Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 109

 

“Дархан сэлэнгийн цахилгаан түгээх

сүлжээ” ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00676/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  11 дүгээр сарын 13-ны өдрийн 1068 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч “Д- С- Ц- Т- С-” ХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч “Ц-” ХХК-д холбогдох

"Гэм хорын хохирол 23.679.087 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батжаргалын давж заалдсан гомдлыг үндэслэн

           Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхгэрэл, хариуцагч Р.Амарсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Т.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Д- С- Ц- Т- С-” ХК-ны гүйцэтгэх захирал С.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Дархан хотын бохир усны шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж буй “Ц-” ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 110/6кВ Бурхант д/ст яч№23-с РП-3 яч№10 кабель шугамыг эксковатор газар шорооны ажил хийх үедээ тасалсан болно. Тус гэмтэл гарсан даруйд технологийн зөрчлийг судлан бүртгэх комиссын гишүүд газар дээр ажиллаж гадны нөлөөтэйгөөр кабель шугам тасалсан зөрчлийг бүртгэж, бригад ажиллан гэмтлийг устгаж айл өрхийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хэвийн горимд оруулсан юм. Зөрчлийг судалсан актаар тогтоосон 23.679.087 төгрөгийн төлбөрийг гаргуулах талаар тус компанийн захирал, ерөнхий инженер нарт удаа дараа шаардлага тавьсан боловч дээрх төлбөрийг барагдуулахгүй байна. Иймд Эрчим хүчний тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т зааснаар 23.679.087 төгрөгийг гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Нэргүй, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхгэрэл, Т.Гэрэлт-Од нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан хотын бохирын шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажил гүйцэтгэж байгаа “Ц-” ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 116 киловатын Бурхант дэд станц 12-ТП3№10 кабелыг эксковатор буюу газар шорооны ажил хийх үедээ тасалсан. Энэхүү шугам тасалсан нөхцөл байдал дээр технологийн зөрчлийг судлан бүртгэх комисс ажиллаад энэ шугам гадны нөлөөтэйгөөр газар шорооны ажил хийж байсан компанийн буруутай үйл ажиллагаанаас болж гэмтсэн байна гэдгийг тогтоосон. Тухайн үед шуурхай бригад ажиллаж гэмтлийг зассан. Зөрчлийг судалсан актаар тогтоогдсон 23.679.087 төгрөгийн төлбөрийг гаргуулах талаар тус компанийн захирал болон ерөнхий инженерт нь удаа дараа шаардлага тавьсан боловч дээрх төлбөрийг барагдуулахгүй байгаа юм. Иймээс “Д- С- Ц- Т- С-” ХК-аас Эрчим хүчний тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т зааснаар 23.679.087 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Р.Амарсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай компани Дархан хотын бохир усны шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх явцад 110/6кВ Бурхант д/ст яч№23-с РП-3 яч№10 кабель шугамыг тасалсан бөгөөд энэ талаар маргах зүйлгүй. “Д- С- Ц- Т- С-” ХК-ийн дээрх кабель шугамд учруулсан хохирлыг арилгахдаа бодит хохирол буюу 110/6кВ Бурхант д/ст яч№23-с РП-3 яч№10 кабель шугамд учруулсан СТП-/150-240/ дундын муфт 1 ширхэг буюу 125.000 төгрөг, дутуу түгээсэн 8140,8 квц эрчим хүчний үнэ 113.820,1 төгрөг, тээврийн зардал 5062,32 төгрөг, ажиллах хүчний зардал 70.800 төгрөг, хийгдэх үйлчилгээний төлбөр 214.600 төгрөг, нийт 529.282,42 төгрөг, НӨАТ-ын 52.928,142 төгрөг, нийт 582.210,6 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох материалын зардал 20.997.160,2 төгрөгийг НӨАТ-ын 2.099.716,02 төгрөг, нийт 23.096.876,22 төгрөгийг төлөхийг эс зөвшөөрч байна. Учир нь манай компани нь кабелийг засварлаж өмнөх байдалд нь сэргээхэд гарсан бодит зардлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд гэмтээгүй хэсэг буюу кабелын нийт уртаар нь солиулахаар тооцож төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд хөрөнгөд учруулсан бодит хохирол 582.210,6 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үндэслэлгүй нэхэмжилсэн 23.096.876,4 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Р.Амарсайхан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Дархан хотын бохир усны шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байхдаа 110/6кВ Бурхант д/ст яч№23-с РП-3 яч№10 кабель шугамыг болгоомжгүйгээр тасалсны улмаас “Д- С- Ц- Т- С-” ХК-ийн 110/6кВ Бурхант д/ст яч№23-с РП-3 яч№10 кабель шугамд СТП-/150-240/ дундын муфт 1 ширхэг буюу 125 000 төгрөгийн, дутуу түгээсэн 810.8 квц эрчим хүчний үнэ 113.820,1 төгрөг, тээврийн зардал 5062,21 төгрөг, ажиллах хүчний зардал 70.800 төгрөг, хийгдэх үйлчилгээний төлбөр 214.600 төгрөг, нийт 529.282,42 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч, НӨАТ-ын 52.928,148 төгрөг, нийт 582.210,6 төгрөг төлнө. Харин нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох кабелийн үнэ 20.997.160,2 төгрөг, НӨАТ-ын 2.099.716,02 төгрөг, нийт 23.096.876,4 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. “Д- С- Ц- Т- С-” ХК-ийн цахилгааны кабелийн шугамыг засварлахад гарсан 529.282,42 төгрөгийн бодит зардал гаргаж засварласнаар цахилгаан кабель хэвийн ажиллаж цахилгааныг түгээсэн, уг тасарсан кабелийг бүхэлд нь шинэчлэх бодит шаардлагагүйгээр хэвийн үйл ажиллагаа явагдах боломжтой, өөрөөр хэлбэл бодит байдал дээр өмнө тавьсан шугамыг бүгдийг шинээр сольж буюу нийт кабелийг шинээр тавилгүйгээр кабелийг зориулалтын дагуу цахилгааныг хэвийн дамжуулах боломжгүй болсон нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд одоо үйл ажиллагаа явуулж байна.

Иргэний хуулийн 119 дүгээр зүйлд заасанчлан гэм буруугийн улмаас учруулсан бодит хохирол болох 582.210,6 төгрөгийг төлүүлж, үндэслэлгүй нэхэмжилсэн 23.096.876,4 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  11 дүгээр сарын 13-ны өдрийн 1236 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 -д заасныг тус тус баримтлан хариуцагч “Ц-” ХХК-аас 582.210,6 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Д- С- Ц- Т- С-” ХК-д олгож, 23.096.876,4 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 18.116 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Д- С- Ц- Т- С-” ХК-ийн төлөөлөгч Б.Батжаргал давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1068 дугаар бүхий шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шинэ кабель шугам 30 жилийн насжилт баталгаат хугацаатай байхад тасалж муфть холбосон кабель шугам хэвийн ачааллаар 1 жилийн хугацаатай гэдгийг шинжээчийн дүгнэлтэд дурдсан байдаг. Муфть холбосон кабель шугам байнгын эрсдэл дор буюу гэмтэл, засварын ажлууд хийгдэж тооцоолоогүй зардлууд гарна. Цаашид ашиглах 26 жилийн хугацаанд олох байсан орлогыг тооцож гэм хор учруулахаас өмнө байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тогтоож, эд хөрөнгийн бүрэн бүтэн буцаан өгөх ба кабель шугамыг уртын хэмжээгээр солиулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Маргааны зүйл болох 540 метр кабелийг зайлшгүй солих шаардлагатай гэсэн нэхэмжлэгчийн тайлбар нь Шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байдаг. Тодруулбал: Шинжээчийн дүгнэлтийн  хариулт 2-т “ Муфть хийж холбосноор өмнөх байдалдаа орж зориулалтын дагуу хэвийн ажиллагааг 100% явуулж, 30-40 жил ажиллах баталгаа байхгүй болно. Дундын муфть кабель шугамын ачааллаас хамаарч 1 жил хэвийн ажилладаг.

....хариулт 4-т “Шинээр ашиглалтад орж байгаа муфть байхгуй кабель шугам хэвийн ачаалалтай бол 30 жилийн хугацаанд ашиглагдана гэдгийг үйлдвэрээс тодорхойлж бичсэн байдаг. Шинэ кабель шугамын насжилт 30-40 жил.

            хариулт 7-д “Гэмтсэн кабель шугамд холбогч муфть хийснээр найдвартай ажиллагааны баталгаа маш ихээр буурдаг тул хэвийн найдвартай ажиллагааны баталгаа болж чадахгүй”.

....хариулт 9-т “Дээрх110/6кВ-ын Бурхант дэд станцыг бкВ-ын РП-3 ХХБ-тай холбож байгаа гол холбох шугамын хэвийн ажиллагааг хангахгүйд хүрнэ. Ямагт эрсдлийн дор ажиллах болно зэргээр шинжээчийн дүгнэлт гарсан.

Шинжээчийн анхны дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн биш болсон тохиолдолд түүнийг нөхөн гүйцэтгүүлж, дүнг бүрэн гаргах зорилгоор нэмэлт шинжилгээг хийлгэхгүйгээр шүүхээс муфть хийж холбосноор хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой болохыг тогтоосон нь хэт нэг талын байрь суурь, эрх ашгийг хамгаалсан явдалд гомдолтой байна.

Тасалж, гэмтээсэн РП-3 хаалттай хуваарилах байгууламжаас 13 станцын 426 аж ахуй нэгж, 3725 ахуйн хэрэглэгч нийт 4151 хэрэглэгч болон шинэ хороолол, хээтэй хорооллын 1 а,б,в байрууд ,4.1,4.2 дугаар байр, консулын айл өрх, төрийн өмчид байгууллага, тэжээгддэг бөгөөд дээрх хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдөж, цахилгаан хангамжийн аюулгүй, найдвартай тасралтгүй үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулж нийтийн эрх ашиг нь зөрчигдөж байгаа хэрэглэгчдийн нэрсийн жагсаалтыг нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй нь ИХШХШ тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг зөрчсөн, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан судалсны үндсэн дээр бодитоор үнэлж дүгнээгүй зэрэг алдаа, зөрчил гаргасан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хариуцагчаас 23.679.087 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч “Д- С- Ц- Т- С-” ХК нь хариуцагч   “Ц-” ХХК-д холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 23.679.087  төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч 582.210 төгрөгийн шаардлагыг  зөвшөөрч, 23.096.876 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзжээ.

            Анхан шатны шүүх “...540м кабелийг ашиглах боломжгүй болсон болон   зайлшгүй солих шаардлагатай талаар нотлогдохгүй байх бөгөөд муфть хийж холбосноор хэвийн үйл ажиллагаа явуулах  боломжтой болох нь тогтоогдож байна...”  гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 582.210,6 төгрөгийн  шаардлагыг хангаж,  үлдэх  хэсэг буюу  23.096.876,4 төгрөгийн  шаардлагыг хэрэгсэхгүй  болгон  шийдвэрлэжээ.

            2019  оны  5 дугаар сарын  23-ны өдөр 110\6 кВ Бурхант д\ст  яч №12-с яч №10 кабелийг экскэватороор газар шорооны ажил хийх үед тасалсан зөрчил гарсан, 5 дугаар сарын  24-ны өдөр зөрчлийг  хэвийн горимд оруулсан, уг зөрчлийг “Ц-”  ХХК бохир усны шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх явцад  учруулсан болох нь зөрчлийг судалсан акт болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбараар бүрэн тогтоогдсон бөгөөд  гаргасан  зөрчил болон  гэм буруугийн талаар   маргаагүй  байна.

            Хариуцагч “Ц-” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө  ...манай компани кабелийг засварлаж өмнөх байдалд нь сэргээхэд гарсан бодит зардлыг нөхөн төлөх үүрэгтэй, гэмтээгүй хэсэг буюу кабелийн нийт уртаар нь  солиулахаар тооцож төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж  үзэж  байна...”  гэжээ.

            Өөрөөр хэлбэл зохигчид нь 540 м кабелийн үнийг бүхэлд нь төлөх эсэх талаар  маргажээ.

2019 оны 05 дугаар сарын 27-ны  өдрийн  кабель  шугам тасалсан  зөрчлийг судалсан  тухай  №09\19  тоот актад  \хэргийн  6 дугаар тал\  зөрчлийн улмаас үүссэн   хохирлыг 23.679.086,53 төгрөг, ААБЛУ \3 х 240\ маркийн КШ 540м х 38883,63 = 20.997.160,2 төгрөгөөр тооцсон ба уг үнийн  хэмжээний талаар талууд маргаагүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь 540 м кабель шугамын хохирол арилгуулахаар шаардах   үндэслэлийг  РП-3 ийн  кабель шугамнаас  13 дэд станцын  426 аж ахуй  нэгж, 3725  айл өрхийн 4151 хэрэглэгч  тэжээгддэг, 2016 онд  уг  шугамыг  шинэчилсэн, энэ хугацаанаас хойш  30-40 жилийн баталгаатай, кабель шугам тасалж гэмтээснээс болж муфьт буюу  холболт хийгдсэнээр хэрэглэгчийн цахилгаан хангамжийн аюулгүй, найдвартай, тасралтгүй үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн тул кабель шугамыг уртын хэмжээгээр  солих  зайлшгүй  шаардлагатай  гэж тодорхойлжээ.

Хэргийн 125 дугаар талд “...Кабель шугамд муфьт хийж холбосноор өмнөх байдалдаа орж зориулалтын дагуу хэвийн ажиллагааг 100% явуулж, 30-40 жил  ажиллах баталгаа байхгүй болно. ...Гэмтсэн кабель шугамд олон удаагийн холбогч муфьт хийснээр найдвартай ажиллагааны баталгаа  маш ихээр алдагддаг тул  хэвийн найдвартай ажиллагааны баталгаа болж чадахгүй. ...манай  орон шиг  нэг  инженерийн  байгууламжаа засварлах эсвэл шинэчлэх гээд нөгөө инженерийн байгууламжаа сүйтгэлд оруулдаг улс ховор байдаг байх. ...Кабель шугамд муфьт хийгээд хэвийн ажиллаж байгаа эсэх нь уг шугамын сүлжээнд гүйцэтгэж байгаа үүргээс шууд  шалтгаалах юм. ...ямагт эрсдэлийн дор ажиллах болно. ...муфьт өөрөө хэвийн  ачаалалтай ажиллахдаа 1 жилийн баталгаатай..., гэсэн агуулгатай шинжээчийн  дүгнэлт  гарсан байна.

Энэхүү дүгнэлтээр нэхэмжлэгчийн гаргасан 540 м кабель шугамыг бүхэлд нь  солих шаардлага бий болсон гэж үзэх үндэслэлтэй. Гэм хор  учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах  үүрэгтэй.

Эд хөрөнгийн болон эдийн бус гэм хорын хохирол хүлээсэн этгээдийн  зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх, эсхүл учирсан хохирлыг  мөнгөөр нөхөн төлөхдөө Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасан арга хэрэгслээр хохирлыг барагдуулна. Харин  Иргэний хуулийн 228 дугаар зүйлд   эд хөрөнгөд учирсан хохирлыг   арилгах дараалал, журмыг зохицуулсан байна.

Үүнээс үзвэл кабель шугам тасарсан хэсэгт муфтээр холболт хийж байгааг  өмнөх байдалд нь сэргээсэн эсвэл  ийм хэмжээгээр хохирлыг арилгасан гэж үзэхгүй, 540 м кабель механикаар таслахаас өмнө залгаасгүй бүтэн байсан, муфьт хийж  эрчим хүчээр хангах  үйл ажиллагаа хэвийн болсныг кабель шугам бүрэн бүтэн болсон гэсэн ойлголт биш юм.

Анхан шатны шүүхийн “Маргааны  зүйл болох  540 м кабелийг зайлшгүй солих  шаардлагатай  гэсэн   нэхэмжлэгчийн тайлбар нь  шинжээчийн дүгнэлтийн хариулт-2...., ...хариулт-6..., ...хариулт-10..., дүгнэлт болон Монгол улсын цахилгаан байгууламжийн дүрэм..., ...2.3.23-т  шинээр байгуулж байгаа  кабель шугамын хувьд 1 км дутам  холбох муфьтын тоо нь 1-10 кв хүчдэлтэй..., ...5 ширхэг байна гэсэн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.” гэсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.2-т  заасныг  зөрчсөн  мөн  “Хэдийгээр  шинжээчийн дүгнэлтээр ашиглалтын хугацаа буурна гэсэн боловч 540 м кабелийг  ашиглах боломжгүй болсон болон зайлшгүй солих шаардлагатай талаар нотлогдохгүй  байх бөгөөд...” гэсэн  дүгнэлт  нь  утга агуулгын хувьд  ойлгомжгүй нэхэмжлэлийн  шаардлага үндэслэлийн агуулгыг алдагдуулсан  дүгнэлт  хийсэн нь  хуульд  нийцээгүй байна.

Иймд  Дархан Сэлэнгийн  цахилгаан  түгээх сүлжээ  ХК-ийн  “Ц-”  ХХК-иас гэм хор  учруулсан хохирол 23.096.876,4 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг  бүхэлд нь хангаж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 нь нийтлэг хэрэглэх ерөнхий зохицуулалт мөн боловч үүнээс гадна тодорхой тохиолдолд сонгож хэрэглэх   тусгай зохицуулалтыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлд  тусгасан.

“Ц-” ХХК-ийн экскэваторын операторчийн хөдөлмөрлөх явцдаа бусдад  учруулсан гэм хорын  хариуцлагыг  түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээх учир  хууль хэрэглээний  өөрчлөлтийг  оруулж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1236 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн  1 дүгээр заалтыг,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн  498.1, 510 дугаар зүйлийн  510.1-д зааснаар хариуцагч “Ц-” ХХК-иас  23.679.087 төгрөг гаргуулж, “Д- С- Ц- Т- С-” ХК-д олгосугай. гэж, 

Тогтоох хэсгийн 2 дугаар заалтад “...хариуцагчаас 18.116 төгрөг гаргуулж...” гэснийг “...хариуцагчаас 277.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус  өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн  59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276.500 төгрөгийг төрийн сангийн орлогоос  шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

 

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      О.НАРАНГЭРЭЛ

                                                                ШҮҮГЧИД                                      Л.АМАРСАНАА

                                                                                                                       С.ЭНХЖАРГАЛ