Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2100

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

 

 

 

Н.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/02769 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З.Э-т холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “М- ББСБ” ХХК,

 

Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт нийт 34 070 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

                                   

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.С

Хариуцагч: З.Э-,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Б- нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Эрэлийн 40 дүгээр байрны 132 тоот хаягт 2009 оноос одоог хүртэл амьдарч байна. Уг байр нь хамгийн дээд талын мансартны байр учир би амьдрах орчноо сайжруулах үүднээс өргөтгөл хийхээр шийдсэн. Өргөтгөл хийхэд мөнгө шаардлагатай байсан учир манай эхнэрийн найз болох З.Э-ээс 2014 оны 7 сарын 28-ны өдөр 15 000 000 төгрөг зээлсэн. Тухайн мөнгийг зээлэхэд З.Э- нь байрны гэрчилгээгээ миний нэр дээр шилжүүл гэсэн шаардлага тавьсан. Би зөвшөөрч, нотариат орж худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Бид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй ба сарын 4 хувийн хүүтэй сард 600 000 төгрөг өгөөд явахаар амаар тохиролцсон. Ингээд би 2014 оны 8 сарын 28-ны өдрөөс 2014 оны 11 сарын 28-ны өдөр хүртэл сарын 600 000 төгрөг, нийт 2 400 000 төгрөг өгөөд явж байсан ба мөнгөний боломжгүйгээс 2015 оны 3 сap хүртэл графикт заасан мөнгөө өгч чадаагүй. Гэтэл З.Э- нь 2015 оны 3 сарын 20-ны өдөр хүрч ирэн үлдэгдэл мөнгөө бүгдийг өг гэж нэхсэн. Би өгөх боломжгүй байгаагаа хэлсэн. Тэгвэл би байрыг чинь барьцаанд тавьж зээл авмаар байна, надад бас мөнгө хэрэгтэй болчихлоо гэж хэлсэн. Би хүү арай өндөр байна гэж хэлсний дагуу хүүг сарын 2 хувь болгон cap болгон 300 000 төгрөг өгөхөөр тохирсон. Ингээд бас нотариат орж, надаар байр барьцаанд тавих итгэмжлэл хийлгэж авсан. Ингээд 3 хоногийн дараа З.Э- дахин хүрч ирэн, энэ итгэмжлэл чинь болохгүй байна гээд дахин нотариат орсон. Энэ удаа бэлэглэлийн гэрээ хийнэ гэж хэлсэн. Гэхдээ бид 2 хоёулаа энэ гэрээг зөвхөн З.Э- нь зээл авахын тулд хийж байгаа гэж ойлголцож хийсэн. Ингээд миний байрыг барьцаалж Хас банкнаас зээл авсан гэсэн. Ингээд бид тохирсон ёсоор 2015 оны 3 сарын 23-ны өдрөөс эхлэн 2018 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл cap бүр 300 000 төгрөгийг нийт 15 600 000 төгрөгийг З.Э-т төлсөн. Гэтэл 2019 оны 01 сард З.Э- нь миний зөвшөөрөлгүйгээр “М- ББСБ” ХХК-иас 17 000 000 төгрөг зээлж, авахдаа миний байрыг барьцаанд тавьсан байсан. Би уурлаж яагаад ингэж байгааг асуутал та нар үндсэн зээлээ төлж дууссан одоо зээлийнхээ хүүнд энэ ББСБ-аас авсан зээлийг төлчихөө тэгээд би байрыг чинь шилжүүлж өгье гэж хэлсэн. Би уурлаж анхнаасаа ийм тохироо яригдаагүй, хүүнд ийм их мөнгө өгч чадахгүй гэж хэлсэн боловч миний үгийг үл хэрэгсэн зээлийн гэрээгээ манай гэрт орхичоод яваад өгсөн. Ярих гэхээр утсаа ч авахгүй байна. Би энэ мөнгийг цаг тухайд нь өгсөөр байтал надаас дахин 17 000 000 төгрөгийг хүүтэй нь хамт төлүүлэх гэж байгаа нь хууль бус явдал юм. Иймд 2015 оны 3 сарын 23-ны өдөр З.Э-тэй хийсэн бэлэглэлийн гэрээг би үнэн санаанаасаа бус З.Э- нь зээл авах шаардлагатай байна гэж хүссэний дагуу дээрхи гэрээг хийсэн тул уг гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бусд тооцож, миний өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

            Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Сандэй плаза”-д лангуу ажиллуулж байхдаа Н.Б-, түүний эхнэр Отгончимэгтэй танил болсон. Би бараа авах мөнгөө хүнээс зээлж, худалдаа наймаа хийдэг. Барааны мөнгөө зээлж, буцаад төлөөд байдаг болохоор надад мөнгө зээлдэг хүмүүстэй болсон. Би 2014 онд байраа зарсан бөгөөд энэ үед намайг мөнгөтэй байгааг мэдсэн Бат-Эрдэнийн эхнэр Отгончимэг удаа дараа над дээр ирж 2, 3-хан сарын хугацаатай буцаагаад өгөх мөнгө зээлж өгөөч гэж шалаад эхэлсэн. Байр зарсан мөнгөө би өөрийнхөө зээлэнд өгөх ёстой байсан тул зээлийн төлбөртөө өгөөд дууссан. Би худалдаа наймаагаа тогтмол эрхэлдэг байсан болохоор танил хүмүүсээсээ зээл авахад арай дөхөмтэй байдаг байсан. Ингээд би мөнгө зээлдэг байсан Бадамсүрэн гэдэг танилаасаа 2014 оны 8 сарын 23-нд 15 000 000 төгрөгийг өөрийн төрсөн дүүгийнхээ байрыг барьцаалан, сарын 4 хувийн хүүтэй зээлж аваад Бат-Эрдэнэ, эхнэр Отгончимэг нарт өгсөн. Ийнхүү тэд нарт мөнгө зээлснээ баталгаажуулж би дэвтэр дээрээ бичиж, Отгончимэгээр гарын үсэг зуруулж авсан. Ер нь сарын 4 хувийн хүү бол иргэд хоорондын зээлэнд байдаг хамгийн бага хүүгийн хэмжээ гэдгийг тухайлан хэлмээр байна. 15 000 000 төгрөгийг зээлэхдээ 4 хувийн хүү тогтоож, ийнхүү 2 тал бичгээр гарын үсэг зурж, үүнийгээ баталгаажуулсан байгаа. Энэ нь Иргэний хуульд зааснаар хүү авах бол бичгээр үйлдсэн байна гэсэн шаардлагыг хангаж байгаа юм. Харин сарын 4 хувийн зээлийн хүүг 2 хувь болгож бууруулсан гэж Бат-Эрдэнэ нэхэмжлэлдээ худал бичжээ. Хүүг бууруулж тохиролцсон гэдэг нь огт үндэсгүй худал. Учир нь би энэ 15 000 000 төгрөгийг өөрийн танил Бадамсүрэнгээс 4 хувийн хүүтэй зээлж авч Бат-Эрдэнэ, эхнэр Отгончимэг нарт дамжуулж зээлдүүлсэн болохоор хүүг нь багасгавал би хохирч үлдэх тул 4 хувийн хүүг буруулсан явдал болоогүй, төдийгүй тийм ямар нэг бичиг бидний хооронд байхгүй. Бат-Эрдэнэ, эхнэр Отгончимэг нарт зээл дамжуулж өгсөн Бадамсүрэн гадагшаа явах болчихлоо зээлийн үндсэн мөнгөө төл гээд шаардаад эхэлсэн. Би энэ хоёроос шаардсан боловч Бат-Эрдэнэ, эхнэр Отгончимэг нь үндсэн зээлээ өгөөгүй. Би аргагүйн эрхэнд энэ 15 000 000 төгрөгийг авахын тулд барьцаанд тавьсан төрсөн дүүгийнхээ байрыг зарж Бат-Эрдэнэ, эхнэр Отгончимэг нарт өгсөн 15 000 000 төгрөгийн зээлийн үндсэн төлбөрийг болон тухайн үед төлөгдөөгүй байсан 3 000 000 төгрөгийн хүү буюу нийт 18 000 000 төгрөгийг Бадамсүрэнд 2018 оны 7 сард төлж Бат-Эрдэнэ, эхнэр Отгончимэг нарын өмнөөс биеэрээ хохироод байна. Бат-Эрдэнэ, эхнэр Отгончимэг нь надаар дамжуулж Бадамсүрэнгээс 15 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлж авахдаа ганц ч удаа зээлийн үндсэн төлбөрөөс төлж байгаагүй. 4 хувийн зээлийн хүүг би огт хэрэглэж, эсхүл ямар нэг байдлаар ашиг олж, мөнгө хүүлсэн зүйл байгаагүй бөгөөд шууд тухайн мөнгийг Бадамсүрэнгээс авсан тул хүүг нь түүнд шууд өгч байсныг тухайлан дурдмаар байна. Бат-Эрдэнэ, эхнэр Отгончимэг нар нь харилцан тохиролцож, бичгээр зөвшөөрснийхөө дагуу сард хүүгийн төлбөрт 600 000 төгрөг төлөх ёстой байв. 2014 оны 8 сарын 23-нд 15 000 000 төгрөг зээлснээс хойш Бат-Эрдэнэ, эхнэр Отгончимэг нар үндсэн төлбөрөө төлөх ганц ч оролдлого хийгээгүй, өөрсдөө намайг гуйн байж Бадамсүрэнгээс надаар дамжуулж зээл авчихаад одоо үндсэн төлбөрөөсөө бултах арга саам хайж, байгаад би үнэхээр гомдолтой байна. 2014 оны 12 сараас эхлэн Бат-Эрдэнэ, Отгончимэг нар надаар дамжуулж, авсан зээлийнхээ хүүг төлж чадахгүй болж бид төлөлтөө хийж чадахгүй байна. Та бизнес хийдэг юм чинь манай байрыг барьцаалаад зээл аваад хүүгийн төлбөрийн 300 000 төгрөгийг төлж байгаач. Бид хоёр байраа зарсны дараа таньд 300 000 төлөлтүүдийг чинь буцаагаад өгье. Бидэнд тогтмол бизнесгүй зээл олдох хэцүү байна гэж надаас гуйсан. Тэр үед миний наймаа гайгүй байсан болохоор би зөвшөөрөөд Бат-Эрдэнэ, Отгончимэг нар 2015 оны 3 сарын 23-ны өдөр надад байраа бэлэглэж, би түүнийг нь барьцаалан барааны эргэлтэндээ Хас банкнаас 20 000 000 төгрөгийн зээлийг авсан. Энэ хугацаанд би Бат-Эрдэнэ, Отгончимэг нарын cap бүр төлөх ёстой 300 000 төгрөгийн хүүг тэд нарын өмнөөс Бадамсүрэнд төлөөд явж байсан болохоос зээлийн хүүг 4 хувь байсныг 2 хувь болгож огт буулгаагүй. Би Хас банкнаас авсан зээлийг 2019 оны 01 сард төлж барагдуулсан бөгөөд энэ хугацаа болоход Бат-Эрдэнэ, Отгончимэг нар 15 000 000 төгрөгийн зээлийн үндсэн төлбөрийг огт төлөөгүй. Би тэд нараас 15 000 000 төгрөгийн үндсэн зээл болон тэд нарын өмнөөс би төлсөн хүүгийн төлбөрийг төлөхийг шаардсан. Ингээд тэд нар надтай дахин дахин уулзаж банк бус санхүүгийн байгууллагаас аль болох бага хүүтэй зээлийг бэлэглэлээр авсан байраа барьцаанд тавьж ав, бид авах зээлийн төлөлтийг хийгээд явна гэсэн. Тэгээд би 2019 оны 01 сарын 24-нд “Молор орд ББСБ” ХХК-иас 17 000 000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай авсан. Тэд нар энэ зээлийн төлөлтийг хийх ёстой байсан тул над дээр ирж, гэрээний хуулбарыг аваад явсан. Түүнээс биш би гэрээг гэрт нь очиж аваачиж өгөөгүй юм шүү. Гэтэл үүнээс хойш зээлийн ямар ч төлөлт хийхгүй байж байгаад шүүхэд намайг өгсөн нь шударга бус төдийгүй ББСБ-аас авсан зээлийг өөрсдөө гуйж авахуулсан байж мэдээгүй мэт худал бичсэн байна. Бат-Эрдэнэ, Отгончимэг нар нь зээлийн хүү дандаа хугацаа хожимдуулж өгч байсан бөгөөд төлсөн болон төлөөгүй байгаа зээлийн хүүг cap бүрээр тодруулбал ийнхүү Бат-Эрдэнэ, Отгончимэг нар 2014 онд 600 000 төгрөг, 2015 онд 4 800 000 төгрөг, 2016 онд 3 600 000 төгрөг, 2017 онд 3 900 000 төгрөг, 2018 онд 4 020 000 төгрөг, 2019 онд 950 000 төгрөгийн буюу нийт 17 270 000 төгрөгийн хүүгийн төлбөр, мөн зээлийн үндсэн төлбөр 15 000 000 төгрөгийг төлөөгүй намайг хохироосон. Энэ бүх хүүгийн төлбөр, үндсэн зээлийг би Бат-Эрдэнэ, Отгончимэг нарын өмнөөс Бадамсүрэнд төлсөн. Бат-Эрдэнэ, Отгончимэг нар зээл авснаас хойш 4 сарын дараагаас буюу 2014 оны 12 сараас эхлэн, cap бүрийн зээлийн хүүгээ төлж чадахаа больсон. Ингээд Бадамсүрэнгээс надаар дамжуулж авсан 15 000 000 төгрөгийг би огт ашиглаагүй мөртлөө зөвхөн тэд нарын нэрийн өмнөөс авсан гэх шалтгаанаар би тэд нарын өмнөөс төлөх шударга бус бөгөөд хүнд байдалд орсон юм. Энэ үед дээр хэлсэнчлэн Бат-Эрдэнэ, Отгончимэг нар бид төлөлтөө хийж чадахгүй байна. Та бизнес хийдэг юм чинь манай байрыг барьцаалаад зээл аваад хүүгийн төлбөрийн 300 000 төгрөгийг төлж байгаач. Бид хоёр байраа зарсны дараа таньд 300 000 төлөлтүүдийг чинь буцаагаад өгье. Бидэнд тогтмол бизнесгүй зээл олдох хэцүү байна гэсэн. Ингээд надад их хэмжээний өртэй болсон тул Бат-Эрдэнэ, Отгончимэг нар миний нэр дээр байраа бэлэглэсэн гэрээ хийж, улмаар байрны улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан. Энэхүү бэлэглэлийн гэрээ бол Бат-Эрдэнэ, Отгончимэг нар урьдаас төлөвлөж, үр дагаврыг нь сайн ойлгож, зээл авах тодорхой зорилготойгоор, тухайн авах зээлээ надад ашиглуулах зорилгоор хийсэн гэрээ юм. Энэ бол ямар нэгэн дүр үзүүлэн хийсэн гэрээ биш юм. Улсын дээд шүүхийн 2010 оны 6 сарын 22-ны өдрийн тайлбарт дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно гэж заасан байна. Гэтэл бидний хоорондын бэлэглэлийн гэрээ бол тодорхой зорилготой буюу тэр нь надад их хэмжээний өртэй болж түүнийгээ төлж чадахгүй болсон асуудлаа шийдсэн, улмаар надаас авсан зээлийн хүүгээ төлөхдөө надаас туслалцаа авах зорилготой байсан билээ. Бат-Эрдэнэ, Отгончимэг нар нь надаар дамжуулж Бадамсүрэнгээс авсан зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүгээ төлж чадахгүй болсон тул энэхүү бэлэглэлийн гэрээг зорьж тодорхой хүсэл эрмэлзлээр хийсэн. Энэхүү бэлэглэлийн гэрээ бол зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох буюу хүнд харуулах зорилгоор хийгдээгүй. 15 000 000 төгрөгийн зээл болон хүүгээ төлж чадахгүй байгаа санхүүгийн асуудлыг шийдэхийн тулд талууд бизнесийн шийдэл гаргаж, өөрсдөө хуулийн хүрээнд чөлөөтэй сонголт хийн хийсэн хэлцэл юм. Иймд энэхүү бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэн хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл байхгүй. Иргэний хуульд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан байна. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг талууд 2015 оны 3 сарын 23-нд байгуулсан. Хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 5 сарын 23-нд дууссан байна. Хэдийгээр энэхүү бэлэглэлийн гэрээний талаар шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 5 сарын 23-нд дууссан ч гэсэн Бат-Эрдэнэ, Отгончимэг нар надаас авсан 15 000 000 төгрөгийн зээл, мөн дутуу төлсөн хүү 17 250 000 төгрөг буюу нийт 32 250 000 төгрөгийг надад бүрэн төлөх тохиолдолд би бэлэглэлийн гэрээгээр авсан байраа тэдэнд буцаан бэлэглэхэд бэлэн байна. Иймд, Бат-Эрдэнийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: З.Э- би Н.Б-тэй 2014 оны 8 сарын 23-нд иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцсон. Үүний дагуу Н.Б- нь 2014 оын 8 сараас 2014 оны 11 сар хүртэл 4 сарын хугацаанд 4 сарын хүү болох 600 000 төгрөгийг, 2014 оны 12 сараас 2015 оны 3 cap хүртэлх нийт 4 сарын хүүгийн төлбөрийг төлөөгүй байж байгаад 2015 оны 4 сараас эхлэн 2017 оны 5 сарыг хүртэл нийт 2 жил 1 сарын хугацаанд хүүгийн тал буюу 300 000 төгрөг, 2017 оны 7 сараас 2018 оны 8 cap хүртэл мөн 300 000 төгрөг, 2018 оны 10 сард 230 000 төгрөг, 2018 оны 11 сард 300 000 төгрөг, 2018 оны 12 сард 200 000 төгрөг, 2019 оны 01 сард 250 000 төгрөг тус тус төлсөн бөгөөд 2017 оны 6 cap, 2018 оны 9 cap, 2019 оны 02 сараас 2019 оны 5 cap хүртэл нийт 19 070 000 төгрөгийн ямар нэгэн хүү болон зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй бөгөөд тус дүнд ямар нэгэн алданги тооцоогүй болно. Мөн би тухайн зээл болох 15 000 000 төгрөгийг Н.Б- түүний эхнэр Отгончимэг нарын хүсэлтээр н.Бадамсүрэнгээс зээлж, Н.Б-д өгсөн бөгөөд Бадамсүрэнгээс зээлсэн зээлийн хүүгийн зөрүү 300 000 төгрөгийг өөрөө төлж байсан бөгөөд үндсэн төлбөрийг өөрийн орон сууцаа зарж төлж барагдуулсан. Тухайн хугацаанд Н.Б-тэй зээлийн гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй, нэмэлт гэрээ байгуулаагүй, батлуулаагүй бөгөөд Н.Б- нь санхүүгийн боломжгүй байгаа тул дараа нь үлдсэн зээлийн хүү болон үндсэн зээлийн төлбөрийг нэг дор барагдуулах тухай хэлж байсан. Харин тухайн хугацаанд би зээлийн хүүгийн алдангийг Бадамсүрэнд төлж байсан бөгөөд өөрөө хохирол хүлээсэн. Иймд иргэн Н.Б-эс зээлийн гэрээний хүү болон зээлийн үндсэн төлбөр болох 34 070 000 гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Н.Б- нь З.Э-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Би З.Э-ээс 2014 оны 7 сарын 28-ны өдөр 15 000 000 төгрөг зээлж авсан. Уг зээлийг авахдаа бичгээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй ба харин нотариат орж худалдах худалдан авах гэрээ байгуул гэсний дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүү авах эрхээ алддаг тул З.Э-ийн нэхэж байгаа 34 070 000 төгрөгийг өгөх үндэслэлгүй юм. Миний бие 2014 оноос 2019 он хүртэл нийт 15 600 000 төгрөгийг З.Э-т төлсөн. Өөрөөр хэлбэл үндсэн мөнгөө өгсөн учир З.Э-т өөр мөнгө өгөх ёсгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: ... Манай байгууллага 2019 оны 01 сарын 24-ний өдөр дугаар 190124/03 зээлийн болон барьцааны гэрээг иргэн З.Э-тэй байгуулсан. Тус гэрээний барьцааны зүйл нь Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, эрэл 40 дүгээр байр 132 тоот хаягт байршилтай 16 м.кв нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болно. Хэргийн материалын нотлох баримтын бүрдүүлбэрт байгаа 000394975 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 01 сарын 24-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагааг үндэслэн Иргэний хуулийн 451 дүгээр зүйл Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний дагуу манай байгууллага 18 сарын хугацаатай гэрээ байгуулсан. З.Э- нь 2019 оны 01 сарын 24-ний өдрөөс 2019 оны 5 сарын 02-ны өдөр хүртэл ямар ч төлбөр төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн үлдэгдэл 17 000 000 төгрөг, хүү, алданги 1 764 200 төгрөг, нийт 18 764 200 төгрөг байна. ... Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх заалт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчилгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан нь хариуцагч З.Э- нь өөрийн өмчлөлийн байрыг бусдад худалдах болон барьцаалах нь өөрийн өмчлөх эрхийн асуудал тул нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 276 дугаар зүйлийн 276.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч З.Э-т холбогдох Н.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч З.Бат-Эрдэнэд холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 34 070 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч З.Э-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328 300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Талуудын хооронд 2014 оны 7 сарын 28-ны өдер орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж улмаар худалдагч Н.Б- нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо ,13 дугаар хороолол, Эрэл 40 дүгээр байр,132 тоот хаягт байрлах 16 м.кв талбайгай, 1 өрөө орон сууцыг 12 000 000 төгрөгөөр худалдан авагч З.Э-т худалдахаар тохиролцож мөнгийг төлсөн гэрээ байгуулсан боловч улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна. Үнэн хэрэгтээ нэхэмжлэгч Н.Б- хариуцагч З.Э- нарын хооронд 2014 оны 7 сарын 28-ны өдөр 15 000 000 төгрөг өгч авалцсан зээлийн гэрээний харилцаа үүссэн үүнийг зохигчид маргаангүй хүлээн зөвшөөрсөн. ... Ингээд талууд ярилцаад Н.Бат-Эрдэнийн өмчлөлийн орон сууцыг З.Э- нь банкны барьцаанд тавьж зээл авч түүнийгээ өөрөө хэрэглэх, Н.Б- нь З.Э-ээс авсан зээлээ графикийн дагуу үргэлжлүүлэн төлөхөөр тохирч 2015 оны 3 сарын 20-ны өдөр Н.Б-эс итгэмжлэл олгож, Н.Б- нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 хороо ,13 дугаар хороолол, Эрэл 40 дүгээр байр,132 тоот хаягт байрлах 16 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг банкны зээлийн барьцаанд тавихыг хүлээн зөвшөөрч, З.Э-т 2 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон. Гэвч итгэмжлэл олгосноос хойш 3 хоногийн дараа буюу 2015 оны 3 сарын 23-ны өдөр З.Э- нь итгэмжлэлээр зээл авч болохгүй байна дахин нотариат орж, бэлэглэлийн гэрээ байгуулах шаардлагатай гэсний дагуу Н.Б- нь арга буюу 3.Эрдэнэчимэгг өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Эрэл 40 дүгээр байр, 132 тоот хаягт байрлах 16 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг бэлэглэх гэрээ байгуулсан. ... З.Э- нь уг орон сууцыг 2015 оны 3 сарын 31-ний өдөр Хас банкны зээлийн барьцаанд тавьж хүссэн зээлээ авсан ба зээлээ өөрөө төлж дуусгасан байдаг. Харин З.Э- нь 2019 оны 01 сарын 24-ний өдөр “Молор Орд ББСБ” ХХК-д уг орон сууцыг Н.Бат-Эрдэнийн зөвшөөрөлгүй ярьж тохиролцсон зүйлгүй 17 000 000 төгрөгийн барьцаанд тавиад уг зээлийг хүүгийн хамт Н.Бат-Эрдэнийг төл гэсэн шаардлага тавьсан нь маргаан үүсгэх гол асуудлыг үүсгэсэн байна. Өөрөөр хэлбэл Н.Бат- Эрдэнэ нь З.Э-тэй бэлэглэлийн гэрээ байгуулахдаа өөрийн өмчлөлийн орон сууцыг зөвхөн Хас банкны барьцаанд тавихыг зөвшөөрч хэлцэл хийсэн ба өөрөөр ашиглахыг тохиролцоогүй байсан. Энэ нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан өмчлөх эрхээ хамгаалах шаардлагын үүднээс маргаж байгаа нь зүй ёсны хэрэг юм. ... Орон сууцыг үнэ төлбөргүй 3.Эрдэнэчимэгт шилжүүлэх санаа зорилго Н.Б-д байгаагүй, мөн түүний орон сууцыг З.Э- бэлгэнд авах санаа зорилго байхгүй харин банкны барьцаанд тавихад өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө байлгах нь талуудын эцсийн зорилго байсан гэдгийг нэхэмжлэгч талын мэдүүлэг, хариуцагч талын тайлбараар бүрэн дүүрэн нотлогдож байна. ... Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2015 оны 3 сарын 23-ны өдрийн орон сууц бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнэ нь хариуцагч З.Эрдэнэчимэгт холбогдуулан 2015 оны 3 сарын 23-ны өдрийн Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Эрэлийн 40 дүгээр байрны 132 тоот хаягт байрлах, 16 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний үндсэн төлбөрт 15 000 000 төгрөг, хүү 19 070 000 төгрөг, нийт 34 070 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Зохигчид 2014 оны 7 сарын 28-ны өдөр амаар тохиролцон зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч З.Эрдэнэчимэг нь 15 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнэд зээлдүүлэхээр харилцан тохиролцож, нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнэ нь 15 000 000 төгрөгийг хүлээн авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Талууд 2015 оны 3 сарын 23-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнэ нь Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Эрэлийн 40 дүгээр байрны 132 тоот хаягт байрлах, өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч З.Эрдэнэчимэгт бэлэглэж, орон сууцны өмчлөгчөөр хариуцагч З.Эрдэнэчимэг бүртгэгдсэн байна. Гэвч дээрх орон сууцыг бэлэглэсэн зорилго нь талуудын байгуулсан зээлийн гэрээний үүргийн барьцаа болгож, бэлэглэлийн гэрээгээр хариуцагч З.Эрдэнэчимэгийн өмчлөлд түр бүртгүүлсэн болохыг нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ. /хх-ийн 1-2, 6, 21-25, 77-р тал/

 

 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй байна.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгийг хариу төлбөргүйгээр шилжүүлдэг. Өөрөөр хэлбэл бэлэглэлийн гэрээний зохицуулалт нь хариу төлбөргүй буюу хариу үүрэг үүсэхгүй юм. Хэргийн үйл баримтаас дүгнэвэл, нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнэ нь одоо тухайн орон сууцанд амьдарч байгаа бөгөөд хариуцагч З.Эрдэнэчимэг нь нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнээр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхийн тулд бэлэглэлийн гэрээгээр орон сууцыг шилжүүлж авчээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнийг зээлийн төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд орон сууцыг буцаан шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан. Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор бэлэглэлийн гэрээг байгуулж, уг гэрээний дагуу хариуцагч З.Эрдэнэчимэг нь орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн боловч хэлцэл хийсэн талууд зээлийн гэрээний үүргээс хамаарч бэлэглэсэн орон сууцыг буцаах талаар тайлбарласан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар 2015 оны 3 сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээг, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзлээ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх арга журмыг шийдвэрийн тогтоох хэсэгт заана гэсэн агуулгаар Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Эрэлийн 40 дүгээр байрны 132 тоот, 16 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204042206 дугаартай орон сууцыг нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нь зүйтэй байна.

 

Хариуцагч З.Эрдэнэчимэг нь сөрөг нэхэмжлэлдээ үндсэн зээл 15 000 000 төгрөг, зээлийн хүүд 19 070 000 төгрөг, нийт 34 070 000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнээс гаргуулахаар нэхэмжилжээ. Нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнэ нь 2014 оны 8 сараас 2019 оны 1 сар хүртэлх хугацаанд нийт 15 000 000 төгрөгийг төлсөн талаар зохигчид тайлбарласан байна.

 

 Хариуцагч нь зээлийн гэрээний хүүд 19 070 000 төгрөг шаардсан боловч талууд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү тогтоосон хэлцлээ бичгээр хийгээгүй байх тул хүү авах эрхээ алдах талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагч нь хэдийгээр хавтаст хэргийн 26 дугаар талд авагдсан баримтаар талууд хүү тогтоосон хэлцлийг хийсэн, хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан гэх боловч дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнэ, хариуцагч З.Эрдэнэчимэг нарыг хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэх үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5, 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/02769 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Эрэлийн 40 дүгээр байрны 132 тоот, 16 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204042206 дугаартай орон сууцыг нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнийн /РД:ЗВ75110910/ өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнээс зээлийн гэрээний үүрэгт нийт 34 070 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч З.Эрдэнэчимэгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч З.Эрдэнэчимэгээс 407 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнэд олгосугай гэж тус тус өөрчилж,

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.ОТГОНЦЭЦЭГ

 ШҮҮГЧИД                                                    С.ЭНХТӨР

                                                                        Г.ДАВААДОРЖ