Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 0335

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгч Б.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-д холбогдох эрүүгийн 1725002120113 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ** оны * сарын **-ны өдөр Булган аймаг Хангал суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт , урьд ял шийтгэлгүй, Б.О, 

 

Шүүгдэгч Б.О нь 2017 оны 9 сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдэг “Эмпайр” баарны орчимд иргэн С.Э-, С.Б- нарыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.О-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний бие өөрийн уур омгоо дарж чадалгүй хүний биед хөнгөн гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Би Эмпайр бааранд найзуудынхаа хамт ороод 00 цагийн үед гарсан. Тэгээд Э-, Б- нартай үл ялих зүйлээс болж маргалдан тэднийг зодож биед гэмтэл нь учруулснаа хүлээн зөвшөөрнө. Энэ хэрэгт би ганцаараа оройлсон. Б-э, М- нар нь салгах гэж оролдож байсан. Хохиролд Э-д 1.800.000 төгрөг, Б-д 900.000 төгрөг өгсөн. Би цаашид биеэ зөв боловсон авч явж, хэрэг төвөгт орооцолдохгүй явж чадна гэсэн мэдүүлэг

 

-Хохирогч С.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 09 сарын 09-ний орой найз Б-ий хамт Богд гол бааранд сууж архи пиво ууж байгаад 23:30 цагийн үед гарсан юм. Тэгээд тэндээсээ Б- бид хоёр тусдаа явж байгаад удалгүй Б-тэй утсаар холбогдоод хаана явж байгаа юм гэхэд Оюут багийн Еmрiге-ийн хажуу талын хүнсний дэлгүүрийн энд явж байна гэхээр нь би Б-ий байгаа газар явж очтол Б- үл таних 3 залуутай маргалдаад зогсож байхаар нь дундуур нь ороод хэн хэн нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна салаад явцгаая гэсэн чинь тэр 3 залуугийн нэг залуу нь юу ч хэлэхгүй миний нүүр лүү цохихоор нь би зөрүүлээд цохисон. Тэгээд тэр 3 залуу намайг болон миний найз Б-ийг газар унаган зодож цохисон. Тэр 3 залуу намайг болон Б-ийг зодож биед маань гэмтэл учруулсан гэсэн мэдүүлэг /хх 9 ху/,

 

-Хохирогч С.Б-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 09 сарын 09-ний орой найз Э-ын хамт Богд голын бааранд 22:00 цагийн үед ороод нэг шил архи уучихаад орой 23:00 цагийн үед баарнаас гараад найз нараасаа салаад явсан юм. Тэгээд хүнсний дэлгүүр хаах цаг болчихсон байхаар нь Сэлэнгэ зочид буудлын хажууд байрлах хүнсний дэлгүүрээс нэг пиво авъя авчихаад найз Э-ын хамт ууна гэж бодоод хүнсний дэлгүүр орж пиво авахдаа танил дүүтэйгээ таарсан юм. Тэгээд хүнсний дэлгүүрээс пиво авчихаад зүс таних дүүтэй уулзаад зосгож байтал намайн үл таних 3 залуу хөөе гэж дуудахаар нь яасан бэ яах гэсэн юм гэсэн чинь чи тэгээд яах гээд байгаад юм гээд намайг өдөж хоргоогоод байсан юм. Тэр үед надтай уулзаад зогсож байсан дүү машиндаа суугаад яваад өгсөн юм. Тэгээд тэр 3 залуу намайг яасан ч яадаг юм гэхээр нь би зүгээр явъя гэсэн чинь зодолдох юм уу гээд намайг нэг залуу нь боогоод цамцны захаар хоолой боогоод байж байтал найз Э- над дээр ирсэн юм. Тэгээд Э- юу болоод байгаа юм бэ? адилхан ууж идсэн хүмүүс байна энгээд хоёр тийшээ болъё гэсэн чинь нэг бөх барилдаг болов уу гэмээр залуу нь Э-ыг шууд цохиж газар унаган Э-ыг болон намайг зодож эхэлсэн. Бид хоёрыг газарт унагаагаад зодоод байсан. Дээшээ босох гэхээр л тал талаас өшиглөж зодож цохисон. Болъё гэсэн боловч тэд нар зодож цохихоо болихгүй байсан. Э- тэд нараас зугтаагаад явсан чинь тэр 3 залуу 3 уулаа намайг зодож байгаад нэг залуугаа Одко гэж дуудаад явъя гээд яваад өгсөн гэсэн мэдүүлэг /хх 14 ху/,

 

-Гэрч И.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...О- М- нарын хамт Емпайр пабад 21 цаг өнгөрч байхад ороод 1 шил 0,5 граммтай Чингис архи уусан. Тэгээд 00 цаг өнгөрч байхад бид 3 гарч ирсэн. Тэгсэн гадаа 2 залуу зогсож байсан Тэгсэн тэр 2 залуугийн нэгтэй нь манай М- муудалцаж барьцалдаж авсан тэгээд манай найз О- цаанаас нь ирээд М-тай зодолдож байсан залууг цохиод авсан тэндээ тэр 2 зодолдоод байсан гэсэн мэдүүлэг /хх 18 ху/, ...Хохирогч 2 залууг О- цохисон харин М- бид 2 салгах гэсэн боловч чадахгүй байсан... М- эхлээд нэг залуутай маргалдсан. Тэрнээс биш зодолдсон зүйл байхгүй. О- эхлээд М-тай маргалдаж байсан залууг цохиод унагаасан мөн хамт байсан залууг нь цохиж газар хавсарч унагаагаад дээрээс нь хөлөөрөө өшиглөсөн. Би О-г салгах гэсэн боловч эргэж очиод газар унасан залууг дахин өшиглөсөн гэсэн мэдуүлэг /хх 19 ху/.

 

-Гэрч Ч.М-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...би тэд нартай муудалцаад байж байтал манай найз О- цаанаас ирээд нэг залууг нүүрлүү нь цохиод авсан. Тэгэхээр нь би салгах гэж дундуур нь ороод байж байтал бас нэг залуу нь ирсэн. Тэгсэн О- тэрэнтэй бас зодолдсон. Тэгээд зодолдоод байхаар нь Б-э бид хоёр арай гэж салгаад бид нар зугтсан гэсэн мэдүүлэг /хх 20 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 756 дугаартай дүгнэлтэнд:

1. С.Б-ий биед зүүн нүдний зовхи, хоёр чихний дэлбээ, ар хэсэг, хуйх, нуруу, цээж, хүзүү, зүүн шуунд цус хуралт үүсчээ.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сариулна. Уг гэмтлүүд нь ГЗЗ-ийн 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

4. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 23 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 766 дугаартай дүгнэлтэнд:

1. С.Э-ын биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдэд цус хуралт, дээд уруулд язарсан шарх, доод уруулд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ.

2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.           

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Шинэ гэмтэл байна.

5. Тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт, дээд уруулд язарсан шарх нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

6. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 27 ху/,

 

-Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх 5 ху/,

-Камерийн бичлэгт үзлэгт хийсэн тухай тэмдэглэл /хх 6 ху/,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх 7 ху/,

-Хохирол төлсөн баримт /хх 12, 13 ху/,

-Б.О-г яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 32-35 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.О нь 2017 оны 9 сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдэг Эмпайр баарны орчимд иргэн С.Э-, С.Б- нарыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч С.Э-ын “...Б- үл таних 3 залуутай маргалдаад зогсож байхаар нь дундуур нь ороод хэн хэн нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна салаад явцгаая гэсэн чинь тэр 3 залуугийн нэг залуу нь юу ч хэлэхгүй миний нүүрлүү цохихоор нь би зөрүүлээд цохисон. Тэгээд тэр 3 залуу намайг болон миний найз Б-ийг газар унаган зодож цохисон” гэсэн мэдүүлэг /хх 9 ху/, хохирогч С.Б-ий “...Э- юу болоод байгаа юм бэ адилхан ууж идсэн хүмүүс байна энгээд хоёр тийшээ болъё гэсэн чинь нэг бөх барилддаг болов уу гэмээр залуу нь Э-ыг шууд цохиж газар унаган Э-ыг болон намайг зодож эхэлсэн. Бид хоёрыг газарт унагаагаад зодоод байсан. Дээшээ босох гэхээр л тал талаас өшиглөж зодож цохисон. Болъё гэсэн боловч тэд нар зодож цохихоо болихгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх 14 ху/, гэрч И.Б-э /хх 18, 19 ху/, Ч.М- /хх 20 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогч С.Б-ий биед зүүн нүдний зовхи, хоёр чихний дэлбээ, ар хэсэг, хуйх, нуруу, цээж, хүзүү, зүүн шуунд цус хуралт үүссэнийг тогтоосон 756 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч С.Э-ын биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдэд цус хуралт, дээд уруулд язарсан шарх, доод уруулд зөөлөн эдэд цус хуралт үүссэнийг тогтоосон 766 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Б.Од-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч Б.О нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Энэ хэргийн улмаас хохирогч С.Э-д 1.800.000 төгрөг, С.Б-д 900.000 төгрөгний хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд 2.700.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.О-г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.О-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Б.О- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дах хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА