| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2207000070241 |
| Дугаар | 2022/ДШМ/422 |
| Огноо | 2022-04-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2022/ДШМ/422
Б.О-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Ундрах,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 400 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Н.Ундрахын бичсэн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцлээр Б.О-д холбогдох эрүүгийн 2207 00007 0241 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.О-, 2001 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
Б.О- нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын автобусны буудлын зогсоолд байрлуулсан өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр урьдын харилцааны явцад олж мэдсэн интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан хохирогч Ц.О-ийн Төрийн банкны *** дугаартай данснаас 600.000 төгрөгийг “машины төлбөр төлөх мөнгөгүй байсан учраас авсан” гэх шалтгааны улмаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналын хамт шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...интернет банк гэдэг нь цахим төхөөрөмжөөр ашиглагддаг, интернет сүлжээнд ажилладаг, нэвтрэх нэр, нууц үгээр хамгаалагдсан мэдээллийн сүлжээний нэгэн төрөл бөгөөд уг сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн үйлдэл болгоныг хууль бус халдлага гэж үзнэ. Энэ хэргийн тухайд хохирогч Ц.О- болон түүний нөхөр Э.О- нар дундаа нэг гар утас ашигладаг бөгөөд Э.О- эхнэрийнхээ интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг шүүгдэгч Б.О-д хэлж өгөн интернет банк ашиглан гүйлгээ хийхдээ нэг удаа туслалцаа авсан явдал нь шүүгдэгч Б.О-д хохирогч Ц.О-ийн хамгаалалт бүхий мэдээллийн сүлжээнд нь дараа дахин нэвтрэх эрхийг огт олгоогүй болохыг гэмт хэргийн зүйлчлэл хийхдээ прокурор анхаарч үзэх ёстой. Тодруулбал, хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Цахим мэдээлэлд хууль бусаар халдах” гэмт хэргийн үндсэн шинж буюу диспозецийг төхөөрөмж, мэдээллийн компьютерын өгөгдөл, системд нэвтэрсэн бол хэмээн хуульчилсан бөгөөд интернет банкны мэдээлэл нь арилжааны банкны цахим төхөөрөмж, мэдээллийн системд хадгалагдаж буй компьютерын өгөгдөл буюу программын хэлээр бичигдсэн тоон мэдээлэл юм. Иймд прокурорын яллах дүгнэлтэд тусгасан хэргийн үйл баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.О- нь хохирогч Ц.О-ийн хамгаалагдсан мэдээллийн сүлжээ болох интернет банк руу зөвшөөрөлгүйгээр нэвтэрч орсон нөхцөл байдлыг шүүх хуралдаанаар нөхөн шалгах боломжгүй тул прокурор энэ асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар шалгуулсны дараа хууль зүйн дүгнэлт өгсний үндсэн дээр хэргийг шүүхэд ирүүлэх нь зүйтэй...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус баримтлан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.
Прокурор Н.Ундрах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэж дараах үндэслэлээр эсэргүүцэл бичив. Үүнд: Кибер гэмт хэрэг гэдэгт “Компьютерын систем /software болон hardware/ халдлагын зүйл болсон нийгэмд аюултай үйлдэл, түүнчлэн компьютерын системийг гэмт үйлдлийн багаж хэрэгсэл болгосон нийгэмд аюултай үйлдэл”-ийг оруулна. 2001 оны Европын холбооны Кибер гэмт хэргийн тухай конвенциор кибер гэмт хэрэгт дараах үйлдлийг хамааруулсан. Үүнд: Компьютерын мэдээллийн эсрэг чиглэгдсэн үйлдэл /халдлагын зүйл нь компьютерын мэдээлэл/, түүнчлэн компьютерын мэдээллийг гэмт хэрэг үйлдэх өвөрмөц зэвсэг болгон ашигласан үйлдэл байхаар заажээ. Дээрх конвенцид зааснаар кибер гэмт хэргийн объект нь Компьютерын мэдээллийг үйлдвэрлэх, цуглуулах, боловсруулах, хадгалах, эрж хайх, дамжуулах, тараах, ашиглахтай холбоотойгоор үүссэн эрх зүйн хэм хэмжээгээр хамгаалагдсан нийгмийн харилцаа, нэмэгдэл объектод компьютерын мэдээллийн нууцлалт, бүрэн бүтэн байдал, зохиогчийн эрх зэрэг хамаарч байна. Үүнээс үзэхэд, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг тодорхойлбол, цахим мэдээллийн аюулгүй байдал, төр, хуулийн этгээд, иргэний мэдээллээ өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр цахим мэдээлэлд хууль бусаар халдах, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах, хор хөнөөлт программ хангамж бүтээх, ашиглах, тараах зэргээр халдсан, Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай үйлдэл гэж тодорхойлогдож байна. Эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт хэрэг эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг, тухайн хэргийн сэдэлт нь шунахай сэдэлтээр үйлдэгддэг, санаа зорилгоороо кибер гэмт хэргээс ялгаатай гэмт хэрэг юм. Улсын дээд шүүх 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 121 дугаартай тогтоолоор “Санхүү, мөнгөний бэлэн бус төлбөр тооцооны шинэлэг арга хэрэгсэл болох цахим картын гүйлгээ нь хүний бодит оролцоог ашигладаггүй, харин цахим тооцооллын суурь боломжид тулгуурлан боловсруулсан автомат систем бүхий үйлдэл байдаг тул уг системд хууль бус халдлага, хандалт хийж, төлбөрийн мөнгөн хөрөнгийг авч ашиглах үйлдэл бол бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулдаг” гэж тайлбарласан байна. Шүүгдэгч Б.О- нь машины зээл төлөх болоод мөнгөний хэрэг гарсан тул Ц.О-ийн данснаас мөнгийг нь авсан, урьд нь Э.О- болон Ц.О- нартай хоолонд орохдоо интернет банкаар мөнгө шилжүүлж өгсөн тул нууц үгийг нь мэддэг болсон, данснаас мөнгө авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүсэлтийг хангаж, хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн. Үүнээс үзэхэд, Б.О- нь урьдын харилцааны явцад хохирогч Ц.О-ийн интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг олж авсан, түүний хувьд хүний дансан дахь мөнгийг нь мөнгөний хэрэг гарч автомашины зээл төлөх зорилгоор, шунахай сэдэлтээр хулгайлсан байх бөгөөд харин кибер гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүхээс Б.О- нь хохирогч Ц.О-ийн хамгаалагдсан мэдээллийн сүлжээ болох интернет банк руу зөвшөөрөлгүйгээр нэвтэрч орсон нөхцөл байдлыг шүүх хуралдаанаар нөхөн шалгах боломжгүй гэж дүгнэсэн байгаа нь үндэслэлгүй энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “Дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар захирамжийг хүчингүй болгох үндэслэл болж байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг нь шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал болох гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлууд хангагдаагүй үндэслэл тогтоогдсон үед шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргахаар хуульчлагдсан. Шүүгдэгч Б.О-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэл хангагдаагүй гэх нөхцөл тогтоогдоогүй байхад захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг, мөн хэрэгт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, гэм буруугийн хуралдаан хийж, урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй атал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримталж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж дүгнэлээ. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос Б.О-ийг “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын автобусны буудлын зогсоолд байрлуулсан өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр урьдын харилцааны явцад олж мэдсэн интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан хохирогч Ц.О-ийн Төрийн банкны *** дугаартай данснаас 600.000 төгрөгийг “машины төлбөр төлөх мөнгөгүй байсан учраас авсан” гэх шалтгааны улмаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналын хамт шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “...интернет банк гэдэг нь цахим төхөөрөмжөөр ашиглагддаг, интернет сүлжээнд ажилладаг, нэвтрэх нэр, нууц үгээр хамгаалагдсан мэдээллийн сүлжээний нэгэн төрөл бөгөөд уг сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн үйлдэл болгоныг хууль бус халдлага гэж үзнэ. Энэ хэргийн тухайд хохирогч Ц.О- болон түүний нөхөр Э.О- нар дундаа нэг гар утас ашигладаг бөгөөд Э.О- эхнэрийнхээ интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг шүүгдэгч Б.О-д хэлж өгөн интернет банк ашиглан гүйлгээ хийхдээ нэг удаа туслалцаа авсан явдал нь шүүгдэгч Б.О-д хохирогч Ц.О-ийн хамгаалалт бүхий мэдээллийн сүлжээнд нь дараа дахин нэвтрэх эрхийг огт олгоогүй болохыг гэмт хэргийн зүйлчлэл хийхдээ прокурор анхаарч үзэх ёстой. Тодруулбал, хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Цахим мэдээлэлд хууль бусаар халдах” гэмт хэргийн үндсэн шинж буюу диспозецийг төхөөрөмж, мэдээллийн компьютерын өгөгдөл, системд нэвтэрсэн бол хэмээн хуульчилсан бөгөөд интернет банкны мэдээлэл нь арилжааны банкны цахим төхөөрөмж, мэдээллийн системд хадгалагдаж буй компьютерын өгөгдөл буюу программын хэлээр бичигдсэн тоон мэдээлэл юм. Иймд прокурорын яллах дүгнэлтэд тусгасан хэргийн үйл баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.О- нь хохирогч Ц.О-ийн хамгаалагдсан мэдээллийн сүлжээ болох интернет банк руу зөвшөөрөлгүйгээр нэвтэрч орсон нөхцөл байдлыг шүүх хуралдаанаар нөхөн шалгах боломжгүй тул прокурор энэ асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар шалгуулсны дараа хууль зүйн дүгнэлт өгсний үндсэн дээр хэргийг шүүхэд ирүүлэх нь зүйтэй...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус баримтлан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хохирогч Ц.О-, гэрч Э.О-, Л.Д-, шүүгдэгч Б.О- нарын мэдүүлэг, хохирогч Ц.О-ийн эзэмшлийн Төрийн банк дахь *** дугаартай, гэрч Л.Д-гийн эзэмшлийн Хаан банк дахь *** дугаартай дансны хуулгууд зэргийг судлахад, шүүгдэгч Б.О- нь 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Хэнтий аймаг руу явах замдаа хохирогч Ц.О-ийн интернет банк руу түүний нөхөр Э.О-ы зөвшөөрлөөр нэвтэрч, гүйлгээ хийх явцдаа нэвтрэх нэр, нууц үгийг нь мэдэж авсан гэх бөгөөд улмаар 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр өөрийн мэдэж авсан нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан тухайн интернет банк руу зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, хохирогч Ц.О-ийн эзэмшлийн Төрийн банк дахь *** дугаартай дансны үлдэгдлийг шалгаад, 600.000 төгрөгийг өөрийн найз Л.Д-гийн эзэмшлийн Хаан банк дахь *** дугаартай данс руу шилжүүлж, өөрийн хэрэгцээнд захиран зарцуулжээ.
Дээрх үйл баримттай талуудын хэн аль нь маргаагүй бөгөөд шүүгдэгч Б.О- нь тодорхой банкны хөтөлбөрийн дагуу өөрийн үйлчлүүлэгчиддээ зориулан бүтээсэн цахим төхөөрөмжийн тусламжтайгаар, интернет сүлжээнд хандалт хийх замаар дансны гүйлгээг удирдах боломж бүхий программ буюу нэвтрэх нэр, нууц үгээр хамгаалагдсан бусдын мэдээллийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, танилцсан байхад “Цахим мэдээлэлд хууль бусаар халдах” гэмт хэргийн шинжтэй байж болох энэхүү үйлдлийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгалгүй орхигдуулж, зөвхөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэлд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулсан нь буруу байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэгдүгээр бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг тодорхойлохдоо энэ хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж тус тус заасан.
Прокурор Н.Ундрах нь тус шүүх хуралдаанд “...Б.О- нь нэвтрэх нэр, нууц үгийг хакердаж олж аваагүй, мөн ийнхүү олж авахаар тусгай программ, техник хэрэгсэл бүтээж, ашиглаагүй тул цахим мэдээлэлд хууль бусаар халдаагүй гэж дүгнэсэн...” гэх тайлбарыг өгөх боловч энэ талаар шалгавал зохих ажиллагааг явуулаагүйн гадна, шүүгчийн захирамж болон магадлалд дурдсан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг явуулахгүй байх хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн, уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд явуулах шаардлагатай тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, түүнд заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 400 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Ундрахын бичсэн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН