Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 0338

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.Бүжинлхам

Хохирогч Г.Батцэцэг

Шүүгдэгч М.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрчулуун

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Г-т холбогдох эрүүгийн 1725000000139 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1981 оны 10 сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр, 1 хүүхдийн хамт, ял шийтгэлгүй, Боржигон овогт М.Г 

 

Шүүгдэгч М.Г нь 2017 оны 10 сарын 03-ны өдөр эхнэр Г.Батцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч М.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Эхнэр Батцэцэг хэл амаар дайрч маажаад байсан. Гол нь явж байсан машинаас бууна гээд хаалгыг онгойлгох гээд байсан. Тэгэхээр нь үсдээд нуруу руу нь цохисон. Хохирогчид учирсан гэмтэл нь миний үйлдлээс болсон. Эхнэрээсээ уучлалт гуйгаагүй. Одоо тусдаа амьдарч байгаа. Би хохирогчийн хэлж байгаа шиг зодож цохиогүй. Бил 2 маргалдах явцад ноцолдож бие биеэ түлхэж байх үед бие нь хөхөрсөн байх гэж бодож байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Г.Батцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр үед орой 11 цаг өнгөрч байхад Гантөмөр ирж явсан. Машины суудал дээр нилээн согтуу сууж байсан. Аав, ээж дээрээс хүүхдээ авахгүй яасын бэ гэж уурласан. Замдаа гэр орноос зайл гэхээр нь би машинаа зогсоо, бууя гэсэн. Тэгээд намайг машинаас буух гэхэд татан оруулаад Говил ортол цохиж, зодож явсан. Дал, мөр, нуруу руу цохиод байхаар нь би хаалгыг нь онгойлгоод гарах гэж оролдсон. Миний толгойг машины цонх руу саваад хөлөөрөө өшиглөсөн. Үүнээс болж хүзүү хөдлөхөө больж, энд тэндгүй хөх няц болсон. Толгой байнга өвдөж байгаа. Одоо эмнэлгээр явж байгаа. Миний хувьд гомдолтой. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэх зүйл байхгүй. Ер нь бол урьд нь зодож байсан гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Р.Ариунбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...энэ хэрэг болсон өдрийн орой 21 цаг өнгөрч байхад миний найз Гантөмөр над руу утсаар яриад би архи уучихсан байна. Гэтэл эхнэрийн ажил оройтох гээд байна. Миний найз миний машинийг унаад эхнэрийг тосоод өгөөч гэсэн. Тэгэхээр нь гэрт нь яваад очсон чинь Гантөмөр гэрийнхээ гадна байж байсан. Би түүний эзэмшлийн машиныг нь унаад эхнэрийнхээ ажил руу явсан. Эхнэр нь гэр хороололд байдаг Дархан нэхий ХХК-ийн дэлгүүрт ажилладаг юм. Дэлгүүрийн гадна очоод 5 орчим минут хүлээж байгаад эхнэрийг нь авсан. Гантөмөр өөрөө жолооч талын урд суудал дээр хагас налуулаад хэвтээд явж байсан чинь эхнэр нь түүнийг архи уулаа гээд уурлаад янз бүрийн юм яриад яваад байсан. Тэгэж байгаад гэнэт Гантөмөр үснээс нь зулгаагаад түүнтэй ноцолдоод эхэлсэн. Би өөрөө жолоо барьж явсан болохоор нарийн сайн хараагүй. Гантөмөр зүгээр яваач гээд хэд хэдэн удаа хэлсэн боловч эхнэр нь түүнийг архи уулаа гээд түүнийг цохиж зодох гээд л дайраад давшлаад байсан. Ямар ч байсан Гантөмөрийн эхнэр нь машин явж байхад хоёр ч удаа машинаас бууна гэж хаалга онгойлгосон. Машины хаалга онгойлгоод байхаар нь би машинаа зогсоосон. Тэгтэл эхнэр нь машинаас буугаад гүйсэн. Гантөмөр араас нь явж эхнэрийгээ авч ирээд арын суудал дээр хамт суугаад явсан. Би гэрийнхэн нь гадна хүргэж өгөөд л шууд гэртээ харьсан гэсэн мэдүүлэг /хх 23 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 863 дугаартай дүгнэлтэнд:

1. Г.Батцэцэгийн биед тархи доргилт, нүүр, баруун зүүн мөр, зүүн тохой, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн байхаар байна.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Уг гэмтлүүд нь тус бүрдээ ГЗЗ- ийн 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ямар хохирол учирсан тухай дүгнэлт гаргах талаар Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгээс шийдвэр гаргаагүй байгаа болно.

4. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 18 ху /

 

-М.Г-г яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 1-3 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 28 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            М.Г нь 2017 оны 10 сарын 03-ны өдөр эхнэр Батцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Г.Батцэцэгийн “...Тэгээд намайг машинаас буух гэхэд татан оруулаад говил ортол цохиж, зодож явсан. Дал, мөр, нуруу руу цохиод байхаар нь би хаалгыг нь онгойлгоод гарах гэж оролдсон. Миний толгойг машины цонх руу саваад хөлөөрөө өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Р.Ариунбатын /хх 23 ху/ мэдүүлэг, хохирогчийн биед тархи доргилт, нүүр, баруун зүүн мөр, зүүн тохой, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүссэнийг тогтоосон 863 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч М.Г-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч М.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогч Г.Батцэцэг нь шүүхийн шатанд “нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч М.Г-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч М.Г-т оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч М.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Гантөмөрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА