| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2110000000948 |
| Дугаар | 2022/ДШМ/430 |
| Огноо | 2022-04-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2022/ДШМ/430
А.Тт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Одонтуяа,
шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Б.Очбадар,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/132 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Б.Очбадар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.Тт холбогдох эрүүгийн 2110 00000 0948 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
А.Т,
Шүүгдэгч А.Т нь 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Арцат” апартмент төслийн А7 блок байранд байрлаж байсан “С” ХХК-ийн ажлын байр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хохирогч Ц.Чэзэмшлийн “делл” брэндийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: А.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт А.Тыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар А.Тт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар А.Тт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч А.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолж, А.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ц.Ч “хохирол төлбөр биет байдлаар нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Юуны өмнө хохирогч Ц.Чаас уучлалт гуйж байна. Энд хоригдох хугацаандаа маш их зүйл ойлгосон. Би 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн, 19 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн 68 дугаар сургуульд сурч байгаад 2018 онд сургууль завсардсан. Би ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Миний ээжийг а гэдэг. Тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хүнд суурь өвчтэй бөгөөд миний бие асарч хамгаалдаг. Ээж бид хоёрын хувьд амьдралын дундаж түвшинөөс доогуур орлоготой, нэн ядуу гэсэн ангилалд багтдаг. Би хар бор ажил хийж, амьдарлаа авч явдаг. Ээж маань суурь өвчтэй учир байнгын асаргаа сувилгаа, эм, тариа шаардагддаг. Би 2017-2018 онд “Өгөөмж хүнс” хүнсний үйлдвэрт ажилчинаар, 2018 онд барилгын туслах ажилтнаар хаа сайгүй ажиллаж байсан. 2020 оноос хувиараа барилгын засал чимэглэлийн ажил хийж эхэлсэн. Сүүлийн 4 жилийн хугацаанд олон газруудад барилгын ажил хийж эхэлсэн минь надад ажлын туршлага болсон. 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс “С” ХХК-нд засал чимэглэлийн ажилтанаар ажилд орж, анх удаа эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон юм. Учир нь, ээжид минь нэн даруй шаардлагатай эм, тариа бусад зүйлсийг худалдан авах мөнгөгүй байсны улмаас анх удаа бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүй авч зарж үрэгдүүлсэн нь үнэн болно. Уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Мөнгөгүй, юм худалдан авах боломж бололцоогүй байсан ч бусдын эд хөрөнгө, юмсыг зөвшөөрөлгүй авч болохгүй гэдгийг ял шийтгэл аваад явах хүртэл ойлгоогүй, ухаараагүй явж иржээ. Тухайн барилгын компанид ажиллах явцад компани нь цалин хөлсөө өгөхгүй нөхцөл байдал нь миний амьдралд хүнд тусч, ээжийн минь эмчилгээ, эм, тарианы мөнгө яаралтай хэрэг болоод байсан үе таарсан. Хэрэг гардаг буюу 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ажлаа хийж явахдаа барилгын 2 давхарт инженерийн өрөөнд цаг болон зааварчилгаа авахаар орсон. Гэвч өрөөнд хүн байгаагүй. Ширээн дээр байсан хар цүнхтэй зөөврийн компьютерийг авч явсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэвч намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан зүйл заалтаар яллаж болох байтал мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан зүйл заалтаар улсын яллагч яллаж, шийтгэл оногдуулсан. Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан зүйл ангиар зүйлчилсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл тухайн хэрэг гарсан ажлын байр байнгын амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай биш, нэвтрэхэд зөвшөөрөл авах шаардлагагүй, ажиллагсадын заавар, зөвөлгөө авах боломжтой өрөө байсан. Компанийн инженерийн зөөврийн компьютерийг зах зээлийн үнээс дээгүүр үзүүлэлтийг сайжруулж бүрэн хохирлыг барагдуулж өгсөн. “С” ХХК нь ямар ч гомдол саналгүй гэж бичиг хийж өгсөн. Иймд дээрх хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. Би 19 настай бөгөөд амьдралд гарахад дахин надад боломж өгөөч гэж та бүхнээс хүсч байна. Би цаашид дахин хууль бус үйлдэл гаргахгүй, нийгэмд идэвхитэй, үлгэр жишээ иргэн байж, бусдад ийм төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй байх талаас нь зөвөлгөө, мэдээллийг түгээнэ гэдгээ амлаж байна. Төрийн хууль, дүрэм ямар хатуу, чанга хариуцлагатай байдгийг миний бие ял эдэлж байх энэ хугацаандаа бүрэн ойлголоо. Иймд надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн зүйлчилж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч А.Тын өмгөөлөгч Б.Очбадар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч миний зүгээс хавтаст хэргийн материал болон шийтгэх тогтоолтой танилцаад дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. А.Тын хувьд мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруутай үйлдэл болон гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, санаа зорилго, гэмт хэргийн шалтгаан нөхцлийн талаар тодорхой мэдүүлэг өгч, гэм буруугаа хүлээн зөвшөөрчээ. Хавтаст хэргийн материалыг шинжлэн судлахад хохирогч Ц.Ч өөрийн ажлын байрыг цоожлоод /хх-н 6-7/ гарсан гэх боловч камерийн бичлэгээр өрөөний хаалга нь цоожгүй, ажлын цагаар тухайн гэмт үйлдэл болсон нь хангалттай тогтоогдож байна. Гэсэн хэдий ч А.Тын өгсөн мэдүүлгээс үзвэл гэмт хэрэг үйлдэх сэдэлт, санаа зорилго хэзээ, хаана төрсөн, эхэлсэн, төгссөн болоход дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай гэж үзлээ. Учир нь, хэрэгт цугларсан нотлох баримтааас үзвэл А.Т нь “Би С" ХХК-ийн захирал Ц.Чөрөөнд байсан компьютерийг хулгайлах сэдэлт, санаа зорилго огт агуулаагүйгээр түүний өрөөнд нэвтрэн орсон нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, ажлын цагаар өрөө, өрөөний хаалга татаж, түүний мэдүүлснээр цаг асуух, ажлын зааварчилгаа авах зорилготой явсан болох нь мэдүүлгүүдээр нь тогтоогдож байна гэж үзэж байгаа болно. Энэ нь түүнийг өрөөнд нэвтрэхдээ гэмт хэрэг үйлдэх санаа зорилготой байсан гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн, гэм буруутай тооцож ял оногдуулсан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн өөрчлөх үндэслэл, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “Хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.” гэж дүгнэсэн шийдвэрийг үгүйсгэж байна. Шүүгдэгч А.Тын хувьд түүний гэмт сэдэлт, санаа зорилго нь хаана, хэзээ төрсөн бэ гэдэгт дүгнэлт хийхэд түүний захирлынхаа өрөөнд нэвтэрч буй үйлдэл нь өөр зорилготой байсан, анхнаасаа захирлынхаа өрөөнөөс компьютер хулгайлах зорилго байгаагүй байсан байх бөгөөд захирал нь өрөөнөөсөө ажлаар гарсан, байхгүй байсан нөхцөл байдалд өрөөнд нь хууль ёсоор нэвтэрснийхээ дараа компьютерийг нь хулгайлах сэдэлт өрөөнд нь орсоны дараа үүссэн, төрсөн болох нь хангалттай тогтоогджээ. Хэдийгээр, Молгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хууль бусаар нэвтрэх гэдэг үндэслэл, гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг зааж, хуульчлаагүй боловч хүн байсан ч мэдэгдэхгүйгээр нууцаар, ширээн дээрх эд зүйлийг авсан тохиолдолд тухайн зүйл, хэсгээр зүйлчлэхгүй нь тодорхой. Иймд тухайн хүндрүүлэх шинжийн гол агуулга, үндэслэлийг цоож, цуургатай, эсхүл анхнаасаа хууль бусаар өрөө рүү нь нэвтэрч байгаа үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах сэдэлт, санаа зорилго агуулсан байхыг зайлшгүй шаардах ёстой болов уу. Урьд нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулинд хууль бусаар нэвтрэх гэдэг гэмт хэргийн бүрэлдэхүүнийг маш тодорхой хуульчилсан байсан бөгөөд 2015 онд батлагдан хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын Эрүүгийн хуулийг Хууль зүйн байнгын хороо, Монгол Улсын Их хуралд хэлэлцэж байсан хэлэлцүүлгээс үзэхэд орон байр, агуулахад нэвтэрч буй үйлдлийг хууль бус байх талаар тэмдэглэгдсэн байдаг. Иймд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг удирдлага болгон миний үйлчлүүлэгч А.Тт ял оногдуулсан шийтгэх тогтоолд мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, түүний хувийн байдал, ар гэр, ахуй амьдрал, амьдралын нөхцөл байдал, хохирлоо бүрэн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, туйлын ихээр гэмшиж байгаа, цаашдын засрал хүмүүжлийн байдлыг харгалзан үзэж биечлэн ял эдлүүлэхгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Б.Очбадар нарын гаргасан гомдолтой танилцсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэсэн давж заалдах гомдолд тайлбар хэлэхэд шүүгдэгч А.Т нь тухайн баригдаж байсан барилгын 12, 13 давхарт ажил үүргээ гүйцэтгэж байсан. Хулгайд алдагдсан объект буюу зөөврийн компьютер нь 2 давхарт байсан. Хохирогч хэргийн талаар тодорхой мэдүүлдэг. Хохирогчийн зөвшөөрөөгүй байхад тухайн өрөө рүү орж, зөөврийн компьютерийг авсан үйлдэл нь хууль бус нэвтрэлт гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Б.Очбадар нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч А.Т нь 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Арцат” апартмент төслийн А7 блок байранд байрлаж байсан “С” ХХК-ийн ажлын байр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хохирогч Ц.Чэзэмшлийн “делл” брэндийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Ц.Ч“...Би “С” ХХК-нд захирал ажилтай. Манай байгууллага Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Арцат Апартмент 2 төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 8 блоктой хотхоны А7 блокыг хариуцаж гүйцэтгэж байгаа юм. Манай байгууллагын оффис нь А7 блокны баруун орцны 2 дугаар давхарт байрладаг. 2021 оны 9 дүгээр сарын 24-ний орой 20 цагийн орчимд манай үндсэн барилгын гражийн дээврийн бетон цутгалтын ажил явж байсан ба би түр хугацаагаар гадагш гарсан. ...Би гадаа бетон цутгалтандаа хяналт тавьж ажиллаж байгаад шөнө 03 цагийн орчимд халуун юм уух гээд оффистоо ороход цоожгүй байсан. Тэгэхээр нь инженерүүд маань цоожлоогүй явчихаж гэж бодоод халуун юм уугаад гарахдаа цоожлоод гарсан. Ингээд 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 06 цагийн орчимд ажил дуусаад би оффистоо оролгүйгээр шууд гэртээ харьсан. 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ажил дээрээ ирээд нөүтбүүкээ ашиглах гэхэд байхгүй байсан. Инженерүүдээсээ лавлаж асуугаад, ...хайгаад олдохгүй болохоор нь камер шүүхэд манай гүйцэтгэгч, туслах ажилчин бололтой саарал үүргэвчтэй, хар өнгийн хувцастай, үсээ боочихсон 18-21 орчим насны эрэгтэй хүүхэд хаалга татаж үзэж байгаад манай оффисын өрөө рүү ороод эргээд гарч ирээд, хажуу талын хаалга руу ороод эргэж гарч ирээд шууд гараад явсан. Камерийн бичлэгт миний нөүтбүүкний цүнхний оосор харагддаг. Би “dell i5 11Th generation, 15.6 инчийн” зөөврийн компьютерийг 2017 оны 7 дугаар сарын эхээр Япон улсаас шинээр авч байсан, монгол мөнгөөр 3.000.000 орчим төгрөгөөр худалдаж авч байсан байх. Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй нөүтбүүк байсан, хэдэн төгрөгөөр үнэлэхээ мэдэхгүй байна. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь хулгайлсан хүн надад яг адилхан үзүүлэлттэй нөүтбүүк худалдан авч өгч, миний хохирлыг барагдуулсан байгаа.” /хх 6-7, 40/,
гэрч С.Чн “...Би хувиараа барилгын бригадад ажилладаг бөгөөд манай бригадад ажилладаг Төрбаатар гэх дүү надтай цуг амьдардаг юм. ...Т бид хоёр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Арцат апартмент 2 гэх барилгын шалны паркет шахах ажилд цуг ажиллаж байгаа юм. ...Гаднаас орж ирэхдээ нэг цагаан өнгийн нөүтбүүктэй орж ирсэн ба түүнийгээ ажлаас гарч явж байгаад замын хажуугаас олсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би сонирхоод үзэхэд дотор нь барилгын файлууд байхаар нь “чи барилгаас хулгай хийчихсэн юм биш биз дээ” гэхэд “үгүй ээ ахаа, би замын хажуугаас олсон юм” гэж дахин дахин лавлаж асуухад “үгүй, олсон” гээд байсан. Тэгээд тэр өдөр нь “гэртээ компьютертэй юм чинь зарчихъя” гэж хоёулаа ярьж байгаад маргааш нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр би тэр нөүтбүүкийг нь авч гараад “компьютер ланд” гэх газар очиж, хүмүүсээс асууж явж байгаад нэг компьютер авах гэж байсан 30 орчим насны, дундаж нуруутай, бор царайтай, эрэгтэй хүнд 800.000 төгрөгөөр зарсан.” /хх 9-10/,
яллагдагч А.Тын “..Би 2021 оны 9 дүгээр сарын эхээр дотоод заслын нэг бригадад мужаанаар ажилд орсон юм. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцат апартмент гэх баригдаж буй барилгын А7 блокны дотоод заслыг хийж гүйцэтгэж байсан ба би 14 давхарт шалны паркет шахаж байсан. 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр би ажил дээрээ ажлаа хийж байгаад орой нь ажил тарж доош шатаар бууж байгаад өөрөө утасгүй байсан болохоор хүн байвал хүнээс цаг асууя гэж бодож 2 давхарын өрөө болгоны хаалгыг татаж үзсэн бөгөөд ямар нэг хүн байхгүй байсан. Тэгээд 4 номерийн өрөө гэрэлтэй байхаар нь хүн байгаа байх гэж бодоод ортол хүн байгаагүй. Тэгээд эргээд гарах гэтэл ширээн дээр нь хар өнгийн цүнхтэй зүйл харагдсан. Тэгэхээр нь түүнийг очоод дараад үзтэл хатуу зөөврийн нөүтбүүк байсан. Тэгээд хүн байхгүй болохоор нь аваад гарчихсан юм. Тухайн цүнхтэй эд зүйлийг авч гараад автобусны буудлын ард талд цүнхийг нь хаяаад дотор нь байсан 2 ширхэг компьютерийн утасгүй хулгана, 1 пад буюу хулганы дэвсгэр, айфоне гар утасны цэнэглэгч 1 ширхэг, 500 гегабайт багтаамжтай зөөврийн хард 1 ширхэг, цагаан өнгийн делл загварын зөөврийн компьютер 1 ширхэг зэргийг аваад цүнхийг нь хаяж тухайн үед амьдарч байсан Чангас ахын гэрт очсон. Гэрт нь очоод тухайн эд зүйлийг ажлын гаднаас олсон гэж Чангас ахад хэлж итгүүлсэн. Маргааш өдөр нь би энэ зүйлийн талаар сайн мэдэхгүй юм чинь та зараад өг гэж хэлээд Ч ахаар 800.000 төгрөгөөр заруулсан. Тухайн үед би Чангас ахын гэрт амьдарч байсан болохоор 500.000 орчим төгрөгөөр гэрт нь ойр зуурын хэрэглээнд нь зарцуулсан. Үлдсэн мөнгийг нь би ээжийнхээ эм тарианд зарцуулж ээждээ эм тариа авч очсон.” /хх 36-37/ гэх мэдүүлгүүд,
хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ХУ2-21-606 дугаартай “...Үнэлэгдэж буй “dell i5 11Th generation, 15.6 инчийн” зөөврийн компьютер нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 2.450.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэж тогтоосон үнэлгээний тайлан /хх 45-46/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Тыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Б.Очбадар нар нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж, хувийн байдал, ар гэр, ахуй амьдрал, амьдралын нөхцөл байдал, хохирлоо бүрэн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, туйлын ихээр гэмшиж байгаа, цаашдын засрал хүмүүжлийн байдлыг харгалзан үзэж биечлэн ял эдлүүлэхгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү..” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Тодруулбал, “орон байр” гэдэгт хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг,
“агуулах сав” гэдэг нь эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, авто мухлаг, хөргөх ба эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, граж, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг тус тус хамааруулан ойлгоно.
Дээрх байдлыг үндэслэн шүүгдэгч А.Тыг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох албан тасалгаанд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.
Өөрөр хэлбэл, шүүгдэгч А.Т нь “С” ХХК-нд хөдөлмөрийн гэрээгээр ажилладаггүй, харин 14 давхарт ажил хийж байсан туслах ажилчин /цагийн/ байх бөгөөд компанийн захирлын өрөөнд зөвшөөрөлгүй орох эрхгүй этгээд байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч А.Тын үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/132 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Б.Очбадар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч А.Т нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/132 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 56 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/132 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Б.Очбадар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ