Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2016/0055

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Буяа овгийн *******ын Г******* /РД: РЮ46082630/

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар /хуучин нэрээр/,

Гуравдагч этгээд: ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанд дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: ...Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 9 дүгээр орон сууцыг Баянзүрх дүүргийн 5 хорооны 9 дүгээр байр болгон өөрчлөн бүртгэснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******, гуравдагч этгээд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанд дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.В.Б*******, түүний орчуулагч И.Н.Ч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Мөнхчулуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Ж.Э******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Улсын бүртгэлийн 2009 оны 24789 дүгээр гэрчилгээгээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хорооллын 9 дүгээр байрыг 2204008826 дугаарт бүртгэн гэрчилгээ олгосон байдаг. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд 9 дүгээр байр одоо ч байдаг бөгөөд өмнө захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж шүүхийн журмаар бүртгэлийн албанаас лавлагаа авахад Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 9 дүгээр байр улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа талаар лавлагаа гаргаж өгч байсан.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын хилийн чанд дахь өмчийг удирдах үйлдвэрийн газраас 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн бүртгэлийн албанд хүсэлт гарган Улсын бүртгэлийн 2204008826 дугаарт бүртгэгдсэн 24789 дүгээр гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 15 хороолол, 4 хорооны 9 дүгээр байрыг Баянзүрх дүүргийн 5 хорооны 9 дүгээр байр болгон хаягийн өөрчлөлт хийлгэн бүртгүүлсэн байна.

Бүртгэлийн хэлтэс нь бүртгэлийн үнэн зөвийг зөвхөн хаягийн бүртгэл бус бүртгэлийн үнэн зөвийг нотлох бусад нотлох баримтыг шаардахын зэрэгцээ нотлох үүргийг давхар шалгах үүрэгтэй.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо нь засаг захиргааны ямар актаар 5 дугаар хороо болон өөрчлөгдсөн талаарх эрх зүйн баримт байхгүйгээр мөн 4 болон 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёуланд нь ОХУ-ын өмч гэх 9 дүгээр байр 2 байхад өмчийн талаас нь нотлох баримтгүйгээр өөрчлөн бүртгэсэн нь хууль зөрчсөн байна.

Иргэн *******ын Г******* би гэр бүлийн гишүүдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 09 дүгээр орон сууцны 15 тоот байранд 2000 оны 10 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл амьдарч байна.

1.  Иргэн миний бие 2000 оны 10 дугаар сараас эхлэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 09 дүгээр орон сууцны 1 дүгээр орцны 15 тоот байранд оршин суудаг.

2.  Иргэн намайг ОХУ-ын өмч хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ямар нэг төлбөр хийгээгүй, гэрээ хэлцэлгүй орон сууцыг эзэмшиж байгаа гэдгийг нотолсон баримт нотолгоог шүүхэд гаргаж өгөөгүй байна.

3.  Миний бие ОХУ-ын өмч гэх Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 09 дүгээр орон сууцны 1 дүгээр орцны 15 тоот орон сууцыг Оюуны ундраа ХХК, КОО Зарубежстрой в Монголии, Госзагрансобственность гэх Холбооны Улсын үйлдвэрийн газрын Алс дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчийн газар, Улан-Баторский филиал Российский экономический университет Г.В.Плеханова, Монгол Улсын иргэн Жамбаагийн Галт нартай түрээсийн гэрээг орос, монгол хэл дээр янз бүрийн нөхцөл, хугацаатайгаар эзэмших гэрээг тухай бүр нь байгуулан тэдгээр хуулийн этгээдээр дамжуулан зохих төлбөрийг төлж ирсэн.

4.  Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 09 дүгээр орон сууцны оршин суугч миний эсрэг иргэдийг орон сууцнаас чөлөөлөх, улмаар албадан нүүлгэн гаргах нэхэмжлэлийн шаардлагыг хууль зөрчин бүртгүүлсэн ОХУ-ын үйлдвэрийн газрын Алс дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчийн газраас 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 70/14 дүгээр албан бичгээр шүүхэд гаргах, зах зээлийн ханшнаас өндрөөр түрээсийн үнэ төлбөр удаа дараа нэхэмжлэх зэргээр миний болон манай гэр бүлийн эрх ашиг сонирхлыг хохироож байна.

5.  Миний бие энэхүү орон сууцыг хуулийн дагуу хууль тогтоомжийг зөрчилгүй, хуулийн этгээдээр бүртгэгдсэн эзэмшигч, өмчлөгч этгээдтэй гэрээ байгуулж, аюулгүй орчинд эрсдэлгүй нөхцөлөөр эзэмшихдээ өөрийн гэр бүлийн гишүүдийн эрх, ашиг сонирхлыг Үндсэн хуульд зааснаар хамгаалуулах хүсэлтэй байна.

6.  Хууль зөрчилгүй 14 жилийн турш эзэмшиж байгаа, надад амьдрах өөр газар байхгүй, орон сууцны ашиглалтын технологийн хугацаа дууссан, Монгол Улсад үнэ төлбөргүй буцаан өгөх шаардлагатай, хууль зөрчиж бүртгэгдсэн тул тус байрыг чөлөөлөх боломжгүй гэдгийг ойлгоно гэдэгт итгэж байна.

Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйл, 13 дугаар зүйл, 17 дугаар зүйлийн шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 14 дүгээр зүйл, 36 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8, Иргэний хуулийн 84 дүгээр зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйл, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийг тус тус зөрчин Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, 15 дугаар хороолол 9 дүгээр байрыг Улсын бүртгэлд бүртгэж Улсын бүртгэлийн Ү-2204008826 олгож, 24789 дугаартай гэрчилгээг олгосон байна.

Иймд ОХУ-ын өмчөөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 9 дүгээр орон сууцыг бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын улсын бүртгэлийг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын /хуучин нэрээр/ итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008826 дугаарт бүртгэлтэй, хуучнаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол №9 хаягт байрлах орон сууцны барилгын өмчлөгчөөр ОХУ бүртгэлтэй байх бөгөөд шинэ хаяг болох Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо 15 дугаар хороолол Ж.Лхагвасүрэнгийн гудамж 9 хаягаар 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Эд хөрөнгө өмчлөх эрхтэй, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу өргөдөл, Ерөнхий төлөвлөгөөний газрын хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсийн 2014 оны 3/1509 албан бичиг, хаяг байршлын зургийг үндэслэн бүртгэлд өөрчлөлт оруулсан байна.

Иймд иргэн Д.Г*******ийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөх хууль, эрх зүйн үндэслэлгүй байна гэв.

Гуравдагч этгээд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанд дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С.Жилийнсий шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч В.В.Б******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

...Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Ж.Лхагвасүрэнгийн гудамж хаягаар байрлаж байгаа 9 дүгээр орон сууц нь ОХУ-ын өмч байх бөгөөд газар нутаг, засаг захиргааны хувиараар 4 дүгээр хороонд хамаарахгүй юм. Улаанбаатар хотын 4 дүгээр хороо, 15 дугаар хороололд байрлаж байгаа 9 дүгээр орон сууц нь Монгол Улсын иргэд хувьчлагдсан, ОХУ-ын мэдэлд байхгүй бөгөөд энэ нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан бичгээр нотлогдож байгаа юм.

Улаанбаатар хотод Зөвлөлтийн мэргэжилтэнд зориулан соёл, ахуйн объектын хамт орон сууцны цогцолбор барих зорилгоор хил бүхий хэсэг газар олгохоор 15 дугаар хороолол барих Ерөнхий төлөвлөгөөгөөр маргаантай объект нь олгосон хэсэг газрын хил дотор байрлаж байгааг нотолж байна.

Монгол Улс дах ОХУ-ын үл хөдлөх эд хөрөнгийн объектыг эзэмших байдал нь Олон Улсын эрх зүйн актаар /1971 оны Засгийн газар хоорондын протокол, 1979 оны хэлэлцээр/ харьяалуулсан байдаг бөгөөд энэ нь Олон Улсын хэлэлцээрийн залгамжлах зарчим, 1969 оны Олон Улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцид нийцүүлэн Монгол Улс болон ОХУ-ын зүгээс хүчин төгөлдөр байгааг хүлээн зөвшөөрсөн юм. Олон Улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн бий болсон маргааныг талууд хэлэлцээрээр зохицуулах ёстой. Ингэснээр өнөөдрийн байдлаар Монгол Улсын газар нутагт ОХУ-ын үл хөдлөх эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх ажлыг Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд байгуулсан Монгол Улс, ОХУ-ын ажлын хэсэг үргэлжлүүлэн эрхэлж байгаа юм.

Урьд өмнө нь захиргааны хэргийн шүүхээс 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 354 дүгээр шүүгчийн захирамжаар ОХУ-ын өмчлөлд бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 9 дүгээр байр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцох болон хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээс нэхэмжлэгч татгалзсаныг баталсан бөгөөд энэ асуудлаар нэхэмжлэл дахин гаргах эрх нь байхгүй талаар заасан байна.

Дээрх илэрхийлсэн зүйлийг харгалзан, нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүйгээр орхих болон тус хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүсье гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Г******* нь ...Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 9 дүгээр орон сууцыг Баянзүрх дүүргийн 5 хорооны 9 дүгээр байр болгон өөрчлөн бүртгэснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын тайлбар зэргийг үнэлээд, шүүх дараах үндэслэлээр иргэн Д.Г*******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

БНМАУ болон ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны Протоколоор манай улсад байрлаж байсан зөвлөлтийн мэргэжилтнүүдэд зориулж 50000 м.кв талбайтай орон сууц болон үйлчилгээний зориулалттай барилгыг зөвлөлтийн барилгын байгууллагын хүчээр барих, уг барилгууд нь ЗСБНХУ-ын өмч байхаар тохиролцсоны дагуу 1971-1975 онуудад Улаанбаатар болон Дархан хотод 58 объект баригдсаны дотор Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 3025 м.кв талбай бүхий орон сууцны 9 дугаартай барилга багтсан, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар /хуучин нэрээр/ нь 1999 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дээрх таван давхар угсармал барилгыг эрхийн улсын бүртгэлийн 2204008826 дугаарт Оросын Холбооны Улсын өмчөөр бүртгэж, 24789 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгожээ.

Улмаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар-ын Алс дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгч С.С.Жилинский 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 157/14 дүгээр албан бичгээр Баянзүрх дүүргийн Үл хөдлөх хөрөнгийн газарт хандаж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ОХУ-ын өмчлөлийн 1,2,7,8,9,10 дугаар орон сууцны эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд ...4 дүгээр хороо... гэж буруу бичсэнийг ...5 дугаар хороо гэж залруулж өгнө үү хэмээн хүсэлт гаргасан байна.

Энэхүү гаргасан хүсэлтэд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсийн 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 3/1509 дугаар Хавсралтад үзүүлсэн Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зориулалттай барилга нь 15-р хороолол /13343/, Ж.Лхагвасүрэнгийн гудамж 9 гэсэн дугаартай болох-ыг тодорхойлсон албан бичиг, хаяг байршлын тойм зураг, тус байрны 01 дүгээр орцыг түрээслэгч Ж.Галт болон Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Л.Дугаржав нарын ...хаягийн өөрчлөлт хийхэд татгалзахгүй тухай.. хүсэлтүүд, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг хавсаргажээ.

Уг хүсэлтийн дагуу дээр дурдсан орон сууцыг Баянзүрх дүүргийн 5 хороо болгон өөрчлөн Ү-2204008826 дугаарт бүртгэж, 000341499 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ОХУ-д олгосныг нэхэмжлэгч ...Холбогдох хууль тогтоомжийг зөрчин, газар ашиглах эрхгүй этгээдэд орон сууцны өмчлөх эрхийг өөрчлөн бүртгэсэн нь хууль бус, миний бие тус байрны 15 тоот орон сууцыг 14 жилийн турш эзэмшиж, амьдарч байгаа бөгөөд хууль тогтоомжийн зөрчилгүй, хуулийн этгээдээр бүртгэгдсэн эзэмшигч, өмчлөгч этгээдтэй гэрээ байгуулж эзэмших хүсэлттэй байна хэмээн маргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Тухайн орон сууцны бүртгэл 4 дүгээр хороо байсныг 5 дугаар хороо болгон бүртгэснээр энэ нь уг орон сууцанд бүхэлд нь хамаарах бөгөөд 15 тоотод оршин суугч буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдохгүй байхын зэрэгцээ хууль ёсны өмчлөгч этгээдтэй гэрээ байгуулан тухайн орон сууцаа эзэмших зорилгоор бусдын өмчлөх эрхийг үгүйсгэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг өмчлөх зорилго агуулаагүй, анх оршин сууж эхэлсэн цагаасаа тухайн орон сууцыг түрээсэлж байсан бөгөөд тухайн орон сууцны өмчлөгч этгээд хаягийн өөрчлөлт хийлгүүлэхээр мэдүүлэг гаргасныг захиргааны байгууллага нэмэлт, өөрчлөлт оруулан бүртгэсэн үйлдэл нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байна.

Хариуцагч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө 4 дүгээр хороо гэж бүртгэгдсэн байсныг 5 дугаар хороо болгон бүртгэсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, оршин байгаа газрын харьяалал өөрчлөгдөх тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна., эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх зарчимд тус тус нийцжээ.

Иймд хариуцагчийн хууль бус үйлдэл тогтоогдохгүй, 9 дүгээр орон сууцыг Баянзүрх дүүргийн 5 хороо болгон өөрчлөн бүртгэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г*******ийн гаргасан ...Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 9 дүгээр орон сууцыг Баянзүрх дүүргийн 5 хорооны 9 дүгээр байр болгон өөрчлөн бүртгэснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Г*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА