Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 437

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч У.Дэндэвдорж,

шүүгдэгч С  түүний өмгөөлөгч Л.Цэндоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201701000074 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Монгол улсын иргэн, С , Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй. Шүүгдэгч С  нь худалдаалах зорилгогүйгээр 2016 оны 12 дугаар сард Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кастел бааранд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 0,6 гр мөс гэх нэршилтэй сэтгэц нөлөөт мансууруулах бодис олж авч улмаар уг сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл биедээ хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч С  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв. Шүүгдэгч С  нь худалдаалах зорилгогүйгээр 2016 оны 12 дугаар сард Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кастел бааранд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 0,6 гр мөс гэх нэршилтэй сэтгэц нөлөөт мансууруулах бодис олж авч улмаар уг сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг биедээ хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараахь баримтууд болох: Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай “ ... шалан дээр баруун хойд хэсэгт дотор тал нь цайвар цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл байсныг битүүмжилж авлаа. ... зүүн хойд суудлын шалавчин дээр 8х6 хэмжээтэй зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл байсныг үзлэг хийхээр хураан авлаа” гэсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хэргийн 1 дүгээр хавтас 7-19 дүгээр хуудас/ Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсэд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эсэхийг Trunarc багаж ашиглан шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургууд “... Сэжигтэн С гийн сууж явсан 97-35 УНД улсын дугаартай Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр хураан авсан 8х6 см-н хэмжээтэй зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлийг албаны Т1000 загварын баталгаат жин дээр уутны хамт жинлэхэд 0,7 грамм байсныг тэмдэглэж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх Trunarc багажаар шалгахад №8 гэж дугаарласан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламж илэрснийг Nikon D3200 маркийн аппаратаар 3 кадр зураг Samsung 65х маркийн камераар 1 минут 49 секундын бичлэг хийж бэхжүүлэн авч үзлэгийг дуусгав” гэсэн баримт. /хэргийн 1 дүгээр хавтас 21-24 дүгээр хуудас/ Хүний биед үзлэг хийж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. “... С  нь метамфетамины төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн гэж зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав” гэсэн баримт. /хэргийн 1 дүгээр 68-72 дугаар хуудас/ Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн “... 8 гэж дугаарласан 6х8 см харьцаатай зип лок түгжээ бүхий гялгар ууттай, цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл байх ба албаны Т1000 загварын цахилгаан жин дээр жинлэхэд гялгар уутны хамт 0,6 грамм байлаа” гэсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хэргийн 1 дүгээр хуудас 85-90 дугаар хуудас/ Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол. /хэргийн 1 дүгээр хавтас 91 дүгээр хуудас/ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 3967 дугаартай: “1. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд шинжилгээ хийхэд тэнцэж байна. 2.3 “Ууганбаяр С  2017.04.14” гэсэн хаягтай шээснээс метафетамнины /methamphetamine/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 109 дүгээр хуудас/ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 3968 дугаартай: “1. Шинжилгээнд ирүүлсэн 22 гэж дугаарласан цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл нь 0,6720 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн “22” гэж дугааралсан цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, ‘”8” гэж дугааралсан гялгар ууттай цагаан өнгийн талст мөс мэт зүйлд метафетамин/methamphetamine/-ны агууламж илэрсэн. 3. Метафатмин /methamphetamine/ нь НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно” гэсэн дүгнэлт, гэрэл зургууд. /хэргийн 1 дүгээр хавтас 113-114 дүгээр хуудас/ Шүүгдэгч С гийн яллагдагчаар өгсөн “Би 2016 оны сүүлээр найзуудынхаа хамт гадуур шоудаж байхдаа зүс таних нэрийг нь санахгүй байна залуутай хорооллын Кастле бааранд таарсан юм. Тэр залуутай баарны гадаа тамхи татаад юм яриад зогсож байхад сэргэх үү, чи хэрэглэж үзсэн үү гээд халааснаасаа гялгар ууттай цагаан өнгийн юм гаргаж ирээд надад үзүүлэхээр нь яаж хэрэглэдэг юм бэ гэж асуухад ойролцоо байх 5 давхар байрны орц руу намайг дагуулж орсоноо халааснаасаа нөгөө цагаан өнгийн зүйлийг гаргаж ирсэнээ тарианы усны шилэнд бага зэргийг хийгээд доороос нь асаагуураар шатаагаад гарсан утааг нь мөнгөн дэвсгэрт хуйлж соруул мэт болгож сорж байснаа надад өгөхөөр нь би сонирхоод 2, 3 удаа сорсон. Тэр үед надад ямар нэгэн мэдрэмж өгөөгүй эсэргээрээ толгой өвдөөд байх шиг байхаар нь би дэмий юм байна гэж хэлчихээд уг орцноос гарах гэсэн чинь намайг дараа нь хэрэглээрэй гээд гялгар ууттай юмаа надад өгөхөөр нь би тухайн үед өмсөж явсан хувцасныхаа халаасанд хийсэн. Тэгээд Кастле бааранд буцаж очоод найзуудтайгаа хамт сууж байгаад гэртээ харьсан. 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр багийн найз Золоотой уулзах гэж 10 дугаар хороололд байх гэрт нь очсон чинь гэртээ байхгүй байсан. Тэгээд тэдний байрнаас гараад явж байхдаа С.Буянбаатартай уулзмаар санагдаад байхаар нь С.Буянбаатарын 88114632 дугаарын утсаар нь холбоо бариад завтай байна уу уулзах уу гэсэн чинь С.Буянбаатар завтай байна гэхээр нь би Голден парк хотхон дээр хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд би С.Буянбаатарыг хүлээж байх зуураа Голден парк хотхоны нэг орцонд орж 2016 оны сүүлээр Кастле бааранд таарсан залуугаас авсан мөсөө бага зэргийг хэрэглэсэн. Удалгүй С.Буянбаатар ирээд бид хоёр хотын төв рүү явж байхад манай багын найз болох жижиг Баяраа циркийн хажуу талын Клуб 24 бааранд сууж байна ирээд авах боломж байна уу гэхээр нь би за гэж хэлсэн. Тэгээд цирк дээр ирээд жижиг Баярааг хүлээгээд зогсож байхад цагдаа нар ирээд Буянбаатар бид хоёрыг барьсан. 2016 оны сүүлээр Кастле бааранд таарсан залуутай өмнө нь 2, 3 удаа таарч байсан юм. Нэрийг нь мэдэхгүй зүс мэдэх төдий. Одоо тэр залууг сайн санахгүй байна. ... 2016 оны сүүлээр Кастле бааранд найзуудынхаа хамт шоудаж байхдаа зүс мэдэх нэг залуутай таараад тэр залуутай анх удаа мөс гэх хар тамхи хэрэглэсэн. Тэр үед зүс мэдэх залуу надад хэрэглээрэй гээд гялгар ууттай мөс шилэн гаанс өгөхөөр нь би тэрийг нь хадгалж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ганцаараа хэрэглээд үлдсэнийг нь цагдаа нар хурааж авсан. Би худалдаж аваагүй тэр залуу өөрөө надад хэрэглэж үзээрэй гээд өгсөн юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 161-163 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. Шүүгдэгч С гийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь прокуророос эрүүгийн хуулийг хэрэглэхдээ буруу хэрэглэсэн байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээ нь “... хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ... нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Иймд С гийн үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр үйлдэгдсэн тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу түүний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч С гийн үйлдэл нь дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч С  нь мөс гэх метафетамин /methamphetamine/ нэршилтэй мансууруулах бодисыг мэдсээр байж өөрөө хэрэглэх зорилгоор биедээ хадгалж байсан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж дүгнэлээ. Шүүгдэгч С гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар С д нэг жил хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “С  нь энэ гэмт хэргийг тохиолдлын байдлаар анх удаа үйлдсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал түүний үйлдэлд байна. Тэрээр энэ хэрэгтээ 61 хоног цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон. Энэ нөхцөл байдлыг харгалзан шүүхээс миний үйлчлүүлэгчийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай анги 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү”, “2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялын хэмжээг тогтоож, уг хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэв. Шүүгдэгч С гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан, бас гэм хорыг арилгасан гэж үзэх үндэслэл байхгүй тул өмгөөлөгчийн шүүхэд хандаж тавьсан хорих ял оногдууулж, уг ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэв. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8 гэж дугаарласан 0,6 гр зип лок түгжээтэй гялгар ууттай мөс гэх нэршилтэй метамфетамины агууламж бүхий мансууруулах бодис, 22 гэж дугаарласан шилэн гаанс 1 /нэг/ ширхэг, Эссэ гэх бичлэгтэй асаагуур 1 /нэг/ ширхэг, тест 2 /хоёр/ ширхэгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үед устгахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгч С гийн энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 61 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С гийн үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. С г мансууруулах бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар С г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8 гэж дугаарласан 0,6 гр зип лок түгжээтэй гялгар ууттай мөс гэх нэршилтэй метамфетамины агууламж бүхий мансууруулах бодис, 22 гэж дугаарласан шилэн гаанс 1 /нэг/ ширхэг, Эссэ гэх бичлэгтэй асаагуур 1 /нэг/ ширхэг, тест 2 /хоёр/ ширхэгийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С гийн баривчлагдсан, цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

7. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол С д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ