үйлдэл байхгүй. Харин Б.Б гэгч Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудаар хүлээсэн эцэг хүний үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй байгаа.

Миний бие энэ асуудлаар Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 12 дугаар сард хүсэлт гаргасан, одоо хэрэг хянан шийдвэрлэгдэх шатандаа явж байгаа болно. Надад Б.Б-тэй булаацалдаад байх зүйл алга охиноос минь үлдсэн дөрвөн сайхан үрийг нь сайн сайхан хүмүүс болоосой гэж л хүсэж явна.

Иймд Б.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Б.Б миний бие Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Сагил сумын Засаг даргад холбогдуулан “Сагил сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/123 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасан. Иргэний хэргийн шүүхээс манай хүүхдүүдийн асран хамгаалах эрхийг хадам аав Б-д олгосон шийдвэр гарсан. Иймд тус шүүхэд гаргасан  нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б.Б Увс аймгийн Сагил сумын Засаг даргад холбогдуулан “Сагил сумын Засаг даргын 2022.12.02-ны өдрийн А/123 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Сагил сумын Засаг даргын 2022.12.02-ны өдрийн А/123 дугаар захирамжаар Б.Х, Б.С, Б.А-ын асран хамгаалагчаар Т.Б-г тогтоож шийдвэрлэжээ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж, хүсэлтээ ирүүлсэн байна.

Иймд  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож байгаа тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б-ийн “Сагил сумын Засаг даргын 2022.12.02-ны өдрийн А/123 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд мөн захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ОЮУНГЭРЭЛ