Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2016/0107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Отгонбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Загдсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт /хуучин нэрээр/ холбогдох

Гуравдагч этгээд: Эм энд Жи констракшн ХХК /РД:2823632/,

Нэхэмжлэлийн шаардлага: ...Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Денверийн гудамжны Голден вилл цогцолборын 105 дугаар байрны 405 тоот орон сууц болон С-34 дүгээр авто зогсоолын өмчлөгчөөр С.Отгонбаатарыг бүргэж гэрчилгээ олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төвшинтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Мөнхчулуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Отгонбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Загдсүрэн нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ:

...С.Отгонбаатар нь 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Эм энд Жи констракшн ХХК-тай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулж Голден вилл хотхоны 105 дугаар байрны 405 дугаар орон сууц, С-34 дүгээр авто зогсоолын хамт худалдан авч одоо хүртэл уг орон сууцанд амьдарч байгаа.

Орон сууц зогсоолын үнэ 100,000 ам долларыг төлж тус компанитай төлбөр тооцооны үлдэгдэлгүй болсон тухай 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн компанийн тодорхойлолт өгч компаниас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст хандаж 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 099, 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 101 дүгээр албан бичгээр бүртгэхийг хүсч хандаж байсан.

Орон сууц болон зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг авахаар бүртгэлийн байгууллагуудад удаа дараа хандсан боловч уг орон сууцыг Солонгос Улсын Хана банкны барьцаанд байгаа гэдгээр бүртгэх боломжгүй гэсэн хариуг өгсөн тул тухайн үеийн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд хандаж байсан боловч тус шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4429 дүгээр захирамжаар нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд ирээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг буцааж хэргийг хэрэгсэхгүй болгосон тул дахин нэхэмжлэл гаргаж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын /хуучин нэрээр/ итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төвшинтөр шүүхэд гаргасан тайлбартаа:

...Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Голден Вилл хотхон Денверийн гудамж 105 дугаар байр буюу Денверийн гудамж 15/8 дугаар байрыг холбогдох нотлох баримтыг үндэслэн 60 хувийн гүйцэтгэлтэйгээр Эм энд Жи констракшн ХХК /2823632/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020093 дугаарт бүртгэсэн байх бөгөөд Зоос банк болон Хана банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2009 оны 1/6542, 1/9731, 11/13253, 2012 оны 2/4309, 2/5394, 2/9693, 2/10559, 2013 оны 2/2931, 2/2236, 2014 оны 2/1449 Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын 2010 оны 10/5-701 албан тоотоор захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байна.

Тухайн орон сууцыг Эм энд Жи констракшн ХХК нь өөрийн хөрөнгөөр барьж 60 хувийн гүйцэтгэлтэй байхад нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тухайн орон сууцыг тоот тус бүрээр нь иргэдийн өмчлөлд салгаж бүртгүүлэхийн тулд өмнө нь олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож иргэдийн өмчлөлд салгаж шинээр гэрчилгээ олгодог. Тухайн гэрчилгээ нь манай байгууллагад өнөөдрийн байдлаар ирээгүй байх тул тоот тус бүрээр нь иргэдийн өмчлөлд салгаж шинээр гэрчилгээ олгох боломжгүй байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна гэж заасан байдаг.

Эм энд Жи констракшн ХХК нь тухайн орон сууцаа барьцаалан Зоос банк болон БНСУ-ын Хана банкнаас зээл авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээ нь өнөөдрийн байдлаар албан ёсоор дуусгавар болоогүй байна.

Иймд барьцаалагчдын зөвшөөрөлгүйгээр тухайн орон сууцыг иргэдийн өмчлөлд салгаж бүртгэх боломжгүй юм.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно хэмээн заасан байдаг.

Тухайн орон сууцны захиран зарцуулах эрхийг эрх бүхий байгууллагуудаас удаа дараа түдгэлзүүлсэн байх тул захиран зарцуулах эрхийг сэргээсэн тухай албан бичиг ирээгүй байхад эрхийн улсын бүртгэлд дур мэдэн өөрчлөлт оруулах боломжгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэхэд Голден вилла цогцолборын 105 дугаар байрны 405 тоот, С-34 дүгээр авто зогсоолыг Эм энд Жи констракшн ХХК-ийн өмчлөлөөс салгаж иргэн С.Отгонбаатарын өмчлөлд бүртгэх боломжгүй байна.

Иймд иргэн С.Отгонбаатарын нэхэмжлэлийг хангахгүй орхиж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Эм энд Жи констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Амарбаясгалан шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Иргэн С.Отгонбаатарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт манай компани гуравдагч этгээдээр оролцож байгаа болно.

С.Отгонбаатар нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Голден Вилл хотхоны С-34 дүгээр авто зогсоолын төлбөр тооцоог бүрэн барагдуулсан байна.

Иймд иргэн С.Отгонбаатар нь Эм энд Жи констракшн ХХК-нд ямар нэгэн төлбөр тооцооны үүрэггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Иргэн С.Отгонбаатарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд манай компани оролцох шаардлагагүй гэж үзэж байгаа тул биднийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Отгонбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Загдсүрэнгийн гаргасан ...Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Денверийн гудамжны Голден вилл цогцолборын 105 дугаар байрны 405 тоот орон сууц болон С-34 дүгээр автозогсоолын өмчлөгчөөр С.Отгонбаатарыг бүргэж гэрчилгээ олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Отгонбаатар нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 105 дугаар байрны 405 тоот, 81.75 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, С-34 дүгээр авто зогсоолын хамт өмчлөгчөөр бүртгүүлэхийг хүссэн мэдүүлгийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргасан боловч Нийслэлийн Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэс бүртгэхээс татгалзсан нь дараах үндэслэлээр хууль бус байна.

Нэхэмжлэгч С.Отгонбаатар нь Эм энд Жи констракшн ХХК-тай 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хийсэн Орон сууц захиалгаар бариулах тухай 50 дугаартай гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 105 дугаар байрны 405 тоот, 81.75 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, С-34 дүгээр авто зогсоолын хамт 10000 ам.доллараар худалдан авч төлбөрийг бүрэн төлж дууссан болох нь тооцоо нийлсэн тэмдэглэлээр нотлогдож байх бөгөөд С.Отгонбаатарыг төлбөрийн үлдэгдэлгүй болохыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж Эм энд Жи констракшн ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 101, 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 099 дүгээр албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүргүүлжээ.

Эм энд Жи констракшн ХХК нь Зоос банктай 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 297 дугаартай Зээлийн гэрээ байгуулсан ба уг гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Денверийн гудамж 15/5-д байршилтай, нийт 6305.64 м.кв талбай бүхий 60 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020093 дугаартай дуусаагүй барилгыг барьцаалсан байна.

Эм энд Жи констракшн ХХК нь 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Денверийн гудамж 15/5-д байршилтай, нийт 6305.64 м.кв талбай бүхий 60 хувийн гүйцэтгэлтэй, орон сууцны дуусаагүй барилгыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020093 дугаарт бүртгүүлэн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан.

Улмаар БНСУ-ын Хана банктай 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан 06070178 дугаартай Барьцааны гэрээний барьцаанд дээрх дуусаагүй барилгыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Барьцааны гэрээ болон Эм энд Жи констракшн ХХК-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан мэдүүлэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагч, гуравдагч этгээд нарын шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Денверийн гудамж 105 дугаар орон сууцны барилга нь бүхэлдээ Зоос банкны үл хөдлөх хөрөнгийн барьцаат зээлийн гэрээний барьцааны зүйл болоогүй, 60 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны барилгад Эм энд Жи констракшн ХХК нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх ба 60 хувийн гүйцэтгэлтэй барилгад барилгын хэд хэдэн тоот сууцыг хамааруулан бүртгэсэн нь тодорхойгүй байх тул С.Отгонбаатарын Эм энд Жи констракшн ХХК-тай 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу бариулсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Денверийн гудамж 105 дугаар байрны 405 тоот 81.75 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, 34 дүгээр авто зогсоолыг дээрх үл хөдлөх эд хөрөнгийн барьцаанд байгаа гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн орон сууцны 105 дугаар байр нь 100 хувийн гүйцэтгэлтэйгээр баригдаж дууссан болох нь Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 26/2009 дүгээр актаар нотлогдож байна.

Улсын мөрдөн байцаах газраас Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан гаргасан 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10/5-701 дугаартай албан бичгийн дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020093 дугаартай, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Денверийн гудамж 15/5-д байрлах 6305,64 м.кв үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг түр хязгаарласан ба Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/13253 дугаар албан бичгийн дагуу Эм энд Жи констракшн ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлжээ.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийнэ, 20.1.1-д шүүх, арбитр, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гаргасан гэж зохицуулсанаас үзэхэд Улсын мөрдөн байцаах газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Улсын бүртгэлийн ерөнхий газарт ирүүлсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Денверийн гудамж 15/5-д байрлах орон сууцны барилгын өмчлөх эрхэд шилжилт хөдөлгөөн хийхийг түр хязгаарлаж, Эм энд Жи констракшн ХХК-ийг өөрийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь Эм энд Жи контракшн ХХК-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020093 дугаартай гэрчилгээтэй барилгын буюу 60 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны өмчлөх эрхийн хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн байх бөгөөд одоогийн 100 хувийн гүйцэтгэлтэй 105 дугаар байрны шилжилт хөдөлгөөнийг бүхэлд нь хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг бүртгэснээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалт зөрчигдөхгүй юм.

Эм энд Жи констракшн ХХК-ийн Зоос банктай байгуулсан барьцааны гэрээнд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Денверийн гудамж 15/5-д байрлах 105 дугаар байрны 60 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьцаалсан байх тул Денверийн гудамж 105 дугаар байрны 405 дугаар орон сууц нь барьцааны гэрээний барьцааны зүйл болохгүй түүнчлэн нэхэмжлэгч С.Отгонбаатар нь дээрх барьцаат зээлийн гэрээний нэг тал биш, барьцааны гэрээгээр үүрэг хүлээгээгүй учраас барьцаалуулагчийн эрх, үүрэг С.Отгонбаатарт шилжихгүй болно.

Ийнхүү нэхэмжлэгч С.Отгонбаатарын орон сууцыг улсын бүртгэлд бүртгэхгүй байх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байхад хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар /хуучин нэрээр/ нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно гэж заасныг зөрчиж, нэхэмжлэгч С.Отгонбаатарын өөрийн сууц болон бусад талбайг хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Денверийн гудамж 15/5-д байрлах 105 дугаар байрны 405 тоот 81.75 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 34 дүгээр авто зогсоолын өмчлөх эрхийг С.Отгонбаатарын нэр дээр бүртгэхгүй байгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, С.Отгонбаатарыг дээрх орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ гаргуулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт

заасныг тус тус баримтлан хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Денверийн гудамж, Голден вилл орон сууцны цогцолборын 105 дугаар байрны 405 тоот, 81.75 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, С-34 дугаартай авто машины зогсоолыг нэхэмжлэгч С.Отгонбаатарын өмчлөлд бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт /хуучин нэрээр/ даалгасугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА