Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
Хэргийн индекс | 182/2024/00182/И |
Дугаар | 182/ШШ2024/01712 |
Огноо | 2024-04-18 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 182/ШШ2024/01712
2024 04 18 182/ШШ2024/01712
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ............. хаягт оршин суух, М.Э /РД:0000000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..................... тоот хаягт байрлах, А ХХК /РД:0000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Автомашины өмчлөгчөөр тогтоолгох, 19111336 тоот Автомашины лизинг /түрээс/-ийн гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.8 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нар оролцов.
(хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч А ХХК-д холбогдуулан автомашины өмчлөгчөөр тогтоолгох, талуудын 2019.11.13-ны өдөр байгуулсан 19111336 дугаартай Автомашины лизинг /түрээс/-ийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.8 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. ...Миний бие 2019.11.13-ны өдөр 19111336 тоот Автомашины лизингийн гэрээ-г А ХХК-тай байгуулж 21,000,000 төгрөгийн үнэ бүхий .................... маркийн, ......................... арлын дугаартай автомашины үнийн дүнгийн 80 хувь болох 16,800,000 төгрөгт сарын 3 хувийн хүүтэйгээр лизингээр худалдан авсан.
Лизингийн хугацаа 2019.11.13-2022.11.13-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаатай, сар бүр 769,686 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд 27 удаагийн төлөлт хийж хугацаанаас нь өмнө буюу 2022.01.17-ны өдөр бүх төлбөрийг төлж дуусгасан.
Автомашины өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг А ХХК-иас удаа дараа шаардахад 2023.06.09-ний өдрийн 230609/4 дүгээр Төлбөрийн үлдэгдлийн мэдэгдэл-ийг надад өгсөн бөгөөд ...4,653,404 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Уг төлбөрийг 2023.06.15-ны өдрөөр бүрэн төлж барагдуулсан тохиолдолд ................ улсын дугаартай автомашиныг таны нэр дээр шилжүүлэн өгөх болно. гэж мэдэгдсэн.
Миний бие Автомашины лизингийн гэрээний төлбөрийн хуваарьт заасан хугацаанаас 10 сарын өмнө төлбөрийг дуусган нийт лизингийн үндсэн төлбөрт 16,800,000 төгрөг, лизингийн хүүнд 9,816,579 төгрөг, нийт 26,616,579 төгрөгийг төлсөн...
1.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.8 дахь хэсэгт ...Лизингийн төлбөрийг алданги, лизингийн хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлүүлнэ. Түрээслэгч хугацаа хэтэрч төлөх тохиолдолд тухайн төлөлт хийх өдөр хүртэлх алданги, хуримтлагдсан хүүг төлсний дараа үндсэн лизингийн төлбөр, хүүгээс хасалт хийнэ... гэж тохиролцсон байгаа нь Иргэний хуульд заасан тэргүүн ээлжинд үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэсэн, мөн Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. Санхүүгийн түрээсийн гэрээний нийт үнэ нь дор дурьдсан үнэ, төлбөрөөс бүрдэнэ гээд 7.1.1. түрээсийн зүйлийг худалдаж авах, үйлдвэрлэх, захиалах, хүлээн авах, тээвэрлэх, суурилуулах, турших, ашиглалтад оруулах болон тэдгээртэй адилтгах үйл ажиллагаанд түрээслүүлэгчээс гарах зардал буюу түрээсийн төлбөр, 7.1.2. түрээсийн хүү гэснийг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.
Гэрээний 2.8 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулснаар үүсэх үр дагавар нь .................... маркийн 2014 онд үйлдвэрлэгдсэн, ......................... арлын дугаартай, ............. улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоох юм... гэв.
Хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Талууд Иргэний хуулийн 312-317 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан тал дээр маргадаггүй.
Харин талууд гэрээний зүйл болох автомашины түрээсийн үнийг хэсэгчлэн төлөх үүргээ бүрэн биелүүлсэн, биелүүлээгүй эсэх дээр маргаж байна. Өөрөөр хэлбэл: Автомашины түрээсийн төлбөрийн тооцоолол болох түрээсийн төлбөр, түүний хүү, алданги дээр маргаан гарсан. Гэрээтэй холбоотой талуудын хооронд маргаан гарвал эвийн журмаар шийдвэрлэх, шийдвэрлэж чадахгүй бол шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу хэд хэдэн удаа уулзаж ярилцсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй.
Нэхэмжлэгч түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарын дагуу төлөлтөө хийгээгүй хугацаа хожимдуулан төлөлт хийснээр талуудын хооронд маргаан гарах үндэс болсон.
Хариуцагч байгууллага талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.7-д заасны дагуу алданги тооцож, нэхэмжлэгчийн төлсөн төлбөрөөс хэтэрсэн хугацааны алданги тооцон тооцоолол хийж, нэхэмжлэгчид танилцуулахад алданги тооцох ёсгүй, алданги төлөхгүй гэж маргадаг.
Талуудын хооронд байгууллагдсан гэрээний зүйлийн үнэ төлөгдөөгүй, нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч шаардлагатайгаа холбогдуулан 2022.04.07-ны өдөр Улсын тэмдэгтийн хураамжид 2023.12.15-нд 262,950 төгрөг, 2024.03.21-нд 70,200 төгрөг төлсөн баримт /хх-ийн 3, 71 х/
-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 4 х/
-2023.10.31-ний өдрийн 2223 бүртгэлийн дугаартай Н.Э-т олгосон итгэмжлэл /хх-ийн 5 х/
-2019.11.13-ны өдрийн 19111336 тоот Автомашины лизинг /түрээс/-ийн гэрээ, Санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарь, тооцоолол /хх-ийн 6-9, 10, 11, 13 х/
-А ХХК-ийн 2023.06.09-ний өдрийн 230609/4 тоот Төлбөрийн үлдэгдлийн мэдэгдэл /хх-ийн 12 х/
-Голомт болон Төрийн банк дахь дансны хуулга 14-40 х/ зэрэг баримтуудыг,
Хариуцагчаас улсын бүртгэлийн 000000000 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 47 х/
-2024.01.29-ний өдрийн 240129/2 тоот Д.Бд, 2024.04.02-ны өдрийн 11/2 тоот Г.М-д тус тус 1 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл /хх-ийн 48, 76 х/
-А ХХК-ийн шинэчилсэн дүрэм /хх-ийн 49-53 х/
-Хариу тайлбар /хх-ийн 59 х/ зэрэг баримтуудыг тус тус ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч А ХХК-д холбогдуулан 2014 онд үйлдвэрлэгдсэн, ......................... арлын дугаартай, ................ улсын дугаартай .................... маркийн автомашины өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг 2023.12.20-ны өдөр тус шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн 2019.11.13-ны өдөр байгуулсан 19111336 тоот Автомашины лизинг /түрээс/-ийн гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.8 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар 2024.04.02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.
2.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
3.Нэхэмжлэгч М.Э нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
3.1. Автомашины лизинг /түрээс/-ийн гэрээний төлбөрийг хуваарьт заасан хугацаанаас 10 сарын өмнө үндсэн төлбөрт 16,800,000 төгрөг, лизингийн хүүнд 9,816,579 төгрөг, нийт 26,616,579 төгрөгийг төлж төлбөрийг дуусгасан....
3.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.8 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулснаар үүсэх үр дагавар нь өмчлөгчөөр тогтоох гэж тайлбарласан.
4.Хариуцагч нь нэхэмжлэгч М.Э түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарын дагуу төлөлтөө хийгээгүй хугацаа хожимдуулан төлөлт хийснээр талуудын хооронд маргаан гарах үндэс болсон. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйлийн үнэ төлөгдөөгүй, нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1. Түрээслүүлэгч А ХХК нь 2014 онд үйдвэрлэгдсэн ......................... арлын дугаартай, Toyota prius маркийн саарал өнгийн автомашиныг түрээслэгч М.Эын эзэмшил, ашиглалтад 36 сарын хугацаатай шилжүүлэх, түрээслэгч нь түрээсийн болон хүүний төлбөрт нийт 27,708,712 төгрөгийг 2019.11.13-ны өдрөөс 2022.11.13-ны өдрийг хүртэл хугацаанд 769,686 төгрөгөөр төлөх, хүү 30 хоногт 3 хувь байх, төлбөрийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжихээр тус тус харилцан тохиролцож, А ХХК болон М.Э нарын хооронд 2019.11.13-ны өдөр 19111336 дугаартай Автомашины лизинг /түрээс/-ийн гэрээ бичгээр байгуулагджээ.
а.Талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д Түрээслэгч нь энэ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор тогтоосон хугацаанд бүрэн биелүүлэх үүрэгтэй,
5 дугаар зүйлийн 5.2-т Түрээслэгч нь лизингийн төлбөр /үндсэн төлбөр, хүү, алданги болон учирсан хохирол/-ийг бүрэн төлж дууссан тохиолдолд түрээсийн зүйлийн өмчлөлийг түрээслэгчийн өмчлөл, эзэмшилд бүрмөсөн шилжүүлэн өгнө,
6 дугаар зүйлийн 6.1-д Энэхүү гэрээ нь талууд энэ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлснээр дуусгавар болно гэж,
7.1-д Түрээсийн зүйл нь түрээсийн төлбөрийг төлж дуусгах хүртэлх хугацаанд түрээслүүлэгчийн өмчлөлд хэвээр үлдэж, түрээслэгч нь энэ гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд түрээслүүлэгч түрээсийн зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлнэ гэж тус тус тохирсон байна.
б.Энэхүү гэрээний харилцааг зохигчид Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй.
в.Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ, 312.2-т Түрээслүүлэгч нь түрээслэгчийн хүсэлт, зааврын дагуу гэрээний зүйл болох эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл худалдан авах үүрэгтэй гэж,
мөн Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Санхүүгийн түрээс гэж түрээслүүлэгч нь түрээслэгчийн захиалгын дагуу энэ хуулийн 6.1-д заасан эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл түүнээс худалдан авч гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд, төлбөртэйгээр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөхийг ойлгох бөгөөд үүнийг анхдагч түрээс гэж үзнэ гэж тус тус заасан.
г.Тодруулбал, санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь эд хөрөнгийг түрээслэгчийн ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь түрээсийн төлбөр төлөх үндсэн үүрэг хүлээдэг бол зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг хэсэгчлэн буюу тодорхой хугацааны туршид төлөх үүрэг хүлээдэг.
д.Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх нь санхүүгийн түрээсийн гэрээний зорилго болдоггүй бөгөөд түрээслэгч нь гэрээний хугацаа дуусахад эд хөрөнгийн элэгдэл, хорогдол болон нийт өртгийг барагдуулсан нөхцөлд эд хөрөнгийг худалдан авч болох тусгай зохицуулалттай.
е.Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь маргаан бүхий автомашиныг дээрх зохицуулалтын дагуу өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлсэн, худалдан авсан талаар баримтгүй байх тул талуудын байгуулсан гэрээг дээрх зохицуулалтын дагуу санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэх зохигчийн тайлбарыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
ё.Харин талуудын байгуулсан гэрээний зорилго, агуулгаас үзвэл уг гэрээ нь мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулжээ.
ж.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж,
Мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-д Гэрээнд дараахь нөхцөлийг заавал тусгана, 263.2.1-263.2.4-т бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний нэг төрөл бөгөөд худалдан авсан эд зүйлийн үнийг нэг дор биш тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх учраас талуудын хооронд хүү тохиролцож гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ нь шууд төлөх үнээс нэмэгдсэн шинжтэй байдгаараа онцлогтой.
з.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хавсралт /хх-ийн 10, 11 х/-аар Санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарь-г тохиролцсон байх ба уг хуваариар М.Э нь 2014 онд үйлдвэрлэгдсэн, ......................... арлын дугаартай, .................... маркийн автомашины үнийг 21,000,000 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэгч нь урьдчилгаа 4,200,000 төгрөгийг төлж, үлдэх 16,800,000 төгрөгийг 2019.11.13-ны өдрөөс 2022.11.13-ны өдрийг хүртэл хугацаанд хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар нийт 27,708,712 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон байгаа нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэж байна. /хх-ийн 11 х/
Хэдийгээр нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусахаас өмнө 2014 онд үйлдвэрлэгдсэн, ......................... арлын дугаартай, .................... маркийн автомашины үнийг хариуцагчид бүрэн төлсөн тул өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэг авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
и.Хариуцагч дээрх автомашины үнийг төлөхөөс өмнө нэхэмжлэгч М.Э-т эзэмшлийг шилжүүлсэн байгаа боловч талууд үнийг заасан хугацаанд дээрх хуваарийн дагуу бүрэн төлсөн нөхцөлд 2014 онд үйлдвэрлэгдсэн, ......................... арлын дугаартай, .................... маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд бүрэн шилжүүлэхээр гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д тохиролцсон байх ба нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд нийт 27,708,712 төгрөг төлөхөөс нийт 26,615,579 төгрөгийг төлж, гэрээний хугацаа дуусах 2022.11.13-ны өдөр 1,092,117 төгрөгийн үлдэгдэлтэй байсан болох нь Голомт болон Төрийн банк дахь түүний дансны хуулга /хх-ийн 14-40 х/-аар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл талууд гэрээний дагуу төлбөр төлөх, нөхцөл хуваарийг тогтоосон. Уг төлбөрийг гэрээнд заасан хугацаанаас өмнө төлөх талаар тохиролцоогүй байх тул нэхэмжлэгчийг 2014 онд үйлдвэрлэгдсэн, ......................... арлын дугаартай, ................ улсын дугаартай .................... маркийн автомашины өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.
5.2. 2019.11.13-ны өдрийн 19111336 дугаартай Автомашины лизинг /түрээс/-ийн гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.8 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын тухай.
а.Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж заасан.
Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг дээрх хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн бөгөөд уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.8 дахь Лизингийн төлбөрийг алданги, лизингийн хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлүүлнэ. Түрээслэгч хугацаа хэтэрч төлбөр төлөх тохиолдолд тухайн төлөлт хийх өдөр хүртэлх алданги, хуримтлагдсан хүүг төлсний дараа үндсэн лизингийн төлбөр, хүүнээс хасалт хийнэ гэх заалт нь Иргэний хуулийн үүрэг гүйцэтгэх дараалалд нийцээгүй байна.
Иймээс уг заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэх үндэстэй.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Г.М нар нь 2024.04.02-ны өдөр өнөөдрийн шүүх хуралдааныг товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч тэдний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул энэхүү хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн, шүүхээс хариуцагчид хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан бөгөөд төлөөлөгч нар нь ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаантай талаар болон шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох, тайлбар мэдүүлгээ гарган мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул түүний эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 70,200 төгрөг гаргуулан М.Эт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334,050 төгрөг /263,850 + 70,200/-ийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 262 дугаар зүйлийн 262.1-д тус тус заасныг баримтлан А ХХК-д холбогдуулан гаргасан М.Э-ын нэхэмжлэлээс зохигчийн байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.8 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, 2014 онд үйлдвэрлэгдсэн, ......................... арлын дугаартай, ................ улсын дугаартай .................... маркийн автомашины өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 70,200 төгрөг гаргуулан М.Эт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334,050 төгрөг /263,850 + 70,200/-ийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА