Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 107

 

Л.Л-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00646/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  09 дүгээр сарын 05-ны өдрийн 825 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Л.Л-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Малын удмын сангийн Үндэсний төвд холбогдох

"Төрийн албаны тухай хуульд заасан 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж  29.628.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Д.Цолмонгийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бархас, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Л-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсаруул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Л.Л- Улаанбаатар хотын ХААИС-ийг 1960-1965 онд зоотехникч мэргэжлээр төгссөн. Анх Завхан аймгийн Малын үржлийн станц ба ХАА-н үйлдвэрлэл туршлагын станцад ерөнхий зоотехникч бөгөөд даргаар 1965-1981 онд, Эрдэнэхайрхан сумын нэгдлийн даргаар 1981-1985 онд, аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газар нэгдлийн зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Хөдөө аж ахуйг эрхэлсэн орлогчоор 1985-1992 онд, Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны тэргүүнээр 1992-1996 онд, аймгийн Мал үржлийн албаны даргаар 1996-2005 онд, аймгийн Цөм сүргийн төв ба салбарын /захирал/ менежерээр 2005-2018 онуудад нийт 54 дэх жилдээ ажиллаж байгаад 2018 оны 06 сарын 08-ны өдөр ажлаа өгсөн билээ.

Миний ажиллаж байсан Цөм сүргийн төв нь Монгол улсын төрийн өмчийн хорооны мэдэлд ажиллаж ирснийг, мэргэжлийн байгууллагад нь ойртуулах зорилгоор Засгийн газрын 2006 оны 172, 2013 оны 420 дугаар тогтоолууд, Төрийн өмчийн хорооны 2014 оны 80 дугаар тогтоолыг үндэслэн ХХААХҮ-ийн сайдын 2016 оны А/66 дугаар тогтоолуудаар, яамны дэргэдэх Малын удмын сангийн Үндэсний төвд, аймгуудын Цөм сүргийн төв гэж байсныг салбар болгон удирдлага, аж ахуйн бүх үйл ажиллагааг нэгтгэн, аймгийн салбаруудыг удирддаг менежерүүдийн цалинг Малын удмын сангийн Үндэсний төвөөс өгдөг журамтай болгосон юм.

Малын удмын сангийн Үндэсний төвийн захирлын 2016 оны Б/52 тушаалаар Завхан аймаг дахь салбарын менежер Л.Л- миний цалинг төрийн үйлчилгээний 8/5 дугаар шатлалаар сарын цалинг 633.221 төгрөгөөр, ур чадварын нэмэгдлийг 30 хувиар тооцож, бүгд 823.187 төгрөгийг олгох шийдвэртэй билээ.

Малын удмын сангийн Үндэсний төвийн захирлын санал тохиролцоонд үндэслэн, Аймгийн цөм сүргийн салбарын ажлыг 2018 онд өгөхдөө засаг даргын тамгын газар, Статистикийн хэлтэс, Хүнс хөдөө аж ахуйн газар, Орон нутгийн өмчийн төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж, миний хариуцсан цөм сүргийн малд тооллого үзлэг хийлгэхэд мах-ноосны хэвшлийн Сартуул үйлдвэрийн хонь 2372, ноолуур-махны чиглэлийн Буурал үйлдвэрийн ямаа 264 тоологдсон нь өмнөх оноосоо өсч, түүний жин, ноос, ноолуур, ашиг шим, чанар нь стандартаа ханган гэрээгээ биелүүлж, 2018 оны бойжсон төлийг тооцож нэмэхэд бүгд 3354 толгой малтай болсныг баталгаажуулсны дараа, Малын удмын сангийн Үндэсний төвөөс комисс ирж, мал хөрөнгийн бүрэн бүтэн байдалд тооллого тооцоо хийж, дүнгээ ЗДТГ-т танилцуулан, намайг үүрэгт ажлаа сайн гүйцэтгэж байсан байна гэж дүгнээд явсан юм.

Малын удмын сангийн Үндэсний төвийн харьяанд ажиллаж байгаад 2018 оны 06 дугаар сард тэтгэвэрт гарсан бөгөөд уг байгууллага надад ажлаас чөлөөлсөн тухай тушаал гардуулж, өгөөгүй. Мөн ажлаас халагдсаны тэтгэмж олгоогүй болно.

Харин 2019 оны 01 дүгээр сард 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1.410.000 төгрөг шилжүүлсэн. Би Төрийн албаны тухай хуульд заасан 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах талаар удаа дараа амаар болон бичгээр хүсэлт гаргаж байсан боловч миний тэтгэмжийг олгоогүй тул 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 29.628.000 төгрөгийг Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Малын удмын сангийн Үндэсний төвөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Цолмон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бархас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус төвийн харьяа Завхан аймаг дахь цөм сүргийн салбар нэгжийн менежерээр ажиллаж байсан Л.Л-г 2018.05.14-ний өдрийн Б-19 тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн болно. Ажил хүлээлцэх ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж шинээр томилогдсон менежерт ажил хүлээлгэн өгөх, хуучин менежер Л.Л-гээс ажил хүлээн авах ажил хийсэн бөгөөд чөлөөлсөн тушаалаа танилцуулж гаргуулахад 36 сарын тэтгэмжийн асуудал шийдвэрлээгүй гэсэн шалтгаанаар тушаал хүлээн авахыг татгалзсан.

Л.Л- нь хуучин Төрийн албаны тухай хуулийн үйлчлэлтэй үед ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд уг хуульд төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэрт гарахад 36 сарын тэтгэмж олгохоор зохицуулсан байдаг. Энэ хуулийн заалт Л.Л-д хамаарахгүй учир 36 сартай тэнцэх тэтгэмж өгөх хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Л.Л- нь төрийн жинхэнэ албан хаагч бус төрийн үйлчилгээний албан хаагч бөгөөд манай байгууллагаас тэтгэвэртээ гараагүй, тэтгэвэрт гарсны дараа ажиллаж байсан болно гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  09 дүгээр сарын 05-ны өдрийн 825 дугаар шийдвэрээр:

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Малын удмын сангийн Үндэсний төвөөс 29.634.742,80 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Л-д олгож, 6.742,80 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 306.123,70 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Цолмон давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 825 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай 60.1 дэх хэсгийг үндэслэсэн байна. Энэ талаар шүүхийн шийдвэрт “Нэхэмжлэгч Л.Л- нь төрийн үйлчилгээний ангилалд хамаарах төрийн албан хаагч мөн байх тул Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж зааснаар ажлаас чөлөөлөгдсөн үеэс дээрх хуулийн дагуу нэг удаагийн тэтгэвэр авах эрх үүссэн байна” гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д Энэ хуулийн 57 2.2-т заасан нэмэгдэл хөлс, мөн хуулийн 57.2.4-т заасан төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, мөн хуулийн 60.1-д заасан төрийн үйлчилгээний албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох зохицуулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 15.4.1 -т заасны дагуу олгох мөнгөн тусламжийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн олгоно гэсэн байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шүүгч нь хүчин төгөлдөр болоогүй хуулийн заалтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож хууль буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх   хуулийн шаардлагыг хангаагүй  гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Л.Л-  нь  өөрийгөө  төрийн албанд  54 жил  ажилласны хувьд  тэтгэвэрт гарахдаа Төрийн албаны тухай хуульд заасан 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 29.628.000 төгрөгийг Малын удмын сангийн Үндэсний төвөөс   гаргуулахаар  шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч Малын удмын сангийн Үндэсний төв нэхэмжлэлийн шаардлагыг  эс зөвшөөрч “Л.Л- нь хуучин Төрийн албаны тухай хуулийн үйлчлэлтэй үед  ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд  уг хуульд  төрийн жинхэнэ  албан хаагч тэтгэвэрт гарахад   36 сарын тэтгэмж олгохоор зохицуулсан байдаг. Энэ хуулийн  заалт Л.Л-д хамаарахгүй учир тэтгэмж  олгох хууль зүйн үндэслэлгүй байна. Л.Л- нь төрийн жинхэнэ албан хаагч бус төрийн үйлчилгээний албан хаагч бөгөөд манай байгууллагаас тэтгэвэртээ гараагүй, тэтгэвэрт гарсны дараа ажиллаж байсан болно.”  гэж тайлбар гаргаж маргажээ.

            Шүүх 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж  шийдвэрлэсэн байна.

            2017 оны Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн  60.1-т  Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох  үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй  тусламжийг олгоно...” , 77 дугаар зүйлийн  77.1-д  Энэ хуулийн...  ... 60 дугаар зүйлийн  60.1-д заасан төрийн үйлчилгээний  албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох зохицуулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж  хууль хүчин төгөлдөр болох хугацааг  тодорхойлжээ.

            Дээрх нөхцөл байдлаас үзэхэд анхан шатны шүүх  хүчин төгөлдөр болох  хугацаа нь болоогүй хуулийн заалтыг хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ  гэсэн  заалтыг  зөрчсөн  байна.

Гэхдээ нэхэмжлэгч Л.Л- нь Хүнс, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байсан бөгөөд тус салбарт ажиллагсдад тэтгэмж олгох асуудлыг салбар хуулиар зохицуулсан  байна.

Тухайлбал: Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.1 “Төрийн үйлчилгээний албан тушаалд болон мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжид мэргэжлээрээ 25 буюу түүнээс дээш жил  ажилласан малын эмч,  мал зүйч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүний албан тушаалын 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламжийг ажил олгогч олгоно гэсэн зохицуулалтыг 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл үргэлжлэхээр Төрийн албаны тухай хуульд тодорхойлсон байх тул энэ хуульд зааснаар Л.Л-д 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний 9.878.247,6 төгрөг \ цалин 823.187,30 х 12 сар\-ийн  тэтгэмжийг  Малын удмын сангийн Үндэсний төвөөс  гаргуулах хууль зүйн үндэслэлтэй  байна.

Иймд хариуцагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор гаргасан   гомдлын  зарим хэсгийг хангаж, маргааны  харилцааг зохицуулсан  хуулийн заалтыг  хэрэглэн дээрх тооцооллын хэмжээгээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь  зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  09 дүгээр сарын 05-ны өдрийн 825 дугаар шийдвэрийн  ТОГТООХ хэсгийн  1 дүгээр заалтад,

Төрийн албаны тухай хуулийн  77 дугаар зүйлийн  77.1,  Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.1-д заасныг  баримтлан  хариуцагч Малын удмын сангийн Үндэсний төвөөс 9.878.247 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Л-д олгож, нэхэмжлэлээс 19.749.753 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж

            Тогтоох хэсгийн 2 дахь заалтад

“...хариуцагчаас... ...306.123,70 төгрөг...” гэснийг “...хариуцагчаас... ...173.002 төгрөг...” гэсэн  өөрчлөлтийг  оруулж шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2. Хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                          

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.АМАРСАНАА

                                                        ШҮҮГЧИД                                       Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                С.ЭНХЖАРГАЛ