Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/440

 

      2022             4              27                                       2022/ДШМ/440                                 

 

      С.Гад холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гансүлд,

шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор С.Гад холбогдох эрүүгийн 2102002850236 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            С.Г

 

            Шүүгдэгч С.Г нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн их эмч, Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн нэгдүгээр тасгийн их эмчээр ажиллаж байхдаа:

            Эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан “Хүний их эмчийн тангараг” болон Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 264/А/293 дугаартай “Төлбөрийн жишиг хэмжээ, журам батлах тухай” тушаалын 2 дугаар хавсралтын 3.1 дэх хэсэгт “Эмч, эмнэлгийн ажилтанд дараах зүйлсийг хориглоно”, 3.1.3 дахь заалтад “үйлчлэгчээс үйлчилгээний төлбөр хураан авах” гэснийг,

            Эрүүл мэндийн сайдын 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн А/406 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэг “Үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой байхад ашиг сонирхлын үүднээс төлбөр авах, өөр эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхийг албадах, санал болгох, эмчээ сонгоход нөлөөлөхгүй, шаардлагагүй тусламж үйлчилгээг зааварчлах, үзүүлэхгүй байх” гэснийг, мөн 4.1.4 дэх хэсэгт “Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлэгчээс авилга, хандив, албан бус төлбөр авахгүй, хууль тогтоомжид зааснаас бусад төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх” гэснийг 8.2 дахь хэсэг “Эмнэлгийн мэргэжилтэн мөрдөгдөж буй эрх зүй, ёс зүйн баримт бичгүүдийн заалтыг чанд баримтлан ажиллана” гэснийг,

            Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн ерөнхий захирлын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 315/А тушаалаар батлагдсан “Гэмтэл согог судлалын үндэсний төвийн төлбөртэй тусламж, үйлчилгээний журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан “үйлчлүүлэгчээс энэ журамд зааснаас өөр төлбөр авах болон энэ журмын 3.2 дахь хэсэгт зааснаас өөр журмаар төлбөр авахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж,

            2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвд зүүн хөлийн шилбэний мэс засалд орж, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тус төвийн насанд хүрэгсдийн гэмтэл согогийн нэгдүгээр тасагт зүүн хөлийн шилбэний хадаас авах мэс засалд орохоор хэвтсэн М.Мт түүний ашиг сонирхлын үүднээс Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд зааснаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд өөрийн эзэмшлийн Хаан банкны 5540372625 тоот дансаар дамжуулан 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 500.000 төгрөгийн, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 300.000 төгрөгийн буюу нийт 800.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

              Нийслэлийн прокурорын газраас: С.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс 6 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Гад оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоолд хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч С.Гаас 800.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан үндэслэлээр хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгчийн зүгээс гэрч асуулгах, нотлох баримтууд авахуулах, мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэж өөрт холбогдох хэрэгт шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаануудыг хийлгэж байж шүүхээр эцэслэн хэлэлцүүлж өгөөч гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргасан ч шүүх хүсэлтийг хангахгүйгээр дутуу үйл баримтад дүгнэлт хийн шүүх хурлаар эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл бий болсон. Шүүгдэгч С.Гыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх гарцаагүй нотлох баримтгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй мөрдөгч, прокурорын хэт нэг талыг барьж цуглуулсан үйл баримтад тэгсэн байх гэх ойлголт, дотоод үнэмшлээр хэргийг шийдвэрлэсэн. Нэгэнт хэрэгт дутуу үйл баримт болох С.Гыг 2018 он, 2020 онд тухайн эмнэлэгт эмчлэгч эмчээр ажиллаж байсан, 2018 онд хохирогч Мээс 500.000 төгрөгийг хэрхэн ямар зорилгоор ямар байдлаар авсан, Мын нөхөр К.Б гэгч хэн бэ, уг гэрч хэрэг гарах цаг хугацаанд уг эмнэлэгт байсан эсэх, үнэхээр энэ гэрч тухайн цаг үед талийгаачтай хамт нэг эмнэлэгт хэвтэж байсан бол яагаад шилжүүлгийг өөрийн нэрээр утгачилж бичиж шилжүүлсэн, талийгаачийн даалгавраар мөнгө шилжүүлж байгаа бол түүний нэрийг утга дээр бичиж байсан, талийгаачийн аав М, эгч М нарын хахуульд өгсөн мөнгийг талийгаачид дансаар бэлнээр гэж янз бүрээр ярьж байгаа мэдүүлгүүдийн зөрүү арилаагүй, гэрчүүд шүүх хуралд оролцоогүй, талийгаачийн мөнгө өгсөн гэх цаг хугацаатай тохирохгүй эргэлзээтэй асуудлууд их байсан гээд мөрдөн байцаалтаар дахин тодруулах нэмж хийлгэхээр буцаагаагүй. Эрүүгийн хэрэгт шүүгдэгчийг буруутгаж буй гол нотлох баримт нь талийгаач талын гэрчүүд ба талийгаачийн 2018, 2020 онуудын аль ч цаг үед хамт байгаагүй хүмүүсийг гэрчээр асуун улмаар тэдгээрийн мэдүүлгийг хэрэгт шүүгдэгчийг яллах гол нотлох баримтаар үнэлэн яллаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1, 16.3, 16.11 дүгээр зүйлүүдэд заасан заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн шүүх хурлын үеэр Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтанд, дүүргийн Цагдаагийн газарт мөрдөн байцаалтын ажиллагаанд байгаа талийгаач М.М нь амь хохирсон гэх үндсэн эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа талаар яригдсанд прокуророос уг хэрэгт С.Г уг хэргийн гэрч сэжигтэн оролцогч мөн эсэх талаар тодруулсан ч ямар нэгэн баримт гаргаагүй хэрэгт байхгүй байхад шүүх асуултаар асуугаад шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн нэг дор хэргүүд нэмж нэгтгүүлснээр хуулинд заасан эрх зүйн байдлаа дордуулахгүй шийдүүлэх боломжтой заалт хэрэгжихгүй байж болзошгүй гэж үзсэн. С.Г нь талийгаачийг эмчилж байсан ч мөнгө өг гэж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэх гэмт хэргийн субъектив шинжийг бүрэн агуулсан гэх хуульд нийцээгүй, хохирогч тал хүнээ алдаад эмч, эмнэлгийг буруутгасан үйлдэлдээ С.Гыг гүтгэж буй асуудал гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Гад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2018 онд 500.000 төгрөг намайг авсан талаар яригдаж байна. Энэ 500.000 төгрөгийг миний зүгээс үгүйсгэж байгаа. Хавтаст хэрэгт К.Б гэдэг хүнээс өгсөн гэсэн байсан. К.Б гэдэг хүнийг болон гомдол гаргасан талтай ямар хамааралтай талаар огт мэдэхгүй. 300.000 төгрөгийг хохирогч миний ажлын байранд орхиод явсан байсан, буцааж өгөх боломж гарахгүй байсаар ар гэрийнхэнтэй нь эмнэлгийн гадаа уулзаад буцааж өгсөн. Хүний орхигдуулсан эд хөрөнгийг буцааж өгсөн, мөнгө нэхсэн асуудал огт байхгүй. Талийгаачийн хувьд унтуулгын бодисын харшил буюу химийн бодисын харшлын улмаас нас барсан. Би мэс заслын эмч, мэдээ алдуулах, мэдээгүйжүүлэлтийн эмч биш.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч огт хийгээгүй үйлдлийнхээ төлөө ял авлаа гэж үзэн гомдол гаргасан. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангаагүй. Гэрч гэх хүмүүсийн мэдүүлгүүд зөрүүтэй. Гэрч н.М нас барсан учраас мэдүүлэг өгөх боломжгүй гэтэл н.Мн таамгаар хэлсэн эргэлзээ бүхий зүйлсийг хэргийн гол нотлох баримтаар үнэлсэн. Талийгаачийн аав М, мөнгө зээлсэн гэх эгч М нар нь хахуульд өгсөн мөнгийг талийгаачид дансаар, бэлнээр өгсөн гэж янз бүрээр мэдүүлсэн мэдүүлгийн зөрүүг арилгаагүй. Шүүгдэгч С.Гыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх гарцаагүй нотлох баримтгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй бөгөөд мөрдөгч, прокурорын хэт нэг талыг барьж цуглуулсан зэргээр хэрэгт нотлох баримтууд дутуу авагдсан гэж үзэж байна. Дээрх нөхцөлүүдийг бүрэн тодруулалгүйгээр шүүгдэгч С.Гыг 500.000 төгрөгийн хахууль авсан гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай. Мөн Мын нөхөр К.Б гэгч хэн бэ, уг гэрч хэрэг гарах цаг хугацаанд уг эмнэлэгт байсан эсэх, үнэхээр энэ гэрч тухайн цаг үед талийгаачтай хамт нэг эмнэлэгт хэвтэж байсан бол яагаад шилжүүлгийг өөрийн нэрээр утгачилж бичиж шилжүүлсэн, талийгаачийн даалгавраар мөнгө шилжүүлж байгаа бол түүний нэрийг утга дээр бичих байсан.” гэв.

 

Прокурор Ц.Гансүлд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч С.Г болон түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нар “гэрчүүдийн мэдүүлгүүд зөрүүтэй, таамагласан байдлаар өгсөн мэдүүлгийг үндэслэж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан” гэж гомдолдоо дурдсан байна. Энэ хэрэг анх Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст ирсэн дуудлага, мэдээллийн дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд зааснаар эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон байж болзошгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх үед С.Г эмч нь амь хохирогч Мээс хахуулийн шинжтэй мөнгө авсан байж болзошгүй үндэслэлээр харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан. Өмгөөлөгч гомдолдоо гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй гэдэг. Гэтэл гэрчүүдийн мэдүүлэгт ямар нэг зөрүүтэй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 2018 оны 5 дугаар сард М нь хөлөө гэмтээж Гэмтэл согог судлалын үндэсний төвд С.Г эмчээр мэс засал хийлгэж, эмчлүүлсэн байдаг. Энэ үед Мтэй хамт М гэж хүн хэвтэж байсан, М нь Мын нөхөр К.Бийн дансаар дамжуулж С.Гын данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн талаар К.Б нь мэдүүлсэн байдаг. Мөн хэрэгт С.Г, К.Б, М нарын дансны хуулга авагдсан байгаа. Эдгээр дансны хуулганууд нь гэрчүүдийн мэдүүлгийг давхар нотолж байгаа юм. 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр К.Бийн данснаас С.Гын дансруу 500.000 төгрөг орсон байдаг. Уг 500.000 төгрөг ямар учраас С.Гын данс руу орсон талаар Мийн төрсөн эцэг М, төрсөн эгч М нар С.Г эмч Мээс 500.000 төгрөг шаардсан, мөнгийг Мгаас авч өгсөн талаар мэдүүлсэн. Мөн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр М зүүн хөлний хадаасаа авахуулах зорилгоор Улаанбаатар хотод ирж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлсэн байдаг. Ингэхдээ мөн С.Г эмчийн хараа хяналтад хагалгаанд орохдоо бэлдэж байх явцад С.Г эмчийг 300.000 төгрөг өг гэсэн шаардлагын дагуу хамт ирсэн Тогоохүү гэх эгчээсээ 200.000 аван өөрт байсан 100.000 төгрөгийг нэмж С.Гын данс руу шилжүүлсэн ба энэ гэрч Тогоохүү, М, М нарын мэдүүлгээр нотлогддог. Иймд С.Г нь Мээс эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ хариуд 800.000 төгрөгийг шаардаж, хахууль авсан нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

              Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч С.Гыг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн их эмч, Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн нэгдүгээр тасгийн их эмчээр ажиллаж байхдаа Эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан “Хүний их эмчийн тангараг” болон Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 264/А/293 дугаартай “Төлбөрийн жишиг хэмжээ, журам батлах тухай” тушаалын 2 дугаар хавсралтын 3.1 дэх хэсэгт “Эмч, эмнэлгийн ажилтанд дараах зүйлсийг хориглоно”, 3.1.3 дахь заалтад “үйлчлэгчээс үйлчилгээний төлбөр хураан авах” гэснийг, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн А/406 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэг “Үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой байхад ашиг сонирхлын үүднээс төлбөр авах, өөр эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхийг албадах, санал болгох, эмчээ сонгоход нөлөөлөхгүй, шаардлагагүй тусламж үйлчилгээг зааварчлах, үзүүлэхгүй байх” гэснийг, мөн 4.1.4 дэх хэсэгт “Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлэгчээс авилга, хандив, албан бус төлбөр авахгүй, хууль тогтоомжид зааснаас бусад төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх” гэснийг 8.2 дахь хэсэг “Эмнэлгийн мэргэжилтэн мөрдөгдөж буй эрх зүй, ёс зүйн баримт бичгүүдийн заалтыг чанд баримтлан ажиллана” гэснийг, Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн ерөнхий захирлын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 315/А тушаалаар батлагдсан “Гэмтэл согог судлалын үндэсний төвийн төлбөртэй тусламж, үйлчилгээний журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан “үйлчлүүлэгчээс энэ журамд зааснаас өөр төлбөр авах болон энэ журмын 3.2 дахь хэсэгт зааснаас өөр журмаар төлбөр авахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвд зүүн хөлийн шилбэний мэс засалд орж, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тус төвийн насанд хүрэгсдийн гэмтэл согогийн нэгдүгээр тасагт зүүн хөлийн шилбэний хадаас авах мэс засалд орохоор хэвтсэн М.Мт түүний ашиг сонирхлын үүднээс Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд зааснаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд өөрийн эзэмшлийн Хаан банкны 5540372625 тоот дансаар дамжуулан 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 500.000 төгрөгийн, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 300.000 төгрөгийн буюу нийт 800.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

              Анхан шатны шүүх шүүгдэгч С.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс 6 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанар, түүний хувийн байдалд тохироогүй байна гэж үзэв.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж тус тус заасан бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүрт зайлшгүй хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

 

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд учруулж буй хор уршиг, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

 

Шүүгдэгч С.Гын хувьд, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн их эмч, Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн нэгдүгээр тасгийн их эмчээр ажиллаж байхдаа хоёр удаагийн үйлдлээр өвчтөнөөс хахууль авсан, үйлдсэн гэмт хэрэгтээ огт гэмшээгүй, өөрийнхөө үйлдлийг үгүйсгэсэн шинжтэй тайлбар болон гомдлыг гаргаж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гад 2 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 6 сарын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн үндэслэлийг хянахад, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн ямар шинж чанарыг харгалзсан, ямар нөхцөл байдал гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн, яагаад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жил хүртэл хугацаагаар хасаж 2.700 нэгжээс -14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял зэргийг оногдуулахаас хамгийн бага ял буюу 2 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 6 сарын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэх хууль зүйн үндэслэл бий болсон талаараа анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчжээ. Энэхүү зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Анхан шатны шүүх өвчтөний ашиг сонирхлын үүднээс Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд зааснаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд өвчтөнөөс хахууль авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч С.Гад 2 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 6 сарын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа энэ төрлийн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг бодитой үнэлж, дүгнээгүй байх тул шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Гад холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хүртэл С.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                           М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ  

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ