Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2017/0682

 

 

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 46 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд В.А-ын гаргасан давж заалдах гомдлоор, Ж.А-ын  нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Сонгино сумын Шар нуруу багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 46 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Сонгино сумын Шар нуруу багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 01 дүгээр “Багийн Засаг дарга томилуулах тухай” тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг дарга сонгох хуралдааныг дахин явуулахыг Шар нуруу багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд В.А давж заалдах гомдолдоо:         “...Миний бие анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. Учир нь миний сонгогдох эрхийг ноцтой зөрчөөд зогсохгүй багийн иргэдийн сонгох эрхийг зөрчиж байна.

...Багийн иргэдийн нийтийн хурал хуулийн дагуу зарлагдан явагдсан ба сонгуульд оролцох ёсгүй байсан гэх 2 иргэнд миний зүгээс нөлөөлж сонгуульд оролцуулсан зүйл байхгүй. Мөн саналын хуудас нэг тооны зөрүүтэй байсан гэжээ. Энэ нь сонгуулийн хэсгийн хорооны ажилтны санамсаргүй, болгоомжгүй үйлдпээс гарсан асуудал байж болох юм.

Нэхэмжлэгч 3 саналын асуудлаар гомдол гаргасан боловч миний бие өрсөлдөгчөөсөө 4 хүний саналын илүүгээр ялалт байгуулсан. Би Шар нуруу багийн Засаг даргаар томилогдсоноос хойш 1 жил 5 сарын хугацаанд ажил үүргээ нэр төртэй биелүүлж байгаа.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч Ж.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Завхан аймгийн Сонгино сумын Шар нуруу багийн 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр явагдсан иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар багийн Засаг даргыг сонгож уламжлах тухай асуудлыг хэлэлцэн, санал хураалтыг хоёр шаттай явуулсны үндсэн дээр тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор нийт иргэдийн олонхийн буюу 52 хувь /79 санал/-ийн санал авсан В.А-ыг багийн Засаг даргад нэр дэвшүүлж, багийн Засаг даргаар томилуулах саналыг сумын Засаг даргад уламжилсан байна.

Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар “Шар нуруу багийн Засаг даргыг сонгох сонгуульд насанд хүрээгүй болон өөр багийн иргэн оролцсон, санал өгсөн иргэдийн тоо, саналын хайрцагнаас гарсан саналын хуудасны тоо зөрсөн” гэсэн үндэслэлээр маргажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан баримтуудаар Завхан аймгийн Сонгино сумын Шар нуруу багийн иргэдийн Нийтийн Хурлын  2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар тус багийн Засаг даргыг сонгож уламжлах тухай асуудлыг хэлэлцэж 2 удаагийн санал хураалт явуулсан, улмаар эхний санал хураалтад 153 иргэн оролцсоноос нэр дэвшигч Ж.А 60, В.А 37, Б.Баттөр 36, Н.Доржсэмбэ 20 хүний саналыг авч хэн аль нь хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналыг авч чадаагүй учир 2 дахь удаагийн санал хураалтыг явуулж, мөн санал хураалтад 153 иргэн оролцсон байхад нэр дэвшигч В.А 79, Ж.А 75 хүний санал авч санал өгсөн иргэдийн тоо, саналын хайрцагнаас гарсан саналын хуудасны тоо зөрсөн, түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд зөвхөн тухайн багийн сонгуулийн насны иргэн оролцохоор заасан байтал хуулийн энэхүү заалтыг зөрчиж, Шар нуруу багийн иргэдийн Нийтийн Хурлын дээрх хуралдаанд тус багийн харьяалалгүй Г.Болормоо, сонгуулийн насанд хүрээгүй Б.Дэлгэрмагнай /РД:ИЛ99092112/ нар оролцож, багийн Засаг даргад нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн болох нь тогтоогдсон байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т багийн Засаг даргад нэр дэвшигч нь хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан тохиолдолд түүнийг томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгохоор заасан.

Гэтэл дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Шар нуруу багийн Засаг даргад нэр дэвшигч В.А-ыг хуралдаанд оролцсон нийт иргэдийн олонхийн саналыг авсан гэж үзэхэд эргэлзээтэй байх тул гуравдагч этгээдийн “нэхэмжлэгч 3 саналын асуудлаар гомдол гаргасан боловч миний бие 4 хүний саналын илүүгээр ялалт байгуулсан” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иймээс анхан шатны шүүх Шар нуруу багийн Засаг даргыг сонгох санал хураалт хууль зөрчиж явагдсан гэж дүгнэн, нэр дэвшигч В.А-ыг тус багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжилсан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргыг сонгох хуралдааныг дахин явуулахыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 46 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН