Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
Хэргийн индекс | 182/2022/03761/И |
Дугаар | 182/ШШ2024/02429 |
Огноо | 2024-05-28 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 182/ШШ2024/02429
2024 05 28 182/ШШ2024/02429
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .................. байранд байрлах, ЧТ /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б ХХК /РД:........../,
Хариуцагч: Б овогт С.Б /РД:............/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1,030,506,503 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х,
Хариуцагч Б.ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э,
Хариуцагч Б.ХХК-ийн өмгөөлөгч Б.О,
Хариуцагч С.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ЧТ нь хариуцагч Б.ХХК, С.Б-од нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтэд шилжүүлсэн 564,307,866 төгрөг, алданги 466,198,637 төгрөг нийт 1,030,506,503 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны тогтоолоор .......................... дугаар хороодын дунд иргэд, хүүхэд залуучууд, ахмад настанд зориулсан хөгжлийн төв, спорт заал барих 1,500,000,000 төгрөгийн төсвийг баталсан.
Батлагдсан төсвийн хүрээнд энэ ажлын тендер зарласан бөгөөд энэ компани нээлттэй тендерээр ороогүй байдаг. Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас хариуцагчтай шууд гэрээ байгуулахаар Засаг даргын Тамгын газарт зөвлөмж ирүүлсний дагуу ЧТ, хариуцагч Б.ХХК-иас ирүүлсэн 1,496,705,140 төгрөгөөр уг ажлыг хийх саналыг тус тус үндэслэн 2018.01.03-ны өдөр ЧДХААА А/17/058 дугаартай Түлхүүр гардуулах нөхцөлтэй .......................... дугаар хороодын дунд иргэд, хүүхэд залуучууд, ахмад настанд зориулсан хөгжлийн төв, спорт заал барих ажлын гэрээ байгуулсан байдаг.
Гэрээний дагуу хариуцагч Б.ХХК нь дээрх ажлыг 2018.04.03-ны өдрөөс 2018.08.10-ны дотор хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн байсан боловч 2018.12.30-ныг хүртэл, 2019.06.15-ны өдрийг хүртэл тус тус сунгуулсан.
Манай байгууллагын зүгээс 2018.10.16-ны өдөр ажлын эхний санхүүжилт 149,670,514 төгрөг, 2018.10.22-ны өдөр 70,799,654 төгрөг, 2018.12.25-ны өдөр 333,776,941 төгрөгийг Б.ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь ............ тоот дансанд тус тус шилжүүлсэн.
Б.ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2019.04.23-ны өдрийн 3/739, 2019.06.04-ний өдрийн 3/1038 дугаартай албан бичгүүдээр шаардсан бөгөөд 2020.07.27-ны өдрийн 3/1388 дугаартай албан бичгээр хөгжлийн төв спорт заалны барилгын гүйцэтгэл болон чанар маш хангалтгүй, гэрээнд заасан хугацаа дууссан үндэслэлээр талуудын байгуулсан гэрээ цуцлагдсан...
.......................... дугаар хороодын дунд иргэд, хүүхэд залуучууд, ахмад настанд зориулсан хөгжлийн төв, спорт заал барих ажлыг он дамжуулж, удаашруулсан, чанарын шаардлага хангахгүй дутуу үлдээсэн барилгыг үргэлжлүүлэх нөхцөл байдал бий болсон тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасны дагуу гэрээний санхүүжилтэд шилжүүлсэн 564,307,866 төгрөг, гэрээний тусгай нөхцөлд тусгагдсаны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 932,397,274 төгрөгийн 50 хувиар тооцож 466,198,637 төгрөг, нийт 1,030,506,503 төгрөгийг хариуцагч Б.ХХК, түүний хувьцаа эзэмшигч С.Б нараас гаргуулж өгнө үү... гэв.
2.Хариуцагч Б.ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Барилгыг барих боломжгүй нөхцөл үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй...
Барилга баригдах боломжгүй нөхцөл үүсээгүй. Манайх хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс энэ дүгнэлттэй маргаагүй. Хэрвээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаж байсан бол энэ асуудлаар дахин шинжээч томилуулах эрх нь хэргийн оролцогчид нээлттэй байсан. Барилга баригдах боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн гэдэг үндэслэлээр гэрээг цуцалж байгаа нь үндэслэлгүй. Барилга баригдах боломжтой байсан.
Нэхэмжлэгч тал 2020.07.27-ны өдрөөр албан бичигт ажлын доголдолтой, чанаргүй хийсэн, мөн хугацаа хэтрүүлсэн гээд гэрээг цуцалсан байдаг. 2020.07.27-ны өдөр гэрээ цуцлагдсан талаар маргахгүй.
Хэрэгт авагдсан гэрээнд ажлын гүйцэтгэл, чанарын талаар тодорхой заалт байхгүй. Чанарын талаар заагаагүй тохиолдолд Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3-д зааснаар тухайн барилгыг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой, доголдолгүй гэж үзнэ...
Түүнчлэн шинжээч барилгыг барих боломжгүй гэж мэдэгдээгүй, цаашид барилгыг үргэлжлүүлэх боломжтой гэсэн дүгнэлт байгаа. Доголдол болон санхүүжилтийн талаар ярьж байгаа нөхцөлд энээ гэрээ нь баримтын шаардлага хангах талаарх асуудал яригдана. Учир нь гэрээний тусгай нөхцөлүүд байх ёстой. Ерөнхий нөхцөл, тусгай нөхцөл, ажлын төлөвлөгөө, техникийн тодорхойлолт нь гэрээний салшгүй нөхцөл болж байгаа.
Гэтэл хэрэгт энэ талаарх баримт нь байхгүй. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т зааснаар барилгыг баригдах боломжгүй нөхцөл үүсгэж учирсан хохирол гэж шаардаж байна. Учирсан хохирол нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтад байгаа. Учирсан хохирол гэдэг үүрэг гүйцэтгэж гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал, гэмтэл, үүргээ гүйцэтгэсэн бол орох ёстой байсан орлого юм.
Мөн талуудын байгуулсан гэрээ цуцалсан учраас алдангийг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
3.Хариуцагч С.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С.Б нь тухайн үед Б.ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан учраас эрх хэмжээнийхээ хүрээнд ЧТ-тай гэрээ байгуулсан...
С.Б болон Б.ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар төлбөрийг төлж, дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлтээр барилгыг үргэлжлүүлэх боломжтой гэж дүгнэлт гарсан.
Гэрээнд Б.ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан, нэхэмжлэгч талаас компанийн дансанд санхүүжилтийг шилжүүлсэн байдаг учраас нэхэмжилж байгаа мөнгийг төлөх үүрэг хүлээхгүй.
Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
3.Нэхэмжлэгч шаардлагатайгаа холбогдуулан 2022.06.15-ны өдрийн 3/1523 тоот Г.Х-т олгосон итгэмжлэл /хх-ийн 4 х/,
-Улсын бүртгэлийн 00000000 дугаартай гэрчилгээ /хх-ийн 5 х/,
-ЧД ХААА А17/058 тоот Түлхүүр гардуулах нөхцөлтэй Чингэлтэй дүүргийн .................... дугаар хороодын дунд иргэд, хүүхэд залуучууд, ахмад настанд зориулсан хөгжлийн төв, спорт заал барих ажлын гэрээ /хх-ийн 6-7 х/,
-ЧД ХААА А17/058-1 тоот Түлхүүр гардуулах нөхцөлтэй Чингэлтэй дүүргийн .................... дугаар хороодын дунд иргэд, хүүхэд залуучууд, ахмад настанд зориулсан хөгжлийн төв, спорт заал барих ажлын нэмэлт гэрээ /хх-ийн 8 х/,
-ЧД ХААА А17/058-2 тоот Түлхүүр гардуулах нөхцөлтэй Чингэлтэй дүүргийн .................... дугаар хороодын дунд иргэд, хүүхэд залуучууд, ахмад настанд зориулсан хөгжлийн төв, спорт заал барих ажлын нэмэлт гэрээ /хх-ийн 9 х/,
-2019.04.23-ны өдрийн 3/739 тоот Б.ХХК-д хүргүүлсэн албан бичиг /хх-ийн 10 х/,
-2019.06.04-ний өдрийн 3/1038 тоот Б.ХХК-д хүргүүлсэн албан бичиг /хх-ийн 11 х/,
-2020.07.27-ны өдрийн 3/1388 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 12 х/,
-2018.12.25-ны өдрийн №195 тоот Төлбөрийн хүсэлт /хх-ийн 13 х/,
-2018.10.22-ны өдрийн №92 тоот Төлбөрийн хүсэлт /хх-ийн 14 х/,
-2018.10.16-ны өдрийн №91 тоот Төлбөрийн хүсэлт /хх-ийн 15 х/,
-2018.10.12-ны өдрийн №18/188 тоот Б.ХХК-ийн Санхүүжилт хүсэх тухай албан бичиг /хх-ийн 16 х/,
-2019.06.21-ний өдрийн №19/178 тоот Б.ХХК-ийн Гэрээний хугацаа сунгах тухай албан бичиг /хх-ийн 17 х/,
-2023.05.03-ны өдрийн 3/1129 тоот Б.С-д олгосон итгэмжлэл /хх-ийн 67 х/,
-2023.05.18-ны өдрийн 3/1303 тоот Б.С-д олгосон итгэмжлэл /хх-ийн 73 х/,
-2023.09.14-ний өдрийн 3/2238 тоот Г.Х-т олгосон итгэмжлэл /хх-ийн 108 х/,
-Гэрээний тусгай нөхцөл /хх-ийн 214-215 х/ зэрэг баримтуудыг
4.Хариуцагч Б.ХХК нь тайлбар, татгалзалтай холбогдуулан 2022.04.05-ны өдрийн N17 тоот С.Б олгосон итгэмжлэл /хх-ийн 56 х/,
-2023.05.17-ны өдрийн 1/10 тоот Р.М-д олгосон итгэмжлэл /хх-ийн 74 х/,
-2023.08.22-ны өдрийн 1/20 тоот Б.О-т олгосон итгэмжлэл /хх-ийн 88 х/,
-2023.09.19-ний өдрийн 01/29 тоот Т.Э-т олгосон итгэмжлэл /хх-ийн 113 х/,
-2023.09.19-ний өдрийн 26 тоот Т.Э-т олгосон итгэмжлэл /хх-ийн 122 х/,
-2023.10.04-ний өдрийн 01 тоот Р ХХК-тай байгуулсан гэрээ /хх-ийн 123 х/,
-2023.10.10-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны Шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 132 х/,
-Барилгын экспертизийн тайлан /хх-ийн 133-147 х/ зэрэг баримтуудыг,
5.Хариуцагч С.Б нь тайлбар, татгалзалтай холбогдуулан 2023.05.18-ны өдрийн 0913 дугаар Р.М-д олгосон итгэмжлэл /хх-ийн 75-76 х/ зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.
6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2023.01.27-ны өдрийн 182/ШЗ2023/01727 дугаартай Нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Б.ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 53-54 х/-г бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хариуцагч Б.ХХК-иас 554,247,109 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЧТт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 476,259,394 төгрөг болон С.Бод холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч ЧТ нь хариуцагч Б.ХХК, С.Б нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрчсөний улмаас гэрээ цуцлагдсан үндэслэлээр 564,307,866 төгрөг, алданги 466,198,637 төгрөг, нийт 1,030,506,503 төгрөг гаргуулахаар шаардсан.
3.Хариуцагч Б.ХХК нь ...гэрээ цуцлагдсан талаар маргахгүй. Хамгийн гол нь .......................... дугаар хороодын дунд иргэд, хүүхэд залуучууд, ахмад настанд зориулсан хөгжлийн төв, спорт заалыг үргэлжлүүлэн барих боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан, гэрээ цуцлагдсан учраас алданги нэхэмжлэх эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэж,
3.1. Хариуцагч С.Б нь ...компанийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан боловч гэрээний санхүүжилтийг аваагүй. Нэхэмжлэгч талаас компаний дансанд санхүүжилтийг шилжүүлсэн байдаг учраас нэхэмжилж байгаа мөнгийг төлөх үүрэг хүлээхгүй... гэж тус тус маргасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. 2018.01.03-ны өдөр ЧДХААА А/17/058 дугаартай Түлхүүр гардуулах нөхцөлтэй .......................... дугаар хороодын дунд иргэд, хүүхэд залуучууд, ахмад настанд зориулсан хөгжлийн төв, спорт заал барих гэрээ байгуулагджээ.
Энэхүү гэрээгээр захиалагч буюу ЧТ нь Түлхүүр гардуулах нөхцөлтэй .......................... дугаар хороодын дунд иргэд, хүүхэд залуучууд, ахмад настанд зориулсан хөгжлийн төв, спорт заал барих ажлыг 1,496,705,140 төгрөгөөр гүйцэтгэхээр ирүүлсэн тендерийг үүгээр хүлээн зөвшөөрч, уг үнийн дүнг Орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх, Гүйцэтгэгч буюу Б.ХХК нь ажлыг 2018.04.03-наас 2018.08.10-ны өдрийг дуустал хугацаанд барьж өгөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 6-7 х/
Зохигчид ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулсанаар гэрээ хүчин төгөлдөр болсон байх ба талууд дээрх ажлыг гүйцэтгэх гэрээний хугацааг 2018.08.08-ны өдөр ЧДХААА А/17/058-1 дугаартай нэмэлт гэрээ байгуулан 2018.12.30-ны өдрийг хүртэл, 2018.12.31-ний өдөр ЧДХААА А/17/058-2 дугаартай нэмэлт гэрээ байгуулан 2019.06.15-ны өдрийг хүртэл тус тус сунгажээ. /хх-ийн 8, 9 х/
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд дээрх гэрээнүүд нь мөн хуулийн 343 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д тус тус зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон журмын дагуу хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Нэхэмжлэгч нь гэрээний санхүүжилтэд 2018.10.16-нд 149,670,514 төгрөг, 2018.10.25-нд 70,799,654 төгрөг, 2018.12.25-нд 333,776,941 төгрөг, нийт 554,247,109 төгрөгийг хариуцагч Б.ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 49921249 тоот дансанд тус тус шилжүүлж байсан болох нь Төлбөрийн хүсэлт №91, 92, 195 дугаартай баримтууд талуудын тайлбараар тус тус тогтоогдсон. /хх-ийн 13-15 х/
4.2. Зохигчийн байгуулсан дээрх гэрээний 5-д зааснаар гэрээний тусгай нөхцөл, гэрээний ерөнхий нөхцөл, техникийн тодорхойлолт, ажлын төлөвлөгөө нь 2018.01.03-ны өдөр ЧДХААА А/17/058 дугаартай гэрээний салшгүй хэсэг байхаар тусгасан байх боловч хэн аль нь эдгээр баримтууд хэнд нь ч байхгүй, олдохгүй байгаа гэж тайлбарлан шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй.
Гэвч талууд хэн аль нь 2018.01.03-ны өдөр .......................... дугаар хороодын дунд иргэд, хүүхэд залуучууд, ахмад настанд зориулсан хөгжлийн төв, спорт заал барих ажлыг хийх гүйцэтгэхээр ЧДХААА А/17/058 дугаартай гэрээ байгуулагдсан. Гэрээний хугацааг 2019.06.15-ны өдрийг хүртэл сунгаж, 2018.08.08-ны өдөр ЧДХААА А/17/058-1, 2018.12.31-ний өдөр ЧДХААА А/17/058-2 дугаартай нэмэлт гэрээнүүд байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээ цуцлагдсан талаар болон 2018.10.16-ны өдрөөс 2018.12.25-ны өдрийг хүртэл хугацаанд санхүүжилт өгч, авсан талаар тус тус маргаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ. /хх-ийн 12, 13, 14, 15 х/
5.Харин маргаан нь талуудын хийж гүйцэтгэсэн ажлын хугацаа болон гэрээний санхүүжилтэд шилжүүлсэн 564,307,866 төгрөг, алданги 466,198,637 төгрөг, С.Б хариуцагч мөн эсэх талаар байх тул энэ шүүх энэ талаар дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.
5.1. Гэрээний санхүүжилтэд шилжүүлсэн 564,307,866 төгрөг гаргуулах шаардлагын тухай
Захиалагч ЧТ нь 2019.04.23-ны өдрийн 3/739 дугаартай албан бичгээр ...барих ажил 2019.06.15-ны өдөр хийгдэж дуусахаар гэрээ байгуулагдсан ба барилгын ажил гүйцэтгэх улирал эхэлсэн боловч одоог хүртэл байрилгын ажил эхлээгүй байна. 2018 онд гэрээ байгуулснаас хойш удаа дараа барилгын явцад захиалагчийн зүгээс хяналт тавихад хүн хүчний хувьд дутмаг, чанар, хийц, хөдөлмөрийн аюулгүй байдал хангалтгүй, ажлын графикт хугацаанаасаа хоцролттой зэрэг зөрчлүүд байсан. Цаашид гэрээний хугацаанд багтаан чанартай гүйцэтгэж дуусгаагүйгээс гарах төлбөрийг танай байгууллага бүрэн хариуцахаас гадна барилгын ажлыг 2019.04.25-ны дотор эхлүүлээгүй, дээрх зөрчил дутагдлыг арилгахгүй... тохиолдолд гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авахыг мэдэгдэж байна гэсэн шаардлагыг,
2019.06.04-ны өдрийн 3/1038 дугаартай албан бичгээр ...ажлыг 2019.06.15-ны өдөр хийгдэж дуусахаар гэрээний нэмэлт хийгдсэн ч одоог хүртэл барилгын ажил эхлээгүй байна.
...барилгын ажлыг 2019.04.25-ны өдрийн дотор эхлүүлэхийг захиалагчийн зүгээс шаардсан шаардлагыг биелүүлээгүй, гүйцэтгэгч мэдэгдэл авснаас хойш 14 хоногийн дотор зөрчил, дутагдлыг арилгаагүй тул гэрээ цуцлах болсныг үүгээр мэдэгдэж байна гэсэн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг,
2019.07.27-ны өдрийн 3/1388 дугаартай албан бичгээр ...өнөөдрийн байдлаар тус хөгжлийн төв, спорт заалны барилгын гүйцэтгэл болон чанар маш хангалтгүй, гэрээний хугацаа дууссан байх тул гэрээ цуцалсныг үүгээр мэдэгдье... гэсэн мэдэгдлийг тус тус гүйцэтгэгч Б.ХХК-д хүргүүлснээр талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ цуцлагджээ. /хх-ийн 10, 11, 12 х/
Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1-д хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно гэж заасан.
Талуудын хооронд байгуулсан 2018.01.03-ны өдрийн ЧДХААА А/17/058, 2018.08.08-ны өдрийн ЧДХААА А/17/058-1, 2018.12.31-ний өдрийн ЧДХААА А/17/058-2 дугаартай нэмэлт гэрээгээр гүйцэтгэгч Б.ХХК нь гэрээгээр тохирсон ажлыг 2019.06.15-ны өдөр ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгөхөөр хугацаа тогтоож, үүрэг хүлээсэн байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаарын зүйлийн 208.1, 222 дугаар зүйлийн 222.1.1-д тус тус заасны дагуу хариуцагч Б.ХХК нь дээрх нэмэлт гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд гүйцэтгэх үүргээ зөрчсөн, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй. Мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 222.4-т үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх боломжтой боловч гүйцэтгэгч Б.ХХК-ийн зүгээс үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй шалтгаан, үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан талаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Хариуцагч Б.ХХК нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас олгосон нийт 554,247,109 төгрөгийн санхүүжилтийг .......................... дугаар хороодын дунд иргэд, хүүхэд залуучууд, ахмад настанд зориулсан хөгжлийн төв, спорт заал барих ажлын гүйцэтгэлд зарцуулсан, уг барилгыг барьж дуусгах боломжтой байсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан гэж тайлбарлаж, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийн Оношлогоо, зураг төсөл, судалгааны Р төвийн 2023.10.23-ны өдрийн оношлогоог нотлох баримтаар гаргаж өгсөн. /хх-ийн 133-141, 142-147 х/
Дээрх оношлогоо нь иргэд, хүүхэд залуучууд, ахмад настанд зориулсан хөгжлийн төв, спорт заалны барилгын каркасын угсралтын ерөнхий төлөв байдлыг үнэлэх зорилгоор хариуцагч нарын хүсэлтээр хийгджээ.
Энэхүү оношлогооны судалсан материал хэсэгт Иргэд, хүүхэд залуучууд, ахмад настанд зориулсан хөгжлийн төв, спорт залын барилга-ын зураг төсөл. Мөнх Инж Констракшн ХХК. 2017. Зургийн шифр МИК-21/2018.1 гэж дүгнэсэн байна. Гэтэл энэ Мөнх Инж Констракшн ХХК. 2017. Зургийн шифр МИК-21/2018.1 гэсэн зураг зохигчийн хэнд нь ч байхгүй алга болоод олдохгүй байгаа гэж тайлбарлаж байхад хаанаас судалж, барилгын төмөр бетон каркасын бүтээцүүдийн геометр хэмжээ зураг төслийн дагуу хийгдсэн гэж дүгнэсэн нь тодорхойгүй.
Мөн энэ оношлогоогоор иргэд, хүүхэд залуучууд, ахмад настанд зориулсан хөгжлийн төв, спорт заалны ерөнхий төлөв байдлын талаар гүйцэтгэгчээс өгсөн санхүүжилт бүрэн зарцуулагдсан эсэх талаар харагдахгүй байх тул шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлд ажил гүйцэтгэх гэрээг тодорхой үндэслэлээр цуцлах талаар зохицуулсан ба хэрэв гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд тус хуулийн 225 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй бөгөөд гүйцэтгэгч Б.ХХК нь гэрээгээр тохирсон ажлыг үндсэн гэрээ болон нэмэлт гэрээнүүдэд тусгагдсан хугацаанд хийж гүйцэтгэх үүргээ зөрчсөн үндэслэлээр захиалагч ЧТ нь санхүүжилтэд шилжүүлсэн 554,247,109 төгрөгийг нэхэмжилж байгааг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Түүнчлэн түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн, талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусч, захиалагч гэрээг цуцалсан, спорт заалны дутуу баригдсан барилгыг хүлээн авахаас татгалзаж байгаа, түүнд хариуцагч Б.ХХК-ийн одоогийн гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдолгүй болсон гэж тайлбарлаж байх тул хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцах үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтэд 564,307,866 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэж нэхэмжилж байгаа боловч хэрэгт авагдсан 2018.10.16-ны өдрийн 91, 2018.10.25-ны өдрийн 92, 2018.12.25-ны өдрийн 195 дугаартай Төлбөрийн хүсэлт гэсэн баримтуудаар нийт 554,247,109 төгрөгийг хариуцагч Б.ХХК-д шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул энэхүү шаардлагаас 10,060,757 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
5.2. С.Бод холбогдох шаардлагын тухай
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээхээр зохицуулсан.
Хэрэгт авагдсан Б.ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 53-54 х/-гаар С.Б, А.А, Ж.Г, Т.Э гэсэн 4 хувьцаа эзэмшигчтэй тус бүр 25 хувийн энгийн хувцааг эзэмшдэг болох нь тогтоогдож байна.
Дээрх зохицуулалтаар хариуцагч С.Б нь өөрийн эзэмшлийн 25 хувийн хувьцаа болох 37,500,000 төгрөгийн хэмжээгээр захиалагчийн өмнө хариуцлага хүлээхээр байх боловч 2018.01.03-ны өдөр Б.ХХК-ийг төлөөлөн ЧДХААА А/17/058 дугаартай Түлхүүр гардуулах нөхцөлтэй .......................... дугаар хороодын дунд иргэд, хүүхэд залуучууд, ахмад настанд зориулсан хөгжлийн төв, спорт заал барих гэрээ-г хувьцаа эзэмшигчийн хувьд бус гүйцэтгэх удирдлагын хувьд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэлцэл хийж, гэрээ байгуулсан байх тул шүүхээс түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
6.Алданги 466,198,637 төгрөг гаргуулах шаардлагын тухай
6.1.Нэхэмжлэгч нь алданги 466,198,637 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй гэж тайлбарласан бол хариуцагч Б.ХХК талуудын байгуулсан гэрээ 2020.07.27-ны өдөр цуцлагдсан тул алдангийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 227 дугаар 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.
Нэхэмжлэгч нь 2020.07.20-ны өдөр хариуцагч Б.ХХК-д 3/1388 тоот ...өнөөдрийн байдлаар тус Хөгжлийн төв, спорт заалны барилгын гүйцэтгэл чанар маш хангалтгүй, гэрээний хугацаа дууссан байх тул гэрээ цуцалсныг үүгээр мэдэгдье... гэсэн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн талаар зохигч маргаагүй.
Нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусч, гэрээ цуцлагдсан, маргаан бүхий спорт заалыг 5,1 тэрбум төгрөгөөр дахин шинээр барихаар болсон учраас гэрээний тусгай нөхцөлд тусгагдсаны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 932,397,274 төгрөгийн 50 хувиар тооцож 466,198,637 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй.
Хэдийгээр нэхэмжлэгч гэрээ цуцласантай холбоотой хохирол шаардах эрхтэй боловч алданги нь хохиролд хамаарахгүй, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа гэдгийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан бөгөөд энэ нь гэрээний гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх этгээд хугацаа хэтрүүлсэн, хугацаа хэтрүүлж гүйцэтгэсэн үүргийг хүлээн авсан тохиолдолд гэрээнд заасан алданги төлөх үүрэг хүлээдэг.
Гэвч зохигчийн байгуулсан гэрээ цуцлагдснаар хариуцагч Б.ХХК нь нэхэмжлэгчид алданги төлөх үүрэггүй. Мөн нэхэмжлэгчийн алданги шаардах үндэслэл болсон Гэрээний тусгай нөхцөл гэх баримт нь талуудын хооронд 2018.01.03-ны өдөр байгуулагдсан ЧДХААА А/17/058 дугаартай гэрээний салшгүй хэсэг гэдэг нь тогтоогдохгүй байх тул алданги төлөхөөс татгалзаж байгаа хариуцагч Б.ХХК-ийн татгалзлыг шүүх үндэслэл бүхий гэж үзнэ.
Иймээс шүүх дээрх үндэслэлээр Б.ХХК-иас 554,247,109 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЧТт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас С.Бод болон 476,259,394 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
7.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.ХХК-иас 2,929,186 гаргуулан улсын орлогод хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355.1-д заасныг баримтлан хариуцагч Б.ХХК-иас 554,247,109 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЧТт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас С.Бод болон 476,259,394 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.ХХК-иас 2,929,186 гаргуулан Улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА