Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/421

 

Б.А-д холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Шагдар,

шүүгдэгч Б.А-,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Г.Б-, шүүгдэгч Б.А- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.А-д холбогдох эрүүгийн 2109 01708 0066 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Б.А-, 2001 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Булган аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

             Б.А- нь согтуугаар, 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан худаг” гэх газарт Г.Б-тай “Архи ууж агсам тавьлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Б- нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.А- авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Хохирогч Г.Б- гаргасан давж заалдах гомдолдоо: “...шүүгдэгч Б.А- оногдуулсан ялыг хөнгөдсөн гэж үзэж байна. Иймд зохих шийтгэлийг оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Б.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчийн нэхэмжилсэн 500.810 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны үед өгөх гэсэн боловч тэрээр аваагүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр ч мөн авахгүй гэсэн. Би хохирогчтой нэг ангид сурдаг, найзууд. Маргаан болох үед би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир хоорондоо үл ойлголцол үүсч, найзынхаа биед гэмтэл учруулсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж, уучлалт гуйж байна. Миний эцэг, эх малчин хүмүүс. Би хичээлийн бус цагаар модон эдлэлийн үйлдвэрт цагийн ажил хийдэг. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй, нийгэмд зөв хүн болж хүмүүжнэ. Мөн одоо төгсөх дамжааны оюутан, дадлагын ажлаа хийхгүй болж төгсөж чадахгүй хүнд байдалд байгааг маань харгалзан надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Ц.Шагдар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.А-ыг 800 нэгжээр торгох ялын саналыг гаргасан. Шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлэн түүнд 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн. Үүнд тусгайлан гаргах санал байхгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Б.А- нь 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан худаг” гэх газарт бусадтай нийлэн архидан согтуурсан үедээ Г.Б-тай “Архи ууж агсам тавьлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохисны улмаас эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Г.Б- нь “...Бэлх явах замд байдаг “Цагаан худаг” нэртэй газарт байшин түрээслээд манай ангийн хүүхдүүд бөөндөө очсон. Тэгээд би архи уугаад тасраад орон дээр хэвтэж байтал манай ангийн А-  гэх хүүхэд миний дээрээс нүүр, хамар руу хэд хэдэн удаа цохисон. Би хариу үйлдэл үзүүлж чадаагүй, босч чадахгүй байсан. Маргааш өглөө нь ... харахад миний нүүр, хамар хавдчихсан байхаар нь ангийнхаа хүүхдүүдээс асуухад “Ямар ч байсан чамайг цохиод байсан” гээд хэн цохисныг хэлэхгүй байсан. Тэгээд би А-ыг намайг зодсоныг мэдэж байсан болохоор түүнд “Чи намайг зодсон” гэж хэлээд Гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн, ... А-д надад “200.000 төгрөг өгье, тэгээд салъя” гэж хэлэхээр нь би “Үгүй, ... хагалгаанд ороход 2.000.000 орчим төгрөг, бусад зардалд 1.000.000 орчим төгрөг болно” гэхэд А-  “Надад тийм мөнгө байхгүй, тэглээ ч би чамайг зодоогүй” гэсэн болохоор нь цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. ...” /хх 20-22, 23/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээдийг тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

- гэрч Т.Бя-ийн “...манай ангийн дарга Т ОХУ-руу сургуульд суралцахаар явах болсон тул ... байшин түрээслээд гаргах үйл ажиллагаа явуулсан. ... Б- унтахгүй, орилж хашхираад байсан. Тэгж байтал Б- А-ыг ёс бус үгээр дуудаад, түрүүлж цохиход А- зөрүүлж цохисон. ...” /хх 36-37/,

- гэрч Т.Б-ын “...ангийн дарга Т-г гаргаж өгөхөөр болоод ангиараа салхинд гарахаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байшинг түрээсэлсэн. ... байшин руу ороход Б- архи уучихсан, биднийг “Ямар удаан ирдэг юм бэ” гээд хэлж байсан. Хоол идчихээд байж байхад Тэ бидэнд архи хийж өгсөн. Тэгтэл Б- тэнд байсан хүмүүс рүү агсраад уурлаад яваад байсан. ... А-ыг 2 давхар луу гарах гэж байхад Б- уурлаад “Муу гичий минь би чамайг ална” гээд А-ын нүүр хэсэгт гараараа 1-2 удаа цохисон. Тэгтэл А- зөрүүлээд Б-ын нүүр лүү 1-2 удаа цохисон. ...” /хх 39-41/,

- шүүгдэгч Б.А-ын яллагдагчаар өгсөн “...манай ангийн хүүхдүүд ... Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Цагаан худаг гэх газрын орчим байшин түрээсэлсэн байна гээд ... биднийг дуудсан. Би байгаа газар нь ангийнхаа 6 хүүхдийн хамт 20 цагийн үед очиход ... түрүүлж очсон хүүхдүүд архи, пиво уугаад эхэлчихсэн байсан. Тэгтэл Б- нь Тэ-тэй муудалцаад гадаа гарч байж байгаад орж ирснээ над руу агсам тавиад түүнээс болж бид хоёр муудалцаад зодолдсон юм. ... Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 7-8/ гэсэн мэдүүлгүүд, 

- хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11223 дугаартай “Г.Б-ын биед хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун шуу, цээж, зүүн шуунд цус хуралт, баруун өвдөг, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” /хх 43-44/ гэх дүгнэлт зэргээр давхар нотлогджээ.

Дээрх үйл баримтаас өмнө болон дараа нь Г.Б- бусдад зодуулсан эсхүл өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биедээ тухайн гэмтлийг авсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар дөрвөн зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.

Учир нь, гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой. Иймээс ч шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэн нэгний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй болно.

Шүүгдэгч Б.А- мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад “...эрхэлсэн тодорхой ажилгүй...” хэмээн өөрийн биеийн байцаалтын талаарх мэдээллээ тогтвортой өгч байсан атлаа давж заалдсан гомдолдоо өөрийгөө “хичээлийн бус цагаараа модон эдлэлийн үйлдвэрт цагийн ажил хийдэг ба цалингаасаа торгуулийг төлөх хүсэлтэй” тухайгаа дурдаад “Дэгжин хаус” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 22/007 дугаартай “Тодорхойлолт” гэх баримтыг шүүхэд гарган өгчээ.

Гэвч дан ганц энэхүү баримтаар түүний давж заалдсан гомдолд дурдсан нөхцөл байдлыг тодорхойлох боломжгүй бөгөөд хууль болон гэрээний үндсэн дээр ажил олгогчоос тодорхой цалин, хөлс авч байгаа байдлыг нотлох нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, лавлагаа, мөн хувьд ногдох хөрөнгийн байдлыг тодорхойлсон бусад баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Нөгөөтэйгүүр, мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдөөгүйн гадна, шүүгдэгч Б.А-ын хувьд торгох ялыг биелүүлэх бодитой үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд анхан шатны шүүхээс сонгон оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгдэгч Б.А-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруу, хувийн байдалтай тохирсон бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй.” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.

Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн шүүгдэгч Б.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн/, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, одоо төгсөх дамжааны оюутан зэрэг хувийн байдлыг нь харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр /хоёр зуун дөчин цаг/ ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцнэ гэж дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтүүдийг оруулж, хохирогч Г.Б-ын гаргасан “...ял хөнгөдсөн тухай...”, шүүгдэгч Б.А-ын гаргасан “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих тухай...” давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар...” гэснийг “...240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар...” гэж өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогч Г.Б-, шүүгдэгч Б.А- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН