Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Б.Батнасан
Хохирогч Ж.Г
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох 17160005200020 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
  
Шүүгдэгч: Д овогт Д-ийн Б /0000/ гэв.
Яллагдагч Д.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн Далан ээв гэх газарт ээж Н.М-ийнхаа гэрт иргэн Ж.Гантулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарна. 

ТОДОРХОЙЛОХ нь:


1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: 
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн Далан ээв гэх газарт ээж Н.М-ийнхаа гэрт иргэн Ж.Г-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь:
Шүүгдэгч Д.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: ... Би гараараа л түлхээд ганц нэг гараараа хацар, нүүр лүү нь цохисон. Өөр ямар нэгэн зүйлээр бол цохиж зодоогүй...Д.Б-ын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна... Ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Хохирлыг барагдуулна, уучлалт гуйж  байна. Оногдуулсан шийтгэлийг багасгаж өгнө үү”  гэх мэдүүлэг, 
Хохирогч Ж.Г-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн “...Би ороод нааран дээр нь унтаад өгсөн. Хэдэн минут унтсанаа сайн мэдэхгүй байна. Унтаж байхад миний хөл рүү өшиглөсөн тэгээд харахад Б байсан. Чи миний эцгийн гэрт хэвтдэг хэн юм бэ? гэж хэлээд намайг заамдан авч нааран дээрээс унагаж боосон. Сүүлд нь Г орж ирэхэд жоохон гайгүй болсон. Тэгээд би Б-д хэлсэн хоёулаа ярилцая янз бүрийн асуудал байхгүй гэхэд Б надтай яриагүй. Тэгээд би гэр лүүгээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг, /хх23-24, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ү.Г-ын “...Б-ын ээж болох М-ийн гэрт хүмүүс том том дуугараад зодолдоод байхаар нь гайхаад яваад ороход Б нь Г-ыг заамдаж авсан байдалтай зогсож байсан юм. Тэгээд Б нь Г чамд хамаагүй гээд байхаар нь та хоёр одоо боль гэж хэлчихээд би гараад Батжаргалын гэрт ороод удаагүй байхад Б араас орж ирсэн...” гэх мэдүүлэг, /ХХ16-17/
Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 266 дугаартай “...1. 2. Ж.Г-ын биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, зүүн дээд доод зовхи, зүүн мөрөнд цус хуралт, зүүн хацар, хүзүү, баруун мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,  /хх35-36/
гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /ХХ2/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан /хх82/ боловч шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого орох боломжийг харгалзан үзэхэд /хх51, 57, 59, 63-68/ түүнд торгох ял оногдуулах боломжгүй байна. 
Иймд шүүгдэгч Д.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй  байна гэж үзлээ.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /ХХ69/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзэв. 
Хохирогч Ж.Г-ын 472.020 төгрөгийн нэхэмжиллээс эмчилгээний зардал 312.420 төгрөгийг шүүгдэгч Д.Б-аас гаргуулж, хохирогчийн гаргаж өгсөн хот хооронд зорчсон тасалбар, НӨАТ-ын сугалаа зэрэг баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол болохыг хангалттай нотлож чадахгүй байх тул үлдсэн 159.600 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Б-ын цахим үнэмлэхийг өөрт нь буцаан олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, ялтнаас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1. Шүүгдэгч Д овогт Д-ийн Б-ыг Монгол улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.  
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д овогт Д-ийн Б-ыг 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд ялын 8 цагийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Д.Б-д сануулсугай. 
4. Хохирогч Ж.Г-ын нэхэмжилсэн 472.020 төгрөгийн нэхэмжлэлээс 312.420 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч Д.Б-аас гаргуулж, үлдсэн 159.600 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Б-ын 0000 регистрийн дугаартай цахим үнэмлэхийг өөрт нь буцаан олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, ялтнаас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан Д.Б нь цагдан хоригдоогүй  зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д овогт Д-ийн Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   
 
 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА