| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/01567/И |
| Дугаар | 182/ШШ2024/01717 |
| Огноо | 2024-04-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 182/ШШ2024/01717
2024 04 18 182/ШШ2024/01717
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ................. тоот хаягт байрлах, Х ХХК /РД:0000000, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд .................../-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Б /РД:00000000000/-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Г.Б нь манай компанитай 2023.05.27-ны өдөр 20230375 дугаартай зээлийн гэрээ байгуулж, Aiwa 55 inch N19 Webos загварын зурагтыг 1,683,000 төгрөгөөр авч төлбөрийг 12 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, төлбөр төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцож төлөхөөр харилцан тохиролцож худалдан авсан. Гэвч Aiwa 55 inch N19 Webos загварын зурагтыг зээлээр худалдан авснаас хойш Г.Б нь 304,300 төгрөг төлснөөс үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, төлөх талаар ямар ч санаачилга гаргахгүй, утсаа ч авахгүй алга болсон. 2024.01.29-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШЗ2024/02445 дугаар захирамжаар хариуцагч нь хаягтаа бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд оршин суугаа хаяг нь тодорхойгүй Г.Б-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.02.29-ний өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 3 х/,
-Улсын бүртгэлийн 00000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 4, 6 х/,
-2023.12.21-ний өдрийн 23/314 тоот Г.Ш-д олгосон итгэмжлэл /хх-ийн 5 х/,
-Зээлийн төлбөрийн хуваарь /хх-ийн 7 х/,
-2023.05.27-ны өдрийн 20230375 дугаар Бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 8-9 х/,
-Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.29-ний өдрийн 102/ШЗ2024/02445 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 10-11 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Б-ийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Д шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2023.05.27-ны өдрийн тоот Бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Б-ийн оршин суух хаягийг ........................... тоот гэж тодорхойлсны дагуу Х ХХК нь гэрээний үүрэгт 2,259,549 төгрөг гаргуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.29-ний өдрийн 102/ШЗ2024/02445 дугаартай шүүгчийн захирамжаар Г.Б нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 10-11 х/,
Г.Б нь Х ХХК-тай 2023.05.27-ны өдөр 20230375 тоот Бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Х ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 8-9 х/,
Г.Б нь Бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээнд тусгагдсан дээрх хаягт ...бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй.. болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.29-ний өдрийн 102/ШЗ2024/02445 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Д-ын шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд Х ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Б-ийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Б /РД:00000000/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Г.Б-ийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА