Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 182/ШШ2024/02483

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 31 182/ШШ2024/02483

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: . хаягт байрлах ХЛ ХХК /РД:0000000/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б /РД:.............../-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.А оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

ХЛ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Б.Б нь манай компанитай 2021.09.25-ны өдөр БЗГ/2021-17973 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,879,700 төгрөгийг сарын 2,55 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар цахилгаан бараа худалдан авах зориулалтаар зээлсэн. Зээлдэгч Б.Б нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Haier HWM105-M186 загварын угаалгын машин, Elko SMP130-S988 загварын угаалгын машин, Elko 42AD9B загварын зурагт зэргийг Пи Си Молл ХХК-иас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн.

Зээлдэгч Б.Б нь БЗГ/2021-17973 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024.02.05-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2,945,831.32 төгрөг төлөх байснаас нийт 1,464,500 төгрөг төлж, 1,481,331.32 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 383 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Манай байгууллагаас харилцагчийн зээл авах үедээ бүртгүүлсэн ............................. тоот хаягийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа амьдардаггүй нь тус дүүргийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШЗ2023/24959 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд Б.Б ыг эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан улсын бүртгэлийн 000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 3 х/

-2024.02.05-ны өдрийн 947 тоот Г.Е, Ц.А нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 4 х/,

-Улсын тэмдэгтийн хураамжид 2024.04.1-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 5-6 х/,

-2021.09.25-ны өдрийн БЗГ/2021-17973 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 7-8 х/,

-Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 9 х/,

-Харилцагчийн анкет /хх-ийн 10 х/,

-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 11 х/,

-Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 12-13 х/,

-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.30-ны өдрийн 101/ШЗ2023/24959 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 14-15 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар ХЛ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021.09.25-ны өдрийн БЗГ/2021-17973 дугаартай Барьцаат зээлийн гэрээний дагуу иргэний эрх зүйн маргаанд маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б аас 1,288,476.26 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргах ХЛ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч болохоор байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заасан.

 

Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б ыг эрэн сурвалжуулах үндэслэлээ ............................. тоот хаягт ...бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.30-ны өдрийн 101/ШЗ2023/24959 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдсон гэж тодорхойлжээ.

 

Хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэдэг нь түүний байгаа газрыг тодруулах талаар нэхэмжлэгч өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авсан боловч үр дүн гараагүй ба тухайн этгээдийн хаягийг төрийн оролцоотойгоор олж авах шаардлагатай болсныг хэлдэг.

 

Шүүхээс харилцагчийн анкет дээрх хамаатан садангийн мэдээлэл дэх Д.М гэх 00000000 дугаарын утсаар холбогдоход ...манайх ................................ тоот хаягт байгаа, нөхрийн утасны дугаар хэвээрээ байгаа... гэсэн болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч нь хариуцагчийн оршин суугаа газрыг тодруулах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ аваагүй. Мөн Б.Б ................................ тоот хаягт оршин оршин суудаг, 000000000 дугаар нь хэвээрээ байгаа нь тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хуульд заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэх боломжгүй.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б /РД:00000000/-ыг эрэн сурвалжлуулах тухай ХЛ ХХК-ийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б /РД:_.../-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн ХЛ ХХК-ийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар ХЛ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА