Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2024/02064

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 08 182/ШШ2024/02064

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,

 

Нэхэмжлэгч: ЮБ ХХК ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.Т-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,504,276.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ЮБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...ЮБ ХХК нь 2023.07.01-ний өдөр №001 тоот лизингийн гэрээгээр хариуцагч Э.Тд 3,499,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай байгууллагаас олгосон зээлээр Смарт стор дэлгүүрээс DELL загварын нөүтбүүк худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг Юу Би Эм Женерэшн ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 417109999 тоот дансаар гэрээний 2.6-д заасны дагуу харилцан тохиролцож бэлэн бусаар шилжүүлсэн. Зээлдэгч нь лизингийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, зээл авснаасаа хойш нэг удаа төлөлт төлсөн ба 2023.09.11-ний өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй. Лизингийн гэрээний 2.10, 4.1.1, 4.1.2, 4.2.5-д ноцтой зөрчил гэж зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 1 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг төлөх ёстой өдрөөс хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь лизингийн гэрээний 5.2.2, 7.2.4, 7.2.7 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ингээд 2024.03.21-ний өдрийн байдлаар зээлдэгч Э.Т нь үндсэн зээлийн үлдэгдэл 3,499,000 төгрөг, төлөх ёстой хүү 944,493.80 төгрөг, алданги 54,282.40 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг, нийт 4,504,276.20 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд хариуцагч Э.Таас зээлийн гэрээний үүрэгт 4,504,276.20 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Э.Т шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Э.Т нь ЮБ ХХК-ийн нэхэмжилсэн 4,504,276.20 төгрөгийг 2024.05.30-ны өдрийн дотор 504,276.20 төгрөг, 2024.06.30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024.07.30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024.08.30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024.09.30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгөөр бүрэн төлж барагдуулна... гэжээ.

 

Нэхэмжлэгч ЮБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн тайлбартай танилцаж, төлбөр төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЮБ ХХК нь хариуцагч Э.Тд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,504,276.20 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч Э.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,504,276.20 төгрөгийг 2024.05.30-ны өдрийн дотор 504,276.20 төгрөг, 2024.06.30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024.07.30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024.08.30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024.09.30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

 

Нэхэмжлэгч ЮБ ХХК-иас 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Х.Ад 1 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 001 дугаартай итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч Х.А нь хариуцагч Э.Тын дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.

 

Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч Э.Таас тэмдэгтийн хураамжид 43,509.5 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 001 тоот данснаас 43,509.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ЮБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.03.22-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,019 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Э.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,504,276.20 төгрөгийг 2024.05.30-ны өдрийн дотор 504,276.20 төгрөг, 2024.06.30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024.07.30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024.08.30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024.09.30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар ЮБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Э.Таас тэмдэгтийн хураамжид 43,509.5 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 001 тоот данснаас 43,509.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ЮБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.03.22-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,019 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

 

 

ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА