Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 0337

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгч Я.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.М-нд холбогдох эрүүгийн 1725002780136 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1976 оны 05 сарын 11-ний өдөр Хөвсгөл аймаг Эрдэнэбулган суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Төв аймаг Заамар суманд Эко алт ХХК-д хүнд машин механизмийн оператор ажилтай, ам бүл 2, охины хамт, урьд ял шийтгэлгүй, Я.М

 

Шүүгдэгч Я.М нь 2017 оны 10 сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 29 дүгээр гудамжны 20 тоотод иргэн Ч.Мөнх-Учралтай маргаж улмаар сандлаар цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Я.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Хохиролд 300.000 төгрөг төлсөн. Энэ хэргийн хувьд маргах зүйлгүй. Архи ууж, согтуурч, маргаан үүсгэж, хүний биед хөнгөн гэмтэл учруулсан нь буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Ч.Мөнх-Учралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 10 сарын 01-ний орой хамт ажилладаг Мягмарсүрэн, Баатарсүрэн нар манай гэрт ирсэн юм. Тэгээд манайд хоол цай идэж уугаад 1 шил 0.5 грамм Ерөөл архи хувааж уусан. Тэгээд 21:30 цагийн орчим манай гэрээс гарч бид 3 Мягмарсүрэнгийн гэрт очсон, очоод мөн л 0.5 грамм Ерөөл архи уусан. Тэгээд ойр зуурын юм ярьж байгаад Мягмарсүрэн бид хоёр маргалдаж эхэлсэн, намайг найз Баатарсүрэн явъя гээд 2 гарнаас барьсан чинь Мягмарсүрэн ширээний хажууд байсан сандалыг аваад миний толгой дух руу цохисон, цохиулаад шууд гэрээс нь гараад харьсан гэсэн мэдүүлэг /хх 7 ху/,

 

-Гэрч М.Баатарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 10 сарын 01-ний өдөр гэртээ ирчихсэн байна манай гэрт хүрээд ирээч гэхээр нь би очсон. Очиход Мөнх-Учрал эхнэртэйгээ байсан. Нэг шил архи авч очсоныгоо ууж байхдаа Мөнх-Учрал хамт ажилладаг гээд нэг ахыг дуудсан. Тэгээд нэг ах ирсэн, өмнө нь танихгүй ах ирсэн. ...Ингээд архи ууж байхдаа Мягмарсүрэн, Мөнх-Учрал 2 ажлаа ярьж байгаад маргалдаад хоорондоо барьцалдаад авсан. Чи чадахгүй гээд ажлаа яриад маргалдаад байсан. Тэгэхээр нь би босоод Мөнх-Учралыг тэврээд тэр хоёрыг салгатал Мягмарсүрэн ах сандал аваад Мөнх-Учралын толгой руу нэг удаа цохисон. Дахиж цохиогүй би Мөнх-Учралыг аваад гэрт нь очсон. Араас нь Мягмарсүрэн ах ирээд уучлал гуйчихаад явсан гэсэн мэдүүлэг /хх 14 ху/,

 

-Гэрч Б.Отгончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай нөхөр Мөнх-Учрал 2017 оны 10 сарын 01-ний өдөр найз Батка, хуурай ах Мягаа нартайгаа архи уусан. Тэгээд 3-уулаа гэрээс гараад явсан. 22 цагийн үед Мягаа, Батка нартайгаа орж ирсэн. Орж ирэхдээ толгойных нь зүүн дээд хэсэгт арьс нь язарч цус гарсан байсан. Батка ярихдаа Мягаа манай нөхөр хоёр маргалдаж Мягаа нь сандалаар цохисон гэсэн юм гэсэн мэдүүлэг /хх 15 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 842 дугаартай дүгнэлтэнд:

1. Ч.Мөнх-Учралын биед хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байхаар байна.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сариулна. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ ГЗЗ-ийн 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

4. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал нь шинэ гэмтлүүд байна. Баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын ясны хугарал нь хуучин гэмтлүүд байна гэсэн дүгнэлт /хх 10 ху/,

 

-Я.М-г яллагдагчаар татах тухай тогтоод, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 1, 27-29 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 18 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Я.М нь 2017 оны 10 сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 29 дүгээр гудамжны 20 тоотод иргэн Ч.Мөнх-Учралтай маргаж улмаар сандлаар цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ч.Мөнх-Учралын “...ойр зуурын юм ярьж байгаад Мягмарсүрэн бид хоёр маргалдаж эхэлсэн, намайг найз Баатарсүрэн явъя гээд 2 гарнаас барьсан чинь Мягмарсүрэн ширээний хажууд байсан сандалыг аваад миний толгой дух руу цохисон” гэсэн мэдүүлэг /хх 7 ху/, гэрч М.Баатарсүрэн /хх 14 ху/, Б.Отгончимэг /15 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал үүссэнийг тогтоосон 842 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Я.М-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч Я.Мягмарсүрэн нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогч Ч.Мөнх-Учрал нь мөрдөн байцаалтын шатанд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Я.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Я.М-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Я.М-д оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Я.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА