| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/03239/И |
| Дугаар | 182/ШШ2024/02473 |
| Огноо | 2024-05-31 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 182/ШШ2024/02473
2024 05 31 182/ШШ2024/02473
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: .... хаягт байрлах, Ч.С /РД:..../-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болохБ.Г РД..-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ч.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие Б.Г тай 2004 онд танилцаж, хамтран амьдрах болсон. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2013.04.03-ны өдөр охин Г.С төрсөн. 2017 оноос өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна. Тэр үеэс хойш охин маань миний асрамжид өссөн. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул Б.Г ас охин Г.С хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор оршин суух .............................. хаягийн дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2024.04.30-ны өдрийн 182/ШЗ2024/07964 тоот захирамжаар дээрх хаягт оршин суудаггүй нь тогтоогдсон.
Иймд Б.Г-ыг эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.05.13-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 2 х/,
-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 3 х/,
-2013.04.15-ны өдрийн Г-1223 дугаар хүүхдийн төрсний гэрчилгээ /хх-ийн 4 х/,
-2024.04.03-ны өдрийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Мөнх-Үйлстэн өрхийн эрүүл мэндийн төвийн тодрохойлолт /хх-ийн 5 х/,
-2024.04.05-ны өдрийн Нийслэлийн ерөнхий боловсролын 71 дүгээр сургуулийн тодорхойлолт /хх-ийн 6 х/,
-2024.04.03-ны өдрийн 110 тоот Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын оршин суух, ам бүлийн тодорхойлолт /хх-ийн 7 х/,
-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.30-ны өдрийн 182/ШЗ2024/07964 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 8 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Г-ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Ч.С шүүхэд хүсэлт гаргажээ.
Ч.С нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Г ас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар түүний оршин суух хаягийг ............................... тоот гэж тодорхойлон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.30-ны өдрийн 182/ШЗ2024/07964 дугаартай шүүгчийн захирамжаар Б.Г нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 8 х/,
Г.С нь Б.Г-ын охин болох нь 2013.04.15-ны өдрийн Г-1223 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байх тул Ч.С-ийн нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 4 х/,
Б.Г нь нэхэмжлэгчийн тодорхойлсон дээрх хаягт ...бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй.. болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.30-ны өдрийн 182/ШЗ2024/07964 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Ч.Сийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд Ч.Сийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Г-ын оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа аймгийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Г /РД../-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Г-ыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа аймгийн Цагдаагийн байгууллага болох Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА