Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 438

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн- Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Т.Оюунжаргал,

Хохирогч Б.Цэрэнбат,

Шүүгдэгч Э  нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Э ад холбогдох эрүүгийн 1705005020089 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Э  Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар : Шүүгдэгч Э  нь 2017 оны 8 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Тээврийн дээд сургуулийн орчим иргэн Б.Цэрэнбатын эзэмшлийн Хаан банк дахь 5920090436 тоот данс бүхий виза картыг нууцаар, хууль бусаар авч улмаар 452,700 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж хохирол учруулсан хулгайн гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э  мэдүүлэхдээ: “2017 оны 8 дугаар сарын 20-нд Цэрэнбаттай таарсан. 1 шил архи уугаад би согтсон тул намайг буудалд оруулаад 1 шил архи авсан. Буудалд тооцоо хийх үед нь нууц дугаарыг нь харсан байсан. Тэгээд картыг нь аваад 450,000 төгрөг авч архи авч уусан” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Цэрэнбат мэдүүлэхдээ: “2017 оны 8 дугаар сарын 20-нд Э тай таараад коллежийн орчим 1 шил архи авч уусан. Дараа нь буудалд орж 1 шил архи авч уугаад нэлээн муудаад гэртээ харьсан байсан. Бид 2 багийн найзууд юм. Би гомдол гаргаагүй эхнэр гаргасан” гэв. Мөрдөн байцаалтад хохирогч Б.Цэрэнбат мэдүүлэхдээ: “..Би 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэрээсээ гараад доош алхаад Баянгол дүүргийн 2 дугаар хорооны Тээврийн дээд сургуулийн орчим ирээд байж байтал бороо ороод байхаар нь ...буцаад гэрлүүгээ харих гээд явж байтал зүс таних найз Э  болон ангийн найз Алтанбагана хоёртой тааралдаад хэсэг хугацаанд юм ярьж байгаад тээврийн дээд сургуулийн урд саданд 0,75 литрийн Соёрхол архи хувааж уучихаад байж байтал Э  би согтоод байнаа намайг буудалд оруулаад өгөөч гэхээр нь ... нэг зочид буудалд нэг ортой өрөө аваад оруулаад байж байгаад бид гурав гаднаас дахин нэг шил 0,75 литрийн архи хувааж уусан. Тэгээд би тэндээсээ гараад араас Э  хүрч ирээд бид гурав хэсэг хугацаанд юм ярьж суусан. Тэгээд тэрнээс хойш болсон процессийг мэдэхгүй 20 цагийн үед гэртээ орж ирээд шууд унтаж амраад өгсөн. Тэгээд шөнө 04:00 цагийн үед манай эхнэр сэрээгээд чиний Хаан банкны виза карт хаана байна гүйлгээ хийгдээд байна гэхээр нь ...миний халаасанд байгаа гар утасны арын гирэн дотор нь виза картаа хийчихсэн байгаа шдээ гээд очоод үзтэл картнаас мөнгө гарчихсан байсан. Тэгээд шууд Хаан банкны лавлах руу утасдаж картаа хаалгасан. Тэгээд би Ланд зочид буудлаас гүйлгээ хийгдсэн байхаар нь Ланд зочид буудал дээр ирээд ресепшнээс асуутал бүдүүн халзан хоёр хүнтэй хамт байсан гэсэн. Тэгээд би Э  байна гэж ойлгоод маргааш нь цагдаа орж өргөдлөө өгнө гэж байж байгаад Э ыг нилээн хайж явахад олдоогүй. ..архи авч тооцоо хэлж байхад нууц дугаар хийж байхад Э  харсан байх магадлалтай. Миний данснаас нийт 452,700 төгрөгийн зарлага гарсан юм..” гэжээ. /хх 10-14 хуу/ Гэрч Ч.Алтанбагана мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Төмөр замын дээд сургуулийн урд талын сааданд найз Э , Отгонжаргал нарын хамт архи уугаад сууж байсан чинь ангийн найз Цэрэнбат ирсэн. Тэгээд архи дууссанд Цэрэнбат архи авч өгье гээд Э  өөрийн мөнгөний картаа нууц дугаарыг нь хэлж өгч явуулаад Э  архи авч ирээд бид 4 тэр архийг нь хувааж ууцгаасан. Сүүлд авч ирсэн архи дууссаны дараа Отгонжаргал гэртээ харьлаа гээд явсан харин Цэрэнбат, Э  бид гурав 10 дугаар хороололд байдаг зочид буудалд ороод Цэрэнбат Э  ахиад картаа өгч гаргаад Э  гарч архи, пиво бас тэр картаараа зочид буудлын тооцоо хийлгүүлсэн тэгээд бид 3 гаднаас авч ирсэн архи, пиво хувааж ууцгаасан тэгээд би согтоод унтсан байсан нэг сэрсэн чинь Цэрэнбат, Э  2 байхгүй байсан...” гэжээ. /хх 17-18 хуу/ Гэрч Т.Отгонжаргал мэдүүлэхдээ: “…Би 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр найз Э , Алтанбагана нартай Төмөр замын дээд сургуулийн урд талын саадан дотор архи уугаад сууж байсан чинь Цэрэнбат ирсэн тэгээд архи дууссанд Цэрэнбат Э  өөрийн мөнгөний картаа өгч архинд явуулж авч ирсэн архийг нь бид 4 хувааж уугаад би гэртээ харьсан тэр 3 буудал орохоор ярилцаад явсан. Цэрэнбат Э ыг явуулж архи авахуулахаар мөнгөний картаа кодыг хэлж өгч явуулсан. Гэхдээ намайг байхад Э  архинд явж ирчихээд Цэрэнбат мөнгөний картыг нь буцаагаад өгсөн...” гэжээ. /хх 19-20 хуу/ Хохирогч Б.Цэрэнбатын Хаан бакны 5920090436 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 8-9/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 30 хуу/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 40 хуу/, Хохирогч Б.Цэрэнбатын гомдол саналгүй, хохирлоо авсан гэх баримт /хх 36, 41/ зэрэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно. Шүүхийн дүгнэлт: Шүүгдэгч Э  нь 2017 оны 8 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Тээврийн дээд сургуулийн орчим иргэн Б.Цэрэнбатын эзэмшлийн Хаан банк дахь 5920090436 тоот данс бүхий виза картыг нууцаар, хууль бусаар авч улмаар 452,700 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хохирогч Б.Цэрэнбатын Хаан бакны 5920090436 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 8-9/ зэргээр нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд хохирогч Б.Цэрэнбат гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлоо авсан /хх 36,41 хуу/ байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч Э  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Э  нь 2017 оны 8 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Тээврийн дээд сургуулийн орчим иргэн Б.Цэрэнбатын эзэмшлийн Хаан банк дахь 5920090436 тоот данс бүхий виза картыг нууцаар, хууль бусаар авч улмаар 452,700 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж хохирол учруулсан болох нь шүүгдэгч Э ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Цэрэнбат /хав 10-14 ху/ , гэрч Ч.Алтанбагана /хав 17-18 ху/, гэрч Т.Отгонжаргал /хав 19-20 ху/ нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул Э ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан Э ад 243 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ. Шүүгдэгч Э ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт хураагдаагүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э ад 243 /хоёр зуун дөчин гурван/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж даалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э ад урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжилүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ