| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/02203/И |
| Дугаар | 182/ШШ2024/02042 |
| Огноо | 2024-05-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 182/ШШ2024/02042
2024 05 07 182/ШШ2024/02042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: П газрын хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Б эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
П газрын төлөөлөгч нь Б.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Тус П иргэн С.Бийн Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 353,000 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 0001 тоот дансанд төлүүлэх тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.
С.Б нь 2023.04.13-ны өдөр газарт хохирогч Ц.О маргалдан, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023.06.21-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.
Хохирогч Ц.Оний эрүүл мэндэд гэмт хэргийн улмаас хөнгөн хохирол учирсан тул Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгээс 161,000 төгрөг, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвөөс 96,000 төгрөг, Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 96,000 төгрөг, нийт 353,000 төгрөгийн тусламж үйлчилгээг үзүүлэн түүний биед учирсан гэмтлийг эмчилсэн байх бөгөөд уг мөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж гаргуулан авсан байна...
Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол зөрчил, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэгдээгүй орхигдсон тул улсын төсөв, иргэн, хуулийн этгээдээс даатгалын санд төлсөн мөнгөн хөрөнгө болон нийт даатгуулагчийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс бусдын эрүүл мэндэд санаатай гэмтэл учруулсан гэм буруутай этгээдээр эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг нөхөн төлүүлэхээр прокуророос нэхэмжлэл гаргасан.
Шүүхээс хариуцагч С.Бийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хаягтаа оршин суудаггүй, оршин суух хаяг тодорхойгүй үндэслэлээр 2024.02.06-ны өдөр 182/Ш32024/02690 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд оршин суугаа хаяг тодорхойгүй С.Бийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан Улсын бүртгэлийн 001 дугаартай П газрын гэрчилгээ /хх-ийн 4 х/, 2023.12.08-ны өдрийн 1/5379 тоот итгэмжлэл, 2023.11.08-ны өдрийн 01/4041 тоот Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэл /хх-ийн 6 х/, 2023.11.18-ны өдрийн 01/4047 тоот хүсэлт /хх-ийн 7 х/, Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хх-ийн 9 х/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.21-ний өдрийн 2023/ШЦТ/424 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 10-12 х/ Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.02.06-ны өдрийн 182/ШЗ2024/02690 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 15-16 х/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Б-ийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг төлөөлөн Чингэлтэй дүүргийн П шүүхэд хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасны дагуу гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг төлөөлөн хүсэлт гаргах эрхтэй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.21-ний өдрийн 2023/ШЦТ/424 дугаартай шийтгэх тогтоолд тусгагдсанаар С.Б нь оршин суух хаягаа ............................. тоотод түр оршин суудаг гэж тодорхойлсны дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 353,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд хандсан байна.
Тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.06-ны өдрийн 182/ШЗ202/02690 дугаартай шүүгчийн захирамжаар ...хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 15-16 х/
С.Б нь 2023.04.13-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Ц.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсны улмаас тэрээр Эрүүл мэндийн даатгалын сангаас 353,000 тусламж үйлчилгээ авсан нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.21-ний өдрийн 2023/ШЦТ/424 дугаартай Шийтгэх тогтоол, Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул энэхүү хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргах Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй. /хх-ийн 13 х/,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Бийн оршин суух хаяг тодорхойгүйн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 353,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах боломжгүй байна гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойжээ.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Бийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хүсэлт гаргагч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болно.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт С.Б-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар С.Бийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хүсэлт гаргагч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА