Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2024/01718

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 18 182/ШШ2024/01718

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Пийрл тауэр, 1102 тоот хаягт байрлах, Улаанбаатар кредит ББСБ ХХК /РД:5903572, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд КОНКАЙН АДИЛБЕК/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Батболдын Тэнгэр /РД:УУ91112734/-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Улаанбаатар кредит ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал К.Адилбек шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Улаанбаатар кредит ББСБ ХХК нь Б.Тэнгэртэй 2020.07.29-ний өдөр ЗГ2020/07-2903 тоот зээлийн гэрээг байгуулж, 1,854,300 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Б.Тэнгэр нь зээлийн гэрээний үүргээ огт биелүүлэлгүй хугацааг хэтрүүлсэн тул зээлдүүлэгчийн зүгээс түүнд холбогдуулж ЧДИХАШШүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гэтэл ЧДИХАШШ-ийн 2024.01.23-ны өдрийн 182/ШЗ2024/01719 тоот захирамжаар Б.Тэнгэр нь Чингэлтэй дүүрэг, 17-р хороо, Сурагчийн 44-р гудамж, 580 тоот хаягт оршин суудаггүй нь тогтоогдсон.

Иймд ИХШХШТХ-ийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасны дагуу Б.Тэнгэрийг эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.03.13-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 2-3 х/,

-Улсын бүртгэлийн 9015003045 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 4 х/,

-2024.02.29-ний өдөр Б.Золжаргал, Б.Бат-Эрдэнэ, Т.Төгсмэдэх нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 5 х/,

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.23-ны өдрийн 182/ШЗ2024/01719 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 6-7 х/,

-2020.07.29-ний өдрийн ЗГ2020/07-2903 тоот Зээл, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 8-10 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Тэнгэрийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Улаанбаатар кредит ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал К.Адилбек шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020.07.29-ний өдрийн ЗГ2020/07-2903 тоот Зээл, барьцааны гэрээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Тэнгэрийн оршин суух хаягийг Чингэлтэй дүүрэг, 17-р хороо, Сурагчийн 44-р гудамж, 580 тоот гэж тодорхойлсны дагуу Улаанбаатар кредит ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,716,903.69 төгрөг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.23-ны өдрийн 182/ШЗ2024/01719 дугаартай шүүгчийн захирамжаар Б.Тэнгэр нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 6-7 х/,

 

Б.Тэнгэр нь Улаанбаатар кредит ББСБ ХХК-тай 2020.07.29-ний өдөр ЗГ2020/07-2903 тоот Зээл, барьцааны гэрээ байгуулан 2,649,000 төгрөгийн зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Улаанбаатар кредит ББСБ ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 8-10 х/,

 

Б.Тэнгэр нь Зээл, барьцааны гэрээнд тусгагдсан дээрх хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй.. болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.23-ны өдрийн 182/ШЗ2024/01719 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Улаанбаатар кредит ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал К.Адилбекийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд Улаанбаатар кредит ББСБ ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Тэнгэрийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Батболдын Тэнгэр /РД:УУ91112734/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Тэнгэрийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА