Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 435

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч Д.Эрдэнэчимэг

шүүгдэгч У , түүний өмгөөлөгч С.Алтанцэцэг хохирогч Э.Номин нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1705000000059 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5: эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, ялгүй, У  Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр; Шүүгдэгч У  2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 79 дүгээр байр, 6 тоот буюу өөрийн гэртээ эхнэр Э.Номинг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн 2017 оны 4 дүгээр сард, 2017 оны 5 дугаар сард гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Номинг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон гэх гэмт хэргүүдэд холбогджээ. Шүүгдэгч У  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 8 дугаар сарын 26-ны өдөр би эхнэртэйгээ маргалдаад түүнийг цохисон нь үнэн. Харин өмнө нь зодож цохисон зүйл болоогүй, бидний хооронд хэрүүл маргаан гардаг байсан. Би өөртөө дүгнэлт хийж байна. Цаашид ийм асуудал дахин гаргахгүй байж чадна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв. Хохирогч Э.Номин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би зодуулсандаа гомдоод нөхрийгөө цагдаад өгсөн. Нөхөр бид хоёрын дунд маргаан гардаг байсан нь үнэн. Гэхдээ тэгтлээ цохиж зодсон зүйл болоогүй. Одоо бид хоёр эвлэрсэн. Хамтдаа амьдарч байна. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн байцаалтын явцад хохирогч Энхбатын Номин “... 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 03:00 цагийн үед БГД-ийн 18-р хороо, 79-6 тоот гэртээ манай нөхрийн найз Өлзийбадрахын төрсөн өдөр гээд манай нөхөр У  хоёр 0.75 литрийн Чингис нэртэй архийг хувааж уусан. Хамт Өлзийбадрахын эхнэр нь байсан. Нэрийг нь сайн мэдэхгүй. Тэгээд байж байхад У  Өлзийбадрахад өмнөх эхнэрийнхээ талаар яриад байхаар нь би чи намайг доромжиллоо, тэрний талаар яриад гэтэл надад уурлаад намайг яалгах гээд байгаа юм гээд намайг шууд үснээс зулгаагаад газарт унагааж дээр гарч суугаад намайг үсдэж байгаад шалан дээр толгойгоор 3 удаа мөргүүлсэн. Тэгээд босгож ирээд орон дээр гаргаж хэвтүүлээд дахиж дээр гарч суугаад үснээс зулгаагаад миний хүзүү хацарнаас хазаад, хүзүүнээс боогоод, нүүр ам базсан. Тэр үед найз Өлзийбадрах нь салгах гэж хориод дийлээгүй. Найз нь салгаад цааш нь аваад явсан. Тэгээд надад цагдаа дуудах боломж олдоод би цагдаад дуудлага өгөөд цагдаа ирээд У ыг авч явсан. Би тэгээд өнөөдөр ирж өргөдөл гаргаж байна. 2015 оны 3 дугаар сараас хойш бараг сар бүр зоддог. Заримдаа сард 2 удаа зоддог. Зоддог шалтгаан нь уурлахаараа л зоддог. Би байнга л нуудаг байсан. 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр У  Төв аймгийн Эрдэнэ сумын Өвөржанчивланд байхад зодоод, би хүүхдээ аваад Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд У  2017 оны 4 дүгээр сард ирж уулзахдаа намайг зодоод би Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргахад У  би одоо Солонгос улсад явна, дахин зодохгүй цагдаад бүртгэлтэй болчихвол Солонгос улсад явж чадахгүй болно гэж гуйсаар байгаад өргөдөл өгүүлэхгүй явсан. Тэгээд 2017 оны 5 дугаар сард бас ирээд зодсон. Тэгээд Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргаж өгөөд У  7 хоног баривчилгаанд явсан. Баривчилгаанаас гараад У  хөдөө явж байгаад 2017 оны 7 дугаар сард Улаанбаатар хотод ирээд хамт энэ хаягт амьдарч эхэлсэн. Тэгээд урьд шөнө дахин зодсон. Намайг хүүхдээ тэвэрч байхад л зодоод байдаг. Миний зүүн гарын шуу хавдсан, яс нь янгинаж өвдөж байна. Баруун хөлийн өвдөг, шагайн хэсэг чирүүлээд хөхөрсөн, шагай хэсгээрээ жаахан хавдсан байна. Баруун хацарнаас базаад маажсан шархтай байна. Зүүн талын хацарнаас хазаад хөхөрсөн байна. Хүзүүнээс боосон шарх үүссэн байна. Толгой их өвдөж байна. Хамаг бие хөндүүрлээд, гар янгинаад байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Зодуулсандаа гомдолтой байна. Намайг У  дахиж зодохгүй, гомдолгүй гээд хэлчих гээд байгаа. Гомдолтой гэж хэлвэл би чамаас хүүхдээ авна, гомдолтой гэж хэлээд намайг баривчилгаанд явуулбал гарч ирээд зодох байх гэж айгаад байна. Өмнө нь баривчилгаанд явуулсан гэж уурлаад намайг зодоод хөдөө гэр рүүгээ зугатаад явсан болохоор айгаад байна. Анх намайг 2015 оны 03 сард Баянгол дүүргийн 18 хороо, 79-06 тоотод байхад нэг удаа алагдаж байсан, энэ үед би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгөөгүй. Tэгээд бас 2017 оны 05 дугаар сард бол хэл амаар доромжилоод, маргалдаж байсан, тэрнээс биш цохиж зодсон асуудал гаргаагүй, энэ үед нь өргөдөл гаргаж байсан, тэгээд буцаагаад гомдол саналгүй гээд өргөдлөө буцаагаад авч байсан. Тухайн үед би эмнэлгийн байгууллагын туслалцаа аваагүй, ямар нэгэн эмнэлэгт үзүүлж байгаагүй. Надад гэмтсэн нэг их сүртэй зүйл байхгүй байсан болохоор эмнэлгийн байгууллагад хандаагүй. Бид хоёрт албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Энэ асуудлыг надаас өөр мэдээд байх хүн байхгүй, гэр бүлийн маргаан учраас ингэсэн тэгсэн гэдгээ хүн амьтанд хэлээд байдаггүй. Надад одоо ямар нэгэн санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй. Гэр бүлийн түр зуурын маргаантай асуудал байгаа юм, тэрнээс биш надад энэ хүнд өс санах, гомдох зүйл байхгүй, би өөрөө ингэж шийдэж байна, яагаад гэвэл хүүгийн эцэг нь болохоор гомдол алга. Миний гаргасан өргөдлийг хөнгөн шийдэж өгөөч. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй” /хх-н 27-28/ гэж, гэрч Батдэлгэрийн Өлзийбадрах “... 2017оны 8 дугаар сарын 25-ны өдөр миний төрсөн өдрөөр манай найз У  21 цагийн үед над руу залгаад чи манай гэрт хүрээд ир, манайд хүүхэд харах хүн байхгүй байна гэж хэлэхээр би найз охин Батцэцэгийн хамт гэрт нь яваад очсон юм. Тэгээд буцаад У ын хамт хүнсний дэлгүүр ороод 0.75 гр нэг шил архи, 6 ширхэг лаазтай пиво аваад буцаад гэрт нь орсон. Гэрт нь ороод авсан архиа У  бид хоёр уугаад, харин пивыг хоёр эмэгтэй уусан. Хоорондоо юм яриад сууж байтал У ыг эхнэр нь гэнэт хардаад хэрүүл маргаан болсон. Эхнэр нь болох Номин У ыг хэл амаар доромжилоод, алагдаад, өшиглөхөд гэнэт У  босож ирээд Номинг бариад авахаар нь би салгахад Номин гараад явтал, араас нь У  гараад буцаад оруулж ирсэн. Тэгээд Номин кордиорын өрөөнд, У  унтлагын өрөөнд хоорондоо хэрэлдээд, хардалцаад байх шиг байсан, тэгээд би унтлагын өрөөнөөс коридиор руу гараад Номин бариад авахаар нь би очоод дахиад салгаад У ын балкон дээр нь авч гараад тамхи татаад зогсож байхад цагдаа нар орж ирээд аваад гарсан. Маргаан бол Номин У ыг хардаад, хуучин үерхдэг хүүхэнтэйгээ фейсбүүкээр харьцдаг гээд л эхэлсэн. Миний харсанаар бол У  кордиорт байхад Номингийн хацар дээр хазсан шиг болсон байх, намайг салгах үед Номин чи хазчихлаашдээ гээд байсан. Бид нарын аль аль нь гайгүй байсан. Ямартай ч болсон явдлын талаар санаж байна” /хх-н 30-31/ гэж, гэрч Пүрэвсүрэнгийн Батцэцэг “... манай найз Өлзийбадрахын төрсөн өдөр болсон. Тэгээд Өлзийбадрах бид хоёр У ын гэрт 21 цагийн үед яваад очоод У  Өлзийбадрахын хамт хүнсний дэлгүүр орж 0.75 гр нэг шил архи, 6 ширхэг лаазтай пиво аваад ирцгээсэн. У , Өлзийбадрах нар архи уугаад, харин пивыг Номин бид хоёр уусан. Бид нар хоорондоо юм яриад сууж байтал У ыг эхнэр нь гэнэт хардаад хэрүүл маргаан болоод гараад явсан. Харин араас нь У  гарах үед манай найз Өлзийбадрах араас нь гарч гүйсэн. Би тэр үед 2 настай жаахан хүүхдийг нь тэврээд цаад талын өрөөнд нь орчихсон юм. Миний нүдэн дээр бол У  эхнэр Номинг цохиж байгаа зүйл байхгүй, харин гадаа араас нь гарах үедээ цохисон байж болзошгүй. Маргаан бол эхнэр Номин нь У ыг урьд өмнө үерхэж байсан фейсбүүкний найзаас нь болж хардсанаас болсон. Миний нүдэн дээр бол цохиж байгаа зүйл ажигладаагүй. Намайг харж байхад бол тийм зүйл хийгээгүй. Би хүүхдийг нь харуулчихвий гэж бодоод цааш нь авсан. Ер нь бол өмнө нь зоддог талаар надад юу ч хэлээгүй” /хх-н 32-33/ гэж тус тус мэдүүлсэнээс үзвэл шүүгдэгч У  нь эхнэр Э.Номинг буюу хохирогчийг хувийн таарамжгүй харьцаа, хардалтын улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулжээ. Хохирогч Э.Номингийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болох нь “Номингийн биед зүүн хацар, эрүү, хүзүүнд цус хуралт, зулгаралт, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, шагайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10896 тоот дүгнэлтээр мөн нотлогдож байна. /хх-н 18/ Шүүгдэгч У ын дээрх үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хуулийн үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, нотлох баримтаар нотлогдсон гэж шүүх дүгнэлээ. Харин прокуророос шүүгдэгч У ыг “... 2017 оны 4 дүгээр сард, 2017 оны 5 дугаар сард гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Номинг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон ...” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллаж байгаа нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзэхэд учир дутагдалтайгаас гадна, түүнд /яллагдагчид/ сонсгосон хуулийн зүйл хэсэг нь хэргийн үйл баримт буюу бодит байдлаас зөрүүтэй болжээ. Хэдийгээр хохирогч Э.Номин мөрдөн байцаалтын явцад “... 2015 оны 3 дугаар сараас хойш бараг сар бүр зоддог. Заримдаа сард 2 удаа зоддог. Зоддог шалтгаан нь уурлахаараа л зоддог. Би байнга л нуудаг байсан. 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр У  Төв аймгийн Эрдэнэ сумын Өвөржанчивланд байхад зодоод, би хүүхдээ аваад Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд У  2017 оны 4 дүгээр сард ирж уулзахдаа намайг зодоод би Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргахад У  би одоо Солонгос улсад явна, дахин зодохгүй цагдаад бүртгэлтэй болчихвол Солонгос улсад явж чадахгүй болно гэж гуйсаар байгаад өргөдөл өгүүлэхгүй явсан. Тэгээд 2017 оны 5 дугаар сард бас ирээд зодсон. Тэгээд Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргаж өгөөд У  7 хоног баривчилгаанд явсан. Баривчилгаанаас гараад У  хөдөө явж байгаад 2017 оны 7 дугаар сард Улаанбаатар хотод ирээд хамт энэ хаягт амьдарч эхэлсэн. Тэгээд урьд шөнө дахин зодсон. Намайг хүүхдээ тэвэрч байхад л зодоод байдаг ...” гэж мэдүүлсэнийг үгүйсгэх аргагүй. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг гэмт хэрэг нь ихэвчлэн далд хэлбэртэй гардагыг дурдах нь зүйтэй. Гэвч энэ хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагааг мөрдөн байцаалтаар бүрэн гүйцэт тогтоогоогүй, прокурор яллах дүгнэлтдээ гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааг хэт тоймлон тухайлбал; “... 4 дүгээр сард, ... 5 дугаар сард ...” гэж бичсэн нь ойлгомжгүй буюу “гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа тодорхой байх” гэсэн шаардлагад нийцэхгүй байна. Нөгөөтэйгүүр прокуророос шүүгдэгч У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт буруутгахдаа Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 819 дугаартай захиргааны шийтгэл оногдуулах тухай Шийтгэврийг үндэслэлээ болгожээ. Уг шийтгэврийн үндэслэх хэсгээс үзвэл “... зөрчил гаргагч У  нь 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр эхнэр Э.Номинг хэл амаар доромжилж танхайрсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн ...” гэсэн байх бөгөөд “зодсон” гэх үйлдэл тусгагдаагүй байна. Энэ байдал нь шүүгдэгч У ыг буруутгах гол үндэслэл болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга: зодсон” гэх тухайн гэмт хэргийн диспозицтой /хэм хэмжээтэй/ зөрчилдөж байна. Түүнчлэн прокурорын яллах дүгнэлт бичсэн нэг цаг хугацаа болох “... 2017 оны 4 дүгээр сард” зодсон гэдгийг хэрхэн яаж нотолсон нь тодорхой бус байгаа энэ байдал нь “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэх гэмт хэргийг шинжийг нь үгүйсгэнэ. Хэрвээ прокурор нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 819 дугаартай Шийтгэврийг үндэслэлээ болгож байгаа бол энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамааралтай биш, харин 1.2 дахь заалт буюу “харгис хэрцгий харьцсан, догшин авирлсан, ...” гэсэн шинжид нь илүү тохирч байгааг дурдах нь зүйтэй. Гэвч шүүх нэгэнт ял сонсгож, яллагдагчаар татаагүй хуулийн зүйл, хэсэг, заалтаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох боломжгүй тул шүүгдэгч У д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ. Шаардлагатай гэж үзвэл мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж хэргийг ирүүлбэл зохино. Шүүхээс шүүгдэгч У д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзав. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч У  цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Номин гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн гэсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн прокурорын газраас У д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож У ыг цагаатгасугай.

2. У д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорт буцаасугай.

3. У ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

4. У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

5. У д оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 500.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

6. У  шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. У  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Номин гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл У д урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ