| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/00378/И |
| Дугаар | 182/ШШ2024/02007 |
| Огноо | 2024-05-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2024/02007
2024 05 02 182/ШШ2024/02007
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.М-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг, хохирол 2,250,000 төгрөг, нийт 8,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө
Гэрч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие 2018 онд Б ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ба энэ үед тус компанийн үйл ажиллагаа доголдолтой, зарим саруудад ажилчдынхаа цалинг тавих боломжгүй байдал үүсдэг байсан. Тус компаний удирдлагын зүгээс надад өөрөөсөө хувиасаа зээлэх мөнгө байвал зээлээч, дараа санхүүжилт хэвийн болохоор буцаан өгөх санал тавьсны дагуу би 20,000,000 төгрөг зээлүүлсэн.
Уг мөнгийг ажилчдын цалин болон бусад үйл ажиллагааны зардалд зарцуулсан. Улмаар уг мөнгөнөөс 14,000,000 төгрөгийг уван цувуулж төлсөөр одоо үлдэгдэл 6,000,000 төгрөг үлдсэн байгаа болно. Миний бие энэ талаар тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг компанийн захирал Ү.Хүдэрбатаас шаардсан боловч 2023.06.04-ний өдрийн 1391 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч Ү.Хүдэрбатаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй байна гэж дүгнэн, хариуцагч биш этгээд гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Иймээс хариуцагч болох Б ХХК-д холбогдуулан энэхүү нэхэмжлэлээ гаргаж байна. Тус компанийн зүгээс 20,000,000 төгрөг зээлсэн болохоо баталгаажуулж, тооцоо нийлсэн акт, графикийн дагуу төлж барагдуулах тухай албан тоот үйлдэж байсан төдийгүй, компаний өглөг авлагын дэлгэрэнгүй тайланд ч тусгагдсан байгаа болно. Хамгийн сүүлийн төлөлт хийгдэх ёстой байсан 2020.10.15-ны өдрөөс хойш өнөөдрийн нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд арилжааны банкинд хүүтэй хадгалуулж байсан бол олох ёстой орлогоо олж чадаагүйгээс үүдсэн хохиролд Голомт банкны хугацаатай хадгаламжийн 1 жилийн хүү 12,5 хувиар бодож нийт 3 жилийн хугацааны 2,250,000 төгрөгийг зээлийн гэрээний улмаас учирсан хохиролд тооцон нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Иймд зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг, хохирол 2,250,000 төгрөг, 8,250,000 төгрөгийг хариуцагч Б ХХК-иас гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгийг 2024.07.01-ний өдөр хүртэл хугацаанд төлөх боломж байна... гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2024.06.01-ний өдрийг хүртэл 3,000,000 төгрөг ийг төлнө гэвэл эвлэрэх боломжтой... гэв.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд Нэг талаас нэхэмжлэгч Ц.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нөгөө талаас хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө бид дараах байдлаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж байна.
Нэхэмжлэлийн шаардлага болох 8,250,000 төгрөгөө 5,250,000 төгрөгөөр багасгаж байна. Үлдэх 3,000,000 төгрөгийг хариуцагч Б ХХК нь 2024.06.01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг, хохирол 2,250,000 төгрөг, нийт 8,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Шүүх хуралдааны явцад талууд хоорондоо эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 5,250,000 төгрөгийн багасгаж, хариуцагч Б ХХК нь үлдэх 3,000,000 төгрөгийг 2024.06.01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.
Нэхэмжлэгч Ц.Маас Н.Лд 2024.02.23-ны өдөр 0364 бүртгэлийн дугаартай 3 жилийн хугацаатай, хариуцагч Б ХХК-иас Ц.Өт 2024.04.09-ний өдөр 007 тоот албан бичгээр 2 жилийн хугацаатай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан зохигчийг төлөөлөх бүрэн эрх бүхий итгэмжлэлүүдийг олгосны дагуу төлөөлөгчид нь дээрх нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2023.12.26-ны өдөр төлсөн 146,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас 3,000,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг, хохирол 2,250,000 төгрөг, нийт 8,250,000 төгрөг гаргуулах тухай Ц.Мын нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 5,250,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б ХХК нь үлдэх 3,000,000 төгрөгийг 2024.06.01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Б ХХК-иас 3,000,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2023.12.26-ны өдөр төлсөн 146,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА