| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2015/0325/З |
| Дугаар | 128/ШШ2016/0101 |
| Огноо | 2016-02-03 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2016/0101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Жаагийхан овогт Должингийн Алтантуяа /РД: ШЕ69080368/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,
Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдох,
Гуравдагч этгээд: Ухаасай овогт Цэвэгжавын Баярмаа /РД: СЗ65043003/
Гуравдагч этгээд: Шарайд овогт Ганболдын Батнуур /РД: СЖ73112814/
Нэхэмжлэлийн шаардлага: ...Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны 18б тоот хаягт байрлах 427 м.кв газрыг 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэн Ц.Баярмаа, 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Г.Батнуур, Ц.Баярмаа, 37.4 м.кв хувийн сууцыг 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ц.Баярмаа, 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Г.Батнуур, Ц.Баярмаа нарын нэр дээр тус тус бүртгэсэн Г-2203005793, Ү-2203021843 дугаартай улсын бүртгэлүүдийг болон тэдгээрийг гэрчилсэн газрын 000043377, 000128015, хувийн сууцны 000133625, 000349830 дугаартай гэрчилгээнүүд, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 111 дүгээр захирамжийн Ц.Баярмаад холбогдох заалтыг тус тус хүчингүй болгож, 2008 онд худалдаж аваад өнөөдрийг хүртэл амьдарсаар ирсэн газар, байшингийн жинхэнэ шударга эзэн миний нэр дээр хөрөнгийн бүртгэл хийж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт, миний нэр дээр газар өмчлүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад тус тус даалгаж, өмчийн эзэн миний эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Алтантуяа, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнх-Өлзий, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын /хуучин нэрээр/ итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Уянга, гуравдагч этгээд Ц.Баярмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, өмгөөлөгч К.Бауиржан, гуравдагч этгээд Г.Батнуурын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Мөнхчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Алтантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнх-Өлзий, нэхэмжлэгч Д.Алтантуяа нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Иргэн Д.Алтантуяа би иргэн Ц.Баярмаатай хашаа байшин зарна гэсэн сонины зарын дагуу тохиролцож, Сүхбаатар дүүргийн 11 хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамж 18-б тоот хашаа байшинг 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдөр худалдан авсан юм.
Уг хашаа хувьчлагдаагүй байсан ба хорооны Засаг дарга Хандсүрэн хувьчлагдаж байгаа нь баталгаатай, хөөцөлдвөл бүтнэ гэж хэлсэн.
Хашааны газрын эзэмшлийн цагаан гэрчилгээ сарын 10 хувийн хүүтэй, нэг сая төгрөгийн барьцаанд 10 дугаар хороололд байртай Ц.Баярмаагийн танил хүүхнийд, зарж буй байшинд нь авах гээд больсон айл хоёр сая төгрөгийн барьцаанд амьдарч байсан ба хашааны гэрчилгээ зөвхөн Ц.Баярмаа гэдэг хүний нэр дээр байсан, ямар ч хамтран өмчлөгч байгаагүй.
Би хувьчлагдсаны дараа авъя гэхэд Ц.Баярмаа нь Хувьчлуулсны дараа гэхээр хугацаа их орно. Надад мөнгө их хэрэгтэй, чи одоо авч туслаач. Гэрчилгээг чамд шилжүүлж цаг алдахаар оноос өмнө эгч нь нэр дээрээ өмчлүүлэхээр хөөцөлдсөн нь цаг хожно. Өмчлүүлсэн гэрчилгээг чамд хууль ёсоор шилжүүлье. Чи байшинд ороод амьдрах юм чинь айх аюулгүй, хэн ч чамайг хөөж чадахгүй гэж гуйж, бид хоёр харилцан тохиролцож, болзол тавьж гэрээ хэлцэл хийсэн.
Хашааг таллахдаа газар дээр бодит хэмжилт хийлгээгүй, тал мөнгөнд тохируулж, тал кадастр хийлгэсэн. Ц.Баярмаа нь 2008 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Оюут Кад ХХК-нд очиж би чамд баримт болгоод түр зуур өмчлөх гэрчилгээ гарах хүртэл аман хуваалтаар тэгшлээд 227 м.кв гэх буюу байшин, гражтай их талыг нь чиний нэр дээр болгоё, 200 м.кв нь миний нэр дээр үлдэг гэж хэлээд л 2 салгуулъя гэж хэлсэн боловч Оюут Кад ХХК нь нэг талын эрх ашгийг хамгаалж, нөгөө талыг хохироож мэргэжлийн хууль дүрэм, ёс зүйгээ зөрчин, өрөөнөөсөө гаралгүй, хаагуур нь хиллэж байгаа нь мэдэгдэхгүй, хийсвэрээр 227 м.кв ба 200 м.кв гэж салгаж өгсөн.
Энэ үйлдэл Ц.Баярмаа нь Би тохирсноороо өөрийн нэр дээр бүрэн өмчлүүлээд, өмчлөх эрхээ гарсан үед бүтнээр нь чамд шилжүүлэх тул энэ хуваалтанд ач холбогдол өгөх хэрэггүй. Учир нь энэ газар нэг айлын хэмжээнд ч хүрэхгүй учир 2 хувааж гэрчилгээ өгөхгүй гэж хэлсэн.
Хашааг зарснаас хойш 2 сарын дараа үнээ нэмж Хашааг бүтнээр нь 15 сая төгрөгөөр ав. Би ээж дүүгийн гэрийг нүүлгэж өгье. Хүмүүс өрөө нэхээд суулгахгүй, зарим нь намайг шүүхэд өгөх гээд байна. Хуулийн зөвлөгөө авсан чинь үндсэн зээлээ төлбөл хүү тооцохгүй гэсэн гээд баахан өрийн бичиг баримтаа үзүүлж хэд хоног гуйхад нь би гэрчилгээ аваагүй байж мөнгө нэмж өгөхгүй гэж хэлсэн. Гэтэл надаас мөнгө авахын тулд Ц.Баярмаа нь өвлийн хүйтнээр төрсөн ээж, эгчийнхээ хүүхэд болох Г.Батнуур түүний эхнэр Н.Саруултуяа нарыг 2 нялх хүүхдийн хамт гэрээ ачаад нүү, тэгэхгүй бол энэ хүүхэн надад мөнгө өгөхгүй байна гэж хөөж байсан ба хөөгдсөн ээж, дүү Г.Батнуур, Н.Саруултуяа нар надаас хашаандаа түр байлгаач, дулаархаар нүүе, Ц.Баярмаад хэрэгтэй мөнгийг нь өгч тусла гэж гуйж байж 2009 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 4 сая төгрөг нэмж өгүүлсэн. Хашааг дахин бүтнээр нь зарна, авна гэж тохироогүй бол би ямар ч гэрчилгээ гараагүй байхад, өр нэхсэн хүмүүс, банкны ажилтан, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар цувсаар байхад мөнгө нэмж өгөхгүй байсан.
2010 онд Ц.Баярмаа нь Газар хувьчлагдсан. Одоо хувьчлагдсан юм чинь 4 биш 7 саяыг өгөөд бүтнээр нь ав гэсэн. Би Тал палкан байшин чинь үртсэн байшин байна. Та хуурснаараа үнээ буулгах байтал нэмэхийг зөвшөөрөхгүй. Хохирсон ч гэсэн тохирсноороо 4 сая төгрөгөө өгөөд гэрчилгээгээ нэр дээрээ шилжүүлэн авъя гэсэн.
Ингээд хашааг бүтэн зарах дээр биш үнийн асуудал дээр маргаан гарсан. 2010 онд үнээ нэмсэн хэргээ далдалж, аль хэдий нь бүтнээр зараад нүүж суллаж өгч, мөнгө авсан 200 м.кв гэх газраа эзэмшиж ашиглахад саад болж байна гэж намайг хилс хэрэгт гүтгэж шүүхэдсэн. Би мөнгөө буцааж аваад гаръя гэсэн чинь Ц.Баярмаа Чи энэ хашааг авснаараа ав, би миний мөнгийг өгч чадахгүй, үнээ 7 сая төгрөгөөс буулгаад бүтэн зарснаараа заръя, энэ чиний газар учир чи саад болохгүй гэж зөвшөөрч хэргийг хаалга гэж санал тавьж, бид 2 хашааг дахин бүтэн зарах авах тухай эвлэрлийн гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 845 дугаар шийдвэр гаргуулсан.
2012 онд Ц.Баярмаа нь хариуцагч Д.Алтантуяад холбогдуулан Хашаа байшин зарсан хэлцлийг хүчингүй болгуулах, хэлцлээр шилжүүлсэн хашаа, байшинг буцаан авах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүх ажиллагаа Монгол Улсын дээд шүүх хүртэл явснаар эцэст нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийнх 743 дугаар шийдвэрээр хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэр зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх боломжгүй, хэлцэл нь хууль ёсны хүчин төгөлдөр байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасаар байтал одоо болтол гэрчилгээ шилжүүлэхгүй хууль зөрчиж, миний газрын гэрчилгээг хууль бусаар барьцаалж, эргэлдүүлж, манай хашаа байшинг зарах гэж оролдсоор ирсэн хүн юм.
Иргэн Д.Алтантуяа миний бие Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 4-18б тоот 427 м.кв хашаа байшингийн өмчлөгчөөр тогтоолгох, сэтгэл санаа болон эдийн засгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Улмаар энэ маргааныг иргэний хэргийн шүүхээр хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байх үед буюу 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны тов зарласан өдөр нэгэнт уг хашаа байшин хамтран өмчлөгчтэй болсныг дуулсан.
Хамтран өмчлөгч болсон үндэслэл нь Г.Батнуурын Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулан тус газраас 2009 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Ц.Баярмаад Г-2203005793 улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Захиргааны шинэ акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэл бөгөөд уг асуудлыг шийдсэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 352 дугаартай Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж болсон гэж тайлбарласан бөгөөд уг захирамжийг үндэслэн 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хоёр хүний өмч гэж гаргуулсан Г-2203005793 дугаартай гэрчилгээг үндэслэн Г.Батнуур гэгч этгээд нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд Ц.Баярмаа, Д.Алтантуяа нарын 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн харилцан тохиролцсон гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцуулж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр орж ирсэн болно.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх миний өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг шийдвэрлэхэд тус захиргааны хэргийн шүүх дээрх захирамж ойлгомжгүй байдал үүсгэсэн юм. Учир нь уг захирамжийг үндэслээд Г.Батнуур нь улсын бүртгэлд хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн үр дагавар үүсгэсэн ба миний өмчийг надаас нэхсэн. Ингээд энэ хэрэгтэй танилцах боломжгүй гэсэн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн тамгын газарт хүсэлт гаргаж, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэлд хүсэлт гаргаж уг хэрэгтэй танилцсан юм.
2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд уг шийдвэрийг хүчингүй болгуулах гомдол гаргасан боловч уг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 352 дугаар захирамж нь зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж бөгөөд уг захирамж нь эрх зүйн ямар нэгэн үр дагавар бий болгосон захирамж биш бөгөөд таны нэхэмжлэх эрхэнд саад учруулахгүй гэж тайлбарласан.
Ингээд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд Сүхбаатар дүүргийн 11 хороо, Зүүн сэлбийн 4-18б тоот хашааны байшин, граж бүхий 427 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох, эдийн засаг болон сэтгэл санааны хохирол гаргуулах тухай нэхэмжлэлээ түдгэлзүүлж, захиргааны шүүхээр тогтоолгосон гэж тайлбарлаж, намайг болон шүүхийг хуурч, өөрсдийнхөө хууль бус үйлдлээ хаацайлж байгаа хамтран өмчлөгчийн асуудлыг шийдүүлж байж, өмчлөгчөөр тогтоолгох хүсэлттэй байлаа.
Гэвч Иргэний хэргийн шүүхэд 2014 оны 4 дүгээр сарны 28-ны өдөр өгсөн нэхэмжлэлтэй хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрч бараг жил шахам үргэлжилсэн бөгөөд дахиад захиргааны хэргийн шүүхээр явахад тодорхойгүй хугацаа орох тул, аргагүй байдалд орж, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шүүхийг хүндэтгэн нэхэмжлэлээ татан авахад хүрсэн юм.
Ингээд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахын тулд урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангасан байх шаардлагатай бөгөөд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргаж ч амжаагүй байхад ичих ч үгүй өмчлөх байтугай, нэхэмжлэх ч эрхгүй этгээдийн нэрийг барин /Ц.Баярмаа өөрөө/ 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь миний өмчийн бусдад дур мэдэн шилжүүлж, миний эрх, эрх зүйн байдлыг хохироочихоод, надад эрхээ хамгаалуулах боломжийг ч олгохгүй байгаа нь хүний эрхийг зөрчсөөр ирсэн бас дахин бүдүүлгээр хүний эрхэнд халдсан хэрэг гэж үзэж байна.
Би хийсэн гэрээндээ үнэнч байж, болзол биелэгдэхэд ямар ч саад учруулаагүй.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.4-д заасан заалт амьдрал дээр хэрэгжихгүй байна.
Иргэн Д.Алтантуяа би 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж Иргэн Г.Батнуур, Ц.Баярмаа нарт олгосон эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ түүнтэй холбоотой улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай өргөдөл гаргасан бөгөөд тус газраас уг гэрчилгээнүүдийг хүчингүй болгож өгөөгүй ба шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөнө гэсэн хариуг 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн.
Эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх зарчим үйлчлэх бөгөөд бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд эрх бүхий байгууллагад хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй байна.
Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Г.Батнуур, Ц.Баярмаа нарт олгосон Г-2203005793 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Г.Батнуур, Ц.Баярмаа нарт олгосон Ү-2203021843 дугаар 37.4 м.кв хувийн сууцны гэрчилгээг хүчингүй болгож, 2008 онд худалдан аваад өнөөдрийг хүртэл амьдарсаар ирсэн газар, байшингийн жинхэнэ шударга эзэн надад захиргааны шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж, хохирлыг барагдуулж, зөрчигдсөн эрхийг маань сэргээж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Д.Алтантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:
...Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэсэн 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Г-2203005793 дугаартай газрын эрхийн улсын бүртгэл, 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Ү-2203021843 дугаартай хувийн сууцны эрхийн улсын бүртгэл, уг бүртгэлийг гэрчилсэн газрын 000043377, 000128015, хувийн сууцны 000133625, 000349830 дугаар гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, 2008 онд худалдаж аваад өнөөдрийг хүртэл амьдарсаар ирсэн газар байшингийн жинхэнэ шударга эзэн миний нэр дээр хөрөнгийн бүртгэл хийж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгаж, зөрчигдөж хохирсоор ирсэн өмчийн эзэн байх эрхийг сэргээн эдлүүлж өгнө үү. ...Уг хууль бус бүртгэл нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны 111 дүгээр захирамжаар олгосон 0001008 дугаар шийдвэрийг үндэслэсэн гэх бөгөөд уг захирамжийг хүчингүй болгох дараах хууль эрх зүйн үндэслэл байна.
1. Монгол Улсын иргэн газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан хуулийн заалтыг зөрчсөн шийдвэр байна.
2. Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 427 м.кв газар нь иргэн Ц.Баярмаагийн эзэмшилд байсан боловч хэлцлээр 2008 онд иргэн Д.Алтантуяагийн эзэмшилд шилжсэний дараа Нийслэлийн Засаг даргын 2008 оны 111 дүгээр захирамжаар Ц.Баярмаад өмчлүүлэх шийдвэр гарсан нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан хуулийн заалтыг зөрчсөн байна.
3. 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ц.Баярмаа, Д.Алтантуяа нарын харилцан тохиролцсон гэрээгээр Д.Алтантуяад зарагдсан газар, байшин байхад түүнийг зарсан Ц.Баярмаа нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны 111 дүгээр захирамжаар 427 м.кв газрыг өмчлүүлэх шийдвэр гаргуулсан нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар залилж гаргуулсан захирамж юм.
4. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2-т заасан заалтыг зөрсөн байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2009 оны 111 дүгээр захирамж, түүний хавсралтын Ц.Баярмаад холбогдох заалтыг хүчингүй болгож, 2008 онд эзэмшлийн гэрчилгээтэй байхад нь худалдаж аваад өнөөдрийг хүртэл амьдарсаар ирсэн газар, байшингийн жинхэнэ шударга эзэн миний нэр дээр газар өмчлүүлэх захирамж гаргахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгаж, зөрчигдөж, хохирсоор ирсэн өмчийн эзэн байх эрхийг сэргээн эдлүүлж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Д.Алтантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:
...Нэхэмжлэгч Д.Алтантуяа нь анх захиргааны хэргийн шүүхэд ...Улсын бүртгэлийн газраас 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Г.Батнуур, Ц.Баярмаа нарт олгосон Г-2203005793 дугаартай улсын бүртгэлийн дугаар бүхий 427 м.кв газрын өмчлөх эрхийн гэрчилгээ, 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн иргэн Г.Батнуур, Ц.Баярмаа нарт олгосон Ү-2203021843 дугаар улсын бүртгэлийн 37.4 м.кв хувийн сууцны гэрчилгээг хүчингүй болгож, 2008 онд худалдаж аваад өнөөдрийг хүртэл амьдарсаар ирсэн газар байшингийн жинхэнэ шударга эзэн надад захиргааны шинэ акт гаргахыг даалгаж, хохирлыг барагдуулж, зөрчигдсөн эрхийн маань сэргээж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ... дээрх бүртгэлүүд болон тэдгээрийг гэрчилсэн газрын 000043377, 000128015, хувийн сууцны 000133625, 000349830 дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, 2008 онд худалдаж аваад өнөөдрийг хүртэл амьдарсаар ирсэн газар байшингийн жинхэнэ шударга эзэн миний нэр дээр хөрөнгийн бүртгэлж хийж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгохыг хариуцагчид даалгаж, өмчийн эзэн миний эрхийг сэргээж өгнө үү, ...Нийслэлийн Засаг даргын 2009 оны 111 дүгээр захирамжийн Ц.Баярмаад холбогдох заалтыг хүчингүй болгож, 2008 онд эзэмшлийн гэрчилгээтэй байхад нь худалдаж аваад өнөөдрийг хүртэл амьдарсаар ирсэн газар, байшингийн жинхэнэ шударга эзэн миний нэр дээр газар өмчлүүлэх захирамж гаргахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгуулах гэж тус тус нэмэгдүүлсэн.
Нэхэмжлэгч Д.Алтантуяагийн гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн шаардлагуудыг нэгтгээд:
...Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны 18-б тоот хаягт байрлах 427 м.кв газрыг 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэн Ц.Баярмаа, 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Г.Батнуур, Ц.Баярмаа, 37.4 м.кв хувийн сууцыг 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ц.Баярмаа, 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Г.Батнуур, Ц.Баярмаа нарын нэр дээр тус тус бүртгэсэн Г-2203005793, Ү-2203021843 дугаартай улсын бүртгэлүүдийг болон тэдгээрийг гэрчилсэн газрын 000043377, 000128015, хувийн сууцны 000133625, 000349830 дугаартай гэрчилгээнүүд, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 111 дүгээр захирамжийн Ц.Баярмаад холбогдох заалтыг тус тус хүчингүй болгож, 2008 онд худалдаж аваад өнөөдрийг хүртэл амьдарсаар ирсэн газар, байшингийн жинхэнэ шударга эзэн миний нэр дээр хөрөнгийн бүртгэл хийж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт, миний нэр дээр өмчлөх эрхийн захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад тус тус даалгаж, өмчийн эзэн миний эрхийг сэргээж өгнө үү гэж тодруулж байна гэв.
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өлзийжаргал шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны 18-б тоот хаягт орших 427 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг анх 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэн Цэвэгжавын Баярмаа /СЗ65043003/-ийн өмчлөлд бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэх, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын 2009 оны 111 дүгээр захирамжаар олгосон 0001008 дугаар шийдвэр, газрын байршлын кадастрын зураг, гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийн хуулбар зэрэг нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Г-2203005793 дугаарт бүртгэн өмчлөх эрхийн 000043377 дугаар гэрчилгээг олгосон байна.
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны 18-б тоот хаягт орших 37.4 м.кв талбайтай хувийн сууцыг анх 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэн Цэвэгжавын Баярмаагийн өмчлөлд бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, тэмдэгтийн хураамж, иргэний үнэмлэх, хорооны Засаг даргын тодорхойлолт, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийн хуулбар, газрын байршил кадастрын зураг, эд хөрөнгийн план зураг, эд хөрөнгийн фото харуулсан зураг зэрэг нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021843 дугаарт бүртгэн өмчлөх эрхийн 000133625 дугаар гэрчилгээг олгосон байна.
2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс ирүүлсэн нэхэмжлэгч Ц.Баярмаагийн хариуцагч Д.Алтантуяад 226 м.кв газар бүхий гражтай байшин худалдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн зүйлийг буцаан авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 743 дугаар тогтоолын хувийг хэрэгт байршуулсан байна.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Иргэн Ц.Баярмаад олгосон Г-2203005793 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай иргэн Г.Батнуурын гаргасан нэхэмжлэл-д 2014 оны 5 дугаар сарын 14-ны өдөр хариу тайлбар хүргүүлсэн байна.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 12-ын өдрийн Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 352 дугаар захирамж, 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 344 дугаартай нотариатчийн гэрчилсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцлийг үндэслэн иргэн Ганболдын Батнуур /СЖ73112814/-ыг Эрхийн улсын бүртгэлийн Г-2203005793, Ү-2203021843 дугаарт бүртгэн өмчлөх эрхийн 000128015, 000349830 дугаар гэрчилгээнд эд хөрөнгө хамтран өмчлөгчөөр тус тус нэмж бүртгэсэн байна.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 113 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2/3233 дугаар албан бичгийн дагуу дээрх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.
Тус газар нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх удаа улсын бүртгэлд бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хөтлөх журмын 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3 дах заалтуудыг үндэслэн бүртгэдэг бөгөөд дээрх бүртгэлийн архивын хувийн хэрэг дэх эх нотлох баримтуудыг хянаж үзэхэд уг эрхийн улсын бүртгэл нь хууль, дүрэм, журмын дагуу нотлох баримтыг үндэслэн хийгдсэн байх тул өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Иймд иргэн Д.Алтантуяагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хамтран хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Иргэн Ц.Баярмаад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Зүүн сэлбийн 4-18б тоот хаягт байрлах 427 м.кв газрыг 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 347 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.
Мөн иргэн Ц.Баярмаад тухайн газрыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т заасны дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлэн өгснийг үндэслэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.3 дах заалтын дагуу Нийслэлийн Засаг даргын 2009 оны 111 дүгээр захирамжаар 427 м.кв талбай бүхий газрыг өмчилсөн байна.
Иргэн Ц.Баярмаад газар өмчлүүлсэн нь Д.Алтантуяагийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
Гуравдагч этгээд Г.Батнуур болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Миний ээжийн төрсөн дүү болох Ц.Баярмаа нь 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэн Д.Алтантуяатай миний 2005 оноос хойш амьдарч өөрийн хөрөнгөөр бий болгосон хашааг таллаж худалдаж худалдан авахаар харилцан тохиролцон гэрээ байгуулсан байна.
Мөн дээрх хаягт байрлах 427 м.кв газар, 37.4 м.кв хувийн сууц Ц.Баярмаагийн нэр дээр бүртгэлтэй болсон байсныг миний бие 2014 оны 4 дүгээр сард олж мэдсэн. Энэхүү Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны 18-б тоот хаягт байрлах нийт 427 м.кв газрыг миний бие эгч Ц.Баярмаатай хамтран өмчлөх эрхтэй байсан юм.
Улмаар Г.Батнуур миний бие Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулан тус газраас 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэн Ц.Баярмаад олгосон Ү-2203005793 дугаар улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож захиргааны шинэ акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, гуравдагч этгээд, хариуцагч нар нь хоорондоо эвлэрч гуравдагч этгээд болох Ц.Баярмаа дээрх газрыг намайг хамтран өмчлөх эрхтэй байсныг хүлээн зөвшөөрч, хариуцагч улсын бүртгэлийн газар хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхэд татгалзах зүйл байхгүй гэсэн тул Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 352 дугаартай захирамж гарч улмаар нотариатаар Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцэлүүдийг байгуулан нотариатаар батлуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж маргаан бүхий 427 м.кв газрын болон 37.4 м.кв хувийн сууцны хууль ёсны өмчлөгчөөр 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр намайг бүртгэсэн юм.
Г.Батнуур миний бие Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны 18-б тоот хаягт 2000 оноос бүртгүүлэн албан ёсоор 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл амьдарч, оршин сууж байгаа билээ. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн иргэний үнэмлэхний лавлагаагаар тус тус нотлогдохоос гадна энэхүү захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
2005 оноос хойш амьдарч, оршин сууж байсан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай дээрх газрыг Ц.Баярмаа нь 20085 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэн Д.Алтантуяатай хэлцэл байгуулан нийт 427 м.кв газраас 227 м.кв газрыг худалдахаар харилцан тохиролцсон байдаг бөгөөд Д.Алтантуяа нь миний амьдарч, оршин сууж байсан газрыг өөрийн өмчлөлийн хөрөнгө мэтээр дур мэдэн захиран зарцуулж хашаанаас хөөн гарган, эд хөрөнгөнд минь хууль бусаар халдаад байгаа юм.
Үүгээр ч зогсохгүй Д.Алтантуяа нь хууль ёсны дагуу газар өмчлөх эрхгүй мөртлөө Г.Батнуур, Ц.Баярмаа нарын өмчлөлийн газрын хойд хэсэгт Ариун-Очир ХХК-нд барилгын үйл ажиллагаа явуулахад нь зориулан дур мэдэн зөвшөөрөл өгч хашааг түрээслэн барилгын материал хадгалж, том оврын машин хашаанд байрлуулан түрээслүүлэх, газар дээгүүр суваг шуудуу ухаж, эд хөрөнгө эвдэж хохирол учруулж байгаа бөгөөд суваг шуудуу ухах зөвшөөрлийг хууль ёсны өмчлөгч биш Д.Алтантуяа Ариун-Очир ХХК-нд өгсөн байдаг.
Дээрх цаг хугацааны хувьд иргэн Ц.Баярмаагийн өмчлөлд байгаа газрыг төрөөс хувьчлаагүй байсан бөгөөд улмаар 2009 онд төрөөс хувьчилсан. Хувьчлахаас өмнө Ц.Баярмаа нь хууль ёсны өмчлөгч болох Г.Батнуур миний зөвшөөрлийг авалгүйгээр иргэн Д.Алтантуяатай хэлцэл байгуулсан нь хуулиар олгогдсон миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироосоор байгаа бөгөөд эд хөрөнгөө захиран зарцуулж чадахгүй нөхцөл байдлыг бий болгож өнөөдрийг хүргэсэн.
Мөн миний бие Сүхбаатар дүүргийн 11 хороонд байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай дээрх 427 м.кв газарт өөрийн хөрөнгөөр хашаа хатган улмаар түүн дээр 37.4 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьж өөрийн өмчийг бий болгосныг иргэний хэрэгт гэрчүүд хангалттай нотолдог.
Түүнчлэн Д.Алтантуяа нь Ц.Баярмаатай хэлцэл байгуулсны дараа намайг амьдарч байсан хашаанаас минь өвчтэй ээж болон эхнэр, хүүхдийн хамт хөөж гарган эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхэнд хууль бусаар халдаж өнөөдрийг хүртэл хохироосоор байгаа бөгөөд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ...Ц.Баярмаа, Д.Алтантуяа нарын 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн харилцан тохиролцсон гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцуулж эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдалд нь сэргээлгэх тухай нэхэмжлэлийг гаргасан боловч хариуцагч Д.Алтантуяа нь 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2945 дугаартай захиргааны хэрэг үүсгэсэн тухай захирамжийг нотлох баримтаар гаргаснаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд захиргааны хэргийг шүүх шийдвэрлэсний дараа дахин нэхэмжлэл гаргах эрхтэй байгаа болно.
Иймд Д.Алтантуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэгчийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Ц.Баярмаа шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч К.Бауиржан, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны 18-б тоот хаягт байрлах 427м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2009 оны Нийслэлийн Засаг даргын 111 дугаартай захирамжаар иргэн надад олгохоор шийдвэрлэж улмаар нэхэмжлэгч Д.Алтантуяатай маргаан бүхий хэлцэл байгуулсны дараа буюу 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хандан бүртгүүлэхийг хүссэн өргөдөл гаргасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Г-2203005793 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000043377 дугаар гэрчилгээг олгосон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй болно.
Мөн дээрх хаягт байрлах 427 м.кв талбай бүхий газар дээр байрлаж буй 37.4 м.кв талбай бүхий хувийг сууцыг 2011 оны 02 дугар сарын 23-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021843 дугаарт бүртгэж өмчлөх эрхийн 000133625 дугаар гэрчилгээг хуулийн дагуу олгосон бөгөөд өнөөдрийн байдлаар дээрх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгчөөр Ц.Баярмаа миний бие бүртгэлтэй байгаа билээ.
Миний бие анх 2008 оны 12 дугаар 10-ны өдөр Д.Алтантуяатай Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны 18-б тоот хаягт байрлах Ц.Баярмаа миний өмчлөлийн 427 м.кв газрын тал хэсэг болох 227 м.кв газрыг түүний дээр байрлаж байгаа 6х8 хэмжээтэй өвлийн 2 давхар байшин, авто гражийн хамт 13 сая төгрөгөөр худалдаж, худалдан авахаар харилцан тохиролцож хэлцэл байгуулсан. Тухайн үед Д.Алтантуяа төлбөрийг бүрэн төлж чадахгүй хувааж төлье гэсэн хүсэлтэй байсан ба мөн газар өмчлөх эрхийн гэрчилгээ тухайн үед гараагүй байсан зэргээс шалтгаалан хашаа байшингийн эрх шилжүүлэх гэрээг албан ёсоор байгуулаагүй байсан юм.
Гэтэл Д.Алтантуяа 427 м.кв газрыг хэлцлийн дагуу бүхэлд нь худалдаж авсан мэтээр аашилж бусдын өмчлөлийн хөрөнгийг өөрийн хөрөнгө мэтээр дур мэдэн захиран зарцуулж өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсаар ирсэн. Үүгээр ч үл барам хашаанд минь амьдарч байсан 80 гарсан настай ээжийг болон Г.Батнуур нарыг хөөж гарган, намайг хүртэл өөрийн өмчлөлд үлдэх 200 м.кв газарт минь оруулахгүй хөөж туудаг болсон.
Түүнчлэн Д.Алтантуяа нь хууль ёсны өмчлөгч болох Ц.Баярмаа миний амьдарч, оршин сууц байсан 427 м.кв газрын хууль ёсны өмчлөгч биш мөртлөө миний өмчлөлийн газрын хойд хэсэгт Ариун-Очир ХХК-нд барилгын үйл ажиллагаа явуулахад нь зориулан дур мэдэн миний өмчлөлийн газар дээгүүр суваг шуудуу ухаж, дулааны шугам сүлжээ татуулж, хашааг түрээслэх, эд хөрөнгө эвдэж хохирол учруулж байгаа бөгөөд суваг шуудуу ухах болон дулааны шугам тавих зөвшөөрлийг хууль ёсны өмчлөгч биш Д.Алтантуяа Ариун-Очир ХХК-нд өгсөн байдаг юм.
Энэ нь түүний Ариун-Очир ХХК-нд өөрийн гараар бичиж өгсөн өргөдлөөс харагдах бөгөөд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Улаанбаатар дулааны шугам сүлжээ компаниас ирүүлсэн албан тоотуудаар энэхүү үйлдлүүд нь нотлогдож байна.
Түүнчлэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд миний эгчийн төрсөн хүүхэд болох Г.Батнуур нь 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулан 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэн Ц.Баярмаа надад олгосон Ү-2203005793 дугаар улсын бүртгэлийн дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож захиргааны шинэ акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд тэрээр 2005 оноос хойш манай хашаанд гэр бүлийн хамтаар амьдарч байсан бөгөөд маргаан бүхий 427 м.кв газрын хашааг хатгаж, түүн дээр байрлах 2 давхар хувийн сууцыг хөрөнгө гарган, өөрийн хүч хөдөлмөрөөр барьсан бөгөөд энэхүү хөрөнгийг надтай хамтран өмчлөх эрхтэй хүний нэг байсан юм.
Тухайн үед Д.Алтантуяатай хэлцэл байгуулахдаа миний бие гэр бүлийнхэндээ мэдэгдээгүй бөгөөд яаралтай гадаад явах шаардлага гаргасан байсан тул арга буюу газрынхаа талыг Д.Алтантуяад худалдсан байсныг Г.Батнуур сүүлд мэдэж дээрх нэхэмжлэлийг гаргасныг миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн.
Нөгөө талаар хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь хоорондоо харилцан тохиролцсон тохиолдолд манай байгууллага татгалзаад байх зүйлгүй гэсэн тул бид эвлэрч 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцэлүүдийг нотариатаар баталгаажуулан хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцсэн.
Мөн нэхэмжлэгч Д.Алтантуяад 427 м.кв талбайгаас хэлцлийн дагуу шилжүүлсэн гэх 227 м.кв талбай бүхий газрыг шилжүүлж ав гэж удаа дараа шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл бүхлээр нь авна гэсээр байгаа тул Г.Батнуурын хүсэлтээр зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх боломжтой бөгөөд энэхүү нэхэмжлэлийн дагуу эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож, захиргааны шинэ акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.
Иймд Д.Алтантуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Д.Алтантуяагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Гуравдагч этгээд Ц.Баярмаад 2005 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 4-19 тоот хаягт байрлах 300 м.кв газрыг эзэмшүүлж, 001104 дугаартай газар эзэмшлийн цагаан гэрчилгээ олгосон байх бөгөөд Ц.Баярмаа нь 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн газрын албанд хандаж, 18б тоот хаягийг андуурч 19, мөн газрын хэмжээ 427 м.кв байх ёстойг 300 м.кв гэж гэрчилгээн дээр бичигдсэн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг залруулан шинээр гэрчилгээ олгуулах хүсэлт гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 347 дугаар захирамжаар маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 4-18б тоот хаягт байрлах 427 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2007 оны 12 дугаар сарын 07-ны өдөр газар эзэмших эрхийн 0104123016 дугаартай гэрчилгээ олгон, улмаар Нийслэлийн Засаг даргын 2009 оны 111 дүгээр шийдвэрээр маргаан бүхий газрыг гуравдагч этгээд Ц.Баярмаад өмчлүүлжээ.
Нэхэмжлэгч Д.Алтантуяа, гуравдагч этгээд Ц.Баярмаа нар нь 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 4 дүгээр гудамжны 18б тоот хаягт байрлах Ц.Баярмаагийн нэр дээр байгаа 427 м.кв /засвартай 226 м.кв/ газартай, 6*8 харьцаатай өвлийн 2 давхар байшин, автомашины гражийн хамт 13.000.000 төгрөгөөр худалдаж, урьдчилгаа 7.000.000 төгрөгийг авч, үлдэгдэл 6.000.000 төгрөгийг өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан үед өгөлцөж, авалцахаар тохиролцов. Газар хувьчлагдаж байгаа хорооны Засаг дарга Хандсүрэн баталгаатай гэж хэлсэн болно гэсэн утгатай, харилцан тохиролцсон гэрээг байгуулж, 2009 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мөнгө хүлээлцсэн тухай баримт үйлдэн, ...дээрх хаяг дахь хашаа, байшинг худалдан авч байгаа бөгөөд байшингийн үнэнд 4.000.000 төгрөгийг өгөв. Нийт 11.000.000 төгрөг болов гэж баримтжуулжээ.
Гуравдагч этгээд Ц.Баярмаа нь 2009 оны 10 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад маргаан бүхий газрыг өмчлөх талаар хүсэлт гаргаж, нэгж талбарын 18644312240797 дугаартай, 427 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Г-2203005793 дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхийн 000043377, 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдөр уг газар дээр байрлах 37.4 м.кв талбайтай байшингийн өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021843 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000133625 дугаартай гэрчилгээнүүдийг тус тус авсан байх бөгөөд харин 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гуравдагч этгээд Ц.Баярмаа, Г.Батнуур нар нь Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцэл байгуулан улсын бүртгэлийн дээрх дугаарт бүртгэлтэй газар өмчлөх эрхийн 000128015, байшинг өмчлөх эрхийн 000349830 дугаартай гэрчилгээнүүдийг авч, хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.
Нэхэмжлэгч Д.Алтантуяа нь дээрх улсын бүртгэл болон улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулахаар гаргасан өргөдөлд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 8/4922 дугаар албан бичгээр ...Улсын бүртгэлийн Ү-2203021843, Г-220300579 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 4 дүгээр гудамжны 18б тоот хаягт орших 427 м.кв хэмжээтэй газар, 37.4 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөгчөөр иргэн Г.Батнуур, Ц.Баярмаа нар бүртгэлтэй байх тул шүүхээр өмчлөгчөөр тогтоолгох нь зүйтэй, энэ тохиолдолд өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх эрх нээлттэй гэж хариу өгсөн байна.
Түүнчлэн гуравдагч этгээд Ц.Баярмаа нь иргэний хэргийн шүүхэд хандаж, Д.Алтантуяад холбогдуулан маргаж байгаа газрын тал хэсэг буюу 200 м.кв газрын талаар ...газар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоолгох тухай нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 845 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, дараа нь үлдэх 226 м.кв газрын талаар ...Хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 226 м.кв талбай бүхий хашаа газрыг чөлөөлүүлж, Д.Алтантуяаг нүүлгэж гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1361 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ц.Баярмаа, Д.Алтантуяа нарын байгуулсан 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, Ц.Баярмаагаас 11.000.000 төгрөг гаргуулж, Д.Алтантуяад олгож, маргаан бүхий газрыг чөлөөлж, Д.Алтантуяаг нүүлгэхээр шийдвэрлэсэн байх боловч Д.Алтантуяагийн давж заалдах гомдлын дагуу Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 785 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ц.Баярмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.
Дээрх магадлалыг Ц.Баярмаагийн хяналтын шатны журмаар гаргасан гомдлыг үндэслэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 739 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалуудыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсний дагуу иргэний хэргийн анхан шатны шүүх уг иргэний хэргийг дахин хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 743 дугаар шийдвэрээр Ц.Баярмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Маргаан бүхий газар нь анхнаасаа гуравдагч этгээд Ц.Баярмаагийнх гэдгийг дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд гэрчээр асуугдсан С.Санчир, Б.Сүхбаатар, захиргааны хэргийн шүүх дээр гэрчээр асуугдсан Н.Саруултуяа нарын мэдүүлэг болон газрын цагаан гэрчилгээ, газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын захирамж, кадастрын зураг зэргээр тогтоогдож байхын зэрэгцээ гуравдагч этгээд Г.Батнуур хамтран өмчлөх эрхтэй болох нь нотлогдохгүй, гагцхүү харилцан тохиролцсон гэрээний үндсэн дээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн байх бөгөөд ийнхүү хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээс өмнө нэхэмжлэгч Д.Алтантуяатай байгуулсан газар, байшинг шилжүүлэх тухай гэрээ хүчин төгөлдөр байхад гуравдагч этгээд Ц.Баярмаа нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй гуравдагч этгээд Г.Батнуурыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн болох нь тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх гэрээний үүргийнхээ ихэнх хэсгийг нэхэмжлэгч Д.Алтантуяа нь гүйцэтгэж, нийт 13.000.000 төгрөгийн 11.000.000 төгрөгийг гуравдагч этгээд Ц.Баярмаад шилжүүлсэн, үлдэх төлбөрийг өмчлөх эрхээ шилжүүлсэн тохиолдолд бүрэн шилжүүлэх талаар гэрээнд заагдсан байхад Ц.Баярмаа нь өмчлөх эрхээ шилжүүлэхгүй байгаа, мөн уг газрын байшин байрлаж байгаа тал буюу 226 м.кв газрыг зөвхөн шилжүүлэхээр тохиролцсон мэт гэрээнд засвар хийгдсэнийг үндэслэн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр газрын дундуур хашаа татаж, дүнзээр байшин барьсан зэргээр уг үл хөдлөх хөрөнгүүдийн талаар 2008 оноос хойш одоог хүртэл байнга маргаж байсан байхад нэхэмжлэгч Д.Алтантуяагийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгохоос татгалзаж, гуравдагч этгээд Ц.Баярмаад өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг олгож, улсын бүртгэлд бүртгэсэн зэрэг нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Улсын бүртгэгч дараах үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө, 14.1.1-т мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол, 14.1.5-т бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол, 15 дугаар зүйлийн 15.4-т Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтад энэ хуулийн 14.1-д заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар мэдүүлэг гаргагчид буцаана, 19 дүгээр зүйлийн 19.2-т Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна гэж тус тус заасныг зөрчсөн байна гэж шүүх үзлээ.
Мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэж зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий газрыг гуравдагч этгээд Ц.Баярмаагийн нэр дээр өмчлүүлэх шийдвэр гаргахдаа уг газрын талаар маргаантай эсэх, түүнийг өмчлөгч гэдгийг бүрэн нотолсны үндсэн дээр шийдвэрлэх талаар хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй байна.
Харин гуравдагч этгээд Г.Батнуур нь 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гуравдагч этгээд Ц.Баярмаатай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцэл байгуулан улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авахаас өмнө 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдөр уг үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгч Д.Алтантуяад шилжүүлэхээр гэрээ байгуулж, гэрээний ихэнх хэсэг биелэгдэж, мөн иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр болсон, мөн нэхэмжлэгч уг газартаа оршин сууж үл хөдлөх хөрөнгөө өөрийн мэдэлдээ ашиглаж, эзэмшиж байхад гуравдагч этгээдүүдийн хооронд дээрх хэлцлийг байгуулсныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нь үндэслэлгүй болжээ.
Шүүхээс уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад дээрх нөхцөл байдлууд тогтоогдож байх боловч гуравдагч этгээдүүд нь газар, байшингийн хүчин төгөлдөр өмчлөх эрхийн гэрчилгээтэй бөгөөд уг гэрчилгээнүүдийг гарахаас өмнө нэхэмжлэгч Д.Алтантуяад өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээ мөн хүчинтэй зэргийг үндэслэн тэдний аль нэгийг өмчлөгч мөн гэж үзэж, өмчлөх эрхийн гэрчилгээг шинээр олгохыг даалгаж, хэргийг хянан шийдвэрлэх нь захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх хэргийн харъяаллыг зөрчихөөр байх тул нэхэмжлэгчид өмчлөх эрхийн гэрчилгээ, газар өмчлүүлэх захирамж гаргахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүх үзэв.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч Д.Алтантуяа, гуравдагч этгээд Ц.Баярмаа, Г.Батнуур нар нь иргэний хэргийн шүүхээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч хэн болохыг холбогдох хууль тогтоомжийн дагуу тогтоолгосны үндсэн дээр улсын бүртгэлд бүртгүүлэх эсэхээ шийдвэрлүүлэхээр байх тул нэхэмжлэгч Д.Алтантуяагийн ...Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны 18б тоот хаягт байрлах 427 м.кв газрыг 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэн Ц.Баярмаа, 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Г.Батнуур, Ц.Баярмаа, 37.4 м.кв хувийн сууцыг 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ц.Баярмаа, 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Г.Батнуур, Ц.Баярмаа нарын нэр дээр тус тус бүртгэсэн Г-2203005793, Ү-2203021843 дугаартай улсын бүртгэлүүдийг болон тэдгээрийг гэрчилсэн газрын 000043377, 000128015, хувийн сууцны 000133625, 000349830 дугаартай гэрчилгээнүүд, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 111 дүгээр захирамжийн Ц.Баярмаад холбогдох заалтыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, ...2008 онд худалдаж аваад өнөөдрийг хүртэл амьдарсаар ирсэн газар, байшингийн жинхэнэ шударга эзэн миний нэр дээр хөрөнгийн бүртгэл хийж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт, миний нэр дээр газар өмчлүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад тус тус даалгаж, өмчийн эзэн миний эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.8-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.5, 15 дугаар зүйлийн 15.4, 19 дүгээр зүйлийн 19.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Алтантуяагийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны 18б тоот хаягт байрлах 427 м.кв газрыг 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэн Ц.Баярмаа, 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Г.Батнуур, Ц.Баярмаа, 37.4 м.кв хувийн сууцыг 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ц.Баярмаа, 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Г.Батнуур, Ц.Баярмаа нарын нэр дээр тус тус бүртгэсэн Г-2203005793, Ү-2203021843 дугаартай улсын бүртгэлүүдийг болон тэдгээрийг гэрчилсэн газрын 000043377, 000128015, хувийн сууцны 000133625, 000349830 дугаартай гэрчилгээнүүд, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 111 дүгээр захирамжийн Ц.Баярмаад холбогдох заалтыг тус тус хүчингүй болгож, үлдэх ...2008 онд худалдаж аваад өнөөдрийг хүртэл амьдарсаар ирсэн газар, байшингийн жинхэнэ шударга эзэн миний нэр дээр хөрөнгийн бүртгэл хийж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт, миний нэр дээр газар өмчлүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад тус тус даалгаж, өмчийн эзэн миний эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 35100 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА