| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2015/0728/З |
| Дугаар | 128/ШШ2016/0001 |
| Огноо | 2015-12-21 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2016/0001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэсрээ овогт Ц*******гийн О******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох,
Гуравдагч этгээд: Боржигон овгийн *******ын ******* /РД:*******/
Нэхэмжлэлийн шаардлага: ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/38 дугаар захирамжийн иргэн М.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгий 29-506 тоот газрыг иргэн Ц.О*******ад эзэмшүүлж, гэрчилгээ олгохыг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н, Б.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Мөнхчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.О******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нэхэмжлэгч Ц******* овогтой О******* миний бие Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн гудамжны эцэс уулын энгэрт 2011 онд хашаа барьж гэр бүлийн хамт амьдарч эхэлсэн. Улмаар 22 дугаар хорооны Засаг даргатай уулзаж бүртгүүлэн уг хашаа бүхий газраа эзэмших хүсэлтэй байгаагаа хэлэхэд газар олголт хийгдэхгүй байгаа тул түр хүлээж бай гэсэн.
Иймд 2013 онд Баянзүрх дүүргийн газрын албанд дахин газар эзэмшихийг хүссэн өргөдөл гаргаж хороо хариуцсан байцаагчтай уулзахад газрын байцаагч манайх шинээр газар олголт хийхгүй байгаа тул газар эзэмшихийг хүссэн өргөдөл хүлээн авахгүй байгаа. Иймд та газар олголт хийгдэж байгаа эсэхийг асууж байгаад ирээрэй гэсэн хариултыг өгсөн.
2014 оны сүүл 2015 оны эхээр тус дүүргийн газрын албанд очиж уулзахад мөн л өргөдөл хүлээн авахгүй байгаа гэж байсан тул 2015 онд экскаватороор газраа тэгшилж хазгай хэсэгт суурийн блок өрж тэгшилэн модон хашааг буулгаж тоосгон хашаа барих зэрэг засвар хийж нийт 20 гаруй сая төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн.
Ингээд 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П*******д газар эзэмшихийг хүссэн өргөдлөө гаргасан бөгөөд үүнд 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тус дүүргийн Өмч, газрын харилцааны албаны мэргэжилтэн Б.О өргөдлийн хариуд Уг газарт дүүргийн Засаг даргын 2015 оны А/38 дугаар захирамжаар иргэн М.*******д олгогдсон байх тул Газрын тухай хуулийн дагуу 3 хоногийн хугацаанд газар чөлөөлөхийг шаардаж байна гэсэн хариуг өгсөн.
Миний амьдарч байгаа газрыг бусдад давхардуулан олгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын дагуу иргэнд газар эзэмшүүлэх үе шат нь иргэн шинээр газар эзэмшихийг хүссэн өргөдөл гаргана, иргэнээс ирүүлсэн өргөдөлтэй тухайн дүүргийн газрын албаны мэргэжилтэн танилцаад өргөдөл дурдагдсан талбайг бусдын эзэмшил, ашиглалтад олгогдсон эсэх болон уг газрын хэмжээ, заагийг газар дээр тэмдэгжүүлж, солбицолжуулах судалгааны ажлыг гүйцэтгэн улмаар газар эзэмшихийг хүссэн хүсэлтийг хангах үндэслэлтэй бол газар эзэмшүүлэх тухай шийдвэр буюу захирамжийг холбогдох Засаг даргад гаргах гэсэн дараалалтай байдаг.
Гэтэл миний бие уг газар дээр хашаа барин 5 жил гаруйн хугацаанд гэр бүлийн хамт амьдарч байгаа бөгөөд хороо болон дүүргийн газрын албаны ажилтанууд ч энэ тухай мэдэж байсан атлаа уг газар бусдын эзэмшил, ашиглалтанд байгаа эсэхийг шалгалгүй мөн бидэнд мэдэгдэлгүй амьдарч буй газрыг маань бусдын эзэмшил, ашиглалтанд өгсөн нь үндэслэлгүй байна.
Миний бие 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад миний амьдарч буй газрыг бусдад эзэмшүүлсэн бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул 2015 оны А/38 дугаар захирамжийн иргэн М.*******д холбогдох хэсгийг өөрчилж, миний газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдлөө гаргасан. Үүнд тус дүүргийн Өмч, газрын харилцааны албаны газар зохион байгуулагч Б.О Өргөдөл дурдсан байршилд дүүргийн Засаг даргын 2015 оны А/38 дугаар захирамжаар иргэн М.*******д газар эзэмших эрх олгогдсон байх тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасны дагуу давхардуулах боломжгүй тул дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой гэсэн хариуг өгсөн.
Иймд 2015 оны 7 дугаар сарын 24-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд дүүргийн Засаг даргын 2015 оны А/38 дугаар захирамжийн иргэн М.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэн Ц.О******* миний нэр дээр гаргаж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан.
2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн өмчийн харилцааны газарт өргөдөл гомдлыг шилжүүллээ. Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Т*******т тус хаягт оршин суудаг, газраа өөрийн хөрөнгөөр засч сайжруулсан иргэн эзэмших эрхтэй. Дүүргийн Засаг даргын захирамжийг нягтлан шийдвэрлэж ажилла гэсэн хариуг өгсөн. Үүнд Нийслэлийн өмчийн харилцааны газрын Кадастрын хэлтсийн дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Ц.Б******* тус асуудал нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой байгаа тул Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасны дагуу шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн тул шүүхэд хандаж байна.
Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/38 дугаар захирамжийн иргэн М.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 29-506 тоот газрыг иргэн Ц.О*******ад эзэмшүүлэх, гэрчилгээ олгохыг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н, Б.О нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нэхэмжлэлд тус дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгийн 29-506 тоотод байрлах 700 м.кв газрыг иргэн М.*******д олгосон нь хууль зөрчсөн талаар дурдсан байна.
Иргэн М.******* нь Газрын тухай хуулинд заасны дагуу уг газрыг эзэмших хүсэлтийг 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан бөгөөд тус өргөдөл нь газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж байна.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т Газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан байх тул иргэн М.******* нь хуулийн дагуу уг газрыг эзэмшиж байгаа этгээд юм.
Иргэний эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь ямар нэгэн иргэний газартай давхцсан тохиолдолд Газрын мэдээллийн санд бүртгэгдсэн байдаг бөгөөд тухайн үед гаргасан нэхэмжлэгчийн хүсэлт Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчсөн байх тул дүүргийн Засаг даргаас өгсөн өргөдлийн хариу болон Нийслэлийн Засаг даргаас өгсөн хариу нь үндэслэлтэй байна.
Иймд дүүргийн Засаг даргын 2015 оны А/38 дугаар захирамжийн иргэн М.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд М.******* шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Миний зүгээс Монгол Улсын Газрын тухай хуулийн 32, 33, 34 дүгээр зүйл, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журамд зааснаар Баянзүрх дүүргийн Засаг дарга өргөдөл гаргаж, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр албан ёсоор бүртгэл хяналтын санд бүртгүүлсэн, дүүргийн газрын албанас холбогдох судалгааг хийж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/38 дугаар захирамж гарч газар эзэмших эрх олгосон юм.
Дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн миний эзэмшилд олгосон газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, солбицолжуулах ажлыг эрх бүхий хүмүүс хийж гүйцэтгэж, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар дүүргийн газрын албатай газар эзэмших гэрээ байгуулан, газар эзэмших эрхийн гэрчилгээг баталгаажуулан авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Мөн газрыг Кадастрын мэдээллийн санд бүртгүүлж, кадастрын зургаа баталгаажуулж авсан.
2015 оны эхээр миний эзэмшлийн газар буюу Баянзүрх дүүргийн 22 хороо, Алтан-Өлгий 29-506 тоотод /Ц.О*******ын хашааны хажуугийн газар/ хашаа баригдаагүй хоосон байсан. Харин 2015 оны 4 дүгээр сард Ц.О******* хашаа зөвшөөрөлгүй барьсан байсан учир хашааг буулгаж газраа чөлөөлүүлэх хүсэлтээ Баянзүрх дүүргийн Засаг даргад бичгээр гаргасан. Үүний дагуу 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүхийн гарын үсэгтэй Тус зөрчлийг дүүргийн Засаг даргын 2015 оны А/03 дугаар Газар албадан чөлөөлөх тухай захирамжийн судалгаанд хамруулан орц, гарц гарган ажиллах болно гэсэн 718 дугаар албан бичгийг өгсөн.
Одоог хүртэл газар чөлөөлж өгөхгүй байгаад гомдолтой байна.
Ц.О******* нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгий 29-510 тоот хашаанд одоог хүртэл газар эзэмшиж, хашаан байшинд амьдарч ирсэн. Тэр Алтан-Өлгийн 29-506 тоотод амьдарч ирсэн мэтээр ойлгуулахыг хичээж, бусдын хууль, журамд заасан үндэслэлийн дагуу авсан хууль ёсны эзэмшлийн газарт хууль зөрчин хашаа барьж, хууль бус аргаар, хүчээр өөрийн болгохыг санаархаж байна.
Монгол Улсын иргэн бүр хуулийн дагуу хаанаас ч газар эзэмших эрхтэй. Дээрх нөхцөл байдлыг гэрчлэх хүмүүс, холбогдох баримтууд хангалттай бий.
Ц.О*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул хуулийн дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/38 дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Ц.О*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/38 дугаар захирамжаар гуравдагч этгээд М.*******д Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо, БАӨ-гийн 29-506 тоотод байрлалтай, 700 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, М.Бат-Эрдэнийн нэр дээр уг газрыг эзэмших эрхийн 000546902 дугаартай гэрчилгээг 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр олгожээ.
Ийнхүү нэхэмжлэгч М.*******д газар эзэмшүүлсэн гэдгийг мэдээд нэхэмжлэгчийн маргаж байгаа газартай давхцуулан газар эзэмшүүлсэн талаар Ц.О******* 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад хандаж гаргасан гомдлын хариуд Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1250 дугаар албан бичгээр ... Өргөдөл дурдсан байршилд дүүргийн Засаг даргын 205 оны А/38 дугаар захирамжаар иргэн М.*******д газар эзэмших эрх олгогдсоноор мэдээллийн санд бүртгэгдсэн байх тул Газрын тухай хуулийн 31.3-д заасны дагуу таньд давхардуулан олгох боломжгүй байна. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл Монгол Улсын Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасны дагуу дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр асуудлаа шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг өгчээ.
Үүний дагуу дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан болох Нийслэлийн Засаг даргад 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хандсан бөгөөд Нийслэлийн Засаг даргаас өгсөн хариуг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Ц.О*******ад Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/63 дугаар захирамжаар Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо, Алтан-Өлгий 29-510 тоотод байрлалтай, 647 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар эзэмшүүлж шийдвэрлэсэн байх боловч бодит байдал дээр мөн маргаан бүхий газар дээр гэр барин амьдарч байсан, тухайн газрыг засан сайжруулалт хийж тэгшилсэн /уулын налуу хэсгийг/, нэхэмжлэгч нь уг газрыг буюу 506 тоот хаягт байрлах газрыг эзэмшиж авахаар хэд хэдэн удаа Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж байсан зэрэг нь Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1/1508 дугаар албан бичгийн хавсралтаар ирсэн Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2015 оны зурган мэдээллийг 2012, 2013 оны агаарын зурагтай давхцуулсан зураг, шүүх хуралдаанд хэлсэн талуудын тайлбар болон гэрчийн мэдүүлэг, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2015 дугаар албан бичигт хавсарган ирүүлсэн хувийн Red Line of Land ХХК-иар 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хийлгэсэн эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг зэргээр нотлогдож байна гэж шүүх үзлээ.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж заасан бүрэн эрхийн хүрээнд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь газрыг М.*******д эзэмшүүлсэн боловч мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болно, 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан зохицуулалтыг зөрчжээ.
Иймд нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтээ гарган амьдарч байсан газрыг гуравдагч этгээдэд 2015 онд дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлэхдээ гуравдагч этгээд нь уг газраа бодитоор эзэмшиж, ашиглаагүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ц.О*******ын дээрх захирамжийн М.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.О*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/38 дугаар захирамжийн иргэн М.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Алтан-Өлгий 29-506 тоот газрыг иргэн Ц.О*******ад эзэмшүүлж, гэрчилгээ олгохыг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА