Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2016/0080

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Рааш овогт Пүрэвийн Цолмон /РД: ХЛ69030916/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох,

Гуравдагч этгээд: Тангууд овгийн Нямын Мөнхбат /РД: ДН75101114/

Нэхэмжлэлийн шаардлага: ...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаар захирамжийн иргэн Н.Мөнхбатад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тулга, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэгмид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Цолмон шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, өмгөөлөгч Б.Сувд нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие Мөнгөн гүүр ХХК-ийн захирал П.Цолмон би Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын ямар нэгэн үндэслэлгүй иргэн Н.Мөнхбатад гаргасан газар эзэмшүүлэх захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэргийн бодит байдлын хувьд: Анх Мөнгөн гүүр ХХК-ийн захирал П.Цолмон би Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол Саппорогийн ард байрлах хуучнаар Глоб интер ХХК-ийн барилгын 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр БХЗХӨБ албанаас дуудлага худалдаагаар Сандэй ХХК буюу Глоб кредит хадгаламж зээлийн хоршооны өмчөөс П.Цолмон нь зочид буудлын цогцолбор барилга 2970 м.кв хэмжээ бүхий А, В, С блокийг төмөр хайсан хашаа, бетонон зам талбай, бусад дагалдах хөдлөх эд хөрөнгийн хамт худалдан авсан.

Мөн уг байрнаас иргэн Л.Отгонбаяр 3 өрөө орон сууц, 265 м.кв зоорийн хэсэг, 310 м.кв үйлчилгээний газрыг мөн худалдаж авсан байдаг.

Гэтэл иргэн Л.Отгонбаяр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд 2011 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, худалдаа үйлчилгээний зориулалтаар 4150 м.кв газрын П.Цолмонд надад эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 783 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлагатай нэхэмжлэл гаргасан.

Уг нэхэмжлэлийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх хүлээн авч хэрэг үүсгэн шалгах явцад хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2011 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 3/705 дугаар албан бичгээр ...Нийслэлийн Засаг даргын 2010 оны 628 дугаар захирамжаар П.Цолмонд 4246 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх олгосон байна. Харин иргэн Л.Отгонбаяр нь нийтийн орон сууцны хэсэгт ямар нэг зөвшөөрөлгүйгээр өргөтгөл хийсэн болохыг тогтоож, Л.Отгонбаярын нэр дээр газар эзэмших эрх олгосон ямар нэгэн захирамж, шийдвэр гараагүй. Мөн зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийн орц, гарцыг чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэсэн болно.

Иймд нэхэмжлэгч иргэн Л.Отгонбаярын хууль ёсны эрх, ашиг сонирхол, тухайлбал газар эзэмших эрх нь хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна... гэсэн тайлбарыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан байдаг.

Учир нь уг газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газар байсан бөгөөд нийтийн эзэмшлийн зам талбай байсан тул Нийслэлийн өмч, газрын харилцааны албанаас уг газрыг нийтийн эзэмшилд нь үлдээхээр шийдвэрлэсэн юм. Энэхүү захиргааны байгууллагын шийдвэрийг хэн аль нь хүлээн зөвшөөрч улмаар Л.Отгонбаяр нь өөрийн эзэмшилд байсан бүх обьектуудаа манай байгууллагад худалдах худалдан авах гэрээний дагуу худалдаж, одоо маргаж буй газартаа холбоотой бүх асуудал маргааныг эцэслэн захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг шүүх хүлээн авч уг татгалзлалыг баталсан шүүгчийн 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 183 дугаар захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Гэтэл энэ явдлаас хойш 4 жилийн дараа гэнэт ирсэн Ням овогтой Мөнхбат нь иргэн Л.Отгонбаяр нар хуурамч бичиг үйлдэж, улмаар үгсэн хуйвалдан Дүүргийн иргэний хэргийн 1 дүгээр шүүх буюу хуучнаар Сүхбаатар дүүргийн шүүхээр манай байгууллагын хашаанд байгаа нийтийн эзэмшлийн талбай дээр байх өргөтгөлийг Н.Мөнхбат нь өөрийн өмч болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гарган улмаар 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1206 дугаар захирамж гаргуулан өөрийн өмч болохыг тогтоолгон, улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаар захирамж гаргуулан авч манай байгууллагын хашаанд байрлах газраас 54 м.кв газрыг хууль бусаар авчихсан байсан.

Энэ хууль бус явдлыг сүүлд 2013 онд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очсон хойно нь мэдсэн бөгөөд дүүргийн иргэний хэргийн 1 дүгээр шүүхэд хүсэлт гаргуулан захирамжийг дахин хянуулахад уг захирамж хууль бусаар гаргасан болохыг тус шүүх хүлээн зөвшөөрч шүүгч Н.Оюунтуяагийн гаргасан 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1206 дугаар өмчлөгч мөн болохыг тогтоосон захирамжийг илтэд хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосон.

Хожим уг шаардлага бүхий нэхэмжлэлээсээ иргэн Н.Мөнхбат өөрөө татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг шүүхэд гаргасныг дүүргийн иргэний хэргийн 2 дугаар шүүхийн шүүгч Т.Батсүх хүлээн авч 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21023 дугаар захирамж гаргасан болно.

Үүний дараа манай зүгээс Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газарт удаа дараа иргэн Н.Мөнхбатад хууль бусаар олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаар захирамжийг холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан боловч ...түр хүлээж бай шалгаж байна гэсээр өнөөдрийг хүрлээ. Энэхүү захирамж нь хуулийн дараах зүйл заалтыг ноцтойгоор зөрчиж байгаа юм.

Хууль зүйн үндэслэлийн хувьд: Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр инженерийн шугам сүлжээ бүхий дээрх газар нь ямар нэгэн барилга барих боломжгүй нийтийн эзэмшлийн зам талбайг гражийн зориулалтаар газар эзэмших гэрчилгээ олгосон Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасан ...нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ... мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т ...энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно... гэх хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Дээрх маргаан бүхий газрыг нийтийн эзэмшлийн эдэлбэр газар мөн, бусдад шилжүүлэхийг хориглосон Нийслэлийн газрын алба, Нийслэлийн Засаг даргын тайлбартай, хүчин төгөлдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 183 дугаар захирамж байсаар байхад уг газрыг иргэн Н.Мөнхбатад олгосон Төрийн захиргааны байгууллагын үйлдэл өөрөө хууль бус юм.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаар захирамжийн Н.Мөнхбатад холбогдох хэсгийг хүчингүй болгож, нийтийн эзэмшлийн зам талбай хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тулга нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Дүүргийн Засаг даргын гаргасан захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх ашигт ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүйгээр халдаагүй тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор хууль зүйн сөрөг үр дагавар гарах юм.

Учир нь Н.Мөнхбат нь маргаан бүхий газрыг 2006 оноос ашиглаж ирсэн иргэн Л.Отгонбаяраас худалдан авсан байдаг.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээг хийгдэхээс өмнө маргаан бүхий газрын иргэн Н.Мөнхбат ашиглаж байсан нь төлбөр төлсөн баримтаар нотлогддог.

Мөн иргэн Н.Мөнхбат нь Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмших хүсэлтээ дүүргийн Засаг даргад 2012 оны 4 дүгээр сард гаргаж улмаар хүсэлтийг дүүргийн Засаг даргын зүгээс хянан үзээд эзэмших эрхийн баталгаажуулж маргаан бүхий газрын эрх зүйн харилцаа үүссэн талаар баримтууд нь дүүргийн Өмч, газрын харилцааны албаны архивт байгаа баримтаар нотлогдож байна.

Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрхийг дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд хамааруулж өгсөн бөгөөд хүчингүй болгох эсэх асуудлыг дүүргийн Засаг дарга шийдвэрлэх юм.

Харин нэхэмжлэлийн агуулга хэсэгт тусгагдсан Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дах заалт нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т ...нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна гэж заасан байгаач 2012 онд дээрх заалтад тусгагдсан төлөвлөгөөнд маргаан бүхий газар нь тусгагдаагүй байсан болно.

Харин Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 3.2.3 дах заалтад энэ журмын 3.2.1 дэх заалт буюу өөрөөр хэлбэл нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газраас бусад газрын эзэмших бол дүүргийн газрын албанд хандана гэсний дагуу өргөдлийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т ...энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээгээр илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заасан байгаач маргаан бүхий газрын хэмжээ нь дээрх заалтад заагдсан хэмжээнд хүрэхгүй учир дуудлага худалдаа болон, төсөл сонгон шалгаруулах шаардлагагүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Н.Мөнхбат шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Ням овогтой Мөнхбат нь 2006 онд Л.Отгонбаяраас Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 1 дүгээр байрны ард хуучнаар Сандэй ХХК, одоо Мөнгөн гүүр нэртэй эмнэлэг байрлах хашаанд байх 54 м.кв агуулахын зориулалттай байрыг худалдан авсан байдаг. Энэ агуулахын зориулалттай байрыг Л.Отгонбаяраас худалдан авах үед уг байр нь өмчлөх эрхийн гэрчилгээгүй, аман хэлцэл хийн худалдан авсан юм.

Л.Отгонбаяр нь энэ 54 м.кв агуулахын байрыг 2006 оноос хойш өөрийн бараа материалыг хадгалах агуулахын зориулалттай ашиглаж байгаад 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр агуулахын зориулалттай барилгын газрыг Н.Мөнхбатад эзэмшүүлэх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 182 дугаартай захирамж гарч, энэ захирамжийг үндэслэн 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн газрын албаны дарга Н.Мөнхбатад уг газрын гэр бүлийн хамтын хэрэгцээний эзэмшигч болсон байдаг.

Гэтэл 2011 оноос хойш Мөнгөн гүүр хоспитал ХХК-тай газар эзэмшлийн талаар маргаан үүсч Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1225 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 638 дугаартай магадлал, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 191 дугаартай тогтоолоор маргаан бүхий газар нь Н.Мөнхбатын эзэмшлийн газар гэдэг нь хөтөлбөргүй тогтоогдсон.

Мөнгөн гүүр ХХК-ийн захирал П.Цолмон нь хувийн ашиг сонирхлын үүднээс Н.Мөнхбатын хууль ёсны эзэмшлийн газрыг өөрийн эзэмшилд авахыг санаархан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч П.Цолмонгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 182 дугаар захирамжаар гуравдагч этгээд Н.Мөнхбатад Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороо, 1 дүгээр байрны урд Сандэйн хашаанд байрлалтай, 54 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар, 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, Н.Мөнхбатын нэр дээр уг газрыг эзэмших эрхийн 0403713 дугаартай гэрчилгээг 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгосон байна.

Нэхэмжлэгч П.Цолмон Нийслэлийн Засаг даргад 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаар захирамжийн иргэн Н.Мөнхбатад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах талаар хандаж гаргасан гомдлын хариуд Нийслэлийн өмчийн харилцааны газар 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ... Иргэн Н.Мөнхбатын газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах өргөдөлтэй танилцлаа. Сонгинохайрхан дүүргийн 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон байна. Дүүргийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Иймд захирамж таны хуулиар олгогдсон эрх ашиг, сонирхлыг хөндсөн гэж үзэж байгаа бол хуулийн байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг өгчээ.

Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1/568 дугаар ... Глоб кредит хадгаламж зээлийн хоршооны Глоб интернэшнл ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 95/2-т байрлах Интер плаза зочид буудлын барилгыг 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар худалдан авсан тул Сандэй ХХК-ийн 3,390 м.кв газрын эзэмших эрхийг дуудлага худалдааны ялагч Пүрэв овогтой Цолмон /ХЛ69030916/-ийн нэр дээр шилжүүлж захиран зарцуулах эрхийг сэргээхийг мэдэгдье гэсэн албан бичгийг Нийслэлийн газрын албанд хүргүүлсэн байна.

Уг албан бичгийн дагуу П.Цолмон 4306 м.кв газрыг эзэмшүүлэхийг хүссэний дагуу П.Цолмонд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 628 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд байрлалтай, 4246 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ.

Глоб интерплаза ХХК болон Л.Отгонбаяр нарын хооронд газрын маргаан үүсч, зохих байгууллагад хандсанаар 2005 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 386 дугаар захирамжаар газрын харилцааны асуудалтай холбогдсон маргаан зөрчил, иргэдээс ирүүлсэн мэдээлэл, гомдлыг шуурхай шалгаж шийдвэрлэх комисс байгуулагдан уг асуудлыг хянан шалгаж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2/2190 дүгээр комиссын шийдвэрийг хүргүүлэх тухай албан бичигт ...Комиссоос Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Глоб интерплаза ХХК, иргэн Л.Отгонбаяр нарын хооронд үүссэн маргаантай асуудлыг газар дээр нь судалж үзэхэд Глоб интерплаза ХХК нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дах заалтыг зөрчин иргэн Л.Отгонбаярын орц, гарцыг хаасан байсан тул Глоб интерплаза ХХК-ийн зүүн талын гэр, автобус байрлаж буй талбайг нийтийн эзэмшилд шилжүүлэхээр шийдвэрлэв... гэж маргаан бүхий газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэхээр болсон.

Л.Отгонбаярын орц, гарцыг чөлөөлж Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 783 дугаар захирамжаар П.Цолмонгийн эзэмшлийн газрын хэмжээг багасган 4150 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж заасан бүрэн эрхийн хүрээнд газар эзэмших эрхийг шийдвэрлэх боломжтой байх бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.2-т Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад  олгоно, 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан бүрэн эрхийн хүрээнд хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь газрыг гуравдагч этгээд Н.Мөнхбатад эзэмшүүлжээ.

Нэхэмжлэгч П.Цолмонгийн эзэмшиж байгаа газар нь Н.Мөнхбатын эзэмшиж байгаа 54 м.кв газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, үзлэг болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хариуцагч зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эзэмшил газрын кадастрын зургаар П.Цолмонгийн эзэмшиж байгаа /эмнэлгийн зориулалтаар ашиглаж байгаа барилга/ газрын /ертөнцийн зүгээр/ хойд талын газарт иргэдийн орон сууцны байр /Л.Отгонбаярын өмчилж байсан/ залгаа орших бөгөөд энэхүү орон сууцны орчны болон доорх газрыг нэхэмжлэгч эзэмшдэггүй, харин энэхүү орон сууцны хойно залгаа Н.Мөнхбатын эзэмшиж буй газар байрлах бөгөөд ...цаашид бүх орон сууцнуудыг худалдан авч өөрийн өмчлөлийн болгосноор орон сууцны орчны газрыг мөн эзэмших хүсэлтэй тул Н.Мөнхбатын эзэмшил газрыг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэгч маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 783 дугаар захирамжаар П.Цолмонд 4150 м.кв газар эзэмшүүлснийг хүлээн зөвшөөрч байсан, хариуцагч шугам сүлжээ бүхий газрыг Н.Мөнхбатад эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаар захирамжийн иргэн Н.Мөнхбатад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Цолмонгийн гаргасан ...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаар захирамжийн иргэн Н.Мөнхбатад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч П.Цолмонгоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА