Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/439

 

      2022             4              27                                       2022/ДШМ/439                                 

 

      З.Лд холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ганчимэг,

шүүгдэгч З.Л, түүний өмгөөлөгч М.Батмөнх,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/245 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдлоор З.Лд холбогдох эрүүгийн 2106000002682 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            З.Л

 

            Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнссэн,

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан,

            Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэг, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэргийг өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт оногдуулсан ялаас 2 жилийг хасаж 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр суллагдсан.

           

            Шүүгдэгч З.Л нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцат гэх газарт бэлчээрлэж байсан иргэн Б.Бгийн эзэмшлийн /хар зүсмийн сартай гунжин үнээ, улаан зүсмийн эвэртэй дөнжин үнээ, толгой нь хар цоохор зүсмийн 6 настай үнээ/ 3 тооны бод мал буюу олон тооны мал хулгайлж иргэн Б.Бд 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын Цэмбэл гэх газарт бэлчээрлэж байсан иргэн С.Сын эзэмшлийн ягаан зүсмийн /зөв чих цуулбар имтэй/ 1 тооны бод /6 настай сувай үнээ/ малыг хулгайлж С.Сд 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: З.Лгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З.Лг олон тооны мал хулгайлж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.Лд 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Лд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Лгээс 5.900.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б-ийн Б / /-д 4.800.000 төгрөг, хохирогч С-ын С / /-д 1.100.000 төгрөгийг тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч З.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч З.Лгийн өмгөөлөгч М.Батмөнх давж заалдах гомдол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч З.Лгээс хохирогч Б.Бд 4.800.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч Иргэний хуульд зааснаар талууд харилцан тохирч 1 үхэр 3.300.000 төгрөг, хохирогч С.Сд 1 үхэр тус тус олгож, хохирол гомдлыг барагдуулсан болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар З.Лд оногдуулсан 4 жилийн хорих ялыг нэг жилийн хорих ял болгон өөрчилж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч З.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэмж хэлэх тайлбаргүй.” гэв.

 

Прокурор Н.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэргийн материалтай танилцахад шүүгдэгч З.Л мал хулгайлах гэмт хэргийг хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна хэмээн үзээд анхан шатны шүүхээс гэмт хэргийн шинж болон хувийн байдлыг нь харгалзан үзэж З.Лд 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэл бүхий байна. Прокурор Ч.Ганцэцэгээс бичгээр тайлбарыг хүргүүлсэн, энэ тайлбартаа “хэрэг анхан шатны шүүхээр хэлэлцэгдэх үед шүүгдэгч нь өөрийн санаачилгаар хохирогч С.С, Б.Б нарын хохирлыг барагдуулаагүй байсан нь тогтоогдсон. Мөн шүүгдэгч өмнө нь 3 удаа шүүхээс ял шийтгүүлж байсан нь өөрийнхөө гэм бурууг ойлгож ухаараагүй гэж үзэхээр байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий юм” хэмээн дурдсан. Энэхүү тайлбарыг дэмжиж байна. Шүүгдэгч хохирлоо нөхөн төлсөн нь шүүгдэгчийн давж заалдах гомдолдоо хавсарган ирүүлсэн баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ялыг хөнгөрүүлэх заалтад хамаарч байна гэж үзэж байна. Илтгэгч шүүгчийн дурдсан С.Согийн гарын үсэг мөн эсэх асуудлыг шинжлэн судалсны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч З.Л нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцат гэх газарт бэлчээрлэж байсан иргэн Б.Бгийн эзэмшлийн /хар зүсмийн сартай гунжин үнээ, улаан зүсмийн эвэртэй дөнжин үнээ, толгой нь хар цоохор зүсмийн 6 настай үнээ/ 3 тооны бод мал буюу олон тооны мал хулгайлж иргэн Б.Бд 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

  2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын Цэмбэл гэх газарт бэлчээрлэж байсан иргэн С.Сын эзэмшлийн ягаан зүсмийн /зөв чих цуулбар имтэй/ 1 тооны бод /6 настай сувай үнээ/ малыг хулгайлж С.Сд 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Бгийн “... тэгээд би 2021 оны 10 дугаар сарын 27-ны өглөө 8 тооны үхрээ бэлчээрт гаргаад өдөр 14 цагийн үед хонио хариулж яваад үхрээ бэлчээрт нь харахад бүгд байсан. Тухайн үед манай үхэр гэрээсээ хойд зүгт 4-5 км зайтай бэлчиж байсан. Тэгээд орой харанхуй бүрэнхий болоход манай 5 тооны үхэр гэрийнхээ гадаа ирээд 3 тооны нэгдэх нь хар зүсмийн сартай гунжин үнээ, хоёр дахь нь улаан зүсмийн эвэртэй дөнжин үнээ, гурав дахь нь хар толгойтой цоохор зүсмийн 6 настай үнээ ирэхгүй болохоор нь хээр хоночихлоо гэж бодоод маргааш нь эрж хайгаад 3 тооны үхрээ олж чадаагүй. Ингээд хэд хоног үхрээ эрж хайсан боловч олж чадаагүй. Тэгээд манай нөхөр Д.Бямбасүрэн алга болсон 3 тооны үхрээ хайж байгаад Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолой гэх газар оршин суух Ц гэх айлаар ороход манай алга болсон хар, улаан зүсмийн 2 тооны үхрийн толгойг хуйхлаад байж байхаар нь манай нөхөр Цд “энэ хоёр үхэр манайхаас алга болсон үхэр байна, та хэнээс авсан юм бэ” гэж асуухад, Ц “танай хойно байдаг Л гэх хүнээс худалдаж авсан, танай үхэр мөн бол би толгойг нь хуйхлахаа болилоо, чи цагдаа сэргийлэхэд мэдэгд” гэсэн. Тэгээд би Цын гэрт очоод 2 тооны үхрийн арьс, шийр толгойг нь харахад манайхаас алга болсон үхэр мөн байсан. Би Л гэх хүнийг сайн танихгүй. Нэг удаа харсан, гэр нь манайхаас баруун хойд зүгт 2-3 км зайд байдаг. ...” /хх 23-24/,

 

гэрч Т.Цын “... манай энд хэсгийн ахлагч хийж байсан Мөнхтөр “идэшний үхэр зарах хүн байна” гээд хамт очиж үзэхээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Богины ам гэх Лгийн гэрт 2021 оны 10 дугаар сарын 10-нд байсан байх, Лгийн үхэр дээр очиж үзэхэд, надад улаан зүсмийн үхэр харуулаад, энэ үхэртэй ижил үхэр ууланд байгаа гэхээр нь би Даваахүүд 700.000 төгрөгөөр шүдлэн үхэр байна, авах уу гэхэд манай хүү “авъя” гэхээр нь мөнгийг нь одоо шилжүүлчих гээд Лгийн өөрийн Хаан банкны данс руу тухайн өдөр авна гэж хэлээд явсан. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Л манай гадаа үхрээ тууж ирээд, үхэрнээсээ эвэртэй улаан үхэр болон мухар хар зүсмийн үхэр бариад, өөрөө цохиж өгсөн. Дараагийн 700.000 төгрөгийг 400.000 төгрөг, 300.000 төгрөгөөр хувааж өгсөн. Уг хоёр тооны үхрийг Лгийнх гэж бодсон. Учир нь, өөрөө үхэртэйгээ тууж ирсэн. ...” /хх 27-28/,

 

З.Лгийн яллагдагчаар өгсөн “... би 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хэдэн үхрээ хариулаад байж байхад манай өвөлжөөний хойд талын дунд хамар гэх уулын баруун талд 3 тооны үхэр эзэнгүй, хариулгагүй байхаар нь ойр орчимд хүн амьтан байхгүй байхаар нь өөрийн хэдэн үхэртэйгээ нийлүүлээд тууж авч явсан. Тууж явахад тэр 3 үхрийн 1 нь болох хар хүзүүтэй цагаан үнээ нь уулын уруу хальтирч унаад үхсэн. Би тэр үхрийг тэнд нь хаяад үлдсэн 2 үхрийг нь өөрийн үхэртэйгээ хамт туугаад гэр рүүгээ авч явсан. Би өмнө нь буюу 2021 оны 10 дугаар сарын эхээр Гачууртад амьдардаг Ц ахад өвлийн идэш зарна гээд 700.000 төгрөг аваад банкны зээлэндээ өгсөн байсан тул нөгөө 2 үхрийг Ц ахын хашаанд өөрийн үхэрнүүдийн хамт тууж аваачаад цохиж өгсөн. Би тэр 3 үхрийг хэний үхэр гэдгийг нь мэдэхгүй. Манай тэрүүгээр бэлчдэг байсан.” /хх 48-49/,

 

хохирогч С.Сын “... Би одоогоор өөрийн гэсэн 35 тооны үхэртэй. Манай үхрийг Э.О гэх хүн сарын 500.000 төгрөгийн цалин хөлстэйгөөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцат Цэмбэлийн 47 тоотод хариулж малладаг. Тэгсэн 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр манай малчин О өөрийн гар утаснаасаа миний гар утас руу залгаж яриад “ягаан зүсмийн сувиа үнээ алга болсон, эрж хайгаад олдохгүй байна” гэж ярихаар нь би цагдаагийн байгууллагад тэмдэглүүл гэж хэлсэн. Үүнээс хойш одоо болтол манай үхэр олдоогүй. Би үхрийнхээ нас, хүйс, тоог мэднэ, бусдаар бол сайн мэдэхгүй, манай үхрийг маллаж байсан малчин Э.О алга болсон үхрийг хэзээ, хаана алга болсныг сайн мэднэ. ...” /хх 93/,

 

гэрч Э.Оын “... тэгээд би 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 17 цагт үхрээ бэлчээр дээр нь бүртгэж үзэхэд манай үхэр бүгд бүрэн байсан. Тэгээд орой 19 цагт гэрийн гадаа үхэрнүүд ирэхэд С.Сын зөв чих гол цуулбар имтэй, ягаан зүсмийн 6 настай сувиа үнээ ирэхгүй ганцаараа алга болсон байхаар нь би тухайн орой үхрийнхээ бэлчээрээр эрж хайгаад олоогүй мөн маргааш нь бүтэн өдөр эрж хайсан боловч олдоогүй. ...тухайн үед үхэр хулгайлчихлаа гэж сэжиглэж байсан хүн байгаагүй, үхэр хайгаад явж байхад бэлчээрт үхэр нядалсан гэмээр сэжигтэй зүйл огт тааралдаагүй. Алга болсон үхэр одоо болтол олдоогүй. Тэгсэн саяхан манай Арцатын аманд оршин суудаг Бямба гэх хүн 3 тооны үхрээ алдаад хулгайлсан хүн нь баригдаад цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэхээр нь би манай үхрийг хулгайлсан байх гэж бодоод цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч байна.” /хх 96-98/,

 

З.Лгийн яллагдагчаар өгсөн “... би 2019 оны өвөл Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цэмбэлийн аманд өөрийн үхрүүдийг хайгаад явж байхад 1 тооны ягаан зүсмийн дөнжин үнээ ганцаараа явж байхаар нь 3-4 км зайд аваачаад бэлчээрт гаргаад гэдэс дотрыг тэнд нь хаяад махыг нь 2 хувааж мориор гэр рүүгээ зөөсөн. Маргааш нь хүчит шонхор зах дээр мах авдаг ченжид 800.000 төгрөгөөр бодож зарсан. Мөнгийг нь бэлнээр авсан. ... би ягаан зүсмийн үхрийг ганцаараа тууж авч яваад бэлчээр дээр гаргасан. Махыг нь зарахдаа ганцаараа зарж мөнгийг нь бэлнээр авч хэрэглээндээ үрээд дуусгасан ...” /хх 113-115/ гэсэн мэдүүлгүүд,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 38-39, 105-106/, З.Лгийн Хаан банкны 5751406523 дугаартай дансны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 72-77/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-14/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 15-19, 85-88/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч З.Лг олон тооны мал хулгайлж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

            Шүүгдэгч З.Лгийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцат гэх газарт бэлчээрлэж байсан иргэн Б.Бгийн эзэмшлийн /хар зүсмийн сартай гунжин үнээ, улаан зүсмийн эвэртэй дөнжин үнээ, толгой нь хар цоохор зүсмийн 6 настай үнээ/ 3 тооны бод мал буюу олон тооны мал хулгайлж иргэн Б.Бд 4.800.000 төгрөгийн хохирол, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын Цэмбэл гэх газарт бэлчээрлэж байсан иргэн С.Сын эзэмшлийн ягаан зүсмийн /зөв чих цуулбар имтэй/ 1 тооны бод /6 настай сувай үнээ/ малыг хулгайлж С.Сд 1.100.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Лд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч З.Лгийн “... учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн эсэхээс үл хамааран Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг заавал хэрэглэх үүрэг болгосон заалт биш бөгөөд шүүх дээрх эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс тус шүүхэд гаргасан хохирол төлсөн талаарх баримтын хувьд, хохирогч Б.Бд учруулсан хохирлыг төлсөн гэх баримтыг үнэлэх боломжтой, харин хохирогч С.Сын бичсэн гэх хүсэлтэд дурдсан гарын үсэг нь түүний хэрэгт авагдсан гарын үсгээс зөрүүтэй, эргэлзээтэй нөхцөл байдал байх тул хохирогч С.Сын хохирлыг барагдуулсан талаарх нотлох баримтыг үнэлэх боломжгүй байна.

 

            Харин шүүгдэгчийн зүгээс хохирогч С.Сд учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан талаарх нотлох баримтыг бүрдүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаж өгснөөр уг хохирлыг төлж барагдуулсанд тооцуулж, түүнд оногдуулсан ялыг хугацааны өмнө тэнсэн суллах  хуулийн нөхцөл бүрддэг болохыг дурдах нь зүйтэй.

 

            Иймд анхан шатны шүүхийн шүүгдэгч З.Лд оногдуулсан ял түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна гэж үзэж байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/245 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Лгийн өмгөөлөгч М.Батмөнхийн “ял хөнгөрүүлэх тухай” гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/245 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч шүүгдэгч З.Лгийн өмгөөлөгч М.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шүүгдэгч З.Л нь хохирогч Б.Б /РД:ОИ65010501/-д учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болохыг дурдсугай.

 

  1. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ