Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
Хэргийн индекс | 182/2024/00610/И |
Дугаар | 182/ШШ2024/02354 |
Огноо | 2024-05-24 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 182/ШШ2024/02354
2024 05 24 | 182/ШШ2024/02354 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.О НҮТТБ /РД:.................../-га,
Нэхэмжлэгч: С ХХК /РД:...................../-иудын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х ХХК /РД:............./-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 16,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч нарын төлөөлөгч С.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.О НҮТТБ-га, С ХХК-иуд нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан 16,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Манай байгууллага 2019.01.16-ны өдөр Х ХХК-тай 34-01 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр манай байгууллага тус компанийн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Замын-Үүд зочид буудлын 2,500 м.кв талбайг халаах хүчин чадалтай АСЭ-8 маркийн нүүрсээр халдаг нам даралтын зуух, угсралт тохируулгын хамт 12,000,000 төгрөгийн үнэтэй байхаар тохиролцсон...
Гэтэл хариуцагч нь манай зуухыг 2,500 м.кв талбайг халаахгүй байна гэсэн шалтгаанаар манай зөвшөөрөлгүйгээр өөр зуух авч байрлуулж, талуудын хооронд байгуулсан гэрээгээ цуцалж манай байгууллагаас гэрээний урьдчилгаанд төлсөн 7,956,000 төгрөгөө гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2022 оны 184/ШШ2022/00639 дугаартай шийдвэрээр шийдвэрлүүлсэн...
Ингээд зуухаа буцааж авах гэтэл байхгүй, төмрийн хогонд тушаачихсан гэж хэлээд буцааж өгөөгүй учраас зуухны үнэ 12,000,000 төгрөг, зуухаа бусдад 16,000,000 төгрөгөөр зарах боломжгүй болгосон учир хохирол 4,000,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэв.
2. Хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлыг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу эднийхээс авсан зуух 2,500 м.кв талбайг халааж чадахгүй байсан.
Нэгэнт нэхэмжлэгчийн нийлүүлсэн зуух нь чанарын шаардлага хангахгүй байсан учраас хоёр тал харилцан акт үйлдэж гэрээгээ цуцалж, манай компани Замын-Үүдийн зочид буудлыг хөлдөхөөс сэргийлж, өөрсдийнхөө мөнгөөр өөр зуух худалдаж авсан.
Тэгээд ч талуудын хооронд байгуулсан гэрээнд зуухыг Замын-Үүдээс Улаанбаатар хүргэх талаар тусгагдаагүй, мөн эдний АСЭ-8 зуух нь тохирлын гэрчилгээгүй, улсын байцаагчийн төлөв байдлын дүгнэлт гаргаагүй болох нь Стандарт, хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын газрын албан бичгүүдээр тогтоогддог...
Манай компани АСЭ-8 маркийн зуухыг төмрийн хогонд тушаасан зүйл байхгүй. Ажиллахгүй байгаа зуухаа буцаан татаж авахыг Энхтайванд удаа дараа сануулж байсан бөгөөд Замын-Үүдэд байгууллагын хашаанд одоо хүртэл байж л байгаа, нэхэмжлэгч өөрсдөө очоод авах боломжтой.
Иймээс хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй тул Х ХХК-д холбогдох Э.О НҮТТБ-га, С ХХК-иудын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.01.18-ны өдөр 237,950 төгрөг төлсөн баримт /хх-ийн 2 х/,
-Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.24-ний өдрийн 184/ШШ2022/00639 дугаартай шийдвэр /8-13 х/,
-00013053, 000173648 улсын бүртгэлийн дугаартай хуулийн этгээдүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 47, 48 х/ зэрэг баримтуудыг,
4.Хариуцагч нь тайлбар татгалзтайгаа холбогдуулан 2024.03.14-ний өдрийн 101 дугаартай С.Ц-т олгосон итгэмжлэл /хх-ийн 22 х/,
-Хариу тайлбар /хх-ийн 28-29 х/
-Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.24-ний өдрийн 184/ШШ2022/00639 дугаартай шийдвэр /30-35 х/,
-2019.02.03-ны өдрийн 01 тоот Замын Үүд кочид буудалд АСЭ-8 маркийн зуухыг угсарч шалгасан акт, гэрэл зураг /хх-ийн 36-37, 38-40 х/,
- Стандарт, хэмжил зүйн газрын 2022.02.21-ний өдрийн 104 тоот Х ХХК-д хүргүүлсэн албан бичиг /хх-ийн 41 х/
- Мэргэжлийн хяналтын газрын 2022.03.09-ний өдрийн 02-02/794 тоот албан бичиг /хх-ийн 42 х/,
-000251515 улсын бүртгэлийн дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 49 х/,
-Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.10.07-ны өдрийн 001/ХТ2021/01208 дугаартай тогтоол /хх-ийн 55-59 х/,
-2019.01.16-ны өдрийн 34-01 тоот Худалдах, худалдан авах гэрээ, Тооцооллын дэлгэрэнгүй /хх-ийн 68-69, 70 х/,
-Нэхэмжлэх, Төлбөрий даалгавар /хх-ийн 71, 72 х/
- 2019.02.15-ны өдрийн 01 тоот Акт /хх-ийн 73 х/
-Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020.01.24-ний өдрийн 176 дугаартай Магадлал /хх-ийн 74-80 х/ зэрэг баримтуудыг ирүүлсэн.
5.Тус шүүхийн 2024.04.30-ны өдрийн 182/ШЗ2024/07995 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сонгинохайрхан дүүрэг хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Б.Б-г оролцуулахаар шийдвэрлэсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Э.О НҮТТБ-га, С ХХК-иуд нь Х ХХК-д холбогдуулан 16,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
2.1.Нэхэмжлэгч Э.О НҮТТБ-га, С ХХК-иуд нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: Үүнд:
а.Нэхэмжлэгч Э.О НҮТТБ-га, С ХХК-иуд нь хариуцагч Х ХХК-тай 2019.01.16-ны өдөр 34-01 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр манай байгууллага тус компанийн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Замын-Үүд зочид буудлын 2,500 м.кв талбайг халаах хүчин чадалтай АСЭ-8 маркийн нүүрсээр халдаг нам даралтын зуух, угсралт тохируулгын хамт 12,000,000 төгрөг байхаар тохиролцсоны дагуу АСЭ-8 маркийн зуухыг нийлүүлсэн.
б.Талуудын хооронд байгуулсан гэрээ цуцлагдсан тул манай байгууллагаас гэрээний урьдчилгаа 7,956,000 төгрөгийг буцааж төлсөн. Зуухаа буцааж авах гэтэл байхгүй, төмрийн хогонд тушаачихсан гэж хэлээд буцааж өгөөгүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7-д заасны дагуу зуухны үнэ 12,000,000 төгрөг, хохирол 4,000,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.
3.Хариуцагч Х ХХК нь эднийхээс авсан зуух 2,500 м.кв талбайг халааж чадахгүй, чанарын шаардлага хангахгүй байсан учраас хоёр тал харилцан акт үйлдэж гэрээгээ цуцалж, манай компани Замын-Үүдийн зочид буудлыг хөлдөхөөс сэргийлж, өөрсдийнхөө мөнгөөр өөр зуух худалдаж авсан.
Талуудын хооронд байгуулсан гэрээнд зуухыг Замын-Үүдээс Улаанбаатар хүргэх талаар тусгагдаагүй, мөн эдний АСЭ-8 зуух нь тохирлын гэрчилгээгүй, улсын байцаагчийн төлөв байдлын дүгнэлт гаргаагүй болох нь Стандарт, хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын газрын албан бичгүүдээр тогтоогддог...
Манай компани АСЭ-8 маркийн зуухыг төмрийн хогонд тушаасан зүйл байхгүй. Ажиллахгүй байгаа зуухаа буцаан татаж авахыг Энхтайванд удаа дараа сануулж байсан бөгөөд Замын-Үүдэд байгууллагын хашаанд одоо хүртэл байж л байгаа, нэхэмжлэгч өөрсдөө очоод авах боломжтой.
Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлыг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Э.О НҮТТБ-га, С ХХК-иуд нь хариуцагч Х ХХК-ийн Замын Үүд зочид буудалд уурын зуух захиалгаар хийж, худалдах, худалдан авагч нь худалдагч талд төлбөрийг төлөх нөхцөл болон эдгээр үйл ажиллагаатай холбогдох бусад харилцааг зохицуулахаар 2020.19.01.16-ны өдөр 34-01 тоот Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулжээ. /хх-ийн 68-69 х/
а.Талуудын хооронд байгуулагдсан 2020.19.01.16-ны өдөр 34-01 тоот Худалдах, худалдан авах гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.4, 3 дугаар зүйлийн 3.2-т тус тус заасны дагуу Замын-Үүд зочид буудалд худалдан авах уурын зуух нь 2,500 м.кв талбай халаах хүчин чадалтай, нүүрсээр халдаг АСЭ-8 маркийн зуух байх бөгөөд экран хоолойтой, экран хоолой нь чанарын стандартын шаардлага хангасан сайн чанарын металл хийцтэй, 3 метр урттай яндан хоолойтой байх, АСЭ-8 зуухны үнэ, угсралт тохируулгын хамт 12,000,000 төгрөг байх, уг зуухыг 2019.01.16-наас 2019.02.01-ний дотор хийж өгөхөөр харилцан тохиролцжээ.
б.Зохигч хэн аль нь 2019.01.16-ны өдрийн 34-01 тоот Худалдах-худалдан авах гэрээ-ний дагуу нам даралтын АСЭ-8 маркийн зуухны үнэ, угсралт тохируулгын хамт 12,000,000 төгрөгөөр тохирсон. Энэхүү зуух нь чанарын шаардлага хангаагүй учраас хариуцагч гэрээнээс татгалзаж, үнэд төлсөн 7,965,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, гэрээ дуусгавар болсон талаар маргаагүй.
5.Харин маргааны зүйл нь нам даралтын АСЭ-8 маркийн зуухыг нэхэмжлэгчид буцааж өгөөгүйн улмаас зохигчийн хооронд маргаан үүссэн байна.
5.1.Тодруулбал, дээрх гэрээний дагуу талууд Замын-үүд зочид буудалд АСЭ-8 маркийн зуухыг угсарч шалгасан акт үйлдсэн байх ба ...С ХХК-ийн хийсэн зуух нь буудлын хэвийн ажиллагааг хангаж чадахгүй, чанар, стандарт, техникийн шаардлага хангахгүй байгаагаас хөлдөх аюулд орж байна. Тус буудлын дулааны ачааллыг буруу тооцож гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул зуухаа С ХХК буцааж авах, зуухны урьдчилгаанд төлсөн 7,200,000 төгрөгийг Х ХХК-д буцааж өгөх, Шаардлага хангахгүй АСЭ-8 маркийн зуухыг Х ХХК нь өөрийн машинаар Улаанбаатар хотод тээвэрлэсэн хөлсийг С ХХК-иас гаргуулахаар тус тус 2019.02.03-ны өдөр 01 тоот актыг үйлджээ.
а.Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзэх ба 2020.19.01.16-ны өдөр 34-01 тоот Худалдах, худалдан авах гэрээ, 2019.02.03-ны өдрийн 01 тоот Замын-үүд зочид буудалд АСЭ-8 маркийн зуухыг угсарч шалгасан акт-ад талууд хүсэл зоригийн илэрхийллээ болгон гарын үсгээ зурж баталгаажуулж хуулийн шаардлага хангасан байх тул хүчин төгөлдөр хэлцэл байна.
б.Х ХХК нь талуудын 2020.19.01.16-ны өдөр байгуулсан 34-01 тоот Худалдах, худалдан авах гэрээ-нээс татгалзаж, 2019.02.03-ны өдөр 01 тоот актын дагуу Э.О НҮТТБ-га, С ХХК-д тус тус холбогдуулан зуухны урьдчилгаанд төлсөн 7,956,000 төгрөгийг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханджээ.
в.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй ба тус шүүхийн 2022.02.24-ний өдрийн 184/ШШ2022/00639 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243.1-д зааснаар хариуцагч Э.О НҮТТБ-га, С ХХК-иас 7,965,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэсэн байх тул зохигчийн 2020.19.01.16-ны өдөр байгуулсан 34-01 тоот Худалдах, худалдан авах гэрээ-нээс Х ХХК татгалзсан болох нь тогтоогдож байна. /хх-ийн 8-13 х/
г.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй, 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж тус тус зохицуулсны дагуу нэхэмжлэгч нь зуухыг буцааж авч чадаагүй гэсэн үндэслэлээр АСЭ-8 маркийн зуухны үнэ 12,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байгааг буруутгах боломжгүй.
д.Өөрөөр хэлбэл талуудын хооронд хүчин төгөлдөр байгуулагдсан 2020.01.16-ны өдрийн 34-01 тоот Худалдах, худалдан авах гэрээ-ний зүйл болох АСЭ-8 маркийн зуух чанарын шаардлага хангахгүй байсны улмаас гэрээний нэг тал болох Х ХХК нь хүсэл зоригоосоо буцсанаар Замын-үүд зочид буудалд АСЭ-8 маркийн зуухыг угсарч шалгасан акт үйлдсэнээр нэхэмжлэгч нь зуухны урьдчилгаа төлбөрийг буцаан төлж, уг зуухыг буцаан авах нь дээрх зохицуулалтад хамаарна.
е.Тодруулбал хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэх бөгөөд гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг онцлогтой.
ё.Талуудын 2019.02.03-ны өдөр үйлдсэн 01 тоот Замын Үүд зочид буудалд АСЭ-8 маркийн зуухыг угсарч шалгасан акт-ын 4-т Шаардлага хангахгүй С ХХК-ийн АСЭ-8 маркийн зуухыг Х ХХК нь өөрийн машинаар УБ хотод тээвэрлэсэн хөлсийг С ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэв /хх-ийн 36-37 х/, гэж мөн хариуцагч нь 2019.02.15-ны өдөр Х ХХК-ийн Дорноговь аймаг, Замын-Үүд суманд байрлалтай Замын-Үүд зочид буудлын халаалтын зуухыг солих зайлшгүй ажлын шаардлага гарсан тул тус компани нь С ХХК-тай 2019.01.16-ны өдөр З4-01 дугаартай Халаалтын зуух худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр АСЭ-8 маркийн 1 ширхэг зуух суурилуулж угсрах гэрээ хийсэн болно. Гэрээний дагуу 2019.02.03-наас 04-ний өдрийн хооронд Замын-Үүд зочид буудалд суурилуулан ажиллуулсан ч шаардлага хангахгүй тус буудлын халаалтыг хангаж чадахгүй хөлдөөх аюулд оруулсан учир 2019.02.15-ны өдөр Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу уг зуухыг тээвэрлэн Х ХХК-ийн БЗД, Амгалан дахь аж ахуйн хашаанд буулгаж С ХХК-ийн захирал С.Энхтайванд биечлэн мэдэгдэж зуухны урьдчилгаа төлбөрт өгсөн 7,200,000 төгрөгийг буцаан олгуулахаар харилцан тохиролцсон болно... гэх актуудын дагуу АСЭ-8 маркийн зуухыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас тээвэрлэн авч ирэхээр тохиролцсон үүргээ хэрэгжүүлээгүй.
Мөн хариуцагчийн төлөөлөгч маргааны үндэслэл болсон АСЭ-8 маркийн зуух нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байгаа гэж шүүх хуралдаан дээр тайлбарласан боловч энэ тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул Х ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбар, татгалзлыг шүүх хүлээн авах боломжгүй. Харин нэхэмжлэгчийн ...Зуухаа буцааж авах гэтэл байхгүй, төмрийн хогонд тушаачихсан гэж хэлээд буцааж өгөөгүй... гэх тайлбарыг бодит үнэнд нийцсэн гэж үзэхээр байна.
ж.Түүнчлэн Иргэний хуулийн 205 дугаар зүйл болон 2019.02.03-ны өдрийн 01 тоот актын дагуу тохиролцсон үүргээ хариуцагч биелүүлээгүй байх тул АСЭ-8 маркийн зуухны үнэ 12,000,000 төгрөгийг хариуцагч Х ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Э.О НҮТТБ-га, С ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
5.2.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.5-д Үүрэг гүйцэтгэгч үүргийн зүйлийг ашиглах журам зөрчсөнөөс олох ёстой байсан ашгийг олж чадаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгчид учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй, 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.
а.Нэхэмжлэгч нь АСЭ-8 маркийн зуухыг бусдад 16,000,000 төгрөгөөр зарахаар гэрээ хийсэн, хариуцагч зуухыг хүлээлгэж өгөөгүйн улмаас 4,000,000 төгрөгийн орлогоо алдаж хохирсон гэж тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.
б.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн буруугаас 4,000,000 төгрөгийн орлогоо алдаж, хохирсон гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Иймээс шүүх дээрх үндэслэлүүдээр Х ХХК-иас АСЭ-8 маркийн зуухны үнэ 12,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.О НҮТТБ-га, С ХХК-иудад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 4,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
6.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн 2024.01.18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас 12,000,000 төгрөгт ногдох 206,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.5, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас 12,000,000 төгрөг /арван хоёр сая/-ийг гаргуулж нэхэмжлэгч Э.О НҮТТБ-га, С ХХК-иудад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 4,000,000 төгрөг /дөрвөн сая/-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн 2024.01.18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас 206,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА