Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/420

 

Д.З-т холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Галав,

шүүгдэгч Д.З-ын өмгөөлөгч Б.Мянган,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЗ/536 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, шүүгдэгч Д.З-ын өмгөөлөгч Б.Мянганы гаргасан давж заалдах гомдлоор Д.З-т холбогдох эрүүгийн 2006 03946 2077 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Д.З-, 1987 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

             Д.З- нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж Г.Х-ын эзэмшлийн *** улсын дугаартай, 2015 онд үйлдвэрлэгдсэн “Toyota Land Cruiser 200” загварын тээврийн хэрэгслийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, ***  тоот хашаанаас авч бусдад зарж борлуулан 99.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.З-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...хэрэгт авагдсан Г.Х-ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-15-17, 18-21/, хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-28-40/, Д.З-тай бичсэн мессеж чат /хх-124/, О.А-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-149-152/, бичгээр гаргасан баримт /хх-91/, хөрөнгө орлогын мэдүүлэг зэрэг нотлох баримтаас үзэхэд “Toyota Land Cruiser 200” загварын тээврийн хэрэгслийг О.А-аас Г.Х-од худалдсан гэх мөнгөн дүнгийн хэмжээ зөрүүтэй, О.А-, Г.Х- нарын хооронд урьдын өр авлага байсан эсэх нь эргэлзээтэй байна. Г.Х- нь “Toyota Land Cruiser 200” загварын тээврийн хэрэгслийг хэдэн төгрөгөөр худалдан авахаар тохирсон, үүнээс хэдэн төгрөгийг урьдын өр авлагад тооцсон болохыг эргэлзээгүйгээр тогтоох нь хэрэгт чухал ач холбогдолтой. Мөн уг тээврийн хэрэгсэл нь О.А- /“Саран финанс” ББСБ/-аас “БСБ финанс” ББСБ /Г.Х-, Д.З-/-д, Д.З-аас н.Л-т хэрхэн шилжсэн, хэдэн төгрөгөөр худалдсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. ...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.З-ын өмгөөлөгч Б.Мянган давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Д.З-ын худалдан борлуулсан *** улсын дугаартай, 2015 онд үйлдвэрлэгдсэн “Toyota Land Cruiser 200” загварын тээврийн хэрэгсэл хохирогч Г.Х-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш бөгөөд түүний эзэмшилд бүртгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 101 дүгээр талд авагдсан Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар нотлогддог. Харин 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Д.З-ын эзэмшилд бүртгэгдэж, улмаар “БСБ финанс” ББСБ-ын эзэмшилд шилжсэн болох нь тогтоогдсон байна. Мөн гэрч О.А-ын эзэмшилд ч бүртгэгдээгүй байдаг.

2. Яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд Д.З-ыг бусдыг залилан мэхэлж 99.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэдэг бөгөөд энэ нь зөвхөн “Дамно” ХХК үнэлгээний төвийн үнэлгээгээр л тогтоогдсон үнэ юм. Харин хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Х-ын Цагдаагийн байгууллагад гаргасан “...88.000.000 төгрөгт худалдан авахаар тохиролцсон...” /хх 18-21/ гэх өргөдөл, хохирогчийн “...98.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон...” /хх 28-40/ гэх, гэрч О.А-ын “...тухайн автомашиныг 100.000.000 төгрөгөөр бодож худалдсан...” /хх 49-52/ гэх мэдүүлгүүд зэргээс үзэхэд хохирогч Г.Х-, гэрч О.А- нар автомашиныг хэдэн төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон болох нь тогтоогддоггүй. Мөн гэрч О.А-ын 2021 оны 10 дугаар сарын 3-ны өдөр гаргаж өгсөн гар бичвэр /хх 91/-т хохирогч Г.Х-ын мэдүүлэгт уялдуулж, нийцүүлэн “...автомашиныг 98.000.000 төгрөгт бодож өгсөн...” гэж өмнөх мэдүүлгээсээ зөрүүтэйгээр бичсэн байгаа нь нэмэлт мөрдөн байцаалтаар хохирогч Г.Х-, гэрч О.А- нар үгсэн хуйвалдаж мэдүүлгээ нэгтгэх бүрэн үндэслэл байгааг харуулж байна. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон” тохиолдолд хэлцлийг амаар хийсэн гэж үзэхээр хуульчилсан бөгөөд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хохирогч Г.Х-, гэрч О.А- нар хэлцлийн гол нөхцөл болох автомашины үнийг 98.000.000 төгрөг байхаар хэлэлцэн тохиролцоогүй, харин шүүгдэгч Д.З-ын мэдүүлсэн 55.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэх мэдүүлэг үндэслэлтэй гэж үзэхээр байна. Шүүгдэгч Д.З-ын хохирогч Г.Х-ыг зээлээ төлөхгүй байх гэж үзэх хангалттай үндэслэл байсан нь түүний зээлийн хүүгийн төлбөрийг 24-30 хоногийн хугацаа хэтрүүлэн төлсөн баримт /шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн ББСБ-ын зээлийн дансны хуулга/, болон “БСБ финанс” ББСБ-ын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 20/1437 дугаартай “Мэдэгдэх хуудас” зэргээр нотлогдож байгаа бөгөөд уг автомашиныг 38.000.000 төгрөгөөр зээлийн төлбөрт хураалгах эрсдэл, алдагдлаас урьдчилж бусдад худалдан борлуулж, зээлийг хааж шийдвэрлэсэн нь учрах эрсдэлээс сэргийлсэн, Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан “өөртөө туслах” үйлдэл юм. Хохирогч Г.Х- нь нотлох баримтаа бүрдүүлж, олох ёстой байсан ашиг болон гарсан зардлаа нотолж, иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх боломжтой маргааныг эрүүгийн гэмт хэрэг, бусдыг залилж их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэхүү нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгэх шаардлагагүй гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.З-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Л.Галав тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтуудаар “Toyota Land Cruiser 200” загварын тээврийн хэрэгсэл Г.Х-ын эзэмшилд байсан нь нотлогддог. Мөн тухайн автомашиныг Г.Х- нь О.А-аас шилжүүлж авсан нь тогтоогдсон. “Дамно” ХХК-ийн үнэлгээгээр хохирлыг тооцох боломжтой гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.З-ыг “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж Г.Х-ын эзэмшлийн *** улсын дугаартай, 2015 онд үйлдвэрлэгдсэн “Toyota Land Cruiser 200” загварын тээврийн хэрэгслийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, ***  тоот хашаанаас авч бусдад зарж борлуулан 99.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

            Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “...мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудад заасан хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн шалгаж тогтоогоогүй, тухайлбал “Toyota Land Cruiser 200” загварын тээврийн хэрэгслийг О.А-аас Г.Х-од худалдсан гэх мөнгөн дүнгийн хэмжээ зөрүүтэй, О.А-, Г.Х- нарын хооронд урьдын өр авлага байсан эсэх нь эргэлзээтэй байна. ...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээтэй холбогдсон асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтоох боломжтой гэж үзэв.

            Иймээс Д.З-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай оролцогчийг талуудын хүсэлтээр оролцуулан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Дээрх үндэслэлээр шүүгдэгч Д.З-ын өмгөөлөгч Б.Мянганы гаргасан давж заалдах гомдлыг агуулгын хувьд хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Д.З-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

            Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Д.З-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

            Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэргийг прокурорт буцаах” заалтууд нь нэг ойлголт мэт боловч анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат, цаг хугацаа, хянан шийдвэрлэх журмын хувьд тус тусдаа хуулийн зохицуулалт билээ.

            Гэтэл анхан шатны шүүх шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэргийг прокурорт буцаахаар дүгнэсэн атлаа захирамжлах хэсэгт мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгосон нь ойлгомжгүй байгааг анхааруулж тэмдэглэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЗ/536 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.З-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

            2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч Д.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН