Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2016/0173

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Уургач овогт Ж*******ийн Э******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ...Ж.Э*******ыг 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх тухай 268 дугаар тушаалаар албан тушаалаас чөлөөлснөөс хойш бололцооны дагуу ажилд томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, бололцооны дагуу зохих албан тушаалд томилохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад даалгуулах, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх ажилгүй байсан цалинг өмнөх аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаал ТЗ-9-5 зэрэглэлийн 751.488 төгрөгийн үндсэн, зэрэг дэвийн нэмэгдлийг 20 хувь, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 25 хувиар тооцон олгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э*******, хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Э******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Ж.Э******* миний бие Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зарласан Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын ажлын байрны сонгон шалгаруулалтад 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр орж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар тогтоолыг үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 159 дүгээр тушаалаар Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргаар томилогдон 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ажилласан.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх тухай 268 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Төрийн албаны зөвлөлд дээрх асуудлаар өргөдөл өгсөн бөгөөд түүний хариуг аваад 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга асан Д.Батмөнхтэй уулзахад Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга болох хүсэлт надад тавьсныг Ж.Э******* миний бие хүлээн зөвшөөрч ашиг сонирхлын мэдүүлэг авахаар Авилгатай тэмцэх газарт хандсаны дагуу хариу нь 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 03/7182 дугаар албан бичгээр ирсэн.

Авилгатай тэмцэх газраас ирсэн албан бичигт дурдсан асуудалд хамааралгүй болох тухай аймгийн прокурорын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 236 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга асан Д.Батмөнхөд 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн. Энэ хугацаанд Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга томилогдоогүй байсан бөгөөд удалгүй тушаал гаргана гэсэн хариуг Д.Батмөнх дарга өгсөн.

Үүний дараагаар өөрийн биеэр дахин уулзахад шадар сайд Тэрбишдагва өөр хүн томил гээд байна та хүлээж бай гэсэн.

Тэр хүн нь удирдах ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй иргэн байсан. Ажилд томилоогүй болохоор нь 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Төрийн албаны зөвлөлд дахин гомдол гаргасан. Гомдлынхоо хариуг 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 66 дугаар тогтоолоор Төрийн албаны зөвлөлөөс авсан. Төрийн албаны зөвлөлийн хариу албан бичгүүдэд Мэргэжлийн хяналтын газрын буруу байна ажлын байраар ханга гэсэн байдаг.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга шинээр томилогдсонтой холбоотойгоор 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр газрын дарга Ш.Раднаасэдэд өргөдөл өгсөн. Өргөдлийнхөө хариуг 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гардан авсан болно.

Өнөөдрийн байдлаар Өвөрхангай, Орхон аймгуудын Мэргэжлийн хяналтын газрын даргаар түр орлон гүйцэтгэгч ажиллаж байна. Гэтэл Ж.Э******* би Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар тогтоолоор удирдах ажилтны нөөцөд бүртгэлтэй байсаар байтал дээрх газруудын даргын албан тушаалд томилохгүй байна.

Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчин, ажлаар хангах бүрэн боломжтой байхад санаатайгаар ажлаар хангахгүй байгаа болно.

Ж.Э******* миний бие ямар нэгэн алдаа дутагдал гаргаж ажлаас халагдаагүй бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын буруутай үйл ажиллагаанаас болж ажлаасаа чөлөөлөгдсөн.

Иймд Ж.Э******* намайг өмнөх албан тушаалын цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу удирдах албан тушаалд томилуулах шийдвэр гаргахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад даалгах, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э******* 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр түс шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:

...Ж.Э******* нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх тухай 268 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ийнхүү албан тушаал чөлөөлөгдсөнөөс хойш түүнийг мэргэжил мэргэшлийн дагуу урьд авч байсан цалин хөлсийг нь бууруулахгүйгээр бусад аймгийн Мэргэжлийн хяналтын даргын албан тушаалд томилох сул орон тоо байсаар байтал өнгөрсөн хугацаанд зохих сонгон шалгаруулалтад орж, хуулийн дагуу төрийн албанд ажиллах эрх нь үүссэн Ж.Э*******ыг томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус гэж үзэж байна.

Иймд Ж.Э******* намайг 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх тухай 268 дугаар тушаалаар ажлаас чөлөөлснөөс хойш өмнөх албан тушаалын цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу удирдах албан тушаалд томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалтай адилтгах түвшний албан тушаалд томилох шийдвэр гаргахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад даалгах, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Ж.Э*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э******* 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:

...Ж.Э******* намайг 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх тухай 268 дугаар тушаалаар албан тушаалаас чөлөөлснөөс хойш бололцооны дагуу ажилд томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, бололцооны дагуу зохих албан тушаалд томилохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгуулж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх ажилгүй байсан цалинг өмнөх аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаал ТЗ-9-5 зэрэглэлийн 751.488 төгрөгийн үндсэн, зэрэг дэвийн нэмэгдлийг 20 хувь, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 25 хувиар тооцон олгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.О******* нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Ж.Э******* нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 159 дүгээр тушаалаар Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэгт ажилд томилогдсон байна.

Гэвч Ж.Э******* нь өмнө Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Н.Цэвэгдэоржийг ажилд нь эгүүлэн томилох шүүхийн шийдвэр гарсан тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын Шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх тухай 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 268 дугаар тушаалаар Н.Цэвэгдоржийг Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэгт ажилд томилж, Ж.Э*******ыг мөн өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Тухайлбал, Н.Цэвэгдорж нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 16 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд гаргасан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 280 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 62 дугаар магадлал, Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 51, 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 60 дугаар тогтоолуудаар Н.Цэвэгдоржийг ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гарсан.

Ж.Э******* нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 268 дугаар тушаалын 1, 4 дэх заалтууд нь иргэн миний эрх ашгийг зөрчиж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын буруутай үйл ажиллагаанаас болж ажлаасаа чөлөөлөгдсөн тул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын адил зиндааны ажил өгөх ёстой. Иймд төрийн албан хаагчийн эрх ашгийг хамгаалж Ж.Э******* надад урьд өмнө эрхэлж байсантай адил хэмжээний ажил олгох шийдвэр гаргаж өгнө үү. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 268 дугаар тушаалын 1, 4 дэх заалтыг Төрийн албаны тухай хуулийн дагуу хүчингүй болгож өгнө үү гэсэн өргөдлийг Төрийн албаны зөвлөлд 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гаргасан байдаг.

Үүнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс манай газарт 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн Өргөдөл шилжүүлэх тухай албан бичгээр Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд Н.Цэвэгдоржийг томилсон, чөлөөлсөнтэй холбоотой маргаан холбогдох шүүхийн байгууллагад хянан шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэрийн хэрэгжилт явагдаж байх хугацаанд тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, Ж.Э*******ыг томилсон нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын эрх бүхий албан тушаалтнуудын буруутай шийдвэр байна. Ж.Э*******ын өргөдлийг Төрийн албаны тухай хууль болон холбогдох эрх зүйн актын хүрээнд хянан шийдвэрлэж хариуг Ж.Э*******т өгөх үүрэг чиглэл өгсний дагуу Ж.Э*******ыг Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд томилох саналыг Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарт хүргүүлсний зэрэгцээ Ж.Э*******ын хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлгийг хянуулахаар Авилгатай тэмцэх газарт 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2/2482 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

Авилгатай тэмцэх газраас 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн Хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлгийн тухай 03/7182 дугаар албан бичгээр ...Ж.Э******* нь нийтийн албанд болон Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байхдаа байгууллагын төсвөөс 3.220.000 төгрөгийг бусадтай бүлэглэн завшсан гэх үйлдэлд тус аймгийн Цагдаагийн газраас 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Иймд Ж.Э*******т холбогдох эрүүгийн хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байхад түүнийг Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болж байгаа тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дах хэсэгт заасан үүргийг хэрэгжүүлэн ажиллана уу гэсэн хариу ирсэн учраас томилгоо хийгдээгүй байна.

Мөн Төсвийн шууд захирагч буюу ерөнхий менежерийн албан тушаалын сул орон тоонд удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг зарлан явуулахаар Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмаар зохицуулсан байдаг. Уг журмын 40 дүгээр зүйлд Удирдах албан тушаалтын нөөцийн жагсаалтанд бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд энэ журмын 39 дүгээр зүйлд заассан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй. Харин өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдөөнөөс өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл сонгон шалгаруулалтад дахин орно гэж заасан.

Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газар энэ журмыг удирдлага болгож, Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг 2014 оны 12 дугаар сард нийтэд зарлаж, зохион байгуулсан ба сонгон шалгаруулалтын тайланг 2015 оны 01 дүгээр сард хэлэлцэн хамгийн өндөр оноо авсан Б.Сүнгээг 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн байна.

Ж.Э******* нь Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтад орж өрсөлдөх эрх нь нээлттэй байсан боловч ороогүй учраас энэ албан тушаал томилох боломжгүй байгаагаа түүнд албан бичгээр хариу өгсөн.

Ж.Э******* нь Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар томилон ажиллуулах хүсэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэдэд 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр дахин гаргасан байдаг бөгөөд уг албан тушаалд сонгон шалгаруулалтын дүнгээр өөр хүн нэгэнт нэр дэвшсэн учраас хүсэлтийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар хариу өгсөн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Ж.Э*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Иргэн Ж.Э******* нь 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орсон бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар тогтоолын 1-д Ж.Э*******, О.Золзаяа, П.Ариунцэцэг нар нь Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн тул тус газрын даргын албан тушаалд томилогдох удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэсүгэй гэж зааснаар Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд томилогдох удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэгджээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 159 дүгээр тушаалын 1-д Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад орж хамгийн өндөр оноо авч нэр дэвшсэн Ж*******ийн Э*******ыг 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэгт ажилд томилсугай гэж заасны дагуу Архангай аймгийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын албан тушаалд Ж.Э******* томилогдсон байна.

Улмаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 268 дугаартай Шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх тухай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дах хэсэг, 28 дугаар зүйлийн 28.2.2 дахь заалт, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.5 дах заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2 дах заалт, 40 дүгээр зүйлийн 40.2, 43 дугаар зүйлийн 43.2 дах хэсэг, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 280 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2014 оны 62 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 51, 60 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Ж.Э*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Н.Цэвэгдоржийг аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргаар томилон, Ж.Э*******ыг мэргэжлийн дагуу ажлын байраар хангахыг Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Цэвэгдоржид даалгажээ.

Дээрх тушаалыг нэхэмжлэгч Ж.Э******* нь эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ...төрийн албан хаагчийн эрх ашгийг хамгаалж Ж.Э******* надад урьд эрхэлж байсантай адил хэмжээний ажил олгож шийдвэр гаргаж өгнө үү... гэж өргөдөл гаргасны дагуу Төрийн албаны зөвлөл 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 942 дугаар ...Ж.Э*******ын өргөдлийг Төрийн албаны тухай хууль болон холбогдох эрх зүйн актын хүрээнд хянан шийдвэрлэж хариуг Ж.Э*******т түүгээрээ өгч дүнг Төрийн албаны зөвлөлд ирүүлнэ үү хэмээх албан бичгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн дарга Д.Батмөнхөд хүргүүлжээ.

Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2/2483 дугаар албан бичгээр ...Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж, 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулсан боловч оролцогч 60 болон түүнээс дээш оноо аваагүй болно. Иймд тус газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэлтэй Ж*******ийн Э*******ыг томилох саналыг хүргүүлж байна гээд Ж.Э*******ыг Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар томилох саналыг хүргүүлсэн байна.

Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн талаар Авилгатай тэмцэх газар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Б.Эрдэнэбилэгт 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 03/7182 дугаар албан бичгээр ...Ж.Э******* нь өмнө нь нийтийн албанд буюу Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байхдаа байгууллагын төсвөөс 3.220.000 төгрөгийг бусадтай бүлэглэн завшсан гэх үйлдэлд тус аймгийн Цагдаагийн газраас 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. ... Иймд Ж.Э*******т холбогдох эрүүгийн хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байхад түүнийг Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болж байгаа тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дах хэсэгт заасан үүргийг хэрэгжүүлэн ажиллана уу гэж Ж.Э*******ыг Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд томилогдоход ашиг сонирхлын зөрчилтэй байна хэмээн мэдэгджээ.

Архангай аймгийн прокурорын газрын прокурорын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 236 дугаар тогтоолоор Ж.Э******* нь дээр дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийг удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ж.Э******* нь 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Төрийн албаны зөвлөлд дахин өргөдөл гаргасны дагуу Төрийн албаны зөвлөл Засгийн газрын тохируулагч агентлаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнхөд 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 66 дугаар албан бичгээр ...Ж.Э******* нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс зохион байгуулсан удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж томилогдсон байх тул түүнийг зохих ажлын байраар хангаж төрийн албан хаагчийн эрх ашгийг хамгаалах нь зүйтэй юм хэмээн Ж.Э*******ыг ажлын байраар хангах нь зүйтэй гэж мэдэгджээ.

Үүний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1/329 дүгээр албан бичгээр ...Одоогоор таныг томилон ажиллуулах аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалын сул орон тоо байхгүй бөгөөд сул орон тоо гарсан тохиолдолд зарлагдсан сонгон шалгаруулалтад орж өрсөлдөх бүрэн боломжтой болохыг мэдэгдэж байна гэсэн хариуг нэхэмжлэгч Ж.Э*******т өгсөн.

Ж.Э******* Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэдэд 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр намайг ажлын байраар хангаж өгнө үү гэсэн өргөдлийг өгсний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1/1145 дугаар албан бичгээр Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад орж өрсөлдөөгүй, уг албан тушаалын нөөцөд бүртгэгдээгүй байх тул таны өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариуг өгчээ.

Хариуцагч ...Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 40 дүгээр зүйлд Удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд энэ журмын 39-д заасан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй. Харин өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөнөөс өөр албан тушаалд ажилуулахыг хүсвэл сонгон шалгаруулалтад дахин орно гэж заасны дагуу нэхэмжлэгч аймгуудын Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд ажиллахыг хүсвэл сонгон шалгаруулалтад дахин орох нь нээлттэй гэтэл өөрөө ороогүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь үндэслэлгүй байна.

Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 40-д зааснаар өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөнөөс өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл сонгон шалгаруулалтад дахин орох зохицуулалт нь энэхүү тохиолдолд хамаарахгүй байх ба Аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын ажлын байрны тодорхойлолт гэж нэг л ажлын байрны тодорхойлолтыг баталсан бөгөөд аймаг, аймгаар ялгамжтай баталсан ажлын байрны тодорхойлолт байхгүй байхад өөр аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллах бол дахин сонгон шалгаруулалтад орох ёстой гэх тайлбар няцаагдаж байна. Мөн дээр дурдсан Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар томилуулахаар санал авч байсан үйлдэл нь энэхүү тайлбартайгаа зөрчилдөж байгааг дурдах нь зүйтэй юм.

Нэхэмжлэгч Ж.Э******* нь Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын сонгон шалгаруулалтад орж тэнцэн удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 159 дүгээр тушаалаар Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар томилогдсон байх бөгөөд өөрийн санаачлага болон ямар нэгэн буруутай үйл ажиллагаанаас болж уг албан тушаалаас чөлөөлөгдөөгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгөхөөр зохицуулсныг хариуцагч биелүүлээгүй байна гэж үзэв.

Учир нь төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлийн дагуу төрийн албанаас чөлөөлөх ойлголт байдаг бөгөөд хэрэв шүүхийн шийдвэрийн дагуу албан тушаалтныг томилсон бол хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ж.Э*******ыг бололцооны дагуу өөр ажил, албан тушаалд томилох үүрэгтэй байжээ.

Гэтэл 2015 оны 268 дугаар тушаалаар мэргэжлийн дагуу ажлын байраар хангахыг аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргад даалгасан шийдвэр нь хэрэгжээгүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх бөгөөд хариуцагч ...ажлын байр санал болгосон... гэх боловч энэ нь баримтаар нотлогдохгүй байхын зэрэгцээ хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 357, 302, 299, 298, 89 дүгээр зэрэг тушаалуудаар аймгуудын мэргэжлийн хяналтын газрын дарга нарыг томилсноос үзвэл тухайн албан тушаалуудад Ж.Э*******ыг томилон ажиллуулах боломжтой байсан атлаа үүнийг хэрэгжүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан Ж.Э*******ыг 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх тухай 268 дугаар тушаалаар албан тушаалаас чөлөөлснөөс хойш бололцооны дагуу ажилд томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, бололцооны дагуу зохих албан тушаалд томилохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад даалгуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх ажилгүй байсан цалинг өмнөх аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаал ТЗ-9-5 зэрэглэлийн 751.488 төгрөгийн үндсэн, зэрэг дэвийн нэмэгдлийг 20 хувь, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 25 хувиар тооцон олгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаагаар ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 268 дугаар тушаал гарсан 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс хойш нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлд гомдол гарган, хариуцагч Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргаар томилуулахаар санал гаргаж, Архангай аймгийн прокурорын газрын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгчийг дахин 12 дугаар сарын 16-ны өдөр өргөдөл гаргах хүртэл хариуцагч хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэх үндэслэлгүй байх тул ажилгүй байсан хугацааг 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тооцов.

Харин Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/119 дүгээр тушаалаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харьяа Орхон-Чулуут голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж*******ийн Э*******ыг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн томилж, албан тушаалын цалинг ТЗ-8-5 шатлалтай адилтган 795.935 төгрөгөөр тогтоосны дагуу нэхэмжлэгч түр орлон гүйцэтгэгчээр ажиллан, цалин хөлсөө авч байгаа болох нь энэхүү тушаал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл цалин давхардуулан гаргуулах боломжгүй тул 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл зэрэг дэвийн нэмэгдэл, төрийн албан хаасан хугацааны нэмэгдлийг бодож олгох нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл гаргуулахаар нэхэмжилснийг үндэслээд цалин хөлсийг шүүхээс нарийвчлан тооцож гаргах боломжгүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх 11 сар 12 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл зэргийг Ж.Э*******т зохих журмын дагуу тооцож олгох, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл, 24 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Э*******ыг 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх тухай 268 дугаар тушаалаар албан тушаалаас чөлөөлснөөс хойш бололцооны дагуу ажилд томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, бололцооны дагуу зохих албан тушаалд томилохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад даалгасугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх 11 сар 12 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл зэргийг Ж.Э*******т зохих журмын дагуу тооцож олгох, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгасугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА