Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 131/ШШ2017/00646

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *******од оршин суух, ******* регистрийн дугаартай, Боржигин овогт ******* ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэчмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие нь 1962 оны 10 сарын 18-ны өдөр төрсөн. 55 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдэлд тогооч, үйлчилэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******ийн 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдэлд тогооч, үйлчилэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Энэ хүн урьд нь шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгосон боловч дээрх онуудад ажиллаж байсан байдлын талаарх баримтыг бүрдүүлж өгөөгүй байсан гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагч *******ийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, орлогын мэдүүлгийн баримт, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 20-ны өдрийн 761 тоот лавлагаа, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн даргын 1983 оны 03 сарын 12-ны өдрийн 7 дугаар, 1981 оны 07 сарын 31-ний өдрийн 11 дугаар тушаалууд зэрэг бичмэл нотлох баримтуудыг шүүх хуралдааны танхимд нэг бүрчлэн дэлгэцээр харуулан шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан байх бөгөөд уг хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох үйл явдалд хамаарахаар байна.

******* нь 1981 оны 08 сарын 01-ний өдрөөс 1983 оны 03 сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдэлд тогооч, үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь түүний иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 20-ны өдрийн 761 тоот лавлагаа, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн даргын 1983 оны 03 сарын 12-ны өдрийн 7 дугаар, 1981 оны 07 сарын 31-ний өдрийн 11 дугаар тушаалууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1981 оны 07 сарын 31-ний өдрийг хүртэл 1983 оны 03 сарын 11-ний өдрөөс 1983 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдал нь нотлох баримтгүй нотлогдохгүй байх тул хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* 1981 оны 08 сарын 01-ний өдрөөс 1983 оны 03 сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдэлд тогооч, үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож,

1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1981 оны 07 сарын 31-ний өдрийг хүртэл 1983 оны 03 сарын 11-ний өдрөөс 1983 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцогч тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА