Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 182/ШШ2024/02481

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 31 182/ШШ2024/02481

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: .... байрлах, Н ХХК /РД:0000000/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Ц /РД:000000000/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.А оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Н ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Э.Ц нь Н-тай 2021.07.20-ны өдөр Цахим зээлийн эрхийн гэрээ-г цахимаар байгуулан, улмаар 2022.01.10-ны өдөр 54531 дугаартай зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 170,000 төгрөгийн цахим зээл авч, зээлийн эргэн төлөлтөө одоог хүртэл хийгээгүй байна. Зээлдэгч Э.Ц аас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж утсаар холбогдох болон бусад шаардлагатай арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд мөн зээлээ төлөлгүй 842 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчийн авсан зээлийн эргэн төлөлтийг хийлгэх зорилгоор оршин суудаг гэх хаягийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2024.03.05-ны өдрийн 101/ШЗ2024/06625 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогдсон.

Иймд Э.Ц ыг эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан улсын бүртгэлийн 0000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 2 х/,

-2021.07.20-ны өдрийн 2887 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ /хх-ийн 3-6 х/,

-Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 7 х/,

-Гэрэл зураг /хх-ийн 8 х/,

-Харилцагчийн мэдээлэл /хх-ийн 9 х/,

-Зээлдэгч Э.Ц зээлийн явцын тэмдэглэл /хх-ийн 10 х/,

-2024.01.16-ны өдөр П.Б-д олгосон итгэмжлэл /хх-ийн 11 х/,

-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.05-ны өдрийн 101/ШЗ2024/06625 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 12-13 х/,

-Улсын тэмдэгтийн хураамжид 2024.05.03-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 14 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Ц ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Н ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Д шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн харилцагчийн мэдээлэл гэх баримтад иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Ц ын оршин суух хаягийг ............................. тоот гэж тодорхойлсны дагуу Н ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 429,676 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.05-ны өдрийн 101/ШЗ2024/06625 дугаартай шүүгчийн захирамжаар Э.Ц нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 12-13 х/,

 

Э.Ц нь Н ХХК-тай 2021.07.20-ны өдөр 2887 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулан зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Н ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 3-6 х/,

 

Э.Ц нь харилцагчийн мэдээлэл гэх баримтад тусгагдсан дээрх хаягт ...бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй... болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.05-ны өдрийн 101/ШЗ2024/06625 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Н ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Д гийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд Н ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Ц ын оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Ц /РД:...../-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Э.Ц ыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА