Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2022/ДШМ/451

 

 

 

 

 

 

    2022             04            28                                      2022/ДШМ/451

                                                       

 

М.С-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Ууганбаяр,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 2022/ШЗ/253 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Нямдэлэгийн бичсэн 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 10 дугаартай эсэргүүцлээр М.С-од холбогдох эрүүгийн 2010014311163 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С-,

М.С- нь 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа шатахуун түгээх станцын орлогоос 15.372.706 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: М.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг тогтоохоор заажээ. Яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг “...2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байх хугацаандаа” гэж бичсэн бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 236 дугаартай дүгнэлтэд “...Шатахуун түгээх станцын 2019 оны 4 дүгээр сарын 26-аас 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны түгээгчийн өдөр тутмын тооцоог тулган шалгахад 15.372.706.10 төгрөгийн дутагдал гарсан” гэж (хх 112) бичсэн, тухайн дүгнэлтийн нэгдүгээр хавсралтад огноог “...4 сар 19, 5 сар-19, 6 сар-19, 7 сар-19, 8 сар-19, 9 сар-19, 10 сар-19, 11 сар-19, 12 сар-19, 1 сар-20, 2 сар-20, 3 сар-20, 4 сар-20 ...” гэж (хх 114) бичиж дүгнэлт гаргасан байхад яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг зөрүүтэй бичсэн, ямар учраас “...3 дугаар сарын 29-өөс 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр” гэж бичсэн талаар хууль зүйн талаас дүгнэлт хийгээгүй нь гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоож чадаагүй байна гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтэд 2019 оны 3 дугаар сарын 29-өөс 4 дүгээр сарын 19-ний хооронд болон 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд ямар нэгэн байдлаар дутагдал гарсан гэж бичээгүй байхад яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг ингэж бичсэн байгаа нь учир дутагдалтай. Энэ нөхцөл байдал нь гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоож чадаагүй гэж үзэх үндэслэл болно.

Мөн яллах дүгнэлтийн Тогтоох хэсэгт “...Яллагдагч М.С-ыг ...албан тушаалын байдлаа ашиглаж хувьдаа авч завшсан гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэхээр тогтоосугай." гэжээ. Яллагдагч М.С-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан (хх 1-4 дүгээр), тухайн зүйл хэсгийг өөрчилсөн прокурорын ямар нэг шийдвэр гараагүй байхад яллах дүгнэлтэд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 гэж бичсэн нь хэргийн зүйлчлэл тохироогүй, энэ талаар хуралдаанд оролцсон прокурор цифрийн алдаатай бичигдсэн, техникийн шинжтэй алдаа гаргасан гэх боловч энэ алдааг залруулах талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй болно. Иймд мөрдөн шалгах дээрх ажиллагаануудыг хийсний дараа хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэн М.С-од холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч М.С-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Нямдэлэг бичсэн эсэргүүцэлдээ: “...шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/253 дугаартай захирамжийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүхийн шийдвэр нь “ хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэн дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.

1. М.С- нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байх хугацаандаа шатахуун түгээх станцын орлогоос 15.372.706 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж хувьдаа авч завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. “****” ХХК-ний захирлын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 190329/01 дугаартай тушаалаар М.С- нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд томилогдон ажилласан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлтэд дээрх хугацаанд станцын орлогоос 15.372.706 төгрөгийг завшсан гэж дүгнэж бичсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч, цагдаагийн ахмад Ж.Бадамсүрэн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 236 дугаартай дүгнэлтийг гаргахдаа тус компанийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны санхүүгийн баримтад тулгуурлан шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд дүгнэлтэд яллагдагч М.С-ын ажилласан хугацаа бүрэн хамрагдаж, дутагдал гаргасан тооцоог сар бүрээр нарийвчлан тогтоосон, өөрөөр хэлбэл яллагдагч М.С- нь гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа 15.372.706 төгрөгийг завшсаныг тогтоосон.

2. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд “...Мөнхтуяагийн С- /КЮ81091532/ нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байх хугацаандаа шатахуун түгээх станцын орлогоос 15.372.706 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж нийт 15.372.706 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу бичиж, тогтоолыг яллагдагч М.С-од танилцуулан ямар хэрэгт яллагдаж байгаа мэдэх эрхийг хангасан. Прокурорын яллах дүгнэлтийн тодорхойлох хэсэгт “...Иймд яллагдагч М.С-од холбогдох эрүүгийн 2010014311163 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар” гэж М.С-ын үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхой тусгасан бөгөөд тогтоох хэсэгт “...М.С-ыг ...шатахуун түгээх станцын орлогоос 15.372.706 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж хувьдаа авч завшсан” гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг “17.3 дугаар” гэж үг, үсэг, тоо, тооцооны алдаа гаргасныг залруулга хийлгэн, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой тул Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/253 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор С.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...прокурор Д.Нямдэлэгийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр  М.С-од холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг нь хянаж үзэв.

Хэргийн баримтаас үзэхэд, прокуророос М.С-ыг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл “****” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа шатахуун түгээх станцын орлогоос 15.372.706 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж хувьдаа завшсан гэж гэмт хэрэг гарсан цаг хугацааг тодорхойлж эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлджээ.

Гэтэл анхан шатны шүүх “...шинжээчийн дүгнэлтэд 2019 оны 3 дугаар сарын 29-нөөс 4 дүгээр сарын 19-ний хооронд болон 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд ямар нэгэн байдлаар дутагдал гарсан гэж бичээгүй байхад яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл гэж бичсэн нь учир дутагдалтай, гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоож чадаагүй.” гэх үндэслэл зааж хэргийг буцаасан байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 236 дугаартай дүгнэлтийг шатахуун түгээх станцын 2019 оны 4 дүгээр сарын 26-наас 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны санхүүгийн баримтад үндэслэж гаргасан болохоос 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гарсан хэрэг гэж үзэхээргүй байна.

Мөн анхан шатны шүүх “...яллах дүгнэлтэд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 гэж бичсэн зүйлчлэл тохироогүй, энэ талаар хуралдаанд оролцсон прокурор техникийн шинжтэй алдаа гаргасан гэх боловч энэ алдааг залруулах талаар санал гаргаагүй” гэх үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэлгүй хуралдааныг явуулж хэргийг прокурорт буцаажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-т заасны дагуу прокурор урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хүсэлтээ гарган яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах боломжтой байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг хуралдаанд оролцуулан, яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч М.С-од холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцааж, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл М.С-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 2022/ШЗ/253 дугаартай захирамжийг хүчингүй болгож, М.С-од холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл М.С-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН