Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2015/0833/З |
Дугаар | 128/ШШ2016/0062 |
Огноо | 2016-01-20 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2016/0062
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Худалдан авах ажиллагааны газар,
Нэхэмжлэлийн шаардлага:...Худалдан авах ажиллагааны газрын 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1/1625 дугаар албан бичгийг бүхэлд нь хүчингүй болгож, гэрээ байгуулах эрх олгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н*******, Л.И*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Орхонтамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* нь шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:
...******* ХХК нь худалдан авах ажиллагааны газраас зарласан ХААГ-2015/Э001 Цагдаагийн байгууллагын хэрэгцээнд нүүрс нийлүүлэх ажлын багц-1 Цагдаагийн ерөнхий газарт таварын нүүрс нийлүүлэх ажлын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцон шалгарч Худалдан авах ажиллагааны газрын 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1/1485 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх авсан.
Гэтэл тендерт хамтран оролцсон компанийн зүгээс энэхүү тендерийн шалгаруулалтад үйл ажиллагаа нь түр зогссон компани ялсан тухай гомдол Сангийн яаманд гаргасан юм.
Энэ гомдлын дагуу Мэргэжлийн хяналтын газраас тодруулга авахад үйл ажиллагааг нь түр зогсоосон байна гэсэн хариу ирсэн тул Худалдан авах ажиллагааны газраас 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1/1625 дугаар албан бичгээр өөрсдийн 1/1485 дугаар гэрээ байгуулах эрх олгосон албан бичгээ хүчингүй болгосныг мэдэгдсэн юм.
Манай компанийн үйл ажиллагааг түр зогсоосон нь бидний буруугаас болоогүй бөгөөд тус компанийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах талбайд далд уурхайн малтмалаар нүүрсний олборлолт явуулж байсан иргэн Б.Бямбацэндийн нүүрсний уурхайд осол аваар гарсан юм. Энэхүү хэрэг гаргасантай холбогдуулан ******* ХХК-ийн үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч 30-06-271/05 дугаар актаар түр зогсоосон байдаг.
Дүүргийн 4 дүгээр прокурорын газраас уг хэргийг хянан үзээд 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 5/35 дугаар тогтоолоор тус компанийн захирал Г.Баярсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм.
Ийнхүү ******* ХХК нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 30-06-271/52 дугаар актаар үйл ажиллагаагаа сэргээлгэсэн.
Гэтэл Худалдан авах ажиллагааны газраас Мэргэжлийн хяналтын газрын 02-02/2776 дугаар албан бичгийг үндэслэн тус компанид олгосон гэрээ байгуулах эрхээ цуцалсан явдал нь тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 36 дугаар зүйлийн 36.2-т Тендерт оролцогчийн чанарыг тодорхойлохдоо тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 18.1-д заасны дагуу тендерт оролцогчийн ирүүлсэн чанарыг нотлох баримт болгон тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 30 дугаар зүйлийн дагуу хийсэн шаардлагатай нэмэлт тодруулгад үндэслэн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 18.2-т заасан чанарын шаардлагыг хангасан эсэхийг тодорхойлно. Захиалагч 18.2 болон тендерийн үнэлгээнд харгалзах чадварын шалгуур үзүүлэлтэд заагаагүй бусад шалгуур үзүүлэлтийг тендерийг хянан үзэх, тендерт оролцогчийн чадварыг тогтооход ашиглахгүй гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Учир нь бидний зүгээс Худалдан авах ажиллагааны газраас шаардсан тендерийн бүхий л бичиг баримтыг дүрэм журмын дагуу бүрдүүлэн өгсөн бөгөөд Үнэлгээний хорооноос хамгийн сайн тендер ирүүлсэн гэж шалгарсан байхад тендерийн бичиг баримтад огт заагаагүй үндэслэлээр гэрээ байгуулах эрх олгох тухай 1/1485 дугаар мэдэгдлээ хүчингүй болгосон нь манай компанийн эрх ашгийг хохироож байна.
******* ХХК нь уг тендерт шалгарсантай холбогдуулан цаашид хийх ажлын төлөвлөгөө, график зэргийг гарган техник, тоног төхөөрөмж, ажиллах хүч зэргийг бэлтгэн өөрсдийн зүгээс тодорхой хэмжээний зардал гаргасан болно.
Хэрэв худалдан авах ажиллагааны газраас гэрээ байгуулах эрх оргохгүй тохиолдолд манай компани холбогдон гарсан зардлаа төлүүлэх хүсэлтэй байгаагаа мөн мэдэгдэж байна.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасны дагуу Худалдан авах ажиллагааны газрын 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1/1625 дугаар албан бичгийг бүхэлд нь хүчингүй болгож гэрээ байгуулах эрх олгуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* би Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн гэрээ байгуулах эрх олгож өгнө үү гэсэн хэсгээс хэсэгчлэн татгалзаж байна гэв.
Хариуцагч Худалдан авах ажиллагааны газрын дарга шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И*******, Л.Н******* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Хууль зүйн сайдын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 3/852 дугаар албан бичгээр эрх шилжиж ирсэн Цагдаагийн байгууллагын хэрэгцээнд нүүрс нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/23 дугаар тушаалаар үнэлгээний хороо байгуулагдсан.
Үнэлгээний хороо 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хуралдан Цагдаагийн ерөнхий газраас техникийн тодорхойлолтыг батлуулан Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн даргын баталсан техникийн тодорхойлолт болон 3 багцын задаргаагаар тендерийг зарласан. Сангийн сайдын 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 81 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан бараа худалдан авах тендерийн жишиг баримт бичгийг ашиглан тендерийн баримт бичгийг боловсруулсан.
Тендерийн баримт бичигт заасны дагуу 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр тендерийг нээхэд багц1 Цагдаагийн ерөнхий газарт таварын нүүрс нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт ******* ХХК, Цагийн аяс ХХК, Хазаарбат ХХК-иуд санал ирүүлсэн. Тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу, мөн Сангийн сайдын 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 194 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан Тендерийн үнэлгээний зааварчилгааны-ын дагуу үнэлгээг хийсэн.
Тендерт оролцогч ******* ХХК нь тендерт оролцогчдод өгөх зааврын 21.1 /тендерийн баталгааны үнийн дүн дутуу, техникийн тодорхойлолтын шаардлага хангахгүй/, 18.1.г /Ижил төстэй ажлыг хангах/ нотлох баримтыг ирүүлээгүй, Цагийн аяс ХХК нь тендерт оролцогчдод өгөх зааврын 21.1 /тендерийн баталгааны үнийн дүн дутуу/, 12.1.ё /Нийлүүлэх нүүрсний техникийн тодорхойлолтыг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон шинжилгээний бичиг/ ирүүлээгүй, Хазаарбат ХХК нь техникийн тодорхойлолтын шаардлага хангахгүй, тендерт оролцогчдод өгөх зааврын 18.1.г /Ижил төстэй ажлыг хангах нотлох баримт/, 18.2.в /Гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмжийн шаардлага хангаагүй/ гэх шаардлагуудыг хангаагүй байна.
Тендерт оролцогчдод 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр нэгэн зэрэг мэдэгдэл хүргүүлсэн ба шаардлагад нийцсэн 1 ч тендер ирүүлээгүй тул ажлын 5 хоногийн дараа Сангийн яаманд гомдол гаргаагүй тул үнэлгээний хороо хэлэлцэн техникийн тодорхойлолтыг шинэчлэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу дахин зарласан.
Сангийн сайдын 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 81 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Бараа худалдан авах тендерийн жишиг баримт бичгийг ашиглан тендерийн баримт бичгийг боловсруулсан. Тендерийн баримт бичигт заасны дагуу 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр тендерийг нээхэд багц1: Цагдаагийн ерөнхий газарт нүүрс нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт ******* ХХК, Цагийн аяс ХХК, Хазаарбат ХХК, Хүчит зам ХХК-иуд санал ирүүлсэн.
Тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 194 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан тендерийн үнэлгээний зааврын дагуу үнэлгээг хийсэн.
Уг тендерийн дагуу тендерт оролцогч ******* ХХК-ийг Хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн, Хазаарбат ХХК нь тендерт оролцогчдод өгөх зааврын 18.1 /Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл маягтын дагуу биш. Дагалдах гэрээг хавсаргаагүй/, 18.2.в /Гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмжийн шаардлага хангаагүй/, 19.в /Нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтод нийцэхийг зүйл, заалт бүрээр нотлон харуулсан тайлбар, эсхүл тус тодорхойлолтын аль нэг зүйл, заалтыг орхигдуулсан, зөрсөн боловч захиалагчийн тогтоосон техникийн тодорхойлолтын шаардлагыг үндсэн нь хангаж байгааг нотолсон мэдэгдэл ирүүлээгүй/, Цагийн аяс ХХК нь тендерт оролцогчдод өгөх зааврын 12.1.ё /Монгол Улсын хуулийн дагуу татвар хураамжаа төлөөгүй, Уул уурхайн хүрээлэн, нүүрсний хяналтын шинжилгээний хүрээлэнгээс сорилыг тодорхойлсон шинжилгээний бичиг ирүүлээгүй тул техникийн тодорхойлолтын зүйл заалтыг хангаж буйг нотлох боломжгүй/, 18.2.в /Автомашин түрээслэх түрээсийн гэрээний хугацаа нь бараа нийлүүлэлтийн хуваарьтай зөрж байгаа ба түрээсээр хэрэглэх тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулаагүй байгаа нь шаардлагад нийцэхгүй/, Хүчит зам ХХК нь тендерт оролцогчдод өгөх зааврын 12.1.ё /тендер нээсэн өдрийн байдлаар татварын ерөнхий газраас лавлагаа авахад 1,840,400.00 төгрөгийн өртэй, төсөв өртгөөс 5-аас илүү хувиар хэтэрсэн/ гэж дүгнэгдсэн байна.
Тендерт оролцогчдод 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр нэгэн зэрэг мэдэгдэл хүргүүлсэн ба Сангийн яаманд гомдол гарч, материалыг татан хянан үзсэн ба тендерт оролцогч Цагийн аяс ХХК болон Хазаарбат ХХК-иудын тендерээс татгалзсан шалтгааныг үндэслэлтэй байна гэж ирүүлсэн ба харин шалгарсан ******* ХХК-ийн үйл ажиллагааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 30-06-271/05 дугаар актаар түр хориглон зогсоосон байх тул энэ тухай мэдээллийг холбогдох газраас тодруулсны үндсэн дээр үнэлгээг дахин хийхийг зөвлөмж болгосон. 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 6/5035 дугаар албан бичгээр Сангийн яамнаас уг төсөл арга хэмжээний хүчинтэй хугацааг 30 хоногоор сунгасан.
Үнэлгээний хороо 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр эрх бүхий байгууллага болох Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тодруулга авахаар албан бичиг явуулсан ба 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 02-02/2776 дугаар албан бичгээр тус компани Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Үйл ажиллагааг сэргээх тухай 01 дүгээр албан бичгийн хүсэлт ирүүлж, хөдөлмөрийн улсын байцаагч томилон хяналт шалгалт хийхэд уулын ажлын төлөвлөгөө, ТЭЗҮ батлуулаагүй зэрэг зөрчил давтан гарсан тул үйл ажиллагааг нь сэргээх боломжгүй гэж хариу хүргүүлсэн байна гэсэн хариуг үнэлгээний хороонд ирүүлсэн. Иймд үнэлгээний хороо хэлэлцэн тендер шалгаруулалтын үед нүүрс олборлох борлуулах ажиллагааг хориглон зогсоосон байсан ба мөн зөрчлийг арилгаагүй тул үйл ажиллагааг сэргээх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн тул 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн гэрээ байгуулах эрх олгох тухай 1/1485 дугаар мэдэгдлийг хүчингүй болгосон.
Мөн шаардлагад нийцсэн 1 ч тендер ирүүлээгүй тул Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-д заасны дагуу шууд гэрээ байгуулахаар болсон ба нүүрс олборлох борлуулах ажиллагааг хориглон зогсоосон байгаа тул ******* ХХК-нд шууд гэрээний урилга хүргүүлэхгүй байхаар үнэлгээний хороо шийдвэрлэсэн болно.
Шууд гэрээний урилгыг урд 2 зарлахад тендерт оролцож байсан Цагийн аяс ХХК, Хазаарбат ХХК, Хүчит зам ХХК-иудад хүргүүлсэн ба шаардлагад нийцсэн харьцуулах хамгийн бага үнийн санал ирүүлсэн Цагийн аяс ХХК-ийг шалгаруулахаар үнэлгээний хорооны шийдвэр гарсан байна.
2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр шууд гэрээний мэдэгдлийг нэгэн зэрэг хүргүүлсэн ба 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэгт гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн ба 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулсан ба гэрээний хэрэгжилт 90 хувьтай байна.
Иймд ******* ХХК хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч ******* ХХК-ийн ...Худалдан авах ажиллагааны газрын 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1/1625 дугаар албан бичгийг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, гэрээ байгуулах эрх олгуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 3/852 дугаар албан бичгийн дагуу Худалдан авах ажиллагааны газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/23 дугаар тушаалаар үнэлгээний хороог байгуулж, үнэлгээний хорооны даргаар Х.Улам-Өрнөх, гишүүд Б.Отгонбаяр, Б.Буянбат, З.Баттогтох, Л.Золзаяа, Д.Батрах, нарийн бичгийн дарга Л.Н******* нарын бүрэлдэхүүнтэйгээр томилжээ.
Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 28.1-д заасны дагуу 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 30 минутад Цагдаагийн байгууллагын хэрэгцээнд нүүрс нийлүүлэх ХААГ-2015/Э001 ажлын багц 1-д заасан нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт ******* ХХК, Цагийн аяс ХХК, Хазаарбат ХХК-иуд тендер ирүүлсэн байна.
Үнэлгээний хорооны 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр ...Энэхүү тендер шалгаруулалтад ******* ХХК, Цагийн аяс ХХК, Хазаарбат ХХК-иуд тендер ирүүлсэн бөгөөд үнэлгээний хорооны хурлаар хэлэлцэж тендерийн баталгааны үнэ дутуу ирүүлсэн ТОӨЗ 21.1-ийн шаардлагыг хангахгүй тул ******* ХХК, Цагийн аяс ХХК-иудын тендерээс, ижил төстэй ажлын шаардлага, машин тоног төхөөрөмжийн шаардлага, захиалагчаас ирүүлсэн техникийн тодорхойлолтыг хангахгүй байгаа тул Хазаарбат ХХК-ны тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.4-т заасны дагуу татгалзаж байна гээд дахин нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулахаар шийдвэрлэж, дахин тендер зарлажээ.
Цагдаагийн байгууллагын хэрэгцээнд нүүрс нийлүүлэх ХААГ-2015/Э001 ажлын багц 1-д заасан нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт ******* ХХК, Цагийн аяс ХХК, Хазаарбат ХХК, Хүчит зам ХХК-иуд тендерийн материалуудаа ирүүлснийг Үнэлгээний хорооны 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 01-01 дүгээр дүгнэлтээр ...үнэлгээний хорооны хурлаар хэлэлцэж хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн ******* ХХК-тай 284,580,000.00 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг өгч байна гэсний дагуу ******* ХХК-тай гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Улмаар Монгол Улсын Сангийн яамнаас Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 6/5044 дүгээр албан бичигт ...Харин дээрх тендер шалгаруулалтын нэгдүгээр багцад шалгарсан ******* ХХК-ийн үйл ажиллагааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 30-06-271/05 дугаар актаар түр хориглон зогсоосон байх тул энэ тухай мэдээллийг холбогдох газраас нь тодруулсны үндсэн дээр тендер шалгаруулалтын нэгдүгээр багцын үнэлгээг дахин хийхийг үүгээр мэдэгдье гэж заасны дагуу Худалдан авах ажиллагааны газар 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1/1572 дугаар албан бичгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн байна.
Уг албан бичгийн хариуд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 02-02/2776 дугаар албан бичгээр Танай байгууллагаас ирүүлсэн албан хүсэлтийн дагуу тодруулахад ******* ХХК нь Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Үйл ажиллагаа сэргээх тухай 01 дүгээр албан бичгээр хүсэлт ирүүлж, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч томилон хяналт шалгалт хийхэд уулын ажлын төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэл батлуулаагүй зэрэг зөрчил давтан гарсан тул үйл ажиллагааг нь сэргээх боломжгүй гэж хариу хүргүүлсэн байна гэжээ.
Үүнийг үндэслэн тендерийн үнэлгээний хорооноос ******* ХХК-ийн үйл ажиллагааг сэргээх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн учраас ******* ХХК-ийн тендерээс татгалзаж ажлын багц 1, 2, 3-т шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэн, Худалдан авах ажиллагааны газрын 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1/1625 дугаар албан бичгээр тус газраас ******* ХХК-нд хүргүүлсэн 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1/1485 дугаар мэдэгдлийг хүчингүй болгосонтой холбоотойгоор Хүчит зам ХХК, Хазаарбат ХХК, Цагийн аяс ХХК-иудад гэрээ байгуулах ажлын саналын урилгыг хүргүүлсний үндсэн дээр 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Үнэлгээний хороо 01-01 дүгээр дүгнэлтийг гаргасан.
Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ, 14.1.1-д Төлбөрийн чадваргүй болсон, татан буугдаж байгаа, дампуурлаас зайлсхийх зорилгоор зээлдүүлэгчтэй тохиролцсон, бизнесийн үйл ажиллагааг нь зогсоосон, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу дээр дурдсантай адилтгах нөхцөлд байгаа гэж заасны дагуу Худалдан авах ажиллагааны газар Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 02-02/2776 дугаар албан бичгийг үндэслэн 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1/1485 дугаар албан бичгийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.
******* ХХК-ийн үйл ажиллагааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 30-06-271/05 дугаар актаар түр хориглон зогсоосныг 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 30-06-271/52 дугаар улсын байцаагчийн актаар дуусгавар болгож, ...2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Таван шүтээн ХХК-ийн уурхайн үйл ажиллагааг сэргээв гэсэн байх боловч цаг хугацааны хувьд Худалдан авах ажиллагааны газар 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр маргаан бүхий албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлэхэд дээрх акт гараагүй, хариуцагч мэдэх боломжгүй байсан болох нь тогтоогдож байна.
Иймд нэгэнт уурхайн үйл ажиллагааг нь зогсоосон байсан аж ахуйн нэгжтэй нүүрс нийлүүлэх гэрээг байгуулах боломжгүй нөхцөл байдлыг үндэслэн гэрээ байгуулах ажлын саналын урилгыг компаниудад илгээн, Цагийн аяс ХХК-тай гэрээ байгуулан ажил гүйцэтгэгдсэн, хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 41.2-т ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* нь нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсанаа шүүхэд бичгээр хүсэлт гаргаж, илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн гэрээ байгуулах эрх олгуулах тухай хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.9-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг баримтлан ******* ХХК-ийн гаргасан ...Худалдан авах ажиллагааны газрын 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1/1625 дугаар албан бичгийг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн ...гэрээ байгуулах эрх олгуулах... тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА